Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 159

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгч Н.Ганзоригийн өмгөөлөгч Д.Март,

шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сандр овогт Нансалмаагийн Ганзориг, Адиодоод овогт Булганхангайн Мягмарсүрэн нарт холбогдох 2017 0108 0185 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчидийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот Тэрэлжийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт мал малладаг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамтаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 2б хэсэг 182 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Налайх дүүрэг Тэрэлжийн 6 дугаар хороо Чингисийн өвөлжөө амралтын газарт түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ВК98031218 дугаартай, Сандр овогт Нансалмаагийн Ганзориг,

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Чингисийн хүрийн 1-5 тоотод мал малладаг, ам бүл 3, аав, ээжийн хамтаар Налайх дүүрэг 1 дүгээр хороо Чингисийн хүр 1 дүгээр гудамж 05 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ИЖ97110410 дугаартай, Адиодоод овогт Булганхангайн Мягмарсүрэн.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нар нь бүлэглэн “Мустанг-5 маркийн мотоцикл ашиглан 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэнхэр нуга” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж тамхи, гоймон, талх, ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн хулгайлж, бусдад 1,639,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ганзоригийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Ганзоригийн сэжигтнээр өгсөн: “...Буян-Налайхын уулзвар өнгөрөөд нэг дэлгүүрийн гадаа очиж зогсоод буугаад би очоод дэлгүүрийнх нь цохноор харахад эзэнгүй байсан ба хаалт төмөрийг нь татахад хөдөлж байхаар нь хүчтэй татахад сугараад унасан. ...би дотогшоо салхивчаар ороод лангуун дээр байгаа бараануудаас хайрцагтай тамхинууд, ундаа, асаагуур, бэлэн гоймон зэрэг эд зүйлс аваад гарах гэтэл камер ажиллаж байхаар нь татаж салгаад торондоо хийгээд ...гараад шууд мотоцикль дээрээ очиход Мягмарсүрэн сууж байсан ба шууд Мягмарсүрэнгийн гэр рүү очоод эд зүйлээ идэж уусан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 109 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн сэжигтнээр өгсөн: “...Ганзориг нэг дэлгүүрийн гадаа очиж зогсоод буугаад цонхоор нь харж байснаа хамгаалалт төмөрийг нь татаж салгаад цонхны салхивчийг түлхэж нээгээд дотогшоо орсон. Тэгээд би мотоциклийнхоо хажуд хүлээж байтал Ганзориг тортой юм барьчихсан гарч ирээд мотоциклоо бариад шууд манай гэрт ирээд тортой зүйлсийг үзэхэд тамхи, ундаа, печинь, камер гэх мэт зүйлс байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 120 дугаар тал/

Мөрдөн байцаалтад хохирогч С.Баярцэнгэлийн өгсөн “...Би алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд зурагны ард тавьсан байсан 57,800 төгрөг ЛЖ маркийн хар өнгөтэй, мэдрэгчтэй гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Гар утсыг оны өмнө 280,000 төгрөгөөр авч байсан тул авсан үнээр нь үнэлж байна.

...хулгай хийсэн хүүхдүүдийн эцэг, эхтэй нь уулзаж хохирлын мөнгө болох 337,800 төгрөгийг авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй болно.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 25-28 дугаар тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Энхтуяагийн өгсөн “...Би алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд лангуун доор байсан самсунг нэртэй заргийн аппарат 1 ширхэг, уг аппаратыг өнгөрсөн жил 400,000 төгрөгөөр авсан, 1 блок парламент тамхи. Тамхинууд 1 блокдоо 10 ширхэг байдаг. 1 ширхэг парламент тамхийг 3800 төгрөгөөр авч 4500 төгрөгөөр зардаг юм. 1 блок эссэ тамхи. 1 ширхэг эссэ тамхи 2900 төгрөгөөр ирдэг. 3300 төгрөгөөр зардаг. Ченж эссэ тамхи 2 блок. 1 ширхэг ченж  эссэ тамхийг 3000 төгрөгөөр авч 3500 төгрөгөөр зардаг. Улааншонхор тамхи 1 блок. Улааншонхор тамхийг 1600 төгрөгөөр авч 200 төгрөгөөр зардаг. Даблисс тамхи 1 блок. Уг тамхийг 19000 төгрөгөөр авч 2300 төгрөгөөр зардаг. Түмний кола ундаа 5 ширхэг. 2260 төгрөгөөр авч 2700 төгрөгөөр зардаг. Бидний кола ундаа 5 ширхэг 1870 төгрөгөөр авч 2200 төгрөгөөр зардаг. Том бэлэн гоймон 12 ширхэг. 1650 төгрөгөөр авч 2000 төгрөгөөр зардаг. Молко 5 ширхэг, 1750 төгрөгөөр авч 200 төгрөгөөр зардаг. Како 3 ширхэг, 2000 төгрөгөөр авч 2300 төгрөгөөр зардаг. Шоколадны крем том, жижиг тус бүр нэг, нэг ширхэг. Томыг нь 6000 төгрөгөөр авч 6500 төгрөгөөр жижгийг нь 3500 төгрөгөөр авч 4000 төгрөгөөр зардаг. Чокопей 6 ширхэг, 4000 төгрөгөөр авч 4500 төгрөгөөр зардаг. Хрустик печень 15 ширхэг. 850 төгрөгөөр авч 1000 төгрөгөөр зардаг. День печень 15 ширхэг. 1000 төгрөгөөр авч 1200 төгрөгөөр зардаг. Алибаба чихэр15 ширхэг, 600 төгрөгөөр авч 800 төгрөгөөр зардаг. Сакура будаа 3 уут. Нэг уутандаа 2 кг байдаг. 5900 төгрөгөөр авч 6500 төгрөгөөр зардаг. Кетчуп 3 ширхэг, 1550 төгрөгөөр авч 1800 төгрөгөөр зардаг. Шүдэнз 10 боодол. Нэг боодлыг нь 700 төгрөгөөр авч 1000 төгрөгөөр зардаг. Гутлын кэнгрү тос 2 ширхэг, 1500 төгрөгөөр авч 1800 төгрөгөөр зардаг. Талх 6 ширхэг, нэг ширхэг талхыг 1350 төгрөгөөр авч 1500 төгрөгөөр зардаг. Муухуур боорцог 3 уут. Нэг уутыг нь 2300 төгрөгөөр авч 2500 төгрөгөөр зардаг. Набор 1 ширхэг 8200 төгрөгөөр авч 9000 төгрөгөөр зардаг. Немка печень 5 ширхэг. Нэгийг нь 1000 төгрөгөөр авч 1200 төгрөгөөр зардаг. Асаагуур 47 ширхэг, нэг ширхэгийг нь 270 төгрөгөөр авч 500 төгрөгөөр зардаг. Нарийн хиам 5 кг, 1 кг-ийг 6500 төгрөгөөр авч 7000 төгрөгөөр зардаг. Салиам хиам 4 кг, 1 кг-ийг 9000 төгрөгөөр авч 10,000 төгрөгөөр зардаг. Нойтон сальфетка 2 ширхэг. Нэгийг 1000 төгрөгөөр авч 1200 төгрөгөөр зардаг. Варейн 2 ширхэг. 3200 төгрөгөөр авч 3500 төгрөгөөр зардаг. Вайфель печень 1 ширхэг. 1500 төгрөгөөр авч 1700 төгрөгөөр зардаг. Хуруу зай 12 ширхэг, 350 төгрөгөөр 500 төгрөгөөр зардаг. Хумсны хутга 3 ширхэг. Нэг ширхэгийг 450 төгрөгөөр авч 600 төгрөгөөр зардаг зэрэг бараанууд алдагдсан байна. би бараануудаа худалдан авдаг үнээр нь үнэлж байна. ...хулгай хийсэн хүүхдүүдийн эцэг эхтэй уулзаж хохирлын мөнгө болох 443600 төгрөг авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй болно.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 30-34 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Батхишигийн өгсөн “...Дэлгүүр дотор тавьсан байсан 3 ширхэг хяналтын камер , нэг ширхэг процессор, дэлгэц зэргийг нт сонгон авч явсан харагдсан. Дээрх тоног төхөөрөмж нь минийх бөгөөд би өөрийнхөө мөнгөөр 2 жилийн өмнө 4 ширхэг камер, төхөөрөмжийнх нь хамтаар 1,800,000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Одоо зах зээлдийн үнээр үнэлэх юм бол авсан үнээр нь үнэлж байна. Ямар нэртэй хяналтын камер байсныг нь хэлж мэдэхгүй байна. Байгаа нэг камераа 300,000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд надад 1,500,000 төгрөгийн хохирол учирсан тул энэ мөнгөө нэхэмжилж байна. ...хүүхдүүдийн эцэг эхтэй нь уулзаж хохирлын мөнгө болох 1,000,000 төгрөг авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй болно.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 36-38 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Х.Буянжаргалын өгсөн мэдүүлэг,

/хх-ийн 39 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Л.Чимгээгийн өгсөн мэдүүлэг,

/хх-ийн 40 дүгээр тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,

/хх-ийн 05-12 дугаар тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 607 дугаар дүгнэлт,

/хх-ийн 57-59 дүгээр тал/

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний 2017 оны 7 дугаарсарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан,

/хх-ийн 64-84, 86-92, 95-102 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №08/047 дугаар:

  1. “Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлж авсан гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.” гэсэн дүгнэлт,

   /хх-ийн 162-163 дугаар тал/ зэрэг нотлох баримт зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг судлав.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нар нь 2017 оны 5 дугаар сарын16-ны өдөр Б.Мягмарсүрэнг гэрээс нь авч  тамхи авах зорилгоор Мустанг 5 маркийн мотоциклийг ашиглаж Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэнхэр нуга” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч тамхи, гоймон, талх, ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хулгайлан бусдад 1,639,300 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Харин 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөх 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ гэж тус тус заажээ.

Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, оногдуулж болох ялын хүнд хөнгөнийг харгалзан хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж ангилна. Мөн хуулийн 17.3 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ гэж заасан байхад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар нь энэ хуулийг дагаж мөрдөгдөхөөс өмнө буюу 2017 оны 5 дугаар сарын16-ны өдөр машин механизм хэрэглэж орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарын үйлдлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хүнд гэмт хэрэгт тооцон, давхар хүндрүүлэн зүйлчилж оногдуулах ялын дээд хэмжээг нэмэгдүүлэн гэмт хэргийг хүндрүүлэх шинжээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн түүний эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарын 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б.Мягмарсүрэнг гэрээс нь авч  тамхи авах зорилгоор Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэнхэр нуга” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч тамхи, гоймон, талх, ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хулгайлан бусдад 1,639,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр зүйлчилж, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж  шүүх үзлээ.

Шүүхээс хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нар нь бүлэглэн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэнхэр нуга” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн орж тамхи, гоймон, талх, ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн хулгайлж, бусдад 1,639,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлаас нотлогдон тогтоогдож байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. 2015 оны хуулиар шүүгдэгч нарын үйлдэл нь хүндэрч байх тул 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа юм. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 3-5 жилийн хорих ялтай байх тул шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээсэн байдал зэргийг харгалзан үзэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх саналыг гаргаж байна гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Мягмарсүрэнгийн өмгөөлөгч Г.Наранбаатараас шүүгдэгч нарын үйлдсэн нийгмийн хор аюулыг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч нарт ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байх тул улсын яллагчийн дүгнэлтэй санал нэг, маргах зүйлгүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Н.Ганзоригийн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Н.Ганзоригт буцаан олгох саналтай байна гэж,

Шүүгдэгч Н.Ганзоригийн өмгөөлөгч Д.Мартаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, Н.Ганзоригийн өгсөн мэдүүлэг зэргээр гэм буруутайд тооцох саналтай байна. Н.Ганзориг нь тухайн гэмт хэргийн үйлдсэн боловч дахин гэмт хэрэг холбогдоогүй зэрэг түүний хувийн байдлыг шүүх харгалзан үзээсэй. Ингээд улсын яллагч, өмгөөлөгч Г.Наранбаатар нартай санал нэг байна гэж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарт эрүүгийн харицлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруу зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, өмгөөлөгч нарын тайлбарыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй “Мустанг” маркийн  мотоциклийг Н.Ганзоригт буцаан олгож гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, гэм хорыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 5, 6, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Сандр овогт Нансалмаагийн Ганзориг, Адиодоод овогт Булганхангайн Мягмарсүрэн нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарыг бүлэглэж орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг шүүгдэгч Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарт анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй “Мустанг” маркийн  мотоциклийг Н.Ганзоригт буцаан олгосугай.

6. Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Ганзориг, Б.Мягмарсүрэн нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.ЧИНЗОРИГ