Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 918

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

          Улсын яллагч Б.Чимгээ,

        Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А холбогдох эрүүгийн 1806 04679 1082 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо   тоотод оршин суух, урд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Т овогт Б А.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Б.А нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтуугаар маргаан үүсгэн танил Б.Хангарьдын нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Хангарьдын мэдүүлэг /хх-4-7/, инжээчийн дүгнэлт /хх-12/, шүүгдэгч Б.Ачмөрөнгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-24-25/, шүүгдэгч Б.Ачмөрөнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-15/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-28/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Б.А нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтуугаар маргаан үүсгэн танил Б.Хангарьдын нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Хангарьдын мэдүүлэг: “2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Шар хадны эмнэлгийн гадаа Мөрөнгийн машин дотор Анужин, Ганаа, Мөрөн бид хэд пиво уугаад дуусахаар нь Анужин, Ганаа 2-г тойрог өнгөрөөж буулгаад Мөрөнгийн эхнэр машин бариад явж байтал бид 2 Өлзийгийн талаар ярьж байгаад маргалдсан. Машинаа зогсоогоод буугаад ир гэхээр нь буутал намайг заамдаж аваад татсан. Мөрөнгийн эхнэр болиоч гээд орилоод байхаар нь би заамнаас нь тавьтал эргэж хараад шууд миний хамар руу 1 удаа мөргөөд зүүн шанаа руу гараараа цохисон. Тэгтэл манай эхнэр, Анужин 2 ирээд цагдаа дуудчихсан. Бид найзлаад 5 cap болоход хэрэлдэж зодолдож байгаагүй. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.”/хх-4-7/ гэх мэдүүлэг,

 

2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:

1. Б.Хангарьдын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-12/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Ачмөрөнгийн яллагдагчаар өгсөн: “Би сонсгож байгаа зүйл ангийг зөвшөөрч байна. Хэрэг гардаг өдөр дөрвүүлээ миний машинд том савтай 2 пиво уугаад 2 найзыгаа буулгаад буцаж явахдаа Хангарьд бид 2 машин дотор муудалцаад машинаа зогсоож замын хажууд барьцалдаж байхдаа Хангарьдын хамар руу нэг удаа мөргөж хугалсан. Хангарьд намайг зодож цохисон зүйлгүй.” /хх-24-25/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Ачмөрөнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-15/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-28/ зэрэг болно.

 

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Б.А нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх

дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтуугаар маргаан үүсгэн танил Б.Хангарьдын нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Б.А холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Б.А 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Т овогт Б Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ренцэнноровыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.А нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.            

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС