Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 317/ШШ2026/00114

 

2026        01          09                                     317/ШШ2026/00114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Ц,

Хариуцагч:  Б,

Нэхэмжлэлийн шаардлага: 47,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М,

Хариуцагч Д.Б,

Гэрч Г.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   1. Нэхэмжлэгч О.Ц нь хариуцагч Д.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,120,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            2. Нэхэмжлэгч О.Ц нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

            Д.Б нь надаас мөнгө зээлээд буцааж 6,500,000 төгрөг өгсөн, үлдэгдэл мөнгийг өгөөгүй тул 47,120,000 төгрөг нэхэмжилсэн байсан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 43,470,000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний эзэмшлийн Голомт болон ХААН банкны данснаас Д.Б руу нийт 51,270,000 төгрөг шилжсэн. Нэхэмжлэлийн үндэслэл нь Д.Б гэх хүн надтай бартаат зам туулах чадвартай машин худалдан авахаар ярилцсан. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг, 10 дугаар сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөг, мөн өдрөө 4,900,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь Д.Б хүнээс зээлсэн мөнгө буюу 8 сая гаран төгрөгийн зээлийг төлөөд өгөөч гэхэд нь төлсөн. 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 4,900,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 170,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ба нийт 46,420,000 төгрөг болсон. Д.Б надтай танилцаад найз нөхдийн холбоотой байж байгаад ажил төрөл юу эрхэлдэг вэ гэхэд тэрээр “...би хүдэр агнадаг, хүдрийн заарыг Хятад улс руу зардаг. Сар бүр 10-20 сая төгрөг олдог. Харин хөдөө явах гэхээр бартаат зам туулах чадвар сайтай машин хэрэгтэй байна, надад мөнгө зээлээч...” гэж хэлсэн. 2024 оны 10 дугаар сарын 7-8-ны өдрийн хавьцаа ийм яриа болсон. Тэгэхээр нь би мөнгө зээлсэн. Д.Б 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр машинаа авсан. Бид эхэндээ найз нөхдийн харилцаатай байсан. Улмаар эр, эмийн харилцаатай болох гээд судалсан чинь тэр их зэрлэг хүн юм билээ. Бидэнд гэр бүлийн холбоо байхгүй. Өнөөдөр Д.Бн дансыг шалгаад үзвэл надад тусалж, санхүүгээр дэмжиж байгаагүй. Би өөрийнхөө хөдөлмөрөөр олсон мөнгөө Д.Бгаас нэхэмжилж байна. Гэтэл “...бид гэр бүлийн холбоотой байсан. Бид мөнгөө хамтдаа захиран зарцуулсан...” гэж яриад байгааг ерөөсөө ойлгохгүй байна. 2024 оны 9 дүгээр сараас хойш 3-4 сар л эр, эмийн харилцаатай байсан. Д.Бтай нэг гэрт амьдарч байгаагүй. Тэрээр 39,900,000 төгрөгөөр машин авахаар надаас мөнгө зээлсэн. Үлдэгдэл мөнгийг нь өөрийнхөө хэрэгцээндээ болон өөр хүний зээл төлнө гэж хэлээд авсан. Надаас авсан мөнгөө нийлүүлээд төлнө гэж ярьсан. Уг нь нийт 51,270,000 төгрөгийг надаас авсан юм. Түүнээс 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Мөнхдалай гэх хүний данснаас 1,000,000 төгрөг, нийт 6,500,000 төгрөгийг буцаагаад надад өгсөн. Одоо 46,420,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Энэ мөнгийг л хариуцагчаас гаргуулна. Мөнгөө асуухад олон удаа агсам тавиулж, зодуулж, цагдаагаар ч явсан. Сүүлдээ шүүхэд хандсан. 2024 оны өвлийн 3 сарын хугацаанд буцаагаад өгнө. Бартаат зам туулах чадвартай машин авчих юм бол ан гөрөөндөө яваад хүдрийн заараа Хятад улсад зарж, санхүүгийн боломжтой болно гэж хэлээд машин авсан боловч 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр машинаа зарсан. Яг хэдэн төгрөгөөр зарсан эсэхийг би мэдэхгүй. Би машин зарах гэж байгааг мэдсэн. Машин зараад мөнгөөр нь адуу авсан гэж дуулсан. Машин зарсан өдрөө над руу 4,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг нь надад өгнө л гэж хэлсэн. 46,420,000 төгрөгөөс надад ямар нэгэн байдлаар хамтдаа зарцуулсан мөнгө байхгүй. Би нэхэмжилж байгаа мөнгөө Д.Бн өөрийнх нь нэр дээрх 5034623623 данс руу шилжүүлдэг байсан. 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1,500,000 төгрөгийг Гэндэндоржийн Цогбадрах гэх хүний данс руу шилжүүлсэн. Энэ бол Д.Бн зээлсэн мөнгө бөгөөд тэр хүнд өгөх зээлээ надаар төлүүлсэн. Г.Цогбадрах нь Д.Бн найз нь юм билээ. Би өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Ер нь би өөрийн эзэмшлийн Голомт банкны 3259202995, ХААН банкны 5070500550 данснаас л Д.Б руу мөнгө шилжүүлсэн. Би өөрийн гэсэн бизнестэй, санхүүгийн боломжтой. Тийм учраас би түүнд мөнгө зээлсэн. Би банкны карттай. Гэхдээ би карт ашигладаггүй.  Дандаа утсаараа төлбөр тооцоогоо хийдэг. Би хэзээ ч хүний дансыг ашиглаагүй. Найз нөхдийн хүрээнд мөн тухайн үед бие биенээ сонирхож байсан учраас гүйлгээний утгыг нь янз бүрийн зүйл бодолгүй бичээд шилжүүлчихсэн юм. Гүйлгээний утга дээрээ заримдаа зүгээр л тоо эсхүл үсэг тавьсан ч тохиолдолд бий. Д.Бн хувьд “...одоо анд явлаа. Ирээд мөнгийг чинь өгье...” гэсэн. Анд яваад мөнгө олохгүй байгаа юм болов уу гэж бодож байтал Д.Б мөнгө олж л байсан юм байна лээ. Би түүнд нийт 51.270.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс надад буцааж өгсөн 6,500,000 төгрөгийг хасаад 47,120,000 төгрөг болж байгаа. 47,120,000 төгрөгөөсөө дахиад өгсөн 700,000 төгрөгийг хасахаар 46,420,000 төгрөг болж байсан. Одоо нэхэмжилж байгаа мөнгөө дахин тооцоход 43,470,000 төгрөг гарч байна. Иймд хариуцагчаас 43,470,000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний нэхэмжилсэн мөнгө бидний хамтдаа зарцуулсан мөнгө ороогүй. Зөвхөн Д.Бд зээлсэн мөнгөө л нэхэмжилж байгаа гэв.

            3. Хариуцагч Д.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. О.Цбид хоёр 2024 оны 7 сар танилцаад 2024 оны 08 дугаар сарын дундуур нэг гэрт орж хамтын амьдралтай болсон. Хамтын амьдралын хэрэгцээнд авто машин хэрэгтэй болж хөдөө гадаа явахад туулах чадвартай машин хэрэгтэй байна гэж ярилцаж тохиролцоод 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ланд-80, 36-70 УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний нэр дээр авахыг О.Цнь зөвшөөрч худалдан авсан. Түүнээс миний бие машин авах зорилгоор мөнгө төгрөг түүнээс зээлж авсан асуудал байхгүй. Хамтын амьдралын хэрэгцээнд авсан 36-70 УКУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хэрэгцээнд хэрэглэгдэж байхдаа явах эд анги нь муудаж мотор халж байсан учраас О.Цбид хоёр ярилцаж байгаад зарахаар болж хамт явж 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 10,000.000 төгрөгөөр бусдад зарсан түүнээс зээл гэж мөнгө авсан асуудал байхгүй.

            2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 2,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 170,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 150,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, нийт 11,220,000 төгрөг О.Цоос шилжин орсон нь бидний хамт амьдарч байх хугацаанд гэр бүлийн хэрэгцээнд гарсан зардал бөгөөд зээл биш юм. Миний хувьд О.Цтой хамтран амьдарч байх хугацаандаа машин авсан, мөнгө шилжүүлэн авснаа хүлээн зөвшөөрнө. Машинаа О.Цтой дундын хэрэглээнд зориулж авсан. Би ажилгүй байсан тул хүнээс мөнгө зээлэх боломжгүй. Нэг гэрт хамт амьдарч байгаа 2 хүн нэгэндээ мөнгө зээлэхгүй нь тодорхой. Машинаа дундаа хэрэглэж байгаад хамт явж машинаа зарсан. Мөнгийг нь хамтдаа л хэрэглэсэн. Машинаа зарснаас хойш 2 сарын дараа бид үл ойлголцлоос болж салсан. Үүнээс хойш 2 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна лээ. Нэмээд хэлэхэд миний данс руу О.Цоос мөнгө орсон дээр маргахгүй. Машин авсныхаа орой нь 2.5 сая төгрөгийг О.Цын данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгө нь байж байг, өөрсдийнхөө хэрэгцээнд зарцуулна гэж ярьсан. Ингээд машинаа дундын хэрэгцээнд хэрэглэж байгаад зарчихсан. Түүнээс биш би О.Цоос мөнгө зээлж аваагүй. Хэрэв надад мөнгө зээлж байсан юм бол гүйлгээний утга дээрээ зээл гэж шилжүүлэхгүй яасан юм бэ? Мөнгө ороод л машин авсан шүү дээ. Цагаан саарал өнгийн 36-70 УКУ улсын дугаартай машин авсан. Г.Дэжээхүү гэх хүнээр машины хучлага оёулсан. Хөлсөнд нь 100,000 төгрөг өгсөн. Хамт амьдраагүй гэж яриад байх юм. Энэ талаар олон хүн нотлоно. 1 жил гаран хамт амьдарчхаад амьдраагүй гэж ярьж байна. Чамаас авсан мөнгөө чамтай хамт хэрэглэсэн. О.Цнадтай хамт амьдарч байх хугацаандаа банкныхаа картыг алга болгочихсон тул миний данс руу мөнгө шилжүүлж, өөрийнхөө эцэг, эхийн хамт зугаалж, аялаж төлбөр тооцоог нь хийлгэсэн. Энэ талаараа яагаад ярихгүй байгаа юм бэ? Нарийн тооцоо гаргаагүй. Машин авах үед орсон мөнгийг нь л  санаж байна. Дансны хуулгаа харахаар хэн ч харсан ойлгомжтой хэрэг юм байна. Хамт амьдарч байх хугацаанд хэрэглэсэн. Биднийг хамтын амьдралтай байсныг хүн бүр мэднэ. Хуулгаараа харагдах байх. Үнийн дүн дээр маргахгүй. Их олон учир шалтгаантай л мөнгө орсон. О.Цоос 39,900,000 төгрөг миний данс руу цуваад орж ирсэн. Уг мөнгөнөөс 33,000,000 төгрөгөөр машин авсан. Машин авсан оройноо байрны лизинг төлөх гэсэн юм гээд надаас 2,500,000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг О.Цын данс руу шилжүүлсэн. Үлдэх мөнгөө яах вэ гэсэн чинь “...машиндаа ойр зуурын юм авна байж байг...” гэж хэлсэн. Тэгээд уг мөнгөөр машиндаа ойр зуурын юм аваад л дууссан. Жижиг сажиг зүйлд л зарцуулсан. Бид ид хамт амьдарч байсан үе. О.Цнэг хэсэг картаа хаячихсан юм. Тийм учраас миний картаар гүйлгээ хийдэг байсан. Хожим нь алга болгосон картаа машины шалавч доороос олсон. Бид хоёр О.Цын аав, ээжтэй нь хамт 2 удаа зугаалгаар явсан. УБТЗ-ын Баян буурал гэх амралтад очсон. Миний данс руу 2,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэр мөнгөөр нь буудал, хоол унд авсан. Дараа нь Гэгээн Сөгнөгөр гэх амралтын газарт мөн О.Цын аав ээжийнх нь хамт амарсан. Тухайн үед миний данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэр мөнгөөр нь хоол унд авсан. Түүний дараа Сэлэнгийн ээж мод руу явсан. Түүнээс өмнө 3,000,000 төгрөгөөр Өмнөговь аймаг руу аялалаар явсан. Дараа нь салахаасаа 2-3 хоногийн өмнө Байгаль нуур, Улаан удэ  рүү явж аялсан. Салахдаа би мөнгийг нь аваад явчихсан юм байхгүй. Одоо ийм асуудалд орсныг гайхаад байна. Дандаа миний дансаар дамжуулан гүйлгээ хийдэг байсан. Би тухайн үед ажилгүй байсан. Гэрчээр оролцож буй хүнийг би мэднэ, танина. Биднийг хамт амьдарч байхад бидэнд тариа хийж өгдөг байсан. Миний хувьд Г.Дэжээхүүгээр машины бүтээлэг оёулсан нь үнэн. Нэхэмжлэгчийн хувьд “..машин зарахад нь би байгаагүй...” гэж хэлсэн. Тээврийн хэрэгслийн Улаанбаатар дугаар 1,000,000 төгрөгийн үнэтэй. Тэр мөнгөө тэр ченжид нь хадгалуулсан. О.Цоос над руу шилжүүлсэн мөнгөний гүйлгээний утга дээр Д.Бд гэж шилжүүлсэн нэг ширхэг ч гүйлгээ байхгүй. Дандаа л “хайр”, “loved” гэх утгатай байгаа. Тухайн үед би юм бодоогүй. Гэрчийн мэдүүлэгтэй холбоотой тайлбар хэлэхэд нэхэмжлэгч тал гэрчтэй яриа хөөрөөгөө сайн тохирч ирсэн юм шиг байна. Гэрч хэлэхдээ “...Миний дүү мөнгө зээлэхээр бол нотлох баримттай л үлдээрэй...” гэж хэлсэн гэсэн. Гэтэл тэгж хэлсээр байтал “хайр минь” гэх утгаар мөнгө шилжүүлсэн байна. Машин худалдан авсан талаар ээж нь, хүүхэд нь мэднэ. Тэр бүү хэл машины дугаарыг нь хүртэл сонгож өгсөн. Улаанбаатарын дугаараа зараад мөнгийг нь өөрийнхөө дансанд авчихсан хүн өөдөөс хараад сууж байна. Мөн надтай хамтран амьдарч байгаагүй, миний банкны картыг ашиглаж байгаагүй гэж ярьж байна. Картаа Төв аймгийн Батсүмбэр суманд буюу манай гэрийн хашаанд хаячхаад олоогүй. Манай төрсөн дүү олон хоногийн дараа хугацаа нь дуусчихсан шар өнгийн карт олж өгсөн. ХААН банкны ногоон өнгийн карт захиалан ашигласан ч тэрийгээ ашигладаггүй байсан.

            Миний эдэлсэн ял шийтгэлийн талаар ярьж байна. Миний хувьд 1996 онд 16 настай хүүхэд байхдаа зодоон хийж танхайн хэргээр хоригдсон. Огт үндэслэлгүй миний хэзээ ч ярьж байгаагүй, миний сонсоогүй юмыг л ярьж байна. Миний хувьд эдэлбэл зохих ялаа эдлээд гараад ирсэн. Хүн залилах, мэхлэх зүйл хийж байгаагүй. Манай хүүгийн ээж буюу өмнөх эхнэрийн утасны дугаар худалдан авсан машинд бичүүлсэн байна. Одоо бараг намайг хүний юм залилж аваад эхнэртээ өгөх гэж байсан гэж ярих гэж байгаа юм уу. Би өөрийнхөө нэр дээр машин худалдаж аваад өөрийнхөө нэрийг л бичүүлнэ шүү дээ. Юу гэж өөр хүний утасны дугаар бичүүлэх вэ? Би О.Цтой 2024 оны 7 дугаар сараас 2025 оны 6 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд үрсэн, зарлагадсан мөнгө нь дансны хуулгаар харагдана гэв.

            5. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-1/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, О.Цын нэр дээрх Хаан банкны дансны хуулгын хуулбар /хх-ийн 5-15, 103,104, 136-137/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 37-38/, хүсэлт  /хх-ийн 39-41/, нэхэмжлэлийн багасгасан шаардлага /хх-ийн 42/, хүсэлт  /хх-ийн 45, 105-106, 114, 131/, гар буу бусад төрлийн галт зэвсэг болон тэдгээрийн сэлбэг эд анги худалдан авсан баримт /хх-ийн 92/,  эмнэлгийн магадлагаа /хх-ийн 93/, тайлбар /хх-ийн 94/, 00113290094 дугаартай О.Цын өмч Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8-р хороо, Морин тойруулга наадамчдын  талбай /17101/, Нүхтийн зам гудамж, 242 байр, 82 тоот хаягт байрлалтай 80,90 м.кв талбайтай, Ү-220611252006 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 95/, Автомашин захиалгаар худалдах худалдан авах гэрээний хуулбар, LS4ASE2A5ND00000 арлын дугаартай, Changan SC6479CDH6000 загварын, 81-02 УАХ улсын дугаартай, цагаан өнгийн суудлын автомашины гэрчилгээний хуулбар  /хх-ийн 96-102/, О.Цын гэх гэрэл зургийн хуулбар  /хх-ийн 132-133/, гэрч Ш.Дэжээхүүгийн дансны хуулгын хуулбар  /хх-ийн 135, 138/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын албан бичиг /хх-ийн 139/-ийг ирүүлсэн байна.

            6. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар /хх-ийн 24, 47-48/, Д.Бн нэр дээрх Хаан банкны дансны хуулгын хуулбар /хх-ийн 25-36, 49-59/, Д.Бгийн нэр дээрх оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 115-116/-г ирүүлсэн байна.

            7. Шүүх хариуцагчийн  хүсэлтээр дараах ажиллагааг гүйцэтгэсэн байна. Үүнд Хаан банк ХК-иас ирүүлсэн Д.Бн дасны хуулга /хх-ийн 63-74/, Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн албан бичиг, баримт /77-86/, гэрч Г.Дэжээхүүг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг баримт авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Нэхэмжлэгч О.Цын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

            2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

            “Хариуцагч Д.Б нь надаас мөнгө зээлсэн бөгөөд буцааж өгсөн мөнгийг хасаад одоо 43,470,000 төгрөгийг гаргуулна, би түүнтэй нэг сар орчим эм, эрийн харьцаатай байсан. Харин хамтын амьдралтай байгаагүй, мөн хамтдаа зарцуулсан мөнгө миний нэхэмжилсэн мөнгөн дүнд ороогүй” гэв.

            3.Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

            “Миний хувьд О.Цтой хамтран амьдарч байсан бөгөөд би түүнээс мөнгө зээлээгүй. Надруу шилжүүлсэн мөнгөөр машин авсан, бусад мөнгийг хамтдаа хэрэглэсэн. Машинаа зарснаас хойш 2 сарын дараа бид үл ойлголцлоос болж салсан. Үүнээс хойш 2 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд О.Цын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй” гэж мэтгэлцлээ.

            4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

            Нэхэмжлэгч О.Цнь Хаан банк дахь өөрийн нэр дээрх 5070500550 дугаартай данснаас хариуцагч Д.Бгийн нэр дээрх Хаан банк дахь 5034623623 дугаартай данс руу 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “hair” гэх гүйлгээний утгатайгаар 1,500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “hair” гэх гүйлгээний утгатайгаар 1,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “tsegi” гэх гүйлгээний утгатайгаар 300,000 төгрөг /хх-ийн 5-11/, нийт 3,300,000 төгрөгийг,

            - Голомт банк дахь өөрийн нэр дээрх 32592029905 дугаартай данснаас хариуцагч Д.Бгийн нэр дээрх Хаан банк дахь 5034623623 дугаартай данс руу 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “hairt mini” гэх гүйлгээний утгатайгаар 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Ц” гэх гүйлгээний утгатайгаар 20,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Ц” гэх гүйлгээний утгатайгаар 4,900,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Ц” гэх гүйлгээний утгатайгаар 15,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Ц” гэх гүйлгээний утгатайгаар 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Ц” гэх гүйлгээний утгатайгаар 170,000 төгрөг, “Ц” гэх гүйлгээний утгатайгаар 200,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Ц” гэх гүйлгээний утгатайгаар 500,000 төгрөг /хх-ийн 12-13, 25-36/, нийт 44,970,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

            5. Мөн хариуцагч Д.Бгийн нэрийн өмнөөс нэхэмжлэгч О.Цнь иргэн Г.Цогбадрахын данс руу 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1,500,000 төгрөг /хх-ийн 13/ шилжүүлсэн болохыг хариуцагч Д.Б хүлээн зөвшөөрсөн болно.

            6. Иймд нэхэмжлэгч О.Цын нэр дээрх данснаас хариуцагч Д.Бгийн нэр дээрх данс руу 3,300,000 төгрөг + 44,970,000 төгрөг + 1,500,000 төгрөг = 49,770,000 төгрөг шилжин орсон байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан зохигчдын нэр дээрх дансны хуулгаар тогтоогдсон. Хариуцагч уг мөнгө шилжин орсон эсэх болон мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй. Харин уг мөнгийг нэхэмжлэгч О.Цтой хамтын амьдралтай байх хугацаандаа хамтдаа зарцуулсан гэж мэтгэлцсэн.

            7. Харин хариуцагч Д.Б нь өөрийн нэр дээрх Хаан банк дахь 50346236203 дугаартай данснаас нэхэмжлэгч О.Цын нэр дээрх данс руу 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “q” гэх гүйлгээний утгатайгаар 2,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “hairt mini” гэх гүйлгээний утгатайгаар 3,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “1” гэх гүйлгээний утгатайгаар 149,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “1” гэх гүйлгээний утгатайгаар 150,000 төгрөг, /хх-ийн 5-11/, 2025 оны 05 дугаар сарын 21-ны өдөр “1” гэх гүйлгээний утгатайгаар 119,000 төгрөг /хх-ийн 58/, нийт 5,918,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч О.Цын нийт шилжүүлсэн 49,770,000 төгрөгөөс хариуцагч Д.Бгийн буцаан шилжүүлсэн нийт 5,918,000 төгрөгийг хасвал 49,770,000 -  5,918,000 = 43,852,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

            8. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Цнь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч 6,500,000 төгрөг төлсөн, одоо 43,470,000 төгрөгийг нэхэмжилж байна хэмжээн тодруулсан, энэ талаар талууд маргаагүй тул нэхэмжлэлийн багасгасан шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            9. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.       

            Тус хуулийн заалтыг тайлбарлавал, зээлийн гэрээний харилцаанд хоёр тал хүсэл зоригоо илэрхийлсэн байх ёстой бөгөөд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нар нь хоорондоо мөнгө зээлэх, мөнгө зээлэн авах хүсэл зориг байсан эсэх, энэ талаар хүсэл зоригоо илэрхийлж зөвшилцсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй. 

10. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлсэн болохоо нотолсон, харин хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авах эрхтэй байсан гэдгээ нотлох үүрэгтэй байсан

11. Хариуцагч нь нэхэмжлэгч О.Цтой гэр бүлийн харилцаатай, хамтын амьдралтай байхдаа уг мөнгийг хамтдаа, гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулсан гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан банкны гүйлгээний баримтаас үзэхэд нэг дор их хэмжээний мөнгө шилжүүлсэн, уг мөнгийг зөвхөн гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулсан гэж   дүгнэх нь бодит байдалд нийцэхгүй байна.

12. Нөгөө талаар, гэр бүлийн хамтын амьдралтай этгээдүүд бие биедээ мөнгөн хөрөнгө зээлдүүлэхийг хуулиар хориглоогүй ба хариуцагч нь хамтын амьдралын хэрэгцээнд зарцуулсан бол уг мөнгөн хөрөнгийг юу, юунд зарцуулсан эсэхтэй холбоотой баримтгүй, энэ талаар тайлбар гаргаагүй болно.

            13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж нотолгооны үүргийн талаар заасан. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтын талаар татгалзаж буй үндэслэлээ нотолж, холбогдох нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй байна.

Үүнээс үзвэл тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжин орсон мөнгийг хамтдаа зарцуулсан гэх нөхцөл байдлыг баримтаар нотлохгүй байх тул талуудын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй байна. Энэ хэмжээгээр хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

14. Иргэний хуульд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх урьдчилсан нөхцөл нь нэхэмжлэгчээс гаргасан зардлын хэмжээгээр хариуцагчийн хөрөнгө өссөн байх буюу ийнхүү өссөн нь хууль болон гэрээнд заасан үндэслэлгүй байх тохиолдолд нэхэмжлэгчид энэ хуульд зааснаар шаардах эрх үүсэх бөгөөд шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

            15. Иймд нэхэмжлэгч О.Цнь нэхэмжлэлийн шаардлага 47,120,000 төгрөгийн 2,950,000 төгрөгөөс татгалзсан болохыг дурдаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Д.Бгаас 43,470,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Цт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжэгч О.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгаас 43,470,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 375,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Цт олгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.Бгаас 43,470,000 /дөчин гурван сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Цт олгосугай.

            2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжэгч О.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 375,300 /гурван зуун далан таван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Цт олгосугай.

            4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.МАРИНА