| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2026/00152/И |
| Дугаар | 320/ШШ2026/00370 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 320/ШШ2026/00370
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, шүүгч С.Оюунжаргал, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн .......... сумын .......... баг, ............... оршин суух, .............. овогт М-н Г (................. )-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн .......... сумын .............. баг, .............. байрлах, ................. ХХК-д холбогдох
1,170,000 (нэг сая нэг зуун далан мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч компанид очиж үйлчлүүлсэн юм. Би сайн үйлчилгээ үзүүлдэг байх гэж очсоноос машины эвдүүлэх гэж очоогүй. Тус компанийн буруугаас болж би машиндаа 1,100,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн. Энэ талаар баримтууд нь хэрэгт авагдсан.
Би 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ................ авто засвар очиж приус-41 маркийн тээврийн хэрэгсэлдээ фреон шахуулсан. Тухайн үед үлээж байсан. 3 хоногийн дараа бүлээн үлээгээд байхаар нь буцаж очиж үзүүлсэн. Агаар шүүгчээ сольчихгүй юу гэж хэлэхээр нь эднийхээс аваад тэр дор солиулсан. Тэгээд ч болохгүй байна гэдгийг нь хэлсэн.
Тухайн үед Мөрөн сумын ................ зоогийн газрын цаана байдаг машин засвар дээр очиж үзүүлсэн юм. Тэгтэл чинь ................ авто засварыг хуурамч, буруу юм шахаж байна гээд 3-4 машин ирсэн гэж байсан. Тэгээд би хотод очиж эд ангиа солиулж засварлуулахад 1.170.000 төгрөг болсон. Бүх юмыг нь задалдаг юм билээ. Хавтаст хэрэгт баримтууд нь байгаа байх. Хоорондоо учраа олж чадахгүй шүүх дээр асуудал болоод явж байна. Би очиж машинд гэмтэл учруулсан талаар хэлэхэд чи хэдэн төгрөг нэхээд байгаа юм гэх мэтээр хэрүүл үүсгэж намайг хөөсөн.
Барилгын хөөс шиг зүйл шахчхаад манайх стандартын фреон шахсан гээд байгаа. Улаанбаатар хотод очиж солиулсан эд ангиуд надад байгаа. Миний машинд шахсан фреон болон хариуцагчийн авч ирсэн фреон хоёрыг харьцуулж шинжилгээ хийлгэхэд өөр гарна. Миний солиулсан эд анги дотор шахсан фреон нь байгаа. Би машинд учирсан бодит хохирлоо нэхэмжилж байгаа. Сүүлдээ бидний дунд өс хонзонгийн асуудал үүсэхдээ тулаад байна. Эсхүл эд хөрөнгөөрөө намайг дээрэлхээд байгаа юм уу? ойлгохгүй байна. Би буруу замаар явж, алдаж онож байсан. Одоо засарч амьдрах гэж хичээж явна. Манай аймагд фреон харьцуулсан шинжилгээ хийх газар байдаггүй юм байна. Миний бодлоор машинд шахсан фреоны дээжийг эд ангиас авч хариуцагчийн авч ирсэн фреонтой харьцуулсан шинжилгээ хийлгэж үзмээр байна. Үнэн зөвийг олж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Би авто машинд учирсан хохирол болох 1,170,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Гэхдээ би 50 хувийг нь аваад эвлэрэх боломжтой байсан. Гэтэл хариуцагч тал нотлох баримтаа гаргаж ир, мөнгө өгөхгүй гээд байгаа. Би махаа зулгаад олсон 32,000 төгрөгөө улсын тэмдэгтийн хураамжид төлж, улсын орлого болгосон. Би эвлэрэх саналтай байгаа боловч хариуцагч намайг дээрэлхэж харьцаад байгаа. Би чадахаасаа чадахгүй хүртлээ явах болно.
....Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 200,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч манай байгууллагыг буруу зүйл шахсан. Буруу зүйл хийж, машин эвдсэн гэж гүтгээд байгаа юм. Манай компани нэлээд олон жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд олон хүнийг ажиллуулж цалинжуулж байна. 2-3 машинд буруу зүйл шахаж гэмтэл учруулах юм бол манай байгууллагын үйл ажиллагаа зогсоно. Бид буруу зүйл шахаж байсан удаагүй, буруу зүйл шахах ч боломжгүй. Нэхэмжлэгч нь ямар ор үндэслэлгүй зүйл яриад байгаа юм. Би нэхэмжлэгчийг судалж үзсэн. Хэд хэдэн удаа ийм асуудал үүсгэж байсан тэгээд байна лээ. Хэрэв надаас машинд учруулсан хохирлоо нэхэмжилж байгаа бол манай байгууллагыг буруу зүйл шахсан гэх хөдөлшгүй нотлох баримт гаргах хэрэгтэй. Нотлох баримтаа гаргаж чадвар хамаагүй би нэхэмжлээд байгаа мөнгийг нь өгнө. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.
...Одоо нэхэмжлэгчтэй 200,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх саналтай байна гэв.
|
|
Нэхэмжлэгчээс шүүхэд М.Г ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эвдэрсэн эд ангиа солиулсан гэх тайлбартай гэрэл зургууд, ................ ХХК-ийн зарлагын баримт гэх баримтын хуулбарууд тус тус Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатын шүүхийн хуулбарлав гэх тэмдэг дарж баталгаажсан байна. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 32,630 төгрөгийг төлсөн тухай баримтуудыг (хавтаст хэргийн 9-13 дугаар хуудас)
Хариуцагчаас Д.Баярмаагаас С.Б д олгосон итгэмжлэл, ................. ХХК-иас С.Б д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, гадаад хэлтэй баримтыг хуулбарласан баримтуудыг тус тус гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 17-18, 24-25, 26-27 дугаар хуудас)
Зохигчид хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч ................. ХХК-д холбогдуулан 1,170,000 (нэг сая нэг зуун далан мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 970,000 (есөн зуун далан мянга) төгрөгөөр багасгаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч М.Г т 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийг төлөхөөр зөвшөөрч зохигч эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,630 (гучин хоёр мянга зургаан зуун гучин мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ................. ХХК-иас 6,650 (зургаан мянга зургаан зуун тавь) төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ шүүхийн тогтоолыг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар М.Г ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ................. ХХК-д холбогдох 1,170,000 (нэг сая нэг зуун далан мянга) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 970,000 (есөн зуун далан мянга) төгрөгөөр багасгаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч М.Г т 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийг төлөхөөр зохигч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,630 (гучин хоёр мянга зургаан зуун гучин мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ................. ХХК-иас 6,650 (зургаан мянга зургаан зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
С.ОЮУНЖАРГАЛ