| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 317/2026/00078/И |
| Дугаар | 317/ШШ2026/00185 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 317/ШШ2026/00185
2026 01 29 317/ШШ2026/00185
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: С банк ХК,
Хариуцагч: Б ,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 26,300,475.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С банк ХК нь хариуцагч Л.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,300,475.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч С банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 26,300,475.13 төгрөгийг Л.Б гээс гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Л.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 26,300,475.13 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 289,452 төгрөг төлсөн баримт, С банк ХК-иас Э.Намжимд олгосон итгэмжлэл, С банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн өргөдөл, Л.Б гийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, 2024 оны 11 сарын 22-ны өдрийн ЗГ2105216153 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2025 оны 01 сарын 13-ны өдрийн ЗГ2105216153-А дугаартай барьцааны гэрээний хуулбар, Л.Б гийн зээлийн бүртгэлийн карт, Л.Б гийн зээл хүсэгчийн анкетийг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч Л.Б нь 2024 оны 11 сарын 22-ны өдөр С банк ХК-аас 20,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар онлайн цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Тус зээл дээр 2025 оны 01 дугаар сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийг нэмэлтээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 24,203,650.58 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,063,403.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 33,421.04 төгрөг, нийт 26,300,475.13 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч С банк ХК нь хариуцагч Л.Б д холбогдуулан 26,300,475.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 26,300,475.13 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.
4. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,452 төгрөгийн тал хувь 144,726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 144,726 төгрөгийг, хариуцагч Л.Б гээс 144,726 төгрөгөөр тус тус гаргуулж нэхэмжлэгч С банк ХК-д олгох нь зүйтэй байна.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Л.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 26,300,475.13 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,452 төгрөгийн тал хувь 144,726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 144,726 төгрөгийг, хариуцагч Л.Б гээс 144,726 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА