Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 939

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

          Улсын яллагч П.Болормаа,

        Шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.О холбогдох эрүүгийн 1806010431203 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 3 сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,   сургуульд хуулийн 1-р курсийн оюутан, ам бүл 4 ээж.аав, эгчийн хамт, Дархан-Уул аймгийн   тоот оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э О.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Э.О нь 2018 оны 01 сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Цэ" паабны орчим иргэн А.Амартүвшинтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч

А.Амартүвшин мэдүүлэг /хх-11-15/, шүүгдэгч Э.О яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-42-43/, иргэн А.Амартүвшингийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-8/, шинжээчийн дүгнэлт /хх-26/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-31/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Э.О нь 2018 оны 01 сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Цэ" паабны орчим иргэн А.Амартүвшинтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Амартүвшиний өгсөн: “ 2018 оны 01 сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цэ бааранд үйлчлүүлсэн Үйлчлүүлж байгаад 23 цагийн үед үл таних залуучуудтай маргалдсан ... нэг залуу нь шууд миний хамар руу гараараа цохисон ...Халиун та түрийвчээ хаясан байна гээд надад нэг түрийвч өгсөн гэтэл миний түрийвч биш байсан ба дотор нь намайг зодоод зугатаасан залуугийн бичиг баримт байсан ...надад одоо гомдол байхгүй 2018 оны 01 сард Одгэрэл миний хохирол 40000 төгрөг өгсөн ..." /хх-11-15/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.О яллагдагчаар өгсөн: “….Тэгээд тэр согтуу залуу хамгаалагч нь хаана байна гээд орилж, хашгирч байгаад намайг мөрлөөд над руу хандаж чи хамгаалагч нь мөн үү гэж хэлээд намайг нүүр рүү 3-4 удаа цохисон. Тэгээд би түүнээс холдож зугтаагаад явж байтал тухайн согтуу залуу араас намайг хөөж ирсэн. Тэгэхээр нь би түүнд хандаж та агаа намайг зүгээр байхад яагаад цохиж байгаа юм бэ, зүгээр гар бариад салъя тэгэх үү гэсэн чинь миний нүүр рүү дахин 2 удаа гараараа цохисон. Тэгээд намайг нүүр рүү цохиод байсан учир би түүнийг зөрүүлээд нүүр рүү нь 1 удаа цохисон.” /хх-42-43/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд иргэн А.Амартүвшингийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-8/,  

 

2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:

1.А.Амартүвшингийн биед зүүн нүдний зовхи хамарт цус хуралт, хавантай гэмтэл тогтооглоо.

2. ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. /хх-26/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30/,

Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-31/ зэрэг болно.

 

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач

хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Э.О нь 2018 оны 01 сарын 19-20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Цэ" паабны орчим иргэн А.Амартүвшинтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилсэн 400.000 төгрөгийг төлж барагдуулсан нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Э.О холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Э.О 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Э.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Э Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.О 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.О нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.            

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС