| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2509 00469 0481 |
| Дугаар | 2025/ДШМ/961 |
| Огноо | 2025-08-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Энхзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/961
2025 08 14 2025/ДШМ/961
А.Б-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч М.Алдар шүүгч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Энхзул,
хохирогч Г.Б-гийн өмгөөлөгч Х.Чинбат,
яллагдагч А.Б-, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг11 оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/4142 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, хохирогч Г.Б-гийн өмгөөлөгч Б.Амгаланбаатарын гаргасан давж заалдах гомдлоор А.Б-ад холбогдох 2509 00469 0481 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн А-ийн Б-, .............., /РД: ............../;
Яллагдагч А.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар зочид буудалд ажлын шинэ жилийн баярын арга хэмжээний үеэр ариун цэврийн өрөөнд хохирогч Г.Б-тэй маргалдан улмаар гараараа цохиж, биед нь зүүн далны хамрын дээд шөрмөсний хэсэгчилсэн урагдал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамар зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан санал, хүсэлтийг бүхэлд нь хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг оролцогчдод танилцуулах, шинжээчид асуулт асуух, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах зэрэг оролцогчийн эрх зөрчигдсөн гэж дүгнэсэн болно. 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 1082 дугаартай дүгнэлтийг мөрдөн шалгах ажиллагааны үед танилцуулаагүй байна. Мөн хэрэгт 1459 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байна. Дүгнэлтийн 1 дэх заалтад Г.Б-гийн биед зүүн далны хамрын дээд шөрмөсний хэсэгчилсэн урагдал, хамар ясны хугарал гэсэн байна. Дүгнэлтэд тусгагдсан ...зүүн далны хамрын дээд шөрмөс... гэж ямар гэмтэл болох, эсхүл техникийн шинжтэй алдаатай бичигдсэн эсэх, мөн шүүх шинжээчийн дүгнэлт бүрэн бус хийгдсэн гэж дүгнэсэн тул нэмэлт болон дахин шинжилгээг бүрэлдэхүүнтэй шинжээч томилж 1459 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх, гэмтэл ямар хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэх боломжтой /унах, цохих, олон эсхүл 1 удаагийн үйлдлээр үүсэх, өмнө урагдал үүссэн байх боломжтой эсэх/ зэрэг шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гарган ирүүлэх нь зүйтэй. Мөн шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал илэрвэл дүгнэлтэд оруулж болохыг дурдах нь зүйтэй байна. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасантай холбогдуулан шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтийг мөн хангаж шийдвэрлэсэн болно. Иймд дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх шаардлагатай байх тул хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорт буцааж, яллагдагчийн өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад санал, хүсэлтээ мөрдөгч, прокурорт дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, хэргийг прокурорт очтол яллагдагч А.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Г.Б-гийн өмгөөлөгч Б.Амгаланбаатар тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шүүгчийн захирамжид зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч буюу яллагдагч А.Б-ын эрхийг хангаагүй, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь бүрэн бус хийгдсэн тул бүрэлдэхүүнтэй шинжээч томилох, гэрч асуух шаардлагатай гэх гурван үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан бөгөөд дээрх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаан шийдвэрлэх үндэслэлгүй байсан гэж үзэж байгаа тул үндэслэл тус бүрт гомдлыг дараах байдлаар гаргаж байна.
1. Шүүгчийн захирамжид “2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 1082 дугаартай дүгнэлтийг мөрдөн шалгах ажиллагааны үед танилцуулаагүй” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагч нь шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхтэй.” гэж заасан боловч шинжээчийн дүгнэлт нь дээрх зохицуулалтад хамаарахгүй буюу яллагдагч нь шинжээчийн дүгнэлтэд холбогдуулж гомдол гаргахгүй юм. Нөгөө талаараа гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох зорилгоор томилсон мөрдөгчийн тогтоолууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зайлшгүй хийгдэх ажиллагаа байх тул тус шинжээч томилсон тогтоолуудад гомдол гаргах боломжгүй юм. Шинжээч нь дээрх дүгнэлтүүдийг гаргахдаа тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж, мөрдөгчөөс тавьсан асуултуудын хүрээнд хариулт өгч байгаа боловч шинжилгээ хийх явцад хэрэгт ач холбогдолтой бусад нөхцөл байдал илэрсэн тохиолдолд түүнийг дүгнэлтэд тусгах замаар дүгнэлтийг гаргасан байдаг. Иймд тус шинжээчийн дүгнэлт гаргахаас өмнө яллагдагчийн зүгээс асуулт тавих шаардлагатай байсан гэх үндэслэлийг хүлээн авах шаардлагагүй гэж үзэж байна. Хэрэв яллагдагчийн зүгээс тодруулах тодорхой асуултууд байсан гэж үзэж байгаа бол энэ талаараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед түүнийгээ тайлбарлах боломжтой байсан билээ. Гэтэл түүний өмгөөлөгчийн зүгээс “бид асуулт тавих, гомдол гаргах эрхээ эдэлж чадсангүй” гэх тайлбарыг гаргаж байгаа ч шинжээчийн дүгнэлтийн аль хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, яллагдагчийн зүгээс ямар нэг асуулт тавиагүй учраас шинжээчийн дүгнэлт бүрэн бус гарсан гэх тайлбарыг огт яриагүй юм. Иймд яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилгоор дээрх тайлбарыг шүүхэд гаргасан гэж үзэж байна. Мөн 2025.03.28-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2509004690481 дугаар тогтоолын 6 дахь шинжээчийн дүгнэлтийн талаар тусгасан байх бөгөөд тус тогтоолтой яллагдагч нь 2025.03.30-ны өдөр танилцсан буюу шинжээчийн дүгнэлтийг тус өдөр мэдэж, танилцсан байна. Гэвч түүнээс хойш шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй. Иймд тус шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй, түүнд гомдол, хүсэлт гаргах талаар яллагдагчийн эрхийг хангаагүй гэх тайлбар үндэслэлгүй юм. Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ.”, 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэж тус тус заасны дагуу шүүхийн шатанд ч шинжээч томилох бүрэн боломжтой байна. Иймд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, ойлгомжгүй байлаа ч энэ нь заавал тухайн ажиллагааг прокурорын шатанд хийж гүйцэтгэх шаардлагатай гэсэн үг биш бөгөөд тус ажиллагааг хэргийг шүүхэд шилжүүлсний дараа хийх боломжтой юм. Тиймээс хэргийг шүүхэд шилжүүлж өгөхийг хүсэж байна.
2. 1459 дугаартай шинжээчийн дүгнэлт нь бүрэн бус хийгдсэн тул бүрэлдэхүүнтэй шинжээч томилох шаардлагатай гэх үндэслэлийн тухайд: Шүүгчийн захирамжид “хэрэгт 1459 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байна. Дүгнэлтийн 1 дэх заалтад Г.Б-гийн биед зүүн далны хамрын дээд шөрмөсний хэсэгчилсэн урагдал, хамар ясны хугарал гэсэн байна. Дүгнэлтэд тусгагдсан ...зүүн далны хамрын дээд шөрмөс... гэж ямар гэмтэл болох, эсхүл техникийн шинжтэй алдаатай бичигдсэн эсэх” гэж дүгнэжээ. Шүүгчийн захирамжид шинжээчийн дүгнэлтэд зүүн далны хамрын дээд шөрмөс... гэж ямар гэмтэл болох, эсхүл техникийн шинжтэй алдаатай бичигдсэн эсэхийг тодруулах шаардлагатай гэсэн байх боловч дээрх нөхцөл байдлын улмаас дахин шинжээч томилох шаардлагагүй юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дээрх шинжээчийн дүгнэлттэй холбоотой тодруулах шаардлагатай асуудал байгаа гэж үзвэл тухайн дүгнэлтийг гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах байдлаар тодорхойгүй гэж үзсэн нөхцөл байдлыг тодруулах боломжтой билээ. Мөн шүүгчийн захирамжид “... мөн шүүх шинжээчийн дүгнэлт бүрэн бус хийгдсэн гэж дүгнэсэн тул нэмэлт болон дахин шинжилгээг бүрэлдэхүүнтэй шинжээч томилж 1459 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх, гэмтэл ямар хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэх боломжтой /унах, цохих, олон эсхүл 1 удаагийн үйлдлээр үүсэх, өмнө урагдал үүссэн байх боломжтой эсэх/ зэрэг шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гарган ирүүлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн байна. Гэтэл ямар үндэслэл, шалтгааны улмаас тухайн шинжээчийн дүгнэлтийг бүрэн бус хийгдсэн гэж үзэж байгаа талаараа захирамжид огт дурдаагүй байна. Тухайн шинжээчийн дүгнэлт гарсны дараа 2025.01.28-ны өдөр шинжээчээс мэдүүлэг авсан бөгөөд тус мэдүүлэгт шинжээч нь хохирогчийн биед учирсан гэмтэл ямар шалтгаан, нөхцөлийн улмаас үүсэх боломжтой талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Тус мэдүүлгээс үзвэл “Далны шөрмөсний урагдал нь ... дарж унах үед үүсэх боломжтой, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж тодорхой мэдүүлсэн. Мөн хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан яллагдагч А.Б-ын “Б-г өөрөөсөө түлхэн холдуулах үед хальтираад баруун талаараа унасан” гэх мэдүүлэг авагдсан бөгөөд хохирогч Г.Б- нь яллагдагчид түлхүүлэн унахдаа тухайн гэмтлийг авсан байх боломжтой гэдэг нь шинжээчийн дүгнэлтэд “эвгүй дарж унах үед гэмтэл үүсэх боломжтой” гэх дүгнэлтээс харагдаж байгаа юм. Иймд тухайн гэмтэл ямар үйлдлийн улмаас үүссэн эсэхийг тогтоох шаардлагатай гэх захирамжид заасан үндэслэл нь нэгэнт тогтоогдсон байхаас тухайн шинжээчийн дүгнэлт бүрэн бус гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэж байна.
3. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гэрч асуух шаардлагатай гэх үндэслэлийн тухайд: Шүүгчийн захирамжид “Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасантай холбогдуулан шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтийг мөн хангаж шийдвэрлэсэн болно.” гэж дүгнэсэн байна. Гэтэл тухайн гэрч болох этгээд нь талуудыг маргалдаж, зодолдож байхыг нүдээр хараагүй этгээд юм. Яллагдагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “гэрч нарын мэдүүлгээр хэргийн болсон нөхцөлийг бүгдээрээ яг шууд харсан үзсэн гэрч байхгүй” гэж тайлбарладаг болохоос гэрчээр асуулгах шаардлагатай этгээд нь тухайн үйл явдлыг нүдээр үзсэн харсан гэх байдлаар урьдчилсан хэлэлцүүлгийн явцад мэтгэлцээгүй, түүний гэрчийн мэдүүлгийн ач холбогдлын талаар ямар нэгэн үндэслэлийг тайлбарлаагүй, зөвхөн тухайн этгээдийн нэр хохирогчийн мэдүүлэгт дурдагдсан учир гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай гэх тайлбарыг гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэгэнт өөрийн үзсэн харсан зүйлийн талаар мэдүүлэг өгөхгүй этгээдээс гэрчийн мэдүүлэг авах нь нотолгооны ач холбогдолгүй бөгөөд бусад гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг прокурорт буцаах тухай 2025/ШЗ/4142 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч Г.Б-гийн өмгөөлөгч Х.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Б.Амгаланбаатарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Хэрэгт шинжээчийн 2 дүгнэлт гарсан. 1459 дүгээр шинжээчийн дүгнэлтийг яллагдагчид танилцуулж санал хүсэлтийг асуусан. Хохирогчид учирсан гэмтлүүд яаж үүссэн талаар яллагдагч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдсон. Сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийн тухайд, яллагдагчийн зүгээс “асуулт асууж, гомдол гаргах байсан” гэх үндэслэлийг ярьдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлгийн тэмдэглэлээс харахад ямар үндэслэл гаргах гээд байгаа вэ, гэдэг нь тодорхойгүй нөхцөл байдалттай байсан. Шинжээчийн дүгнэлтэд далны хамрын шөрмөсний урагдал гэх дүгнэлт байгаа нь тодорхойгүй, үндэслэлгүй нөхцөл байдал үүсэж байна гэж шүүх дүгнэсэн. ... Тухайн гэмтэл далны шөрмөсний урагдал гэх гэмтэл байсан нь бусад нотлох баримтаар тогтоогдож байсан. ... Гэрч асуулгах заалтын тухайд оролцуулах шаардлагатай гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах боломжтой. Тухайн үед байгууллагын шинэ шил болсон учраас олон хүн ирсэн байсан. Тиймээс шинэ жилийн арга хэмжээнд оролцсон бүх хүмүүсийг гэрчээр асуух боломжгүй. Зөвхөн гэмт хэрэг гарсан үйл явдалтай холбоотой хүмүүсийг гэрчээр асуух нь зүйтэй. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулахаар санал гаргасан гэрч болсон үйл явдлыг хараагүй, мэдээгүй хүн байдаг. ... Хохирогчийн зүгээс хохирол төлбөр авч чадаагүй, уг хэргийг хурдан шийдвэрлүүлж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх зайлшгүй шаардлагатай байна. ...” гэв.
Яллагдагч А.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжээчийн дүгнэлтийн талаар прокурор танилцуулсан. Уг дүгнэлттэй холбоотой саналыг гаргаж өгсөн. Нэмж гэрч асуулгах хүсэлттэй байна. Камерын бичлэгт эхэлж ариун цэврийн өрөө лүү орсон нэг хүн дурдагдаагүй. Хохирогч бид хоёртой хамт ариун цэврийн өрөөнд байсан гэрчүүд мэдүүлэг өгөөгүй. Иймд дээрх хүмүүсийг гэрчээр дуудаж асуулгах шаардлагатай. Камерын бичлэгийг хэргийг мөрдөн шалгах явцад олж чадаагүй, хэргийг шүүхэд шилжүүлсний дараа би олж авсан. ...” гэв.
Яллагдагч А.Б-ын өмгөөлөгч Э.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Г.Б-гийн сэтгэцэд учирсан шинжээчийн дүгнэлтийг прокурорын зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр гаргаж өгсөн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тус шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагч, хохирогч хэн аль нь шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт, гомдол гаргах эрхтэйг зааж өгсөн. Сэтгэцэд учирсан хохирлын талаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл тухайн шинжээчийн дүгнэлттэй танилцахад ямар хүчин зүйлийг үндэслэж, сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоосон нь тодорхойгүй. Хохирогчийн сэтгэл зүйнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн, тухайн эмнэл зүйн шинж тэмдэгтэй холбоотой ямар арга хэмжээ авсан, ямар эмчилгээ хийлгэсэн талаар нотлох баримт хэрэгт байхгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал гаргах, дахин шинжээч томилуулах боломж хязгаарлагдмал байдгийг анхаарч үзнэ үү. Хохирогчид учирсан гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлтэй холбоотой анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн дүгнэлт үндэслэлтэй. Хэд хэдэн гэмтэл хохирогчид учирсан талаар шинжээч дүгнэсэн. Аль гэмтэл нь хүндэвтэр, аль гэмтэл нь хөнгөн, өөр гэмтэл байгаа эсэх талаар ялгаа заагийг шинжээчийн дүгнэлтэд тодорхой заагаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Сэргэлэнгээс мэдүүлэг авсан. Мэдүүлэгт далны шөрмөсний урагдал нь хүндэвтэр гэмтэл, бусад гэмтэл хамааралгүй гэсэн боловч шинжээчийн алдааг засаж шийдвэрлэх нь зохисгүй. Шинжээч техникийн алдаа биш, мэргэжлийн алдаа гаргасан. Нэр бүхий 2 гэрчийг дурдаж байгаа боловч яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлэгт дурдагддаг 2 гэрч мөрдөн шалгах ажиллагаанд оролцоогүй. Хэрэг Улаанбаатар зочид буудлын ариун цэврийн өрөөнд гарсан. Ариун цэврийн өрөөнд хэн байсан бэ гэвэл хохирогч, яллагдагч хоёр байсан. Гэтэл үүдэнд хэд хэдэн хүн яллагдагч, хохирогч хоёрыг орж гарахад нь хүлээж байсан. Шинжээчийн дүгнэлтээр хэд хэдэн буюу нэгээс олон тооны гэмтэл учирсан. Ариун цэврийн өрөөнөөс гараад хохирогч явж байх цаг хугацаанд хамар ясны хугарал, нүүрэнд үүссэн гэмтэл байсан эсэхийг гэрч нараас асуугаагүй. Уг нөхцөл байдлыг дахин торуулж асуух шаардлагатай байна. Бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоолгохын тулд дээрх нөхцөл байдлыг анхаарч шалгаж өгөх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Энхзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогч Г.Б-гийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгчийн захирамжид нийт 3 үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. ... Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээс харахад сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлсон 12 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад байгаагүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед гаргаж өгсөн баримт, энэ талаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “шинжээчийн дүгнэлттэй танилцах” гэж заасныг мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдий ч уг эрхийг заавал прокурорын хяналтын шатанд хамаарахгүй, шүүхийн шатанд ч танилцах боломжтой. Хохирогчийн биед учирсан хохирлын зэргийг тогтоосон 1419 дүгээр шинжээчийн дүгнэлт бүрэн бус хийгдсэн гэж шүүх дүгнэсэн боловч нэмэлт болон дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох талаар шүүгчийн захирамжид дурдсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ” гэж зааснаас харахад, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн биелэлтэд хийх ажиллагаа ойлгомжгүй байна. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтаас шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгийг харахад хохирогчийн биед учирсан гэмтэл шинэ гэмтэл, тухайн үед үүссэн байх боломжтой. Мөн мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой гэж дүгнэсэн. Мохоо зүйл ямар байх боломжтой талаар шинжээч эмчээс мэдүүлэг авахад шинжээч эмчээс “цохигдох үйлдлээр боломжгүй, унах үед үүсэх боломжтой” талаар хангалттай дүгнэлтээ тайлбарласан. Мөн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх талаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан. “Олон удаагийн үйлдлээр үүсэх” боломжтой гэж дурдсан. Шинжээчийн дүгнэлтэд хохирогчийг зүүн далны хамрын дээд шөрмөс гэх техникийн шинжийн алдаатай бичигдсэн эсэхийг тодруулах зорилгоор шинжээчийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулах боломжтой. ... Гэрчийг ямар үндэслэлээр асуух шаардлагатай талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Хэрэгт цугларсан баримтаар хохирогч 4 гэрч байсан гэх боловч 3 гэрч тухайн үйл явдлыг хараагүй. Хохирогч энэ талаар “...А.Б- ариун цэврийн өрөө рүү дагуулж явсан” гэж мэдүүлдэг. Ариун цэврийн өрөөнд маргаан дууссаны дараа 3 гэрч очсон. Энэ гэрчүүдийг асууснаар хэргийн үйл баримт өөрчилгөгдөхгүй. Иймд шинжээчийн дүгнэлт танилцуулаагүй, яллагдагчийн эрхийг зөрчсөн асуудал болон техникийн шинжтэй алдаатай холбоотой асуудлыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой. Хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүх А.Б-ад холбогдох хэргийг “...шинжээчийн дүгнэлтийг оролцогчдод танилцуулах, шинжээчид асуулт асуух, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах зэрэг оролцогчийн эрх зөрчигдсөн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт бүрэн бус хийгдсэн тул нэмэлт болон дахин шинжилгээг бүрэлдэхүүнтэй томилох, мөн яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтийн дагуу ажиллагаа хийх...” гэсэн үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэл муутай болжээ.
Хэрэгт Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1459 дүгээр шинжээчийн дүгнэлтэд дурдсан “зүүн далны хамрын дээд шөрмөсний хэсэгчилсэн урагдал” гэдэг нь мэргэжлийн хэллэгээр бичигдсэн байх үндэслэлтэй тул үүнийг алдаатай бичигдсэн үзэх боломжгүй байна.
Харин уг дүгнэлтэд бусад байдлаар тодорхойгүй бичигдсэн гэж үзсэн асуудлаа шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах замаар тодруулах бүрэн боломжтой.
Үүнээс гадна, Шүүхийн шатанд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг тухайн шатанд танилцуулж, шүүх дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд А.Б-ад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах шаардлагагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Энэ талаар гаргасан хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/4142 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч А.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/4142 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч А.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ М.АЛДАР