Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 951

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

          Улсын яллагч А.Сайнбаяр,

        Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Д холбогдох эрүүгийн 1806041051061 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, Баянзүрх дүүргийн 14 дүгээр   тоотод эгчийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, А овгийн Ц Д ,

 

Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн орчим иргэн Э.Дэлгэрдалайгийн гар утсыг бусадтай яръя хэмээн хуурч аван залилсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.Дэлгэрдалайгийн мэдүүлэг /хх-8-9/, гэрч Т.Отгондалайгийн мэдүүлэг /хх-34-35/, "Дамно" ХХК-ийн гар утсыг 150.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-15/, шүүгдэгч Ц.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-23/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-20/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн орчим иргэн Э.Дэлгэрдалайгийн гар утсыг бусадтай яръя хэмээн хуурч аван залилсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Дэлгэрдалайгийн мэдүүлэг: "...2018 оны 05-р сарын 06-ны өдөр 19 цаг өнгөрч байхад фейсээр 10 жилд хамт сурч байсан Даваасүрэнтэй холбогдоод PC тоглохоор болоод гэрийнхээ үүдэнд 20 цагийн үед уулзсан. Даваасүрэн халдвартын эмнэлэг рүү явж хүнээс мөнгө авах шаардлагатай байна гэхээр нь хамт тус эмнэлэг рүү очсон. Эмнэлэг дээр очоод Даваасүрэн хүнтэй утсаар яримаар байна утсаа өгөөч гэхээр нь өөрийн самсунг галакси нөт 4 гар утсаа өгсөн. Хүнтэй утсаар яриад эмнэлэг дотор шатаар Даваасүрэн доош буусан. Би 2-р давхарт Даваасүрэн хүлээгээд үлдсэн. 30 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь эмнэлэгээс гараад Аман хуур хотхоны 34-05 тоот буюу Даваасүрэнгийн гэрт очсон. Гзрт очиход эмээтэй нь уулзахад Даваасүрэнг гэртээ 45 хоног ирээгүй бид нартай холбоо бариагүй гэж хэлсэн..." /хх-8-9/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Отгондалайгийн мэдүүлэг: "...Тэгсэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр facebook найз Даваасүрэнтэй холбогдоод Би Булган аймгийн Тэшиг сумын Давааны ар гэх газарт хүрээд ир гэтэл Даваасүрэн зөвшөөрөөд 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Булган аймгийн Тэшиг суман дээр ирчихлээ гээд утсаар ярихаар нь би очиж тосож авсан. Тэгээд бид 2 манай эмээгийн гэрт байсан. Тэгсэн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр  би очиж тосч авсан. Тэгээд бид хоёр манай эмээгийн гэрт ирээд тэндээ хэд хонож байгаад 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод 22 цагийн үед PC тоглоомын газар тоглож 2 хоноод маргааш нь би гэр рүүгээ явсан Даваасүрэн бас гэр рүүгээ явсан..." /хх-34-35/ гэх мэдүүлэг,

 

"Дамно" ХХК-ийн гар утсыг 150.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-15/,

 

Шүүгдэгч Ц.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-23/,

 

Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-20/ зэрэг болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогч Э.Дэлгэрдалайгийн гар утсыг бусадтай яръя хэмээн хуурч аван залилсан үйлдлээ өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчид уг хохирол учирсан нь "Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн орчим иргэн Э.Дэлгэрдалайгийн гар утсыг бусадтай яръя хэмээн хуурч аван залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч нь 150.000 төгрөгийг нэхэмжилсэн ба уг хохирлыг шүүгэдгч Ц.Д төлж барагдуулсан. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Ц.Д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Ц.Д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч А овгийн Ц Д г залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Ц.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.            

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС