Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 953

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

          Улсын яллагч Б.Чимгээ,

        Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б холбогдох эрүүгийн 1806 04297 1139 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1971 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,   мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух, урд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д Б .

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг шөнийн дэлгүүрийн орчим нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж яваад зорчигч Б.Чулуунцэцэгийг хүүхэдтэйгээ зүй бус харьцлаа гэх шалтгаанаар түүний толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Чулуунцэцэгийн мэдүүлэг /хх-22-23/, шинжээчийн дүгнэлт /хх-20/, шүүгдэгч Д.Б яллагдагчийн мэдүүлэг /хх-16, 35/, шүүгдэгч Д.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-23/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-22/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг шөнийн дэлгүүрийн орчим нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж яваад зорчигч Б.Чулуунцэцэгийг хүүхэдтэйгээ зүй бус харьцлаа гэх шалтгаанаар түүний толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Чулуунцэцэгийн өгсөн: “Б.Чулуунцэцэгийн мэдүүлэг: 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 9 настай охин Баяржаргалын хамт автобусанд суусан. Миний хажууд 40 гаруй насны согтуу эрэгтэй хүн сууж байсан. тэгтэл өөр суудал сулрахаар нь тийшээ суух гээд охиноо бос гэхэд босохгүй байхаар нь согтуу хүн рүү битгий хараад бай гээд толгой руу нь нудартал нөгөө согтуу хүн миний араас толгой руу цохисон. Миний тархи хөдөлсөн. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, санал хүсэлт байхгүй. Санал гомдол байхгүй. шүүх хуралд оролцохгүй.”/хх-22-23/ гэх мэдүүлэг,

 

2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт:

1. Чулуунцэцэг-н биед тархи доргилт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.  /хх-20/,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Б яллагдагчийн өгсөн: “Би яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...уг хүүхэн хүүхдээ загнаад толгой руу нь цохиод авахаар нь би болиоч гэсэн чинь сонсохгүй болохоор нь нөгөө хүүхний араас толгой руу нь нэг удаа алгадсан. Автобусанд танихгүй хүмүүс байсан. Миний буруу.” /хх-16, 35/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-23/,

Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-22/ зэрэг болно.

 

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг шөнийн дэлгүүрийн орчим нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж яваад зорчигч Б.Чулуунцэцэгийг хүүхэдтэйгээ зүй бус харьцлаа гэх шалтгаанаар түүний толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь 138.000 төгрөгийн хохирлыг хохирогчид төлж барагдуулсан. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Д.Б холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Д.Б 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х овогт Д Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Б нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.            

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,

хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС