Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/1017

 

2025           08            28                                                                                  2025/ДШМ/1017

 

Б.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.С-гийн өмгөөлөгч Т.Баярдалай,

шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Б.Галхүү,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1116 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2406 09218 0290 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Б- овгийн Б-гийн Д-, ..........., /РД: ................/,

Дорнод аймгийн Чойбалсан сумын шүүхийн 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 67 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1724 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;                        

Шүүгдэгч Б.Д- нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны үүрээр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд Дарь эхийн 20-**** тоот гэртээ Л.З-оотой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдын таарамжгүй харилцааны улмаас “цагдаад барьж өгсөн” гэх асуудлаас болж хоорондоо маргалдаж, Л.З-оогийн цээжин тус газарт хутгаар хатгаж, амь насыг нь хохироож, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-гийн хойшлуулшгүйгээр баривчлагдсан 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг тус тус баримтлан шүүгдэгч Б.Д-гээс 108.814.987 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.С-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн зүйлчлэлээ хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд өөрийн газар, хашаа, байшингаа өгөхөө илэрхийлсэн. Би ганц бие өөрийн төрсөн дүүд итгэмжлэл хийж хохирогчид шилжүүлж өгөхөөр үйлдэл хийж байгаа. Миний бие одоо нас өндөр тэтгэвэрт ходоодны хорт хавдартай байсан. Сүрьеэгийн хяналтад эрүүл мэнд муу байгаа. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.        

Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Б.Галхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, маргаж байгаагаа илэрхийлж байсан. Гэвч анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай анги 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тэрээр одоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол, төлбөрийн тухайд миний үйлчлүүлэгч нь өөрийн эзэмшлийн хашаа, байшингаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шилжүүлэхээ илэрхийлсэн. Иймд түүний хувийн байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасаж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.С-гийн өмгөөлөгч Т.Баярдалай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүдэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны үед өөрийн амьдарч байсан хашаа байшинг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэр дээр шилжүүлж өгөхөө илэрхийлж байсан. Гэвч өнөөдрийн байдлаар энэ ажиллагаа явагдаагүй байна. Шүүгдэгчийн ар гэрийнхнээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй уулзаж хохирол, төлбөрийг төлж барагдуулах талаар арга хэмжээ авна гэж хэлдэг боловч уулзаж, тохиролцсон зүйл байдаггүй. Шүүгдэгч нь хохирол, төлбөр төлөхөө илэрхийлж байгаа боловч үүнтэйгээ холбоо ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.  Өөрөөр хэлбэл хохирол, төлбөр төлөх санаа зорилго байгаа эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг дэмжихгүй байна. ...” гэв.

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс дээрх хорих ялыг оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Д- нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны үүрээр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд Дарь эхийн 20-**** тоот гэртээ Л.З-оотой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьдын таарамжгүй харилцааны улмаас “цагдаад барьж өгсөн” гэх асуудлаас болж хоорондоо магалдаж, Л.З-оогийн цээжин тус газарт хутгаар хатгаж, амь насыг нь хохироож, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.С-гийн “... талийгаач аавтай ... 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр уулзсан. ... Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатар хайрханы 2А-*** тоотод амьдардаг. ... Ярьж байхыг нь сонсоход Биогийн найзууд, Дарь Эхийн найзууд гэж ярьж байсан. ... Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. ...” /1 хх 44/,

            гэрч С.Г-гийн “... 2024 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө буюу 23 цагаас 00 цагийн хооронд би гэртээ байж байхад хойд малын хашаа буюу Дүгэрээ гэх хүний хашаанд 2 хүн хоорондоо хэрэлдэж, маргалдаж байсан. Нэг хүн нь “болиоч, явъя” гэх утгатай зүйлийг хэлж байгаад тухайн 2 хүн хоорондоо маргалдахаа болиод чимээгүй болсон. ...” /1 хх 52-53/,

гэрч М.С-гийн “... Д- хамгийн сүүлд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 10 цаг 22 минутад над руу залгаад “өчигдөр манай гэрт ирсэн найз өглөө сэрсэн чинь цээж хэсгээс цус гарчихсан байна” гэхээр нь би “түргэн болон цагдаа дуудаач” гэж хэлсэн чинь “надад нэгж байхгүй байна” гэхээр нь би өөрийн утаснаас 300 нэгж явуулсан. ...” /1 хх 60-61/,

шинжээч Ч.Э-ын “...Амь хохирогчид учирсан хатгагдаж зүсэгдсэн шарх нь цээжний зүүн урд, дээд хэсэгт эгэмийн доор 2-3 дугаар хавирганы завсар урдаа арагш дээрээс доош, зүүнээс баруун тийш чиглэлтэй байсан бөгөөд уг хутганы чиглэлээс үзэхэд хүн өөрөө өөртөө учруулах боломжгүй. ...өөд өөдөөсөө харсан байрлалтай хүн баруун гартаа хутга барьсан хүн хутгалах боломжтой. ... шархны биед байрласан түвшин болон гэмтээсэн эрхтэний анатомийн байрлалаас дүгнэхэд 10 см болон түүнээс дээш урттай хутгаар үүссэн байх боломжтой. ... задлан шинжилгээнээс гарсан өөрчлөлтөөс үзэхэд гэмтэл учирснаас 5-10 минутад нас барсан байх боломжтой. ...”/1 хх 137-138/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Амь хохирогч Л.З-оогийн цогцост цээжний зүүн урд дээд хэсэгт эгмийн дунд шугамаар 2-3-р хавирганы завраар цээжний зүүн хөндий рүү нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэн, үнхэлцэг хальс гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн хөлд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлээс хатгагдаж зүсэгдсэн шарх ир үзүүр бүхий зүйлийн, зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүснэ. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл цусанд 4.5 промилли илэрсэн. Амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн жижүүрийн шинжээч эмчийн цогцсын гадна үзлэгээр 15 цаг 50 минутад амь хохирогч нас бараад 8-12 цаг орчим болсон байжээ. Амь хохирогч нь цээжний зүүн урд дээд хэсэгт эгмийн дунд шугамаар 2-3 дугаар хавирганы завсраар цээжний зүүн хөндий рүү нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэн, үнхэлцэг хальс гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог гадуур болон дотуур цус алдаж нас баржээ. ...” гэсэн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 136 дугаар дүгнэлт /1 хх 123-126/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “…Б.Д-гийн биед зүүн зовхинд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоохгүй...” гэсэн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 404 дугаар дүгнэлт /1 хх 194-195/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын криминалистикийн шинжилгээний “... Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн куртикэнд үүссэн 17мм хэмжээтэй гэмтэл, ногоон өнгийн зураглалтай хар өнгийн футболкад үүссэн 17мм хэмжээтэй гэмтэл, хэр өнгийн цамцанд үүссэн 17мм хэмжээтэй гэмтлүүдийн байрлал ойролцоо байгаа нь хувцаснууд давхарлагдсан байх үед хурц иртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна. Хар өнгийн өмдөнд үүссэн 20мм, 10мм хэмжээтэй гэмтлүүд нь татагдах болон тэлэлтээс үүссэн шинэ урагдалт, уг өмдөнд үүссэн 10х15мм хэмжээтэй гэмтэл нь гогодон татах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ гогодолт байна. ...” гэсэн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 99 дүгээр дүгнэлт /1 хх 166-169/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Б.Д- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг болсон гэх цаг хугацаанд болон одоогийн нөхцөл байдалд үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэсэн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 181 дугаартай дүгнэлт /1 хх 117-118/,

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн: “...өчигдөр цуг архи уусан хүн сэрэхгүй байна. Цээжнээс нь их цус гарсан байна...” гэх гэмт хэргийн талаарх дуудлага, лавлагааны хуудас /1 хх 6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 8-16/, цогцост үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 18-20/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 22-26/, илтгэх хуудас /1 хх 17/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Д-г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Хэдийгээр шүүгдэгч Б.Д- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч түүний гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан, учруулсан хохирлоо нөхөн төлөх бодит арга хэмжээ аваагүй зэрэг нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн боломжгүй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Д-гийн гаргасан “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт хүний амь нас хохирсон тохиолдолд гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлөх төлбөрийн хэмжээг шинжээчийн дүгнэлт гаргуулан тогтоогоогүй боловч анхан шатны шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэг, Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолд тус тус заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 108.814.987 төгрөгөөр тооцсонтой шүүгдэгч маргаагүй тул хөндөхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Д- нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 119 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/1116 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д- нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 119 /нэг зуун арван ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА  

 

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗ-

           

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР