Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 978

 

  

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

          Улсын яллагч Ч.Алтансүх,

         Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б холбогдох эрүүгийн 1806040781206 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн  тоотод оршин суух хаягтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Ж  овгийн Б  Б .

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны 214 дүгээр байрны 70 тоот гэртээ 8 сартай жирэмсэн хамтран амьдрагч А.Саранг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч А.Сарангийн мэдүүлэг /хх-11/, ШШҮХ-ийн 5510 дугаартай дүгнэлт /хх-24/, шүүгдэгч Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-41/, шүүгдэгч Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30/, шүүгдэгч ял шалгах хуудас /хх-32/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч .Б  нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны 214 дүгээр байрны 70 тоот гэртээ 8 сартай жирэмсэн хамтран амьдрагч А.Саранг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Сарангийн өгсөн: "... 2018 оны 04 дүгээр сарын 26-ны оройноос манай нөхөр гэртээ хэрүүл хийгээд байрны аль нэг айл дуудлага өгөөд цагдаа ирсэн....өнөөдөр нөхөр согтуу байсан. Өчигдөр цагдаад дуудаад бах таваа хангасан уу гээд хэрүүл өдөөд байсан. Миний нүүрний зүүн тал, баруун шанааруу 2 удаа алгадахад чих шуугиад нүд харанхуйлсан. Би 7 сартай жирэмсэн...нөхөр бид 2 эвлэрсэн. ..." /хх-11/ гэх мэдүүлэг,

 

ШШҮХ-ийн 5510 дугаартай дүгнэлт:

1. А.Сарангийн биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт, баруун нүдний гадна талд, хоёр хацар, дух, баруун шуунд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-24/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Б яллагдагчаар өгсөн: “Би тогтоолтой танилцлаа. Санал хүсэлт байхгүй ”/хх-41/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-30/,

 

Шүүгдэгч ял шалгах хуудас /хх-32/ зэрэг болно.

 

 Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны 214 дүгээр байрны 70 тоот гэртээ 8 сартай жирэмсэн хамтран амьдрагч А.Саранг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Б.Б холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгч Л.Батжаргал 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ж  овгийн Б  Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Б.Б 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                   Э.ЧИНГИС