Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 0015

 

П.Түвшинд холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2016/0070/Э

Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                          

           Шүүх хуралдаанд:

Прокурор                                                     Ж.Болорпүрэв

Ялтан                                                                 П.Түвшин

Ялтны өмгөөлөгч                                        О.Сарантуул

Насанд хүрээгүй хохирогч                            Т.Лхагважаргал

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч           Ц.Уртнасан

Нарийн бичгийн дарга                               С.Гончигбал нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолтой П.Түвшинд холбогдох 201606000029 дугаартай эрүүгийн хэргийг ялтан П.Түвшин, ялтны өмгөөлөгч О.Сарантуул нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Нармаан овогт Пүрэвийн Түвшин, 1989 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 27 настай, халх, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ГН89021710 регистрийн дугаартай.

            П.Түвшин нь 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдөр, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн орчим Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг Шандын гол гэх газарт 13 настай буюу бага насны Т.Лхагважаргалыг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор:

Нармаан овогтой Пүрэвийн Түвшинг бага насны буюу насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551-д заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар шүүгдэгч П.Түвшинг 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52.5-д зааснаар шүүгдэгч П.Түвшинд оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч П.Түвшингийн цагдан хоригдсон 200 /хоёр зуу/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Шүүгдэгч П.Түвшин нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Түвшинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үргэлжлүүлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 Ялтан П.Түвшин давж заалдах гомдолдoo: “Миний бие 14 настай Н.Лхагважаргалтай бэлгийн ажил хийсэндээ маш их харамсаж байна. Н.Лхагважаргал миний үйлдлийг эсэргүүцэж дургүйцээгүй, би түүнийг айлгаж сүрдүүлж, хүч хэрэглэж заналхийлээгүй билээ. Лхагважаргалыг 8 дугаар ангид сурдаг, 15-16 настай гэж ойлгож байсан. Мөн хохирогч Лхагважаргал, түүний ээж Уртнасангаас уйчлалт гуйсан. Мөн сургалтын төлбөр болон эд материалын туслалцаа үзүүлсэн...” гэжээ.

Ялтны өмгөөлөгч О.Сарантуул давж заалдах гомдолдоо: “... П.Түвшин нь хохирогч Лхагважаргалтай бэлгийн ажил хийхдээ түүнд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйл ангид заасан хүч хэрэглэх, заналхийлэх үйлдэл гаргаагүй, хохирогч П.Түвшингийн үйлдлийг эсэргүүцээгүй зэрэг нөхцөл байдал нь тухайн гэмт хэргийн объектив талын шинжийг үгүйсгэж байх тул 126 дугаар зүйлийн 126,3 дахь зүйлчлэлээр ялын хариуцлагыг ногдуулах үндэслэлгүй юм. Шүүх хуралдаанд хохирогч гомдол саналгүй гэсэн бөгөөд Улаанбаатар хотод байцаалт авахад байцаагч “... тэгсэн л байж таарна” гэж бичээд байсан гэх зэрэг байдал нь хохирогчийг хөтөлж байцаасан нотлох баримтыг цуглуулсан гэж үзэж байна. Иймд П.Түвшингийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дүгээр зүйлчлэлээр өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдсан гомдолд дурьдсан зүйлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

П.Түвшинд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэх боломжгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд П.Түвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцох тогтоол /хх-113/-ыг мөрдөн байцаагч 2016.01.25-ны өдрийн 19 цаг 00 минутанд үйлдэн түүнээс байцаалт авч, 19 цаг 20 минутанд байцаалтыг дуусгаж, тэмдэглэл үйлдсэн,

насанд хүрээгүй Туул овогтой Лхагважаргалыг хүчиндсэн гэх гомдол мэдээлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-5/-ыг 2016.01.25-ны өдрийн 20 цаг 30 минутанд үйлдсэнээс үзэхэд

201606000029 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө П.Түвшинг сэжигтнээр тооцох тогтоол үйлдэн, сэжигтнээр байцааж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан “...мөрдөн байцаагч энэ хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, дор дурьдсан этгээдийг сэжигтнээр тооцож, үндэслэл бүхий тогтоол гаргана” гэснийг зөрчжээ.

Мөн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үйлдсэн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу гаргасан Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1676 дугаартай актын дүгнэлт хэсэгт “...Т.Лхагважаргал нь 2016.12.17-ны өдрийн байдлаар хорин таван 7 хоногтой жирэмсэн байна...” гэж /хх-63/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3077 дугаартай дүгнэлтэд “...П.Түвшин нь Т.Лхагважаргалын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99%-ийн магадлалтай байна” гэж /хх-71/ тус тус тусгагджээ.

Дээрх цаг хугацаа болон бусад байдлын хувьд зөрүүтэй дүгнэлтүүдийг шүүх анхаараагүй, мөн хохирогч Т.Лхагважаргал нь насны хувьд хүчингийн үйлдлийн шинж чанарыг ойлгох чадвартай эсэх талаар дүгнэлт гаргуулаагүйгээс гадна уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтооход чухал ач холбогдолтой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох бөгөөд шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул дээрх зөрчлүүдийг мөрдөн байцаалтын шатанд зөвтгүүлсний дараа П.Түвшинд холбогдох хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх П.Түвшин, түүний өмгөөлөгч О.Сарантуул нарын “...хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэх гомдлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүйг дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 318 дугаар зүйлийн 318.2.1, 325 дугаар зүйлийг зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасугай.

            2. Хэргийг прокурорт очтол П.Түвшинд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3.Магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүйг дурьдсугай.

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        С.УРАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                        С.ЦЭЦЭГМАА      

                                                                                 Ё.БЯМБАЦЭРЭН