| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 151/2023/01112/И |
| Дугаар | 317/ШШ2026/00248 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 317/ШШ2026/00248
| 2026 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 317/ШШ2026/00248 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э ,
Хариуцагч:С
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 128,767,226 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Давж заалдах шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, Ц.Н, хариуцагч Д.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч Б.С ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Д.Э , Б.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 128,767,226 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Снэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлалаа. Үүнд:
Зээлдэгч Б.С , Д.Э нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 128.767.226 төгрөгийг гаргуулна. Задаргаа нь үндсэн зээлийн төлбөр 36,972,611 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 41,025,758 төгрөг, алданги 52,768,857 төгрөг болно. Хариуцагч Б.С , Д.Э нар нь Б ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ6112130103000017 тоот зээлийн гэрээ байгуулж, 35.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, зээлийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алдаги төлөхөөр харилцан тохиролцсон. Б ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж Б.С ын харилцах тоот дансанд зээлийг шилжүүлсэн. Мөн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Д.Э тай батлан даалтын гэрээ байгуулсан. Тус гэрээгээр зээлдэгч нь зээл, түүний хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхгүй бол зээлдэгчийн өмнөөс зээлийг бүхэлд нь төлөхөө илэрхийлсэн. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн зээлийн хүүгийн төлбөрөөс 1,531,051 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1,380,821 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 36,426,849 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэвч зээлийн төлбөрөө тогтоосон хугацаанд төлөхгүй, эсхүл хугацаа хэтрүүлэн янз бүр төлсөөр 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш буюу 395 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 103,839,903 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн. Улмаар 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Ингэхдээ 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргахад үндсэн зээлийн үлдэгдэл 34,972,611 төгрөг байсан. Хуримтлагдсан хүү 16,098,433 төгрөг, алданги 52,768,859 төгрөг байсан. Ингээд бид 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ зөвхөн нэхэмжлэл гаргасан өдрөөс нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх өдөр хүртэл хугацааны хүүг нэмж нэхэмжилсэн. Үүнд 24,927,326 төгрөгийн хүү бодогдсон. Б.С , Д.Э нарын хувьд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлийн гэрээний хугацааг 3 сараар, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 6 сараар нийт 9 сарын хугацаагаар 2 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингээд явсаар байгаад тус хэргийг 2 шатны шүүхээр шийдвэрлэсэн. Бид Б.С , Д.Э нартай удаа дараа уулзаж, зээлийн төлбөрөө төлнө үү гэхэд ...төлнө, Төв аймагт байр барьж байгаад мөнгөгүй болчихсон... гэх зүйл ярьдаг.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд хүсэл зоригийн илэрхийлэлийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Өөрөөр хэлбэл хуулиар хориглоогүй учраас бид гэрээ дээрээ тохиролцсон. Гэрээний 2.2-т гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж, барагдуулаагүй тохиолдолд цаашид уг хугацаанд зээл, зээлийн хүүгийн төлбөрийн хугацаанд бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд үргэлжилнэ. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь үүргээ биелүүлээгүй зээлдэгчийн зээлийн төлбөр, хүү, алдангийг төлөхөөс чөлөөлөгдөхгүй байхаар талууд тохиролцсон. 2 дугаарт, манайхыг хүүгээс анз тооцсон гэж тайлбарлаж байх шиг байна. Манайх ерөөсөө хүүгээс анз тооцоогүй. Үндсэн зээлийнхээ үлдэгдлээс л анз тооцсон. Тэгэнгүүт хариуцагч юу гэж тайлбарлаад байгаа вэ гэхээр үндсэн зээлийн үлдэгдлийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж тайлбарлаж, 34 сая төгрөгийн үлдэгдэл нь 17 сая төгрөгөөс дээшээ гарч болохгүй гэж заасан. Иргэний хуульд торгууль, алданги гэсэн 2 төрөлтэй байна. Гэхдээ анз нь нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Тэгэхээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдгийг хариуцагч нар арай өөрөөр буюу өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай захирамж буюу зөвлөмж байдаг. Энэ захирамж нийтэд ил тод бөгөөд хүчинтэй. Энэ ямар зөвлөмж вэ гэхээр зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн практикт анхаарах асуудлууд гэсэн зөвлөмж байна. Үүн дээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдгийг маш сайн тайлбарлачихсан. Жишээ нь алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх агуулгатай боловч анз болохыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д тодорхойлсон. Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдэг нь үндсэн зээл, гэрээнд заасан бол хүү, тодруулбал үндсэн зээл, гэрээний хүү хоёрын нийлбэр дүн болон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан агуулга тусгагдсан байна гэсэн. Өөрөөр хэлбэл үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 50,000,000 төгрөг гээд бодож үзье, нийлбэр нь 100,000,000 төгрөг болно. Тэгэхээр үүний алданги хэд байх вэ гэхээр энэ хоёрын 50 хувь буюу 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөг болно. Хариуцагч юу гэж тайлбарлаад байгаа вэ гэхээр ...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн чинь үндсэн зээл шүү дээ. Танайх үндсэн зээлээс алданги бодох ёстой. Хүүгээс анз тооцож болохгүй гэсэн зохицуулалтыг зөрчсөн. Улмаар 50 хэдэн сая төгрөг гаргачихлаа... гэж ярьдаг. Манайх ерөөсөө хүүгээс анз тооцоогүй. Манайх Монгол улсад банк болон банк бус санхүүгийн байгууллагын ашигладаг флориш гэх системийг ашигладаг. Энэ дээр хүүгээс анз тооцох боломжгүй. Угаасаа хуулиараа хориотой. Хүү, алдангийн хэрхэн тооцсон талаар тооны машин дээр бодоод л хялбархан гараад ирнэ. Хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаандаа төлбөрөө төлөхгүй явж байгаад төлдөг. Тэгэхээр манай зүгээс энэ хугацааны хүү алдангийг зээлдэгч нар хүлээн зөвшөөрч төлж байна гэх байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхгүй явж явж 2022 онд төлдөг. Ер нь зээлдэгч нар хуваарийн дагуу эхлээд хүү төлөх ёстой. Өөрсдөө зээлээ төлөхгүй явж байснаа бага хэмжээний мөнгө хийдэг. Дээрх байдлаас харвал зээлдэгч нар хугацаа хэтрүүлсэн зээлийн хүүгээ хүлээн зөвшөөрч төлөөд байна гэж ойлгох үндэслэлтэй. 2 дугаарт, зээлийн гэрээний хугацаа сунгалт дээр гарын үсэг зураагүй гэж тайлбарлаж байна. Гэхдээ хариуцагч тал нэмэлт зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаагүй, хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн батлан даалтын гэрээг Д.Э тай байгуулсан гэдгийг нэмж хэлье гэв.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлалаа. Үүнд:
Миний хувьд алданги хэрхэн тооцсон талаар товч, тодорхой тайлбарлая. Үндсэн зээлийн үлдэгдэл 34,972,611 төгрөг байна. Зээлийн гэрээгээр хугацаа хэтрүүлсэн хоног тутамд өдрийн 0.5 хувийн алданги төлөхөөр заасан. Хэдий хугацаанаас яаж тооцсон талаараа тодорхой хэлье. Манайх зөвхөн үндсэн зээл буюу 34,972,611 төгрөгөөсөө хүү тооцсон. Энийг эхнээс нь хугацаатай нь хэлнэ. Зээлийн гэрээг эхлээд 3 сараар дараа нь 6 сараар гэж 2 удаа сунгасан. Эцсийн зээлийн гэрээ 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дуусаж байна. Энэ өдөр зээлийн үлдэгдэл 34,972,611 төгрөг байна. 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 211 хоног гэсэн үг, 211 хоногийн дараа бага хэмжээний буюу 1,173,947 төгрөгийн төлөлт хийгдсэн. Монгол банкнаас гаргасан журмын дагуу зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд эхлээд нэмэгдүүлсэн хүү, алдангийг дараа нь хүүгийн төлбөр, дараа нь үндсэн зээлийг авдаг. 211 хоногийн хугацаа хэтрэхэд 34,972,611 төгрөгийг өдрийн 0.5 хувиар үржүүлээд, үржих нь 211 хоногоор тооцно. Тэгэхэд 36,896,104 төгрөгийн алданги гарна. Эндээс зээлдэгчийн төлсөн 1,173,947 төгрөгийг хасахаас 35,720,418 төгрөгийн төлөгдөөгүй алданги үлдэж байна. 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр буюу 14 хоногийн дараа зээлдэгч 20,000,000 төгрөгийг төлсөн. Энэ 20,000,000 төгрөгөөс алданги 15,126,363 төгрөгийг төлсөн. Өөрөөр хэлбэл 35,720,418 төгрөгийн төлөгдөөгүй алдангаас 15,126,363 төгрөгийг хасахаар 23,042,138 төгрөгийн алданги төлөхөөр үлдэж байна. Манайх 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр анх 103 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Энэ нь 20,000,000 төгрөг төлсөн өдрөөс хойш 170 хоног хугацаа хэтэрсэн. Тэгэнгүүт манайх 34,972,611 төгрөгийг өдрийн 0.5 хувиар үржүүлээд, 170 хоногоор алданги тооцчихсон. Энэ мөнгөн дүн нь 29,726,719 төгрөг болж байна. Энэ дээр өмнөх 211 хоногийн хугацаа хэтэрсэн алдангийн үлдэгдэл болох 23,042,138 төгрөгийг нэмэхээр 52,762,859 төгрөг гарч байна. Энэ нь үндсэн зээлийн 34,972,611 төгрөгөөс өдрийн 0.5 хувиар хугацаа хэтрүүлсэн өдрөөс тооцоход 301 хоногийн алданги юм. Бид хүүгээс алданги тооцоогүй. Хүү бол тусдаа ойлголт. Хуулиараа алдангийг үндсэн зээлээс бодох ёстой. Хэрэв бид үндсэн зээл дээрээ хүүгээ нэмээд алданги тооцсон бол их хэмжээний мөнгө гарна. Нарийн тодруулъя гэвэл тооны машин аваад бодоход хялбархан бодох боломжтой гэв.
4. Хариуцагч Д.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэлээ. Үүнд:
Нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч оролцож байна. Б.С Б ХХК-аас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ6112130103000017 тоот зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай бизнесийн зориулалттай зээл авсан. Зээл авсан дээр маргахгүй. Зээлийн гэрээний хамтран зээлдэгчээр Б.С ын ээж Д.Э оролцсон. Ингэхдээ давхар барьцааны гэрээ байгуулж, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт байрлах 55.41 мкв 2 өрөө байрыг барьцаалсан. Дээрх зээлийг Б.С Төв аймаг барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан компанийнхаа үндсэн үйл ажиллагаанд зарцуулсан. Д.Э ын хувьд тэр үйл ажиллагаанд нь оролцоогүй. Гэхдээ зээлийн гэрээнд батлан даагч буюу барьцаа хөрөнгөө барьцаалж, гарын үсэг зурсан тул зээлийн гэрээ төлөгдөөгүй нөхцөлд үүрэг хүлээхээ ухамсарлаж байгаа. Анх зээлийн гэрээг байгуулснаас хойш уг зээлийн гэрээг зээлдэгч Б.С 2 удаа сунгасан. Сунгахдаа зээлийн гэрээний нөхцөл, шаардлагад өөрчлөлт оруулж байгаа талаар Д.Э д хэлээгүй. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулж, энэ зээлийн гэрээнд нэг талаас н.Гантуяа, н.Гантуул нөгөө талаас Б.С нар гарын үсэг зурсан. Д.Э ын хувьд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээтэй холбоотой үүрэг хүлээнэ гэсэн ойлголттой явсан. Тийм учраас гэрээний сунгалттай холбоотой үүрэг хүлээхгүй. Мөн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мөн өмнөх байдлаар Б.С гэх хүн зээлийн гэрээг сунгасан, Д.Э гэрээ сунгагдсан талаар мэдээгүй. Улмаар асуудал шүүхийн шатанд ирдэг. Нэхэмжлэгч анх 103 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа үндсэн төлбөр 34,972,611 төгрөг, хүү 16,998,434 төгрөг, алданги 52,762,859 төгрөг гэж гаргасан. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ зөвхөн хүү 41,025,758 төгрөг гэж нийт 128,767,226 төгрөгийн шаардлага гаргасан. Хариуцагчийн зүгээс юу гэж маргаж байгаа вэ гэхээр зээлийн гэрээний хугацаанд л бид хүү төлөх ёстой. Өөрөөр хэлбэл бидний байгуулсан зээлийн гэрээний хугацаа 3 сар, энэ хугацааны хүүг л төлөх ёстой. Үүнээс хойшхи хүүг гэрээний харилцаагаар зохицуулагдаагүй. Алданги 52,762,859 төгрөг нэхэмжилсэн. Алдангийг Иргэний хуульд үндсэн гэрээний төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гээд зохицуулчихсан. Тэгэхээр үндсэн зээлийн төлбөр нь 34,972,611 төгрөг байхад 50 хувиас хэтрүүлэн 52.762.859 төгрөг гэж шаардсан. Иргэний хуульд хүүгээс анз тооцохгүй гээд заачихсан. Хариуцагчийн зүгээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдэг бол үндсэн зээл, хуульд хүүгээс анз тооцохгүй гэж заасан тул хүүд тооцсон анзыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нарын зүгээс нийт зээлийн гэрээний үүрэгт 34,972,611 төгрөгийг төлсөн. Энэ дүнгээ нийт төлөх ёстой үнийн дүнээс хасаад 23,019,074 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтунгалаг нэхэмжлэлийн шаардлагын талаар дараах байдлаар тайлбарлалаа. Үүнд:
С.Б өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Б.С ын хувьд зээл авсан тал дээр маргахгүй. Хүү, алданги дээрээ л маргадаг. Зээлийн гэрээний үлдэгдэл буюу үндсэн төлбөр 34,972,611 төгрөг байгаа. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хариуцагч Б.С зээлийн хүүд 19 сая төгрөг, алданги 18,672,000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Иймд нийт төлсөн дүнгээс харахаар зээлдүүлэгчид хүү төлөх үндэслэлгүй. Иймд С.Б төлөөлөгчийн хэлсэн 23,019,074 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэв.
6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 677,000 төгрөг, 150 төгрөг тус тус төлсөн тухай баримт, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ1162130103000017 дугаар зээлийн гэрээний хуулбар, мөн өдрийн мөн дугаартай барьцааны гэрээ, мөн өдрийн мөн дугаартай батлан даалтын гэрээ, 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ЗГ1162130103000017-01 тоот нэмэлт зээлийн гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ1162130103000017-01 тоот нэмэлт зээлийн гэрээ, Б ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар мэдэгдэл, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 92 дугаар мэдэгдэл, зээлдэгч Б.С ын гаргасан өргөдөл /хх-16-24/, зээлийн үлдэгдлийн тооцоолол, нэхэмжлэгчийн Хаан банк ХК дахь дансны хуулга, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбар, Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б ХХК-иас Г.Санжаадоржид олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт /хх-49/, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 317/ШШ2025/00219 дүгээр шийдвэр, Б ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 25/103 тоот Г.Санжаадорж, Б.Хулан, Ц.Наранцэцэг нарт олгосон итгэмжлэл, Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж 282.586 төгрөг төлсөн баримт, зээлийн тооцооллын баримт, Д.Гантуяаг гэрчээр асуулгах тухай хүсэлтээс татгалзсан хүсэлт зэргийг ирүүлсэн.
7. Хариуцагч талаас Д.Э аас С.Базардоржид олгосон итгэмжлэл, Д.Э ын өмгөөлөгч Б.Сонинбайгальтай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Д.Э ын өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, Б.С оос Л.Энхтунгалагт олгосон итгэмжлэл, Б.Сонинбайгаль өмгөөлөгчөөс татгалзах тухай хүсэлт зэргийг ирүүлсэн.
8. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ1162130103000017 дугаар зээлийн гэрээний хуулбар, мөн өдрийн мөн дугаартай барьцааны гэрээ, мөн өдрийн мөн дугаартай батлан даалтын гэрээний хуулбарууд, Б ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 75 дугаар албан бичгийн хуулбар, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 1/277 дугаар албан бичиг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тогтоол, лавлагааны хуулбарууд, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 176 дугаар албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ1162130103000017 дугаар зээлийн гэрээний хуулбар, мөн өдрийн мөн дугаартай барьцааны гэрээ, мөн өдрийн мөн дугаартай батлан даалтын гэрээний хуулбарууд, Б ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 49 дүгээр албан бичгийн хуулбар зэрэг баримт бүрдсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч тал нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Хариуцагч Б.С нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б ХХК-тай гэрээ байгуулан 35,000,000 төгрөг зээлж авсан бөгөөд хариуцагч Д.Э нь хамтран зээлдэгчээр оролцсон. Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч тал 37,954,910 төгрөг төлсөн одоо зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, алданги нийт 128,767,226 төгрөг төлөх ёстой. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ дараах байдлаар тайлбарлалаа. Үүнд:
Хариуцагч Д.Э ын хувьд зээл авах үйл ажиллагаанд нь оролцоогүй. Гэхдээ зээлийн гэрээнд батлан даагч буюу барьцаа хөрөнгөө барьцаалж, гарын үсэг зурсан тул зээлийн гэрээ төлөгдөөгүй нөхцөлд үүрэг хүлээхээ ухамсарлаж 23,019,074 төгрөг төлнө. Зээлийн гэрээний хугацаа 3 сар, энэ хугацааны хүүг л төлөх ёстой. Үүнээс хойшхи хүүг гэрээний харилцаагаар зохицуулагдаагүй. Хариуцагч нарын зүгээс нийт зээлийн гэрээний үүрэгт 34.972.611 төгрөгийг төлсөн. Энэ дүнгээ нийт төлөх ёстой үнийн дүнээс хасаад 23.019.074 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул 23.019.074 төгрөгийг Б.С ын хамт төлөхөд татгалзахгүй гэв.
4. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
Нэхэмжлэгч Б ХХК болон иргэн Б.С , Д.Э нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ1162130103000017 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нар тус байгууллагаас 35,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, мөн өдрийн мөн дугаар бүхий барьцааны гэрээгээр Д.Э ын өмчлөлийн, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт, Соёмбо хотхон, Бодоогийн гудамж, 200 дугаар байр, 3 тоотод байрлах, 55,41 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-1427004182 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.
Мөн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ1162130103000017 дугаар Батлан даалтын гэрээ-г Б ХХК болон Д.Э нар байгуулж, уг гэрээний 1 дүгээр зүйлд зааснаар батлан даагч Д.Э нь зээлдүүлэгч Б ХХК болон зээлдэгч Б.С нарын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ1162130103000017 тоот зээлийн гэрээний нөхцөлийн дагуу 35,000,000 төгрөгийн үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөгдөх, гэрээний бүх үүрэг хугацаандаа төлөгдөх, гэрээний бүх үүрэг хугацаандаа бүрэн биелэгдэхийг зээлдүүлэгчийн өмнө баталж, биелэгдэхгүй бол батлан даагч нь өөрөө бүрэн хариуцахаар тохиролцжээ.
5. Түүнчлэн хариуцагч Б.С нь Б ХХК-тай 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ЗГ1162130103000017-01 тоот Нэмэлт зээлийн гэрээ байгуулж, гэрээний 3 дугаар зүйлд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ1162130103000017 тоот зээлийн гэрээний 2.1.6-д заасан хугацааг 3 сараар сунгав гэж, мөн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ1162130103000017-01 тоот Нэмэлт зээлийн гэрээ-г байгуулж, тус гэрээний 3 дугаар зүйлд дурдсанаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ1162130103000017 тоот зээлийн гэрээний 2.1.6-д заасан хугацааг 6 сараар сунгав гэж тус тус тохиролцсон байна.
6. Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч нар нь нэхэмжлэгч Б ХХК-аас анх 35,000,000 төгрөгийг зээлж авсан талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагчийг 35,000,000 төгрөгийг хүлээн авсан байх ба талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
7. Нөгөө талаар, нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 30/-ээс үзэхэд Б ХХК нь зээлдэгч Б.С , Д.Э нартай 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулах үед барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байсан байх ба 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Б оноосон нэрийг Б барьцаалан зээлдүүлэх газар /хх-ийн 174/ болж, мөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үйл ажиллагааг хасаж, мөнгөн зээлийн үйл ажиллагааг шинээр бүртгүүлсэн байна.
Эндээс үзэхэд нэхэмжлэгч Б ХХК нь 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгай зөвшөөрлийг авсан байх тул үүнээс өмнөх харилцаанд уг тусгай зөвшөөрөл хамаарахгүй.
Тодруулбал, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.3-т Зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байх тул нэхэмжлэгч Б ХХК-аас 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Б.Сүхбат, Д.Э нарын авсан зээлийг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааны хүрээнд олгосон зээл гэж үзэхгүй.
Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хуулийн 4.1.1-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1.-д заасан үйлчилгээг гэж, 12 дугаар зүйлийн 12.1-д Банк бус санхүүгийн байгууллага дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гээд 12.1.1-д зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх гэж тус тус заасан.
8. Иймд нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч Б.Сүхбат нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.
9. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
Мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүснэ. Үүний гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтуудын агуулга нь: Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээдэг.
10. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээлийн үлдэгдэл 34,972,611 төгрөг, хүү 16,098,433 төгрөг, нэмэгдүүлсэн хүү буюу алданги 52,768,859 төгрөг, нийт 103,839,903 төгрөгийг хариуцагч Б.С , Д.Э нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэмээн тодорхойлсон бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, үндсэн зээлийн үлдэгдэл 34,972,611 төгрөг, зээлийн хүү 41,025,758 төгрөг, алданги 52,768,857 төгрөг, нийт 128,767,226 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэж дурдсан.
11. Иймд шүүх нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хүрээнд буюу үндсэн зээлийн үлдэгдэл 34,972,611 төгрөг, хүү 41,025,758 төгрөг, алданги 52,768,857 төгрөг, нийт 128,767,226 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн хянан шийдвэрлэсэн болно.
12. Хэрэгт авагдсан дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 183/-аас үзэхэд хариуцагч нар үндсэн зээл 35,000,000 төгрөгөөс үндсэн зээлд 27,389 төгрөг, зээлийн хүүнд 19,000,795 төгрөг, алданги 18,926,726 төгрөг, нийт 37,954,910 төгрөг төлсөн байх ба үндсэн зээлийн үлдэгдэл 34,972,611 төгрөг байна.
13. Талуудын хооронд хамгийн сүүлд байгуулагдсан нэмэлт зээлийн гэрээний 4 дэх хэсэгт 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ1162130103000017 тоот зээлийн гэрээний 2.1.6-д заасан хугацааг 6 сараар сунгав гэж дурдсан байх ба Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаар тайлбарлавал анхны зээлийн гэрээний хугацаа 6 сар байхаар талууд тохиролцсон байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчтай бичгээр гэрээ байгуулж тохиролцсоны дагуу гэрээнд заасан 6 сарын хугацааны хүү авах эрхтэй ба үүнээс хойших хүүг нэхэмжлэх эрхгүй бөгөөд талуудын байгуулсан нэмэлт гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваариас үзэхэд нийт 6 сарын хүүнд 8,515,068 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Мөн зээлийн гэрээний 2.1.5-д Алданги: Зээлийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алдангийг зээлдэгч төлнө гэж заажээ.
14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Үндсэн зээлийн үлдэгдэл 34.972.611 төгрөгөөсөө хүү тооцсон. Зээлийн гэрээг эхлээд 3 сараар, дараа нь 6 сараар гэж 2 удаа сунгасан. Эцсийн зээлийн гэрээ 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дуусаж байна. Энэ өдөр зээлийн үлдэгдэл 34,972,611 төгрөг байна. 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 211 хоног гэсэн үг, 211 хоногийн дараа бага хэмжээний буюу 1,173,947 төгрөгийн төлөлт хийгдсэн. Монгол банкнаас гаргасан журмын дагуу зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд эхлээд нэмэгдүүлсэн хүү, алдангийг дараа нь хүүгийн төлбөр, дараа нь үндсэн зээлийг авдаг. 211 хоногийн хугацаа хэтрэхэд 34,972,611 төгрөгийг өдрийн 0.5 хувиар үржүүлээд, үржих нь 211 хоногоор тооцно. Тэгэхэд 36.896.104 төгрөгийн алданги гарна. Эндээс зээлдэгчийн төлсөн 1,173,947 төгрөгийг хасахаас 35,720,418 төгрөгийн төлөгдөөгүй алданги үлдэж байна. 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр буюу 14 хоногийн дараа зээлдэгч 20.000.000 төгрөгийг төлсөн. Энэ 20,000,000 төгрөгөөс алданги 15,126,363 төгрөгийг төлсөн. Өөрөөр хэлбэл 35.720.418 төгрөгийн төлөгдөөгүй алдангаас 15,126,363 төгрөгийг хасахаар 23,042,138 төгрөгийн алданги төлөхөөр үлдэж байна. Манайх 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр анх 103 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Энэ нь 20,000,000 төгрөг төлсөн өдрөөс хойш 170 хоног хугацаа хэтэрсэн. Тэгэнгүүт манайх 34,972,611 төгрөгийг өдрийн 0.5 хувиар үржүүлээд, 170 хоногоор алданги тооцчихсон. Энэ мөнгөн дүн нь 29.726.719 төгрөг болж байна. Энэ дээр өмнөх 211 хоногийн хугацаа хэтэрсэн алдангийн үлдэгдэл болох 23,042,138 төгрөгийг нэмэхээр 52,762,859 төгрөг гарч байна. Энэ нь үндсэн зээлийн 34,972,611 төгрөгөөс өдрийн 0.5 хувиар хугацаа хэтрүүлсэн өдрөөс тооцоход 301 хоногийн алданги юм. Бид хүүгээс алданги тооцоогүй гэж тайлбарласан.
Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасан, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар гүйцэтгээгүй үүргийг үндсэн зээлийн үлдэгдэл 34,972,610 төгрөгөөс тооцож, үүний 50 хувиас хэтрэхгүй гэвэл 17,486,305 төгрөгийн алдангийг гэрээ болон хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй байна.
Тодруулбал, талууд хариуцагч нарыг зээлийн гэрээний үүрэгт нийт 37,954,910 төгрөг төлсөн талаар маргаагүй тул зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 34,972,611 төгрөг, хүү 8,515,068 төгрөг, алданги 17,486,305 төгрөг, нийт 60,973,984 төгрөгийн үүрэг үүссэнээс гэрээний үүрэгт төлөгдсөн 37,954,910 төгрөгийг хасвал 23,019,074 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч нь хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй байна.
15. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнд зааснаар хариуцагч Д.Э ын өмчлөлийн Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт, Соёмбо хотхон, Бодоогийн гудамж, 200 дугаар байр, 3 тоотод байрлах, 55,41 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-1427004182 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
16. Хариуцагч Д.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа 103,839,903 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 677,149 төгрөг төлөх ёстой. Мөн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагадаа 70,200 төгрөг төлөх ёстой. Гэтэл тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш 3 өдрийн дараа 150 төгрөгийг нэмж тушаагаад, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан байна. Үүнтэй холбогдуулан шүүгч иргэний хэрэг үүсгэсэн захирамждаа өөрчлөлт оруулсан. Дээр нь сүүлд дахин 70.200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байхад шүүх иргэний хэрэг үүсгэж, хүлээн авсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарна гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна. Иймд тус иргэний хэргийг Давж заалдах шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр буцаан ирүүлсэн, дээрх хуулийн заалтын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
17. Хариуцагч Д.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б мөн шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Сүүлд байгуулагдсан нэмэлт зээлийн гэрээнд Д.Э гарын үсэг зураагүй тул анхны зээлийн гэрээнээс хойших хүү, алдангийг хариуцах үндэслэлгүй хэмээн маргасан боловч хариуцагч Б.С ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтунгалаг шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Д.Э нь Б.Сүхбатын ээж бөгөөд зээлийн гэрээ сунгагдсан талаар хэлсэн байдаг. Ингэхдээ зээлийн гэрээг сунгах шаардлагатай байна. Тэгэхгүй бол ажил удаашраад байна. Ямартай ч зээлийн гэрээг би төлнө гэж хэлсэн гэх тайлбар, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэмэлт зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг шаардлага гаргаагүй, мөн нэмэлт зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш тодорхой хэмжээний мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч, төлж байсан, түүнчлэн тэрээр батлан даалтын гэрээ байгуулж, зээлийн төлбөрийг бүрэн хариуцахаар тохиролцсон зэрэг үйл баримтаас дүгнээд хариуцагч Д.Э ыг нэмэлт зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй байна.
18. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Э , Д.С нараас зээлийн гэрээний үүрэгт 23,019,074 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 105,748,151 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,029,936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э , Д.С нараас 23,019,074 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 273,045 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Э , Д.С нараас зээлийн гэрээний үүрэгт 23,019,074 /хорин гурван сая арван есөн мянга далан дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 105,748,151 /нэг зуун таван сая долоон зуун дөчин найман мянга нэг зуун тавин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Д.Э , Д.С нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,029,936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э , Д.С нараас улсын тэмдэгтийн хураамж 273,045 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Марина