| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00565/И |
| Дугаар | 302/ШШ2025/00792 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 302/ШШ2025/00792
| 2025 09 11 | 302/ШШ2025/00792 |
|
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газар /дарга Х.Соронзонболд/
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын харьяа албаны хоёр дугаар байр, цагдаагийн кабоны байрны үйлчлэгч албан тушаалд томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ерболат,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.Соронзонболд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Алтынгүл нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газар /Х.Соронзонболд/-т холбогдуулан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын харьяа албаны хоёр дугаар байр, цагдаагийн кабоны байрны үйлчлэгч албан тушаалд томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч А.Есбол нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Иймд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын харьяа албаны хоёр дугаар байр, цагдаагийн кабоны байрны үйлчлэгч албан тушаалд томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газар /Х.Соронзонболд/ хариу тайлбартаа: Тус сумын хүн амын тоо сүүлийн 3 жил дараалан арван мянгаас дээш тоологдсон тул Засгийн газрын 2009 оны 13 дугаар тогтоолоор Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо 21 байх нормативыг хангасан. Иймд Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог 21 байхаар тогтоож өгөх хүсэлтийг аймгийн Засаг даргад уламжилснаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоолоор тус сумын Засаг даргын Тамгын газрын орон тоог 21 байхаар тогтоож өгсөн. Уг орон тооны бүтцийг бүтэц орон тоо батлах тухай сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаар захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаар тушаалын хавсралтаар үйлчлэгч-1, хүний нөөц дотоод ажил хариуцсан ажилтан-1, тохижилт үйлчилгээ хариуцсан ажилтан-1, байхаар тогтоосон. Эдгээр шийдвэрүүдийг үндэслэн шинээр бий болсон орон тоог олон нийтэд мэдээлж аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт зохих маягтын дагуу бүртгүүлэн энэ албан тушаалд ажиллахаар хүсэлт ирүүлсэн иргэдийн өргөдөл хүсэлтийг ажлын хэсэг гарган судлуулж аймгийн Засаг даргын ажлын хэсэг байгуулах тухай 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/158 дугаар захирамжид заасны дагуу эмзэг бүлгийн иргэдээс сонгон шалгаруулж иргэн С.Энхбилэгийг томилон ажиллуулах шийдвэр гаргасан. Өмнө Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо 18 байсан бөгөөд уг орон тоо дотор үйлчлэгчийн орон тоо нэг байсан. Уг орон тоонд иргэн Н.Еркегүл 2021 оноос хойш ажиллаж байгаа болно. Иймд иргэн Х.Алтангүлд ямар нэг байдлаар давуу байдал олгож шинээр бий болсон үйлчлэгчийн орон тоонд шууд томилон ажиллуулах боломжгүй болно гэжээ.
3.Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн Иргэн Хавдрашийн Алтангүлд тайлбар хүргүүлэх тухай хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 302/ШЗ2025/01468 дугаартай шүүгчийн захирамж, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын шинээр нэгдсэн орон тооны сонгон шалгаруулалт явуулсан талаарх тэмдэглэл гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас хариу тайлбар, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаартай тушаал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаартай захирамж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/14 дугаартай тушаал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/13 дугаартай тушаал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/16 дугаартай тушаал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/15 дугаартай тушаал, шалгалтад ороход материал, өргөдөл ирүүлсэн иргэдийн жагсаалтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, сонгон шалгаруулалт зохион байгуулсан тухай хурлын тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нийлбэрийн оноогийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч Х.Алтынгүл дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/15 дугаар тушаалын хавсралтаар баталсан ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журмын дагуу зарлагдсан Хүний нөөц, дотоод ажил хариуцсан ажилтны сул орон тооны сонгон шалгаруулалтад 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр оролцож, 74,3 оноо авч 1 дүгээр байранд тэнцсэн, гэтэл Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.Соронзонболд намайг Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын Хүний нөөц, дотоод ажил хариуцсан ажилтнаар томилохгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахгүй, шалгалтын журмыг зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/15 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ажлын байрны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журмын дагуу явагдсан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн А.Есбол намайг Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын хүний нөөц, дотоод ажил хариуцсан ажилтнаар томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын дарга /Х.Соронзонболд/-д даалгаж өгнө үү гэжээ.
7.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.Соронзонболд нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Баян-Өлгий аймгийн Засаг даргад уламжилснаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоолоор тус сумын Засаг даргын Тамгын газрын орон тоог 21 байхаар тогтоож өгсөн. Уг орон тооны бүтцийг бүтэц орон тоо батлах тухай сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаар захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаар тушаалын хавсралтаар үйлчлэгч-1, хүний нөөц дотоод ажил хариуцсан ажилтан-1, тохижилт үйлчилгээ хариуцсан ажилтан-1, байхаар тогтоосон. Эдгээр шийдвэрүүдийг үндэслэн эмзэг бүлгийн иргэдээс сонгон шалгаруулж иргэн С.Энхбилэгийг томилон ажиллуулах шийдвэр гаргасан. Өмнө Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо 18 байсан бөгөөд уг орон тоо дотор үйлчлэгчийн орон тоо нэг байсан. Уг орон тоонд иргэн Н.Еркегүл 2021 оноос хойш ажиллаж байгаа болно. Иймд иргэн Х.Алтангүлд ямар нэг байдлаар давуу байдал олгож шинээр бий болсон үйлчлэгчийн орон тоонд шууд томилон ажиллуулах боломжгүй болно гэв.
8.1. Нэхэмжлэгч Х.Алтангүл нь Цэнгэл сумын ЗДТГ-ын харьяа албаны 2 дугаар байр, Цагдаагийн кабоны байрны үйлчлэгч албан тушаалд томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан болно.
8.2. Хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Баян-Өлгий аймаг Цэнгэл сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаартай Бүтэц, орон тоо батлах тухай захирамжаар ... Сумын Засаг Тамгын газрын бүтэц орон тоог 21 гэж хавсралтаар, Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/02 дугаартай Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо, цалингийн санг тогтоох тухай тушаал болон түүний хавсралтаар Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоог тус тус баталсан байна.
8.3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Х.Алтангүл нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар сумын кабоны үйлчлэгчээр томилж, дараа нь жирэмсний болон амаржсаны амралттай байгаа Засаг даргын Тамгын газрын үйлчлэгч Н.Еркегүлийн оронд Хавдырашийн Алтангүлийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн эгүүлэн түр томилон ажиллуулсан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар тус тус ажилд томилсон мөртлөө мөн тушаалын 3 дах заалтаар энэ тушаал гарсантай холбогдуулан Засаг даргын Тамгын газрын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/04, Б/05 дугаар тушаалуудыг хүчингүй болгосугай гэж, мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар гомдол гаргасан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул Хавдырашийн Алтангүлийг ажилд томилох тухай Засаг даргын тамгын газрын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгосугай гэсэн эрхийн актууд тус тус гарч байсан байна.
8.4. Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаартай Х.Алтангүлийг үйлчлэгчийн ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх кабоны үйлчлэгч Хавдырашийн Алтангүлийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
8.5. Нэхэмжлэгч Х.Алтангүлийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын үйлчлэгч ажилтай Н.Еркегүл жирэмсний амралтаа дуусгаад ажилд орох хүртэл тус газрын үйлчлэгчээр эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гарсныг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2021/00663 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын үйлчлэгч ажилтай Н.Еркегүл жирэмсний амралтаа дуусгаад ажилд орох хүртэл тус газрын үйлчлэгчээр нэхэмжлэгч Хавдырашийн Алтынгүлийг эгүүлэн томилсугай гэж шийдвэрлэж байсан байна.
8.6. Дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд нэхэмжлэгч Х.Алтынгүл нь Цэнгэл сумын тамгын газарт түр болон жирэмсний амралт авсан ажилтны орон тоонд үйлчлэгчээр ажиллаж байсан байх ба 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаартай Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж байсан байна.
9. Нэхэмжлэгч Х.Алтынгүл нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай Цэнгэл сумын 2025 оны төсөв батлах тухай тогтоолын 22 дугаарт ЗДТГ-ын хуучин байрыг цэвэрлэх ажилтны цалин, НДШ-ийн хамт, 10,700.0 төгрөг гэж баталж өгсөн учраас намайг үйлчлэгчээр томилон ажиллуулах ёстой байтал намайг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.Соронзонболд үйлчлэгчийн ажилд томилон ажиллуулахгүй байна гэж маргаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.
9.1. Хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай Цэнгэл сумын 2025 оны төсөв батлах тухай тогтоолын 03 дугаар хавсралтад Сумын орон нутгийн төсвийн нэмэгдэх орлого гэж Засаг даргын Тамгын газар гэх хүснэгтийн 22 дугаарт ЗДТГ-ын хуучин байрыг цэвэрлэх ажилтны цалин, НДШ-ийн хамт, 10,700.0 гэж сум дүүргийн орон нутгийн төсвийн нэмэгдэх орлогын 2025 оны хуваарилалтыг 3 дугаар хавсралтаар баталсугай гэжээ.
9.2. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай Цэнгэл сумын 2025 оны төсөв батлах тухай тогтоолын 03 дугаар хавсралтаар сум дүүргийн орон нутгийн төсвийн нэмэгдэх орлогын 2025 оны хуваарилалтыг баталсугай гэснээр ажлын байр бий болсон, ажилтан авч ажиллуулах ёстой гэсэн хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүсээгүй байна гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага,заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг ойлгоно гэжээ.
9.3. Хариуцагч Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргад нэхэмжлэгч Х.Алтынгүлийг Цэнгэл сумын ЗДТГ-ын харьяа албаны 2 дугаар байр, Цагдаагийн кабоны байрны үйлчлэгч албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгах эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь ажилтныг ажилд авах, түүнийг чөлөөлөх нь түүний эрхийн асуудал учраас түүнд шүүх хөндлөнгөөс оролцож ажилд авахыг даалгах эрх зүйн үндэслэл байхгүй болно.
9.4. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна гэж, мөн хуулийн 16.4.15-т аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргын Тамгын газрын төсвийн гэж тус тус заасан ба Засаг даргын Тамгын газар буюу төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна гэж тус тус заасан учир хариуцагч Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь төсвийн шууд захирагчийн хувьд Цэнгэл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай Цэнгэл сумын 2025 оны төсөв батлах тухай тогтоолын 03 дугаар хавсралтаар баталсан ЗДТГ-ын хуучин байрыг цэвэрлэх ажилтны цалин, НДШ-ийн хамт, 10,700.0 гэж сум дүүргийн орон нутгийн төсвийн нэмэгдэх орлогоор нэхэмжлэгч Х.Алтангүлийг үйлчлэгчийн ажилд томилон ажиллуулах ёстой гэж үзэх боломжгүй байна.
10. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Цэнгэл сумын 6 дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай, Цэнгэл сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 03-ний өдрийн 72 дугаартай, 2025 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн Мөрдөгч, Цагдаагийн ахмад Б.Шынасыл /тамга тэмдэггүй/ нар нь тус тус тодорхойлолт бичиж өгсөн байх ба энэхүү тодорхойлолтод дурдсан үйл баримтууд үнэн бодит байдалд нийцээгүй, дээрх хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаартай Цэнгэл сумын 2025 оны төсөв батлах тухай тогтоолын он, сар, өдөртэй тохирохгүй байна.
10.1. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэх Цэнгэл сумын ахмадын хорооны дарга Н.Магзам гэх, 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Н.Магзам тодорхойлолтууд нь хуульд заасан нотолгооны шаардлага хангаагүй, мөн Тооцоо гаргасан Засаг даргын Тамгын газрын дарга, нягтлан бодогч гэх Цагдаа нарын байрны /кабон/ цэвэрлэх ашигтай талбайн хэмжилт /м.кв -аар/ гэх баримт зэрэг нь нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.
10.2. Нэхэмжлэгч Х.Алтынгүл нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Цэнгэл сумын ИТХ хуралд ажлын байрны цалинг баталж өгөх хүсэлт гаргаж байсан байх ба үүнийг ИТХ-ын хуралдаанд оруулахыг даалгав ИТХ-ын дарга гэж гарын үсэг зурсан байх ба он сар өдрийн хувьд засвартай байна.
11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-т шударга бус үйлдлийг хориглох гэсэн ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, ажилтан миний үндсэн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл мөн гэж тайлбарлаж байгаа энэхүү үйлдэл буюу нэхэмжлэгч Х.Алтангүлийн хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
11.1. Иймд нэхэмжлэгч Х.Алтынгүлийн Цэнгэл сумын ЗДТГ-ын харьяа албаны 2 дугаар байр, Цагдаагийн кабоны байрны үйлчлэгч албан тушаалд томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Хариуцагчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн Баян-Өлгий аймаг Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/15 дугаартай Сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам батлах тухай тушаал түүний хавсралт, Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн А/13 дугаартай Сонгон шалгаруулалтын комисс байгуулах тухай тушаал, Цэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн А/14 дугаартай Албан тушаалын тодорхойлолт батлах тухай тушаал, түүний хавсралтаар баталсан албан тушаалын тодорхойлолт, Сонгон шалгаруулалт зохион байгуулсан тухай хурлын тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн ажилд зуучлах үйлчилгээний хуудас зэрэг нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд байна гэж үзлээ.
13. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Алтангүлийн Цэнгэл сумын ЗДТГ-ын харьяа албаны 2 дугаар байр, Цагдаагийн кабоны байрны үйлчлэгч албан тушаалд томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН