2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/10562

 

2025             12              09                                             192/ШШ2025/10562

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, 9 тоот хаягт оршин суух Барга овогт Жаргалсайханын Эрхбаяр (РД:ТГ90061518)-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******, өөрийн байранд байрлах “Төгс прогресс” ХХК (РД:5404061)-нд холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүрэг,,,-ийг оролцуулсан,

 

Хан-Уул дүүргийн*******,,,,, өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.

 

            Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан Хан-Уул дүүргийн*******,,,,, өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч компанитай 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 10/14-01 дугаартай гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн*******,,,,, өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 2,192,000 төгрөгөөр тооцож захиалан бариулах, орон сууцны төлбөрт 15 м урттай 1 м өргөнтэй 1,800 ширхэг обой (цаашид “ханын цаас” гэх)-ыг тус бүрийг нь 95,000 төгрөг буюу нийт 170,976,000 төгрөгт тооцон төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу 1,800 ширхэг ханын цаасыг хүлээлгэн өгч, тооцоо нийлэх акт үйлдсэн. Гэтэл хариуцагч компаниас 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээг цуцалж байгааг мэдэгдсэн. Миний хувьд гэрээг цуцлахыг зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хариуцагч компани ханын цаасыг авах үедээ ханын цаасны гарал үүслийн талаарх баримтыг шаардсан бол бид гаргаж өгөх боломжтой байсан. Ханын цаасыг хүлээж авснаас хойш 1 жилийн дараа гэрээг цуцлахаар мэдэгдсэнийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

2.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1.Гэрээ байгуулсан, ханын цаас хүлээж авсан үйл баримтын хувьд маргаан байхгүй. Арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Харин нэхэмжлэгчийн нийлүүлсэн ханын цаас нь доголдолтой болох нь ханын цаасыг хэрэглэх үед мэдэгдсэн. Бид ханын цаасыг аваад 2023 оны 10 дугаар сард ашиглах үед доголдолтой болохыг мэдсэн учраас 2023 оны 11 дүгээр сард гэрээг цуцлах тухай мэдэгдсэн. Хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор нэхэмжлэгчийн нийлүүлсэн ханын цаас нь чанарын шаардлага хангахгүй, доголдолтой болохыг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргасныг шүүх хүлээж аваагүй. Арга буюу хүлээж авсан ханын цаасыг шүүхэд бүхэлд нь нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэгч талын тайлбараас ханын цаас доголдолтой байсан талаар маргаангүй гэж ойлголоо. Тэгэхээр нэхэмжлэгч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө нийлүүлэх үүргээ зөрчсөн байх тул бид гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн хувийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гардуулсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

 

4.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нийт 1,800 ширхэг, 170,976,000 төгрөгийн үнэ бүхий ханын цаасыг хариуцагч компанид хүлээлгэж өгсөн баримтын эх хувь, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/14-01 дугаартай “Хан-Уул дүүргийн*******нд баригдах “Төгс орчин-2” орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчээс хариуцагч компанид хаягласан 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн огноо бүхий орон сууц хэзээ ашиглалтад орох талаар мэдээлэл хүссэн өргөдөл, хариуцагч компанийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 11-02/03 дугаартай нэхэмжлэгчид хаягласан обой чанарын шаардлага хангахгүй /гарал үүслийн бичиггүй/ үндэслэлээр гэрээг цуцалж байгаа тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ханын цаасыг зөөвөрлөж буй дүрс зураг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

Хариуцагч талаас хавтаст хэрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, Үндэсний төв архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан ханын цаас чанарын шаардлага хангасан эсэх талаарх шалгалтын тайлан гэх баримтын хуулбар, нийт 1,740 ширхэг ханын цаасыг хэрэгт эд мөрийн баримтаар гаргаж өгснөөс 2 ширхэгийг шүүхэд хүлээн авч, үлдэх 1,738 ширхэг ханын цаасыг (хариуцагч компанид хадгалалтад үлдээж, үзлэг хийж, тэмдэглэл хөтлөн баримтжуулсан),

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хавтаст хэрэгт итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр иргэн Б.Батхүүгээс гэрчийн мэдүүлэг авсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан Хан-Уул дүүргийн*******,,,,, өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохоор шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч компанитай 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн*******,,,,, өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 2,192,000 төгрөгөөр тооцож захиалан бариулах, орон сууцны төлбөрт 1,800 ширхэг ханын цаасыг тус бүрийг нь 95,000 төгрөгөөр тооцож хүлээлгэж өгсөн. Гэтэл хариуцагч компаниас ханын цаасыг хүлээж авснаас хойш 1 жилийн дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ханын цаас чанарын шаардлага хангахгүй гэж гэрээг цуцалж байгааг зөвшөөрөхгүй гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ арилжааны гэрээ байгуулж, орон сууцны төлбөрт 1,800 ширхэг ханын цаас хүлээж авсан боловч нэхэмжлэгчийн нийлүүлсэн ханын цаас доголдолтой буюу чанарын шаардлага хангахгүй болох нь ханын цаасыг хэрэглэх үед мэдэгдсэн. Ийнхүү доголдолтой гэдгийг мэдсэнээр гэрээг цуцалсан. Ханын цаасыг авах үед доголдолтой болохыг мэдэх боломжгүй байсан гэж тайлбарлаж байна.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн хувийг хуульд заасан журмын дагуу гардуулсан, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй болсон учир шүүх хуралдаанд оролцохгүй гэх тайлбарыг шүүхэд мэдэгдсэн болно.

 

5.Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1.2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 10/14-01 дугаартай “Хан-Уул дүүргийн*******нд баригдах “Төгс орчин-2” орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ” зохигч талуудын хооронд байгуулагдсан. (хавтаст хэргийн 6-7 дахь тал)

5.2.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1,800 ширхэг ханын цаасыг хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн ханын цаас гарал үүслийн бичиггүй талаар зохигч талууд маргаангүй. (хавтаст хэргийн 4 дэх тал)

5.3.Хариуцагч компанийн зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ханын цаас чанарын шаардлага хангахгүй /гарал үүслийн бичиггүй/ үндэслэлээр гэрээг цуцлах тухай мэдэгдсэн. (хавтаст хэргийн 9 дэх тал)

5.4.Нэхэмжлэгчийн хүлээлгэж өгсөн 1,800 ширхэг ханын цаасны 60 ширхэгийг хариуцагч компани хэрэглэж, үлдэх 1,740 ширхэг ханын цаас хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан.

5.5.Хариуцагч компани нь 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн, харуул хамгаалалт, барилгын засвар, засал чимэглэл, БА-2.1, БА-3.1, БА-6.4-д заасан зөвшөөрөл шаардахгүй барилга, байгууламжийн зураг төсөл, цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил, барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралтын үйл ажиллагаа явуулдаг. (хавтаст хэргийн 19 дэх тал)

 

6.Зохигч талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 10/14-01 дугаартай орон сууц захиалах гэрээ байгуулагдаж, нэг талаас “Төгс прогресс” ХХК нь 170,976,000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн*******,,,,, өрөө орон сууцыг хүлээлгэж өгөх, нөгөө талаас орон сууцны төлбөрт ханын цаас нийлүүлэх үүргийг харилцан хүлээжээ.

 

6.1.Дээрх гэрээний гол нөхцөлөөс үзэхэд нэг талаас гэрээгээр тохирсон орон сууцыг барьж ашиглалтад оруулж, хүлээлгэж өгөх үүрэг хүлээсний хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, орон сууцны төлбөрт ханын цаас шилжүүлэн өгч байгаагийн хувьд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул талуудын хооронд ажил гүйцэтгэх ба арилжааны гэрээний агуулгатай холимог гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

6.2.Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт “Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна” гэж зааснаар нэхэмжлэгч нь төлбөрөө төлсөн, хариуцагчийн гэрээг цуцлах мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр хариуцагчаас орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг шаардаж байгаа, хариуцагч нь орон сууцны төлбөрт төлсөн ханын цаас нь доголдолтой учраас гэрээг цуцалсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээний зохицуулалтыг анхаарч үзэх шаардлагатай.

 

7.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт “Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна”, 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт “Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана”, 255.1.2 “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй” гэж тус тус заажээ.

 

7.1.Хариуцагч компанийн хувьд барилгын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар ханын цаасыг хүлээж авах үедээ нэн даруй шалгаж авах үүрэгтэй.

 

7.2.Хариуцагч компани нь ханын цаасыг хүлээж авсан 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 1 жил, 20 хоногийн дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “обой чанарын шаардлага хангахгүй /гарал үүслийн бичиггүй/” үндэслэлээр гэрээг цуцлахаар мэдэгджээ.

 

Энэ тохиолдолд хариуцагч компанийг ханын цаасыг хүлээж авах үедээ нэн даруй шалгаж авах үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй буюу Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

7.3.Иймд хариуцагч компанийн хувьд хүлээж авсан ханын цаас доголдолтой үндэслэлээр гэрээг цуцлах эрхгүй юм.

 

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд “2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын тойргийн шүүхийн 8725 дугаар шийдвэрээр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр н.Оюунтөгсийг тогтоож шийдвэрлэсэн, уг шийдвэрт давж заалдах шатны журмаар гомдол гаргачихсан байгаа” гэж тайлбарлаж байгаа тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус заасан үндэслэл байгаа эсэх талаар үнэлэлт, дүгнэлт хийх шаардлагатай.

 

8.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсанаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дугаар шийдвэр[1] шүүхийн шийдвэрийн цахим санд байршжээ.

 

8.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр…” гэдэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт “Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно”, 120.1.1-д “энэ хуулийн 120.2-т заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй”, 120.1.2-т “давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 167.1.1 - 167.1.3-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй, эсхүл гомдол гаргасан боловч гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гаргасан бол”, 120.1.3-т “давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176.2.1-176.2.3-т заасан тогтоол гаргасан бол” гэж заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр гэж ойлгох нь зүйтэй.

 

8.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “тухайн шийдвэрт давж заалдах гомдол гаргачихсан байгаа” гэж тайлбарлаж байгаа тохиолдолд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дугаар шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэх боломжгүй.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн цахим санд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дугаар шийдвэрийг байршуулахдаа зохигч талуудын мэдээлэл болон маргааны зүйл болох орон сууцны талаарх мэдээллийг нууцалсан байх тул энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай эсэх талаар дүгнэх боломжгүй байна.

 

9.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн*******,,,,, өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,012,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч компаниас 1,012,830 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3, 255 дугаар зүйлийн 255.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь *******,*******, Төгс орчлон-2 орон сууцны хотхоны,, 78 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,012,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Төгс прогресс” ХХК-аас 1,012,830 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД

 

 

[1] https://shuukh.mn/single_case/211635?daterange=2025-09-01%20-%202026-01-14&id=1&court_cat=1&bb=1