| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0941/Э |
| Дугаар | 980 |
| Огноо | 2017-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 980
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Улсын яллагч Э.Оюунтунгалаг,
Шүүгдэгч Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.У холбогдох эрүүгийн 1806003601147 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 01-ни өдөр Орхон аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй. дээд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, тоотод орин суух хаягтай, ам бүл 1, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар , хэрэг хариуцан чадвартай, Т овгийн Ц У .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.У нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 84 дүгээр байрны 27 тоотод Ц.Бадрахыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.У мэдүүлэхдээ: “…Би Бадрах гэж залууг таньдаггүй. Уг асуудал Гантуяа гэж манай хуучин найз эмэгтэйгийн гэрт шөнийн 01 цагийн үед болсон. Бид хоёр 6-7 сар хэн хэнийдээ ирж очиж байдаг байсан. Бадрах гэж залуу Гантуяа гэж найз эмэгтэйтэй нэг дор ажилладаг юм байна лээ. Тухайн өдөр намайг шөнө ажлаас ирэхэд Гантуяа хүнтэй мэссэжээр харьцаад байсан ба би юун хүнтэй харанхуй шөнө мэссэжээр харьцаж байгаа юм бэ гээд утсыг нь булааж аваад харахад Бадрах гэх залуутай мэссэжээр харьцаж байсан. Гантуяа надад хэлэхдээ энэ залуу нь миний араас гүйгээд байгаа, ажлын газрын залуу гэж хэлсэн. Би тэгэхэд нь ажил хэргийн холбогдолтой зүйлийг ажил дээр шийдэж болдоггүй юм уу, хамт авахуулсан аялал зугаалгаар явсан зургуудаасаа явуулаад найз залуутай гэж хэл гэж зураг явуулсан. Тэгээд бид нар унтаж байхад шөнө хаалга хүчтэй балбасан. Гантуяа хаалга битгий онгойлго гэж хэлсэн. Хаалга хүчтэй нүдээд байсан учир хаалга нээхэд өндөр залуу орж ирээд Гантуяатай хэрүүл хийгээд намайг юун залуу вэ гэж хэлсэн. Манай найз охинтой хэрэлдээд байхаар нь би түлхсэн. Миний биед мөн хөнгөн гэмтэл учруулсан. Би тухайн үед ажилтай байсан учир цагдаад хандаагүй. Би Бадрах гэж залууг танихгүй байсан учир хэнд хандахаа мэдээгүй. 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүссэн болохыг мэдсэн.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ц.Бадрахын өгсөн мэдүүлэг /хх-15-16/, гэрч Ц.Гантуяагийн мэдүүлэг /хх-18/, ШШҮХ-ийн шинжээчийн 604 дугаартай дүгнэлт /хх-24/, Натур эмнэлгийн комьпютер, томографийн оношлогоо /хх-25/, шүүгдэгч Ц.У яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-42-43/, шүүгдэгч Ц.У ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/, шүүгдэгч Ц.У иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.У нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 84 дүгээр байрны 27 тоотод Ц.Бадрахыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Бадрахын өгсөн: “...манай найз охинтой үнсэлцэж байгаа зургаа явуулахаар нь гайхаад Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 84 дүгээр байрны 27-нд тоотод найз охин Гантуяагийн гэрт яваад очтол хуучин найз залуу болох зурган дээр хамт байсан залуу хаалгыг нь тайлаад чи хэн бэ гэхээр нь би Гантуяатай уулзах гэсэн юм гэхэд Чи юу нь юм та 2 унтаж хэвтдэг юм уу гээд
ууралсан. ... намайг нүүрлүү 2 гараараа ээлжилж 3-4 удаа цохиод газар татаж
унагаад ахиад толгойруу өшиглөөд гараараа толгойруу цохиод байхаар нь би
гараараа дараад хэвтэж байтал манай найз охин Чи боль гээд татаж чангаагаад
яв гэхээр нь би зөрүүлээд нүүрлүү нь цохиод ахиж надруу дайраад цээжин дээр
нилээн олон дэвсэн ... зураг авхуулсан 128.000 төгрөгийг нэхэмжилж байна...”/хх-15-16/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Гантуяагийн өгсөн: “…Бадрах ирсэн байсан. Тэгээд гэрийн коридорт Ууганбаяр чи юу гэж хэлээд уурлаж Бадрахыг барьж аваад газар унагаагаад өөрөө дээр нь гарч суугаад нүүр, толгой орчим цээжнээс дээр хэсэгт гараараа цохиод байсан. Би Ууганбаярыг салгах гэтэл намайг түлхэсэн. Ууганбаяр нөгөө өрөө ороод цохих юм хайгаад байхаар нь би хорьж болиулж байгаад Бадрахыг чи яваачээ гэхэд Бадрах гэрээс гараад явсан.” /хх-18/ гэх мэдүүлэг,
ШШҮХ-ийн шинжээчийн 604 дугаартай дүгнэлт:
1. Бадрахын биед тархи доргилт, хамар ясанд хугарал, духанд зулгаралт, баруун зовхинд цус хуралт, зулгаралт, шарх, хамрын нуруунд зулгаралт, хуйх, зүүн хөхлөг орчим цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээнд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-24/,
Натур эмнэлгийн комьпютер, томографийн оношлогоо /хх-25/,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.У яллагдагчаар өгсөн: “Би тогтоолтой танилцлаа. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” /хх-42-43/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.У ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/,
Шүүгдэгч Ц.У иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ц.У нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 84 дүгээр байрны 27 тоотод Ц.Бадрахыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Бадрах нь шүүгдэгчээс 128.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба шүүгдэгч нь уг хохирлыг төлж барагдуулсан ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй тул шүүгдэгч Ц.У нь бусдад төлөх төлбөргүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж үзэв. Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Ц.У ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Ц У ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.У 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.У нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС