Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/00826

 

 

 

 

 

 

Си Жи Эм ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06902 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Си Жи Эм ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Мөнхжаргалд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 26 001 242 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 11 000 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ

Хариуцагч Б.Мөнхжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Си Жи Эм ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Манай байгууллага нь иргэн Б.Мөнхжаргалтай 2012 оны 10 сарын 26-ны өдөр байгуулсан 100012/10 тоот гэрээний дагуу 15 000 000 төгрөгийг 30 хоногт 4 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 12-389 тоот хаягт орших өөрийн өмчлөлийн Г-2204012869, №000098201 тоот улсын бүртгэлийн дугаартай 61.75 м.кв хувийн сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээний үүргээ биелүүлээгүй 19 cap болсон ба энэ хугацаанд зээл төлөх талаар удаа дараа сануулсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ бүрэн төлж барагдуулаагүй. Зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 1 190 894 төгрөг, зээлийн хүүнд 4 797 106 төгрөг, нийт 5 988 000 төгрөг төлсөн. Манай байгууллагаас 15 000 000 төгрөгийн зээлээс гадна 2 000 000 төгрөгийн зээлийг авсан. Энэ 2 000 000 төгрөгийн зээлдээ 1 478 229 төгрөг төлсөн. Үүнийг 15 000 000 төгрөгийн зээлэнд 8 000 000 төгрөг гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Иймд Б.Мөнхжаргалаас зээлийн үндсэн төлбөр 13 809 106 төгрөг, зээлийн хүү 10 160 114 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 032 022 төгрөг, нийт 26 001 242 төгрөг, нотариатын төлбөр 11 000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мөнхжаргалын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Би 2012 оны 10 сарын 26-ны өдөр "Си Жи Эм" ББСБ-аас 15 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлж авч эхний эргэн төлөлтийг 1 000 000 төгрөгөөр төлж авсан. Гэтэл манай ойр хавийн газар төлөвлөлтөд орж тухайн газрын гэрчилгээг улс чөлөөлөөд авчихдаг гэхээр нь хэсэг хугацаанд төлбөр хийлгүй явж байтал захын наймаа муудсан. Ингээд "Си Жи Эм" ББСБ дээр очиход хүү, алданги нийлсэн 22 000 000 төгрөг нэхэмжилсэн. Хэсэг хугацааны дараа 35 000 000 төгрөг төл гэсэн. Би эргэн төлөлтөөр 8 000 000 орчим төгрөг төлсөн байхад энэ мөнгийг тооцоогүй байсан. Би хоёр хүүхдийн хамт орлого байхгүй амьдардаг болохоор төлж чадаагүй. Иймд нэхэмжилсэн хүү болон алдангиас чөлөөлж, миний төлсөн 8 000 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч тооцож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Мөнхжаргалаас зээлийн гэрээний төлбөрт 22 206 868 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Си Жи Эм ББСБ" ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 794 374 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 287 957 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхжаргалаас 268 984 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Си Жи Эм ББСБ" ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Мөнхжаргал давж заалдах гомдолдоо: Миний бие нь анхан шатны шүүхээс тогтоогдсон Си Жи Эм ББСБ-ийн төлбөрийн дүн болох 22 295 762 төгрөгнөөс түүний хүү болох 8 386 762 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хуралд төлбөрийн баримтуудаа лацтай газраас авч чадаагүйн улмаас төлсөн байдлаа танилцуулах боломжгүй байсан. Одоо бүх баримт байгаа учир дахин хянаж хүү алданги гэх 8 386 762 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Си Жи Эм ББСБ ХХК нь хариуцагч Б.Мөнхжаргалд зээлийн гэрээний үүрэгт 26 001 242 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 11 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 22 206 868 төгрөгийн шаардлагыг хангаж, 3 794 374 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож нийг хариуцагч Б.Мөнхжаргал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэ тал 26 012 242 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасган 20 000 000 т нэхэмжилснийг хариуцагч ч, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд, сар бүрийн 05-ны өдрийн дотор 1 600 000 төгрөг төлж барагдуулахаар тохиролц, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/06902 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Си Жи Эм ББСБ ХХК 26 012 242 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасган нийт 20 000 000 т нэхэмжилснийг хариуцагч Б.Мөнхжаргал хүлээн зөвшөөрч 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд, сар бүрийн 05-ны өдрийн дотор 1 600 000 төгрөгийг нэхэмжлэгч Си Жи Эм ББСБ ХХК-д төлөхөөр тохиролц, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Мөнхжаргалаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 143 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

А.МӨНХЗУЛ