| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2408 03649 0196 |
| Дугаар | 2025/ДШМ/1019 |
| Огноо | 2025-08-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/1019
2025 08 28 2025/ДШМ/1019
Б.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Б-, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Төмөртулга,
хохирогч О.С-, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,
шүүгдэгч Б.Б-,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1582 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.С-гийн өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүгдэгч Б.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б-т холбогдох 2408 03649 0196 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Б-ын Б-, .............., /РД: .............../,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн;
Шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 90 дүгээр гудамжинд хохирогч О.С-тай тээврийн хэрэгслийн гэрлээ шилжүүлээгүй гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүнийг ар нуруунаас нь тэврэн газарт унаган эрүүл мэндэд нь баруун мөр далны тогооны үений гэрний урагдал, далны доорх булчин шөрмөсний суналт, далны тогоо-атгаалын дунд холбоосны хэсэгчилсэн урагдал, далны тогоо-атгаалын доод холбоосны суналт, коракойд сэртэн-атгаалын холбоосны суналт, хүзүү, баруун, зүүн өвдөг, шилбэний зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-оос 8.502.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.С-д олгож, хохирогч О.С- нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч О.С-гийн өмгөөлөгч Н.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1582 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг буюу тогтоох хэсгийн 4 дэх заалтад өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Шүүхээс шүүгдэгч Б.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Шүүх хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл хөнгөрүүлэх байдлыг хэрэглээгүй ч гэсэн тогтоох хэсгийн 4 дэх заалтаар хохирогчийн эмчилгээний зардлаас 5.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч О.С- нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй гэж хуулийг буруу тайлбарлан шийдсэн. Хохирогч О.С- нь бодибилдинг фитнесийн тамирчин бөгөөд 2019 оноос хойш уг спортоор хичээллэж байгаа бөгөөд цаашлаад олон улсын тэмцээнд оролцох зорилготой 5 жил гаруй хугацаанд бэлдэж ирсэн боловч уг гэмт хэргийн улмаас баруун мөр далны тогооны үений гэрний урагдал, далны доорх булчин шөрмөсний суналт, далны тогоо-атгаалын дунд холбоосны хэсэгчилсэн урагдал, далны тогоо-атгаалын доод холбоосны суналт, караокед сэртэн атгаалын холбоосны суналт гэмтэл авч ханиалгах, хувцсаа солих гэх мэт энгийн үйлдэл хийхэд мөр нь мултрах болж спортоор дахин хичээллэх боломжгүй болж, энэ олон жилийн хөдөлмөрийн үр шимийг хүртэж чадахгүй болсон. Цаашлаад байнгын мөр мултрах болсны улмаас ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй болсон нь сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа гэдгийг шүүхээс анхаарч үзэлгүй сэтгэл санааны хохирлыг хэт багаар үнэлсэн байна. О.С- нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2025.04.14-ний өдрийн 818 дугаартай хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэл тогтоогдсон нь хавтаст хэргийн 118-119 талд авагдсан байх бөгөөд Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалд сэтгэцийн эмгэгийн 3 дугаар зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр нөхөн төлүүлэхээр заасан боловч энэ талаар улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8.040.000 төгрөгийг гаргуулах санал гаргаж шүүхээс 7.920.000 төгрөгийг шүүх гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Нөхөн төлбөр олгох жишиг аргачлалын хүснэгтийг буруу ашиглан сэтгэцийн эмгэгийн 2-р зэрэглэлд хамаарах 12 хувиар тооцон 7.920.000 төгрөгийн гаргуулсан нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Хууль зүйн дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан А/268, А/275 дугаар тушаалаар батлагдсан Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтийг буруу хэрэглэсэн. Эмчилгээний зардал 5.500.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн тухайд: Хохирогч О.С- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгө санхүүгийн боломжгүй байсан шүүгдэгч Б.Б-ийг хагалгааны төлбөрийг өгөх байх гэж хүлээсээр хагалгаанд орж чадаагүй учир хууль хяналтын байгууллагаас хагалгааны төлбөр гаргуулан өгөх байх гэж найдан Бриллиант эмнэлэгт үзүүлэн оношлуулан эмнэлгийн албан ёсны хагалгааны тодорхойлолт /хх 165/ гарган өгсөн байдаг. Энэхүү хагалгааны төлбөр нь гэмтлийн улмаас шууд учирсан үр дагавар буюу эмчилгээ үйлчилгээ хийлгэх зайлшгүй зардал бөгөөд өөрийн биеэ эмчлүүлэх учирсан хор уршгийг аргилах арга хэмжээ авах гэж байгаа гэдгийн анхаарч үзэхийг хүсэж байна. Иймд шүүгдэгч Б.Б-т холбогдох хэрэгт хохирогчийн зөрчигдсөн эрхийг эрүүгийн хэрэгт эцэслэн шийдвэрлэх зорилгоор хохирлоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлд зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1582 тоот шийтгэх тогтоолын зарим хэсэг буюу тогтоох хэсгийн 4 хэсэгт эмчилгээний зардлаас хассан 5.500.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэн буюу 15.173.400 төгрөгийг тус тус хохирогч О.С-д олгуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор надад 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг дахин хянуулахаар гомдол гаргаж байна. Үүнд:
1. Манайх ам бүл 6, эхнэр маань одоо жирэмсэн, 5-16 насны 4 хүүхэдтэй. Би хувиараа бригад ахлаад 8 хүнийг цалинжуулж барилгын өрлөг, шавар хийж, 2.5-3 сая төгрөгийн цалин орлоготой ажилладаг. Эхнэр маань “Хан богд **” ХХК-д хангамжийн програмист хийдэг. Одоо хүүхдүүд хичээл, цэцэрлэг амарсан тул би хүүхдүүдээ харж, мөн ажлаа ч хийж зохицуулж байна. Мөн манайх хашаандаа байшин барихаар эхнэр маань цалингийн зээл авч, сард 750.000 төгрөг төлдөг, хэрэглээний зээл банк бусаас авсан зээлд 288.000 төгрөг төлдөг тул би өөрийнхөө барилгын өрлөг, шавар хийсэн орлогоороо гэр бүлээ тэжээж байна.
2. Би үйлдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож, маш их гэмшиж байна. Цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй, хохирогчоосоо уучлалт гуйж байгаа ба хохирол төлбөрөө нөхөн төлнө. Иймд миний ар гэр, ажлын байдал болон бусад хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, надад оногдуулсан 650 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ял болгон хөнгөрүүлж өгнө үү. Би нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг биелүүлэхэд манай гэр бүл цалин орлогогүй, эхнэр, хүүхдүүд маань хоол ундгүй, зээлээ төлж чадахгүйд хүрч, миний ар гэрийн амьдрал зогсох болоод байгааг харгалзан үзэхийг хүсэж байна. ...” гэв.
Хохирогч О.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.
Прокурор Т.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол хор уршиг зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт шинжээчийн дүгнэлтээр 3 дугаар дугаар зэрэглэл тогтоогдсон. Анхан шатны шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлж гаргуулахаар шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, Сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь 12-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулахаар хуульчилсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 90 дүгээр гудамжинд хохирогч О.С-тай “тээврийн хэрэгслийн гэрлээ шилжүүлээгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүнийг ар нуруунаас нь тэврэн газарт унаган эрүүл мэндэд нь баруун мөр далны тогооны үений гэрний урагдал, далны доорх булчин шөрмөсний суналт, далны тогоо-атгаалын дунд холбоосны хэсэгчилсэн урагдал, далны тогоо-атгаалын доод холбоосны суналт, коракойд сэртэн-атгаалын холбоосны суналт, хүзүү, баруун, зүүн өвдөг, шилбэний зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч О.С-н “... Би 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 22 цаг өнгөрч байхад найз охин Э-ий өвөө, эмээгийнд очоод буцах замдаа 90 дүгээр гудамжид өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй замын уруу хэсэг харж зогсож байхад дээш өгсөж явсан тээврийн хэрэгсэл хажууд зогсоод “гэрлээ шилжүүлээч” гэхээр нь “би гэрлээ ойр дээр нь шилжүүлсэн байна ах” гэхэд “буугаад ир, уулзаадахъя” гэх мэтээр дуудсан учир буугаад очсон. Тухайн үед намайг бууж ирэхэд “ийш уулзъя” гэж хэлээд дагаад очиход үгийн зөрүүгүй шууд хоёр гараараа миний хоолой хэсгээс боож газар дарж унагаагаад бараг ухаан алдах дөхсөн. ... Тэгээд удалгүй манай найз охин гарч ирээд салгах гэсэн боловч хэл амаар доромжилж цааш түлхээд байсан ба анх надтай маргалдсан залуу миний ар нуруунаас тэвэрч байгаад баруун гарыг минь өөрийн суганд хавчуулж байгаад газар савж унагаасан. Унах үед миний баруун мөр эвгүй болоод доош унжаад байсан би бодохдоо хугарсан гэж бодсон. Нөгөө хүмүүст миний мөр эвгүй болсон талаар хэлэхэд мөр гэмтээсэн залуу тоохгүй үргэлжлүүлэн намайг газар чирч нүүр хэсэгт нэг удаа нулимсан. ...” /хх 12-13/,
гэрч Б.Э-гийн “... Би 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 22 цаг өнгөрч байхад би найз залуу О.С-н хамтаар 90 дүгээр гудамжид байдаг өвөө эмээгийндээ очоод буцах замдаа замын уруу хэсэг рүү машинаа харуулж байрлуулаад түр зогсож байхад саарал өнгийн нэг машинтай хүн хажууд ирж зогсоод “наад гэрлээ шилжүүлээч” гэхэд манай найз залуу нөгөө хүнд “Ах аа, гэрлээ ойр дээрээ болгочихсон байгаа” гэж хариулахад нөгөө үл таних хүн машинаас бууж ирээд “чи буугаад ир дээ писда минь” гэхэд манай найз залуу буугаад нөгөө хүнтэй машиныхаа хойно ярилцаж байгаад гэнэт нөгөө хүн манай найз залуугийн хоолойг хоёр гараараа боож харагдахаар нь машинаас буугаад “та болиоч ээ” гэхэд миний урдаас дунд хуруу гаргаад хоолойг нь боох үйлдлээ зогсоохгүй байсан. ... анх бид нартай маргалдаж байсан эрэгтэй С-н ар нуруу хэсгээс тэвэрч байгаад газар савж унагаасан. Тухайн үед С- унахдаа баруун гар хэсгээ хөшүүлэх маягтай унах шиг харагдсан ба газар унаад босож ирэхдээ баруун мөр хэсэг нь нэг эвгүй унжсан байдалтай байсан. С- мөр эвгүй болсон талаар нөгөө үл таних 3 хүнд хэлэхэд үргэлжлүүлэн маргалдаж, анх маргалдаж байсан эрэгтэй газар унгааж чирч байгаад нүүр хэсгийн зүүн хөмсөг хэсэгт нулимсан. ...” /хх 29-30/,
гэрч Б.Б-ын “... Удалгүй Б- над руу залгаад “ах аа, намайг хүн дээрэлхэж, нүүр лүү нулимчихлаа” гэхээр нь Н-ын гэр манайхтай ойрхон байдаг учир гэрээс нь дуудаж гаргаж ирээд хамт Б- руу залгаад хаана байгаа талаар асуухад 90 дүгээр гудамжид байна гэж хэлсэн учир шууд очсон. Намайг 90-р гудамжинд ирэхэд саарал өнгийн Акуа маркийн тээврийн хэрэгсэлтэй 172-175 см өндөртэй, бор өнгийн барзгар царайтай, хар өнгийн урт үстэй, хар өнгийн далаа гаргасан майк өмссөн залуу Б-той маргалдаад зогсож байсан. .... Тэгээд намайг маргалдаж байхад Н- тухайн майктай залуугийн баруун гараас барьж аваад зогсож байхад Б- нөгөө залуугийн ард нь гарч тэвэрч байгаад газар унгаачихсан. Нөгөө майктай залуу унахдаа доош харж унаад Б-ийн баруун талын шагай, шилбэ хэсгээс нь бариад тавихгүй байхаар нь аль хэсэгт цохисон талаар мэдэхгүй байна дал хэсэг рүү цохих шиг болоход майктай залуу “мөр эвгүй болчихлоо” гээд байсан. ...” /хх 21-22/,
гэрч Б.Н-ын “... Тэгээд удалгүй маргаан ширүүсэхээр нь би урт үстэй залуугийн зүүн гараас нь бариад зогсож байхад Б- ах нөгөө залууг ар нуруу хэсгээс нь тэврээд газар дараад уначихсан. Нөгөө залуу газар уначхаад босож зогсохдоо нэг эвгүй хойш гэдийсэн байдалтай зогсоод байсан....” /хх 25-26/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... О.С-н биед баруун мөр далны тогооны үений гэрний урагдал, далны доорх булчин шөрмөсний суналт, далны тогоо-атгаалын дунд холбоосны хэсэгчилсэн урагдал, далны тогоо-атгаалын доод холбоосны суналт, коракойд сэртэн-атгаалын холбоосны суналт, хүзүү, баруун, зүүн өвдөг, шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. О.С-н биед учирсан баруун мөр далны тогооны үений гэрний урагдал, далны доорх булчин шөрмөсний суналт, далны тогоо-атгаалын дунд холбоосны хэсэгчилсэн урагдал, далны тогоо-атгаалын доод холбоосны суналт, коракойд сэртэн-атгаалын холбоосны суналт гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо, хүзүү, баруун, зүүн өвдөг, шилбэний зулгаралт гэмтэл нь дан дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. ...” /хх 27-28/ гэсэн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12086 дугаар дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Хохирогч О.С-н сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь түр зуурын эсхүл байнгын шинжтэй, цаашид хохирогчид хэрхэн нөлөөлөх эсэх нь эрүүл мэндийн эмчилгээ, эдгэрэлт, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчин зэргээс хамаарна. ...” гэсэн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 818 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний дүгнэлт /хх 118-119/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Хэдийгээр шүүгдэгч Б.Б- нь гэм буруу, хэргийн зүйчлэл, хохирлын талаар маргаагүй боловч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэхдээ хандсан хандлага, гэм буруугийн санаа сэдэлт, хохирогчид олон тооны гэмтэл учирсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй зэрэг хэргийн нөхцөл байдлуудыг дүгнэж үзвэл анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ийн “... нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 818 дугаар дүгнэлтэд тусгасны дагуу 3 дугаар зэрэглэлд хамаарсан талаар шинжээчийн дүгнэлтийг зөв тайлбарласан атлаа Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын хүснэгтэд заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоосон байтал хоёрдугаар зэрэглэлийн хэмжээгээр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, алдаа гаргажээ.
Иймээс гэмт хэргийн улмаас хохирогч О.С-н сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8.580.000 төгрөгөөр тогтоож шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.
Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн гэм буруутай байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа байдал, төлбөрийн чадвар зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, дээд болон доод хэмжээг сонгон хэрэглэдэг.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд уг гэмт хэрэг нь үл ялих шалтгааны улмаас шүүгдэгч, хохирогч нар маргалдсан, хэн аль нь хүний эрх эрх чөлөөнд халдсан тухайлбал хохирогч шүүгдэгчийг нулимах, эргүүлээд энэ үйлдлийг хохирогчид үзүүлэх зэргээр хүний ёс суртахууны хэм хэмжээг хэн аль зөрчсөн зэрэг хэргийн үйл явдлыг давж заалдах шатны шүүх харгалзан үзэж, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо жишиг аргачлалын хүснэгтийн гуравдугаар зэрэглэлийн доод хэмжээг сонгож хэрэглэснийг дурдах нь зүйтэй.
Дээрх байдлаар хохирогчийн өмгөөлөгч Н.Нарантуяагийн давж заалдах гомдлын “... сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож өгнө үү ...” гэсэн хэсгийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1582 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “... шүүгдэгч Б.Б-оос 8.502.000 төгрөг гаргуулж, ...” гэснийг “... шүүгдэгч Б.Б-оос 9.162.000 /есөн сая нэг зуун жаран хоёр мянга/ төгрөг гаргуулж, ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.Б-
ШҮҮГЧ М.АЛДАР