2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/11261

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 02 191/ШШ2025/11261

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ******* ******* ХХК /РД: *******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 3,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Иргэдийн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

/Нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэв./

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ю.******* нь ******* ******* ******* ХХК-ийн Орхон салбарт 2011 онд ажилд орж, 2024 он хүртэл тасралтгүй 13 жил ажилласан. 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ээлжийн амралтаа авсан. 7 сардаа чөлөө авч, 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаас халагдаж, 8 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Ингээд хуульд зааснаар ажилгүйдлийн тэтгэмжээ авах гээд Халамжийн байгууллагад очиход Нийгмийн даатгалын байгууллага руу явуулсан. Гэтэл байгууллагын зүгээс 2024 оны 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, тасалдсан учир ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Нийгмийн даатгалын байгууллагаас залруулга хийж болно гэсний дагуу би байгууллагынхаа нягтлан бодогч нарт хэлсэн боловч залруулга хийж өгөөгүй. Ингээд ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй хуулийн хугацааг дуусгаж, намайг хохироосон. Миний бие сүүлд Орхон аймгийн Нийгмийн даатгалын байгууллагад хандахад нийгмийн даатгалын байцаагч миний ажилгүйдлийн тэтгэмжийг бодож өгсөн, 3,158,940 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авах юм байна гэсэн хариуг өгсөн.

Иймд ажилгүйдлийн тэтгэмжид 3,200,000 төгрөг нэхэмжилснийг 3,158,940 төгрөг болгон багасгаж, үүнийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайхаас хариуцсан нягтлангуудаас тайлбар авахад 13 жил ажилласан хүн, тухайн оны 6-р сард амралтын мөнгийг бүрэн олгосон, 7-р ард энэ хүн чөлөө аваад явсан учир өөр хүн ажиллуулах шаардлагатай болсон, тэгэхээр энэ хүн 7-р сард бүрэн ажиллаагүй учраас нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үндэслэлгүй гэж нягтлангуудаас хэлсэн учир үндэслэлгүй гэж үзэж байна. Өмнөх шүүх хуралдаанд 395,000 төгрөгийг нэхэмжлэгчээс асуухад цалин хөлс гэдгээ нотолж чадаагүй учир манай зүгээс ямар нэгэн төлөлт хийгдэхгүй, нөхөн төлөх шаардлагагүй гэж үзэж байна гэдгээ илэрхийлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч нь дүгнэлтдээ: ... нэхэмжлэгч Ю.******* нь ээлжийн амралтаа аваад буцаж ажилдаа эргэн орж, цалингүй чөлөө авсан ба цөөхөн ч болтугай хэд хоног ажилсан цалингаас тооцож 2025 оны 07 дугаар сард нийгмийн даатгал төлөх учиртай, уг бичилт хийгдээгүйн улмаас нэхэмжлэгч ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй байгаа нь хариуцагчийн санхүүгийн албаны алдаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй ... гэсэн дүгнэлтийг гаргаж байна.

 

4. Хэргийн оролцогчдоос шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн:

 

4.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Ю.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2/, Ю.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5-6/, Ю.*******ын №А000264680 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр /хх-27/, ******* ******* ******* ХХК-ийн Орхон салбарын даргын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/24-33 дугаар тушаал /хх-28/, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Өргөдөл шалгаж шийдвэрлэсэн туха /хх-29-30/,

 

4.2. Хариуцагч ******* ******* ******* ХХК-аас нотлох баримтаар: 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 25/035 тоот Итгэмжлэл /хх-20/, ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/150 дугаар тушаал /хх-11/, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 25/376 тоот Итгэмжлэл /хх-39/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-40/, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 25/984 тоот Итгэмжлэл /хх-65/, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 25/1076 тоот Итгэмжлэл /хх-71/, Ю.*******ын ээлжийн амралт авах тухай хүсэлт /хх-82/, ******* ******* ******* ХХК-ийн Орхон салбарын даргын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/24-33 дугаар Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал /хх-83/, ******* ******* ******* ХХК-ийн салбарын даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Тушаал /хх-84/, Ю.*******ын чөлөө хүсэх тухай өргөдөл /хх-85/, ******* ******* ******* ХХК-ийн Эрдэнэт салбарын 2024 оны 07 дугаар сарын цалингийн хүснэгт /хх-86-87/, ******* ******* ******* ХХК-ийн Эрдэнэт салбарын 2024 оны 06 дугаар сарын цалингийн хүснэгт /хх-88/, ******* ******* ******* ХХК-ийн Эрдэнэт салбарын 2024 оны 05 дугаар сарын цалингийн хүснэгт /хх-89/, ШТС-44 2024 оны 05 дугаар сарын цагийн бүртгэл /хх-90/, ШТС-44 2024 оны 06 дугаар сарын цагийн бүртгэл /хх-91/, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 25/2041 тоот Итгэмжлэл /хх-184/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс: Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-+ны өдрийн 191/ШЗ2025/19158 дугаар захирамжийн дагуу,

-       Орхон аймгийн нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 263 тоот албан бичиг, түүний хавсралт /хх-117-119/,

-       Орхон аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01/270 тоот албан бичиг /хх-120-123/,

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ

 

1. Нэхэмжлэгч Ю.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмж 3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан ба шүүх, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.3-т зааснаар 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 09:30 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлж мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Ю.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан 2024 оны 07 дугаар сарын нийгмийн даатгалыг хуульд зааснаар тайлагнаагүй үндэслэлээр ажилгүйдлийн тэтгэмжид олговол зохих 3,200,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 3,158,940.00 төгрөг болгон багасгасан.

 

2.1 Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд төрийн эрх бүхий байгууллагад хандаагүй, 2024 оны 6 дугаар сард ээлжийн амралтаа эдэлж, 7 дугаар сард ажилдаа орсон боловч ажлаа хийгээгүй буюу цалинтай чөлөө хүссэнийг цалингүй чөлөө олгохоор шийдвэрлэсэн тул нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, 2024 оны 8 дугаар сард ажиллаж, улмаар 8 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлөгдсөн, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцэх хүсэлтийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ю.******* нь ******* ******* ******* ХХК-ийн Орхон салбарт 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хамгаалагчаар ажилд орж, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс ээлжийн ахлах түгээгчээр шилжин ажиллаж байсан болох нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч 2024 оны ээлжийн амралт авах хүсэлтээ 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргаж, Орхон салбарын даргын 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх, амралтын цалин олгох тухай тушаалаар 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс ээлжийн амралтыг 29 хоногоор, ээлжийн амралтын цалинг мөн өдрөөс олгохоор шийдвэрлэжээ./х.х-ийн 82-84 дүгээр тал/

Нэхэмжлэгч Ю.******* нь ээлжийн амралтаа 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл эдэлж, тэрээр 7 дугаар сарын 18-ны өдөр 7 дугаар сарын 19-ний өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ургийн баярын арга хэмжээнд оролцохоор 10 хоногийн чөлөө олгохыг хүссэн хүсэлтэд ******* ******* ******* ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Ю.*******д цалингүй чөлөө олгохоор санхүүд цохолт хийж, тэрээр цалингүй чөлөөгөө эдэлсэн байна. /хх-85 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн цалингүй чөлөөний хугацаа дуусаж, 2024 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ажилласан боловч ******* ******* ******* ХХК-ийн Орхон салбарын даргын 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/24-33 тоот Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.2-д тус тус заасан үндэслэлээр ээлжийн ахлах түгээгч албан тушаалаас чөлөөлжээ./х.х-ийн 28, 85 дугаар тал/

 

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт-оор хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Ю.*******ын 2024 оны 01, 02, 3, 4, 5, 6, 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн боловч 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй ба уг үйл баримттай талуудын хэн аль нь маргаагүй./х.х-ийн 118 дугаар тал/

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ю.*******ыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг хангаагүй үндэслэлээр ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсээгүй тухай Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 263 дугаартай албан бичигт дурдсан байна. /х.х-ийн 117 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэхээр заасан байна.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/199 дугаар тушаалын хавсралт Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам-ын 2.2-т Ажил олгогч нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр тооцож, дараах шаардлагыг хангасан тайланг гаргаж баталгаажуулан ирүүлнэ. Үүнд: 2.2.2-т даатгуулагчид нэгтгэн олгосон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого болон ээлжийн амралтын олговрыг уг даатгуулагчийн аль сард ногдох орлого болохыг тодорхойлж, тухайн саруудын тайланд тусгах-аар байна.

 

Нэхэмжлэгч Ю.******* нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралтаа эдэлсэн бөгөөд ажил олгогчийн зүгээс 2024 оны 6 дугаар сарын даатгуулагчийн цалин 841,076 төгрөгөөс 218,679.76 төгрөгийн шимтгэлийг төлсөн, харин 8 дугаар сард нэхэмжлэгч нь 3-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл ажилласан цалин хөлс гэж 1,743,013 төгрөгийн цалингаас 453,183.39 төгрөгийн шимтгэл төлсөн байна.

 

Үүнээс үзвэл хариуцагч ******* ******* ******* ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хууль, дээрх журамд зааснаар даатгуулагч Ю.*******ын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон тайлагнаж, төлөхөөр байхад нэхэмжлэгчийг 2024 оны 6 дугаар сараас ээлжийн амралтаа эдэлж, ээлжийн амралт нь 7 дугаар сарын 15-ны өдөр дуусаж, мөн өөрийн хүсэлтээр чөлөө авч, улмаар 7 дугаар сард ажиллаагүй тул нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, төлөхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж буй нь үндэслэлгүй, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч ******* ******* ******* ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө гэж зааснаар нэхэмжлэгч Ю.*******ын 2024 оны 7 дугаар сард олгосон ногдох цалин хөлснөөс хуульд зааснаар нийгмийн шимтгэл суутгаж, төрийн эрх бүхий байгууллагад тайлагнах үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар, нэхэмжлэгч Ю.******* нь ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа хүлээн авснаас хойш 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажилгүйдлийн тэтгэмж авах зөвлөмж, хүсэлтээ Орхон аймгийн Нийгмийн даатгалын газарт гаргасан болох нь тус газрын 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 263 тоот албан бичгээр тогтоогдох ба үүнээс үзвэл хуульд заасан хугацаанд төрийн эрх бүхий байгууллагад ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ гаргаагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Даатгуулагчид олгох ажилгүйдлийн тэтгэмжийг түүний шимтгэл төлсөн хугацааг харгалзан ажилгүй болохын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 9 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас дараах хувь хэмжээгээр тооцож олгоно гээд ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг сараар, тэтгэмж бодох хэмжээг хувиар тооцохоор, 11 дүгээр зүйлийн 11.1-д Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийг ажлаас чөлөөлсөн өдрийн дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрөөр тооцож олгоно гэж зохицуулжээ.

 

Нэхэмжлэгчийн Орхон аймгийн Нийгмийн даатгалын газарт гаргасан хүсэлтэд тус газрын тэтгэвэр тэтгэмжийн хэлтсийн тэтгэмжийн хяналтын байцаагч Д.Энхмөнх 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өгсөн хариуд Ажилгүйдлийн тэтгэмжийн бодолт ... 41,565 х 76 хоног=3,158,940 төгрөг... гэжээ.

 

Дээрх тэтгэмжийн хяналтын байцаагч Д.Энхмөнхийн өгсөн өргөдлийн хариуд ... Ю.*******ын Голомт банкны 4005016132 тоот дансны 2024 оны 6, 7 дугаар саруудын дансны хуулганаас шүүж үзэхэд ******* ******* ******* компаниас 6 дугаар сарын 10-нд 1,829,004 төгрөг, 6 дугаар сарын 25-нд 292,875 төгрөг, 7 дугаар сарын 09-нд 395,042 төгрөг, нийт 2,516,921 төгрөг орж ирсэн байна. ...Сүүлийн 9 сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогыг 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 7 дугаар сар хүртэл тооцон, 7 дугаар сард 1,965,000 төгрөг ба 2,516,921 төгрөгийн гарт олгосон цалин дээр ХХОАТ, НДШ нэмж үүнээс 6 сарын тайланд тусгасан 841,076 төгрөгийг хасаж 7 дугаар сард тайланг амралтын цалингийн дүнг багцаагаар гаргав, ажилгүйдлийн тэтгэмж бодох цалин хөлс түүнтэй адилтгах орлогын нийлбэр дүн нь 11,222,744 төгрөг..., ажилгүйдлийн тэтгэмжийн бодолт: 11,222,744/9 сар=1,246,971 /сарын дундаж цалин/, 1,246,971/21өдөр=59,379 /өдрийн дундаж цалин/, 59,379*70%=41,565 /нэг өдөрт олгогдох тэтгэмжийн дүн/, 41,565*76 хоног= 3,158,940 төгрөг /ажилгүйдлийн тэтгэмжийн дүн/ гэжээ. /хх-29,30/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын Тэтгэвэр тэтгэмжийн хэлтсийн тэтгэмжийн хяналтын байцаагч Д.Энхмөнхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн өргөдлийн хариутай холбоотойгоор Ю.*******ын ажилгүйдлийн тэтгэмжийг багцаагаар гаргасан нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж байгаа боловч энэхүү баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Хэрэгт авагдсан Ю.*******ын нийгмийн даатгалын дэвтрээс үзэхэд тэрээр ******* ******* ******* ХХК-д 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажилд орж, 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр чөлөөлөгдсөн буюу нийт 152 сар 29 хоног тус байгууллагад ажилласан болох нь тогтоогдож байна. /хх-27/

 

Харин хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ю.******* нь улсад 180 ба түүнээс дээш сараар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй юм.

 

Үүнээс үзвэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь 180 сараас доош байх тул тэтгэмж бодох хэмжээг 60 хувиар тооцох үндэслэлтэй, дээрх өргөдлийн хариуд заасанчлан 70 хувиар тооцох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.  

 

Орхон аймгийн Нийгмийн даатгалын газрын тэтгэвэр тэтгэмжийн хэлтсийн тэтгэмжийн хяналтын байцаагчийн албан бичигт 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн цалингийн дансанд хариуцагчаас 395,042 төгрөг шилжүүлсэн ба хариуцагч уг мөнгийг цалин хөлс биш гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч татгалзал тайлбартай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Ажилгүйдлийн тэтгэмж бодох цалин хөлс түүнтэй адилтгах орлогын нийлбэр дүн 11,222,744 төгрөгөөс хуульд заасан хугацаа болох 9 сард хуваахад сарын дундаж цалин хөлс нь 1,246,971,5 төгрөг ба үүнийг ажлын 21 хоногт хувааж 59,379,6 төгрөгийн өдрийн дундаж цалин гарч байна. Уг өдрийн дундаж цалингийн 60 хувь нь 35,622.7 төгрөг ба үүнийг 76 хоногоор тооцоход 2,707,272 төгрөгийг нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмжид авах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлээс 451,668.0 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэл болон Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх үүргээ ажил олгогч ******* ******* ******* ХХК нь хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч нь хуульд зааснаар ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүсээгүй хохирсон байх тул мөн зүйлийн 32.2.6-д ажил олгогчийн буруугаас даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

5. Хариуцагч ************** ******* ХХК нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохиролд, хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйн шалтгаант холбоо тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4,050 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 58,266 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю.*******д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 2,707,272.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю.*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 451,668.0 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4,050 /дөрвөн мянга тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ю.*******д олгож, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 58,266 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ю.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ шүүгч И.АМАРТӨГС

 

шүүгч С.ХИШИГБАТ