Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 982

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

          Улсын яллагч П.Болормаа,

Хохирогч Г.Мөнхбаясгалан,

        Шүүгдэгч П.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.С холбогдох эрүүгийн 1806033870878 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 4-нь өдөр Дорно аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой оюутан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн оршин суудаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Б овгишн П С .

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч П.С нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Вашингтон зочид буудалд иргэн Г.Мөнхбаясгалантай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.С мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Тулгаа мэдүүлэхдээ: “Тухайн өдөр П.С

зодуулж хуулийн байгууллагад гомдол гаргаж байсан. Тэр үед ээж маань амьд байсан. Ээж маань өнгөрөөд 21 хонож байгаа учир ямар нэгэн гомдол нэхэмжлэхгүйгээр шийдвэрлээд энэ залуу надаас уучлал гуйсаны дагуу уучлаад өөрийнх нь хүсэлтийн дагуу баримтаар тогтоосон хохирлыг авч уг асуудлыг дуусгах саналтай байна.” гэв.

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Мөнхбаясгалангийн мэдүүлэг /хх-5-6,7/, гэрч Б.Надмидийн мэдүүлэг /хх-27, 67, гэрч К.Ганзоригийн мэдүүлэг /хх-30/, гэрч Ц.Нямдаваагийн мэдүүлэг /хх-31-32/, гэрч Б.Оюунтогосийн мэдүүлэг /хх-35/, яллагдагч П.С мэдүүлэг /хх-47/, хохирогч Г.Мөнхбаясгалангаас хэрэгт хавсаргуулсан гэрэл зургийн үзүүлэлт, эмчилгээ хийлгэсэн баримт /хх-10-18/, П.С иргэний үнэмлэх, ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-52-53/, оршин суух хаягийн тодрхойлолт, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалд шимтгэл төлсөн баримт, гэр бүлийн лавлагаа /хх-54-58/, Цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн баримт /хх-бЗ/, Шинжээчийн 2018 оны 04 сарын 19-ны өдрийн 4899 дугаартай дүгнэлт /хх-41/, шүүгдэгч П.С иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-52/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-53/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч П.С нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Вашингтон зочид буудалд иргэн Г.Мөнхбаясгалантай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Мөнхбаясгалангийн өгсөн: " ... эхнэр Нямдаваа миний утас руу залгаж намайг 13-р хороололын Вашинготон зочид буудалд байна хүрч ирж аваач гээд халамцуу бололтой надруу хэлээд утсаа тасдаж ...Вашингтон зочид буудал руу орон эхнэрийнхээ утас руу залгахад утсаа авахгүй дуудаад байхаар нь би зочид буудлын ажилчин залуугаас танай зочид буудалд Нямдаваа гэх эмэгтэй байгаа юу гэхэд хэдэн номерт байгаа талаар асуухад тийм хүн манай зочид буудалд ороогүй байхгүй гэж хэлээд би байгаа гэж хэлээд би эхнэрийгээ хардаж орно гэхэд нөгөө залуу оруулахгүй гээд бид 2 маргалдаж улмаар намайг хавсарч унагаад дээр гаран сууж нүүрэн тус газар гараараа 10-д цохиод хоолой боож дагзаар маань чулуун шал мөргүүлж байхад ... хамар мурийсан, тархи доргисон, хүзүү, нүүр маажуулсан, цээж хөндүүртэй байна... таныг зодсон хүмүүсийн талаарх мэдээллийг хэлнэ үү БЗД-ийн 6-р хороонд орших "Вашингтон " зочид буудлын ажилтан 30 орчим насны туранхай 175 см өндөр нуруутай залуу ...одоогоор нийт 335.000 төгрөгний баримт байгаа цаашид эмчилгээ хийлгэхэд 2.000.000 төгрөг шаардлагатай байгаа энэ баримт байхгүй шаардлагатай тохиолдолд нэхэмжлэл хийлгэж ирнэ .... би бага зэрэг халамцуу байсан. ” /хх-5-6,7/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Надмидийн өгсөн: “С ээлжээ сольсон шөнө 5 цаг өнгөрч байхад манай үйлчлэгч Мөнхцэцэг дотуур холбоогоор таднаас үл таних согтуу хүн орж ирээд агсам тавиад С тэй барилцаад авлаа гэж дуудахаар нь бууж очиход С гаднаас орж ирсэн үл таних согтуу хүний гарнаас нь бариад өөрийгөө цохиулахгүй гээд зогссон ... С г чи манай эхнэртэй явалддаг залуу мөн байна чамайг ална гэж байсан. Энэ үйл явдал болохоос өмнө урд өдөр нь Мөнхбаясгалан гэгчийн эхнэр Нямдаваа шөнө цүнхтэй хувцастай ирээд манай нөхөр намайг хөөгөөд надад очих газар байхгүй байна гэж хэлээд манай ресефшин Оюунтогост намайг танидаг гэж хэлээд тооцоогоо хийлгүй 205 тоотод орсон байсан ... Тухайн үед намайг дээд давхараас бууж ирхэд Мөнхбаясгалан гэгчийн хамарнаас цус гарсан байдалтай манай ажилтан С хамран тус газар нь цохисон гээд байсан.... Мөнхбаясгалан нь эхнэрээ манай бармен залуутай хардаад маргаан эхэлсэн ... С ганцаараа зодсон ...” /хх-27, 67/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч К.Ганзоригийн өгсөн: “... Вашингтон зочид буудлын караокед очиход түүний найз Надмид болон үл таних эмэгтэйн хамт 1,1 шил Сэнгүүр уугаад сууж байсан, Нямдаваа нэлээн согтуу байсан... Нямдавааг 2 давхарын 205 тоот өрөөнд оруулж өгтөл, Нямдаваа буудлын ширээ сандал дээр хувцаснуудаа бөөгнүүлээд эмх замбараагүй тавьсан байхаар яасан гэтэл энэ буудалд 2-3 хонож байна ... нөхөртэйгээ муудалцсан маргаашнаас харина гэж хэлсэн ...01 цагийн үед гэртэй харихаар явахдаа 20 гаруй насны ресефшин эмэгтэйд 205 тоотоос гарлаа шүү гээд гарсан. Нямдаваа бөөлжиж байгаад унтаад өгсөн ... намайг гарч явахад үүдэнд ямар нэгэн зодоон болоогүй байсан ...” /хх-30/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Нямдаваагийн өгсөн: “би 2018 оны 04 дүгээр сарын 12-нд нөхөртэйгэз маргалдаад Надмидын ажилддаг Вашингтон зочид буудалд ирж хоносон. Зочид буудлын кораокед найз Ерөө Одноо Ганаа нарын хамт сууж пиво уугаад 01-02 цагийн үед тэд явсан ... унтаж байхад Надмид орж ирээд 1 давхарт нөхөр чинь ирсэн байна зөөгчтэй маргалдаад байна гэхээр буугаад хартал манай нөхрийн нүүр цус болсон үүдний буйдан дээр суулгасан нэг залуу дээр нь гарсан заамдсан байдалтай , нөгөө залуу нь цаана нь хараад зогсож байсан тэгтэл манай нөхрийг заамдсан нь тавиад босгосон чинь Мөнхбаясгалан намайг хардаад хамт байсан хүмүүсээрээ намайг зодууллаа гэж агсараад ...тухайн үед би Надмидтай хамт 2 давхараас бууж шатаар бууж ирсэн эрэгтэй хүн бууж ирээгүй ..” /хх-31-32/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Оюунтогосийн өгсөн: “... Нямдаваа ... дугуйтай цүнхтэй орж ирээд ... Надмидтай уулзаж гарч ирээд 205 дугаартай өрөөнд ор гэнээ гэж хэлээд төлбөр тооцоогоо хийлгүй ганцаараа орсон ...зохион байгуулагч Надмидийн найз гээд орж ирэх болгондоо нөхөртэйгээ маргалдаад гэж хэлээд цүнхтэй хувцас чирээд ирдэг ...С цалин 15 хоноод дунджаар 375.000 төгрөгний цалин авдаг ... ууралхаараа огцом ууртай юм шиг анзаарагддаг...” /хх-35/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч П.С яллагдагчаар өгсөн: “...шөнө 04цаг 15 минутын орчим ...30 гаруй насны согтуу эрэгтэй хүн буудалд орох гээд явж байхаар нь гарч ирээд урд зогсоод та хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуусан тэр хүн надтай үг слилгүй чк манай эхнэртэй явалддаг залуу байна би та нарыг мэднэ гэж хэлээд миний цээж рүү 7-8 удаа нудраад байхаар нь ... үүд рүү гаргах гэж чиртэл тэр хүн надтай коридорт ноцолдоод явахгүй байхаар нь би тэр хүнийг сул тавьмагц надтай ноцолдож байгаад намайг унагаахаар нь би босоод тэр хүнийг унагаасан ... тухайн үед би Мөнхбаясгалан гэх залуутай ноцолдож байгаад баруун гарын тохойгоор хамран тус газар нь 2 удаа нударсан байх ...Толгой дээр нь дарж байгаад хамран тус газар нь нэг удаа өвдөглөсөн. Мөнхбаясгаланг гаргах гээд бид 2 зууралдаад тохойгоороо 2,3 удаа нударсан ... Г.Мөнхбаясгалан ... намайг хэл амаар доромжлоод надтай ноцолдож байхад манайхаас гарч явсан үл таних хүн Мөнхбаясгаланг сандал дээр суулгахыг оролдсон харин цохиж зодоогүй ... тухайн үед Мөнхбаясгалан тэнд байсан бүх л хүн рүү дайр ч хэл амаар доромжлоод хүмүүсийг зүгээр явуулахгүй байсан ...” /хх-47/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Мөнхбаясгалангаас хэрэгт хавсаргуулсан гэрэл зургийн үзүүлэлт, эмчилгээ хийлгэсэн баримт /хх-10-18/,

 

П.С иргэний үнэмлэх, ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-52-53/,

 

Оршин суух хаягийн тодрхойлолт, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалд шимтгэл төлсөн баримт, гэр бүлийн лавлагаа /хх-54-58/,

 

Цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн баримт /хх-6З/,

 

Шинжээчийн 2018 оны 04 сарын 19-ны өдрийн 4899 дугаартай дүгнэлт:

 

1. Г.Мөнхбаясгалангийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, баруун, зүүн шанаа, зүүн чихний доод хэсэг, хүзүүний зулгаралтууд. зүүн чихний ар хөхлөг хэсгийн цус хуралт, зулгаралт, оочны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. /хх-41/,

 

Шүүгдэгч П.С иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-52/,

 

Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-53/ зэрэг болно.

 

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Э П.С нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Вашингтон зочид буудалд иргэн Г.Мөнхбаясгалантай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 335.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх П.С холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч П.С 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч П.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б  о П  С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.С  450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар П.С нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, П.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.            

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг

дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС