| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/07215/И |
| Дугаар | 191/ШШ2025/11173 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/11173
2025 12 01 191/ШШ2025/11173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ХХК /РД: *******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдах авах гэрээний үүрэгт 42,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Р.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгч нь шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хово ZZ3317-N3568W 2013 онд үйлдвэрлэгдсэн, LZZ5CLSB1DA744865 тоот арлын дугаартай, улаан өнгөтэй, зүтгүүрийн маркийн, зориулалттай, 68-24 УЕС улсын дугаартай автомашин, 2007 онд үйлдвэрлэгдсэн, Лианг Шан LHY9400TDPA маркийн, LA99FPD3670HJY916 тоот арлын дугаартай, ногоон өнгөтэй, чиргүүлийн зориулалттай, 2225 МЧ улсын дугаартай чиргүүлийн үнэ болох 30 000 000 /Гучин сая/ төгрөгийг гаргуулах, Үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн төлбөрт 2024 оны 8-12 сар, 2025 оны 1- 7 сарын буюу нийт 12 сард ногдох хүү болох 12 600 000 /Арван хоёр сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулах Нэхэмжлэлийн үндэслэл: *******гийн ******* миний бие 2024.02.26- ны өдөр "******* *******" ХХК-тай "Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, өөрийн өмчлөлийн дараах тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт тус компанийн өмчлөлд шилжүүлж, зээлээр худалдсан билээ. Үүнд: 1.2013 онд LZZ5CLSB1DA744865 зориулалттай, 68-24 УЕС улсын дугаартай автомашин, үйлдвэрлэгдсэн, Хово ZZ3317-N3568W маркийн, TOOT арлын дугаартай, улаан өнгөтэй, зүтгүүрийн 2.2007 онд үйлдвэрлэгдсэн, Лианг Шан LHY9400TDPA маркийн, LA99FPD3670HJY916 тоот арлын дугаартай, ногоон өнгөтэй, чиргүүлийн зориулалттай, 2225 МЧ улсын дугаартай чиргүүл зэрэг болно. Бидний байгуулсан "Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний 2.1-д: "Тээврийн хэрэгслийн худалдах үнийг 30 000 000 /гучин сая/ төгрөгөөр хоёр тал тохиролцсон бөгөөд 2024.07.31-ний өдрийн дотор төлбөрийг 100 хувь төлж барагдуулахаар талууд тохиролцов" гэж төлбөр төлөх хугацааг тодорхой тогтоосон юм. Гэвч "******* *******" ХХК нь өнөөдрийг хүртэл надад нэг ч төгрөг төлөөгүй тул би тус компанийн "Бичигт" боомт хариуцсан менежер н.Нямбаатар болон захирал Г.Нямсүрэн нараас автомашин болон чиргүүлийнхээ үнийг удаа дараа нэхсэн ч тэд элдэв шалтаг шалтгаан тоочсоор өнөөдрийг хүрлээ. Байнга худлаа ярьдаг, гадаа нь хэчнээн цаг сууж байж хүүхдийг нь дагаж ордог, эхнэртэй нь ярьдаг, тэгээд өөртэй нь холбогддог байсан. Мөн бидний хооронд байгуулагдсан гэрээний 3.8-д "Энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаанд төлбөрийг төлөхгүй тохиолдолд сарын 3.5 хувийн хүү тооцохоор талууд тохиров" гэж заасан болно. Иймд "******* *******" ХХК-иас автомашин, чиргүүлийн үнэ болох 30 000 000 /Гучин сая/ төгрөг болон гэрээгээр тохиролцсон хүүгийн төлбөрт 12 600 000 /Арван хоёр сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулж, Р.******* надад олгуулж өгнө үү. гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс машин авсан, гэрээ байгуулсантай маргах зүйлгүй, үндсэн төлбөрийг өгнө, зээлийн хүүг өгөх боломжгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс авто машин авч нүүрс зөөх үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, дэлхийн зах зээлд нам унаад, компани санхүүгийн хүнд байдалд орсон, хасах баланстай байгаа, тийм учраас зээлийн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, Р.Яруу-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-5/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-6/, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-7/,
3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-15-16/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-28/, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 044 тоот Итгэмжлэл /хх-29/, Монголын татварын албаны тодорхойлолт /хх-54-55/, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /хх-56-58/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Р.*******эс, хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдуулан 68-24 УЕС улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 22-25 МЧ улсын дугаартай чиргүүлийн үнийг хүүгийн хамт нийт 42,600,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцүүлсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь Р.******* нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч ******* ******* ХХК-иас 68-24 УЕС улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 22-25 МЧ улсын дугаартай чиргүүлийн үнэ 30,000,000.00 төгрөг, тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.8-д заасан хүүнд 12,600,000.00 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байна.
2.1 Хариуцагч нь 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд худалдах, худалдан авах гэрээний үнэ 30,000,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.
3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийг дараах байдлаар хийлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч ******* ******* ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр 68-24 УЕС улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 22-25 МЧ улсын дугаартай чиргүүлийг нийт 30,000,000.00 төгрөгөөр худалдах, худалдан авахаар талууд тохиролцсон байна /х.х-ийн 7 дугаар тал/.
Тодруулбал, зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Р.******* нь өөрийн өмчлөлийн 68-24 УЕС улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 22-25 МЧ улсын дугаартай чиргүүлийн хамт 30,000,000.00 төгрөгөөр хариуцагч ******* ******* ХХК-д худалдах, хариуцагч 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор үнийг төлөх, гэрээнд заасан хугацаанд сар бүр 3,5 хувийн хүүг төлөхөөр тохиролцсон ажээ.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Тайлбарлавал, бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх энэхүү гэрээний эрх, үүргийн хүрээнд зохигчид гэрээнд төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөрийг нэн даруй бус тодорхой хугацааны дараа бүрэн, эсхүл хэсэгчлэн төлдөг учир хэрэв хүү төлөхөөр тохиролцсон бол тэдгээрийн хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Энэ талаар Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т Гэрээнд дараах нөхцөлийг заавал тусгана гээд 263.2.1-т бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ гэж, бас 263.2.2-т хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа гэж, 263.2.3-т төлбөл зохих хүүгийн хэмжээ гэж, 263.2.4-т үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь гэрээний үнийг шууд худалдагчид төлдөггүй, тийнхүү төлөөгүй хэмжээгээр худалдагч талын төлбөр авах хугацаа нь хойшлогддог, худалдан авагч нь өөртөө шилжүүлэн авсан бөгөөд бүрэн төлөөгүй үлдсэн тэрхүү хэмжээ нь түүнд санхүүжилт болж үлддэг /худалдагчийн мөнгө/ тул зохигчид хүү тохирч, гэрээнд хэсэгчлэн төлөх хэмжээ, хуваарийн талаар тусгаж болно.
Мөн энэ хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж зааснаар зохигчид зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулах бөгөөд 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу хүчин төгөлдөр болох журамтай.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зохигчид 30,000,000.00 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг, чиргүүлийн хамтаар 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд сарын 3.5 хувийн хүүтэйгээр төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байгаа нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа байна.
Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 262 дугаар зүйлийн 262.1-д тус тус зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
Зохигчид гэрээ байгуулагдсан болон нэхэмжлэгч гэрээний дагуу тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч үнэ төлөөгүй үйл баримтуудтай талууд маргаагүй харин хариуцагч нүүрс тээвэр доголдсон шалтгаанаар гэрээний үүрэг биелэх боломжгүй болсон тул хүүг төлөх үндэслэлгүй тухай шүүх хуралдаанд татгалзал тайлбараа гаргаж байна.
4. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Тайлбарлавал, зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа бүрэн гүйцэтгэх ёстой бөгөөд тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас худалдагчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээдэг.
Зохигчдын байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч ******* ******* ХХК нь гэрээнд заасан төлбөр болох 30,000,000.00 төгрөгийг гэрээнд заасан хүүгийн хамт төлж дуусгах үүрэг хүлээсэн.
Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчдын байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний хугацаа нь 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дууссан байхад хариуцагч нь гэрээнд заасан үүргээс ямар ч үүрэг гүйцэтгээгүй гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.
Иймд 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үнэ төлөх үүргээ тогтоосон хугацаанд, зохих ёсоор гүйцэтгээгүй тул хариуцагч ******* ******* ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000.00 төгрөг гаргуулах нь зүйтэй.
5. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана гээд 263.2.3-т төлбөл зохих хүүгийн хэмжээ гэж, 263.2.4-т үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч хөрөнгө шилжүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны хүүнд нийт 12,600,000.00 төгрөгийн хүүг хариуцагчаас нэхэмжилж байна.
Гэвч Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т төлбөл зохих хүүгийн хэмжээ гэж зааснаар хүү нь зөвхөн гэрээнд заасан хугацаанд тус хуулийн 263.1-т заасан гэрээг бичгээр хийсэн хугацаанаас тооцох учиртай.
Ингээд хариуцагч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэгч Р.*******д төлбөл зохих зээлээр худалдах, худалдан авах гэрээний хүүг тооцвол:
- 30,00,000x3.5%=1,050,000 төгрөг /1 сарын хүү/, 1,050,000:30=35,000 төгрөг /1 өдрийн хүү/. Нэхэмжлэгч 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт хариуцагчид хүлээлгэн өгсөн боловч гэрээгээр хүү тохиролцсон хугацаа 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 155 хоног болж байна. Үүнээс хариуцагчийн төлөх хүүгийн хэмжээ нь 155x35,000=5,425,000 төгрөг байна.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,000,000.00 төгрөг, хүүнд 5,425,000.00 төгрөг, нийт 35,425,000.00 гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,175,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 524,500.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 153,550.00 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 335,075.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.*******д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.3-д тус тус зааснаар хариуцагч ******* ******* ХХК-аас 35,425,000.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,175,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 524,500.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 153,550.00 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Р.*******д олгож, хариуцагч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 335,075.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА