Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2026/00275

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 320/ШШ2026/00275

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                               

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч: Т***банк Дорноговь салбарын захирал Б.Мөнхтүвшингийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Б.Я***,

Хариуцагч: С.Э*** нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 12,635,453.28 (арван хоёр сая зургаан зуун гучин таван мянга дөрвөн зуун тавин гурван төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай, 320/2025/02020/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т***банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Я***, хамтран хариуцагч С.Э*** нар нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дугаар № *** тоот зээлийн гэрээний үндсэн дээр 8,430,000.00 (найман сая дөрвөн зуун гучин мянган төгрөг)-ийг жилийн 22.8 хувийн хүүтэй, сарын 1.9 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай цалингийн зээл авсан.

Зээлдэгч сар бүр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хуваарийн дагуу төлөлгүй 1977 хоног хугацаа хэтрүүлсэн болно. 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5,370,368.56 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 6,296,445.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 968,639.47 төгрөг, нийт 12,635,453.28 төгрөгийг зээлдэгч Б.Я*** болон хамтран зээлдэгч С.Э*** нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Я***, С.Э*** нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.Я***, С.Э*** бид нар Т***банк ХК-ийн Дорноговь салбараас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч Б.Я***, С.Э*** бид нар Т***банк ХК-ийн Дорноговь салбараас нэхэмжилж буй үндсэн зээлийн төлбөр 5,370,368 төгрөг, 56 мөнгө, зээлийн хүү 6,296,445 төгрөг 25 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 968,639 төгрөг 47 мөнгө, нийт 12,635,453 төгрөг 28 мөнгийг төлөхийг зөвшөөрч байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т***банк хувьцаат компани нь хариуцагч Б.Я***, С.Э*** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 12,635,453.28 (арван хоёр сая зургаан зуун гучин таван мянга дөрвөн зуун тавин гурван төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Я***, С.Э*** нарт нь нэхэмжлэлийн шаардлага цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 12,635,453.28 (арван хоёр сая зургаан зуун гучин таван мянга дөрвөн зуун тавин гурван төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Т***банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 217,117 (хоёр зуун арван долоон мянга нэг зуун арван долоо) төгрөгөөс 108,558.50 (нэг зуун найман мянга таван зуун тавин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 108,558.50 (нэг зуун найман мянга таван зуун тавин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Я***, С.Э*** нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 108,558.50 (нэг зуун найман мянга таван зуун тавин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Б.Я***, С.Э*** нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Т***банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Я***, С.Э*** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 12,635,453.28 (арван хоёр сая зургаан зуун гучин таван мянга дөрвөн зуун тавин гурван төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Я***, С.Э*** нар нь нэхэмжлэлийн шаардлага 12,635,453.28 (арван хоёр сая зургаан зуун гучин таван мянга дөрвөн зуун тавин гурван төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т***банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,427.45 (нэг зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун хорин долоон төгрөг дөчин таван мөнгө) төгрөгөөс 97,713.73 (ерэн долоон мянга долоон зуун арван гурван төгрөг далан гурван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 97,713.73 (ерэн долоон мянга долоон зуун арван гурван төгрөг далан гурван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Я***, С.Э*** нараас 191,427.45 (нэг зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун хорин долоон төгрөг дөчин таван мөнгө) төгрөгийн тал хувь болох 97,713.73 (ерэн долоон мянга долоон зуун арван гурван төгрөг далан гурван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т***банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Я***, С.Э*** нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА