| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2026/00031/И |
| Дугаар | 320/ШШ2026/00276 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 320/ШШ2026/00276
| 2026 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 320/ШШ2026/00276 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
нэхэмжлэгч: Г*** банк Хөвсгөл салбарын захирал А.Ц***ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Хөвсгөл аймгийн Г.Т***-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,586,438.53 (хоёр сая таван зуун наян зургаан мянга дөрвөн зуун гучин найман төгрөг тавин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00031/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г*** банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г*** овогтой Т***, О*** овогтой Г*** нар нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Г*** банктай *** тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд цалингийн зээлээр *** тоот зээлийн данс үүсгэж 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 (арван сая) төгрөгийн зээлийг жилийн 14.4% (арван дөрөв аравны дөрөв ) хувийн хүүтэй, 30 (гучин) сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Г.Т***, О.Г*** нар нь ЗГ4905126801 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 169 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна. Зээлдэгч Г*** овогтой Т***, О*** овогтой Г*** нараас Г*** банктай байгуулсан ЗГ*** тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 2,586,438.53 (Хоёр сая таван зуун наян зургаан мянга дөрвөн зуун гучин найман төгрөг тавин гурван мөнгө) гаргуулж Г*** банкинд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Т*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Г.Т*** би Г*** банк ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.Миний бие Г.Т*** нь 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Г*** банкнаас 10,000,000 төгрөгийн цалингийн зээлийг авсан. Тус зээлийг авахдаа хамтран зээлдэгчээр эхнэр О.Г*** нь оролцсон. Одоо эхнэр О.Г*** бид хоёр салж, тусдаа амьдраад нэг жил гаруй болсон бөгөөд би өөрөө Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. Иймд миний хувьд зээлийн Г*** банк ХК-аас нэхэмжилж буй үндсэн зээлийн үлдэгдэл 2,411,204 төгрөг 64 мөнгө, зээлийн хүү 161,425 төгрөг 67 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 13,808 төгрөг 23 мөнгө, нийт 2,586,438 төгрөг 53 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин хамтран зээлдэгч О.Г***ээс тус зээлийн төлбөрийг гаргуулахгүйгээр би өөрөө бүрэн хариуцан төлж барагдуулахаа илэрхийлж байна гэжээ.
Нэхэмжлэгч Г*** банк хувьцаат компани нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Г.Т***, О.Г*** нарыг хариуцагчаар тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Г***ийг хариуцагчаар оролцуулахаас татгалзах хүсэлтийг ирүүлсэн ба шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэн хариуцагч Г.Т***өд шүүгчийн захирамжийг танилцуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г*** банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Г.Т***, О.Г*** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,586,438.53 (хоёр сая таван зуун наян зургаан мянга дөрвөн зуун гучин найман төгрөг тавин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г*** банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хөвсгөл салбарын захирал А.Ц*** ... О.Г***ийг хамтран хариуцагчаас хасаж хэргийг шийдвэрлэж өгнө үү. ... гэх хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн ба хариуцагч Г.Т*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт зээлийн гэрээний үүрэгт нийт 2,586,438.53 (хоёр сая таван зуун наян зургаан мянга дөрвөн зуун гучин найман төгрөг тавин гурван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Г*** банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г*** банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,333 (тавин зургаан мянга гурван зуун гучин гурав) төгрөгийн тал хувь болох 28,166.50 (хорин найман мянга нэг зуун жаран зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,166.50 (хорин найман мянга нэг зуун жаран зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Т***өөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 28,166.50 (хорин найман мянга нэг зуун жаран зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г*** банк ХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Г.Т*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г*** банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Т***өд холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 2,586,435.53 (хоёр сая таван зуун наян зургаан мянга дөрвөн зуун гучин найман төгрөг тавин гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Т*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт зээлийн гэрээний үүрэгт нийт 2,586,438.53 (хоёр сая таван зуун наян зургаан мянга дөрвөн зуун гучин найман төгрөг тавин гурван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Г*** банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г*** банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,333 (тавин зургаан мянга гурван зуун гучин гурав) төгрөгийн тал хувь болох 28,166.50 (хорин найман мянга нэг зуун жаран зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,166.50 (хорин найман мянга нэг зуун жаран зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Т***өөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 28,166.50 (хорин найман мянга нэг зуун жаран зургаан төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г*** банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Т*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА