Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 999

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

          Улсын яллагч Ч.Алтансүх,

          Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б т холбогдох эрүүгийн 1806 04100 1166 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.6, 91.2.12, 91.2.15 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгүүдэд зааснаар нийт 25 жилийн хугацаагаар хорих ялаар,

-мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1201 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б Б.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 42 дугаар гудамжинд иргэн Б.Халиунтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний хүзүү болон цээжин тус газар нь шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хохирогч Б.Халиунтай архи ууж байгаад маргалдсаны улмаас хохирогчийн хүзүүг архины шилээр зүссэн.” гэв.

 

        Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Халиуны өгсөн мэдүүлэг /хх-13-16/, гэрч Б.Мөнхдэлгэрийн өгсөн мэдүүлэг /хх-19-20/, Шүүх шинжилгээний үндэсний төвийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5880 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-25/, шүүгдэгч Б.Б төрсөний гэрчилгээний хуулбар /хх-37/, шүүгдэгч Б.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 42 дугаар гудамжинд иргэн Б.Халиунтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний хүзүү болон цээжин тус газар нь шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Халиуны өгсөн: “2018 оны 5 дугаар сарын         5-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз Дэлгэрбаярын гэрт Дуулга, Дугараа, Эрдэнэ, Чимгээ нарын хамт архи ууж байсныг санаж байна. Дэлгэрбаярын гэрээс гарч байсаныг санаж байна. Бөхийн өргөөний зүүн талаас такис барьсан. Жолооч нь эрэгтэй хүн байсан. Би “тунел ормоор байна” гэж хэлэхэд би “хүргээд өгье” гэж хэлээд намайг аваад явсан. Тухайн үед би согтуу байсан болохоор унтсан байсан. Нэг сэрэхэд жолооч нь “надтай унтмаар байн”а гэхээр нь “үгүй чадахгүй” гэж хэлсэн чинь намайг оролдоод байхаар нь нэг удаа алгадсан. Тэгээд юу болсоныг нь мэдэхгүй байна. Миний хүзүүнээс цус гарч байхаар нь би өөрийнхөө барьж байсан утсаар 103 дугаарын утсанд дуудлага өгч 15 минутын дараа түргэний машин ирээд намайг Цэргийн нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Очоод хүзүүндээ оёдол тавиулсан. Хэрэг болдог өдөр согтуу байсан болохоор хэн хутгалсаныг мэдэхгүй байна.” /хх-13-16/ гэх мэдүүлэг,

Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “Би нилээн согтолттой байсан. Дарь-Эхийн гудамжинд үл таних залуутай хамт архи ууж байгаад архины шилээр хоолойн тус газраа зүсүүлж цэргийн эмнэлэгт оёдол тавиулсан. Надад одоо гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-15-16/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхдэлгэрийн өгсөн: “2018 оны 5 дугаар сарын     5-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дунд буудлын орчим Б.Халиун гэх тарган эмэгтэй мөн хөл муу Бямбаа гэх хүнтэй тааралдаад гудамжинд нэг шил архи хувааж уугаад тасраад унтсан байсан. Сэртэл Б.Халиун, Бямбаа хоёр алга болчихсон байсан...Б.Халиун гэх эмэгтэйтэй нь өнөөдөр архи ууж байгаад танилцсан.” /хх-19-20/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 5880 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Халиуны биед хүзүү, цээжинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

4. Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

Мөрдөн байцаалтад Б.Б яллагдагчаар өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 хорооны нутаг дэвсгэрт байрлах дунд буудлын гудамжинд зүс таних нэрийг нь мэдэхгүй ах болон үл таних Б.Халиун гэх эмэгтэй хүний хамт нэг шил архи хувааж уусан. Харин нөгөө ах архинаас гурав татаад тасраад согтоод унтаад өгсөн. Б.Халиун бид хоёр үлдсэн архиа хувааж ууж байгаад би Б.Халиунтай архи бага хийж өглөө гэх шалтгаанаар маргалдаж би уурандаа архины шил хагалж байгаад Б.Халиуны хоолойг зүсэж, архины шилээ газар хаяад Б.Халиуныг тэнд нь үлдээгээд би гэртээ харьсан. “/хх-59-60/ гэх мэдүүлэг,

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-11/,

-Яаралтай тусламжийн хуудас /хх-54-55/,

-Шүүгдэгч Б.Б төрсөний гэрчилгээний хуулбар /хх-37/,

              -Шүүгдэгч Б.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 42 дугаар гудамжинд иргэн Б.Халиунтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний хүзүү болон цээжин тус газар нь шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдлын харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж үзлээ.

 

Иймд шүүхээс гэмт хэрэгт үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.  Шүүгдэгч Б овогт Б Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Баянбаатарыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

            4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.            

 

   5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6.  Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

           7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС