| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2412004020009 |
| Дугаар | 2025/ДШМ/44 |
| Огноо | 2025-09-03 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/44
2025/ДШМ/44
Д.Ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Т.Алтанзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Шүүгдэгч: Д.А
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Ад холбогдох 2412004020009 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Б овгийн Дийн А /ИБД:000000000000/
Шүүгдэгч Д.А нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр А аймгийн Батцэнгэл сумын 6 дугаар баг Цагааннуурын Энхтайван нэртэй уулын урд бэлчээрлэж байсан иргэн Б.Бгийн өмчлөлийн адуунаас 2 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан тус гэмт хэргийн улмаас хохирогчид 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Аийг бусдын олон тооныг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Боржигин ургийн овогт Даваасүрэнгийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийн цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Аээс 1,135,500 /нэг сая нэг зуун гучин таван мянга таван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Б.Б /А аймгийн Б сумын Д бор багийн Б 0-0 тоотод оршин суух/-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц А аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Аийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 950,000 төгрөгийн үнэлгээ бүхий буурал халзан зүстэй, соёолон морийг Д.Аээс гаргуулан улсын орлогод оруулж, шүүгдэгч Д.Аээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ: ... Үүнд: Шүүхээс Д.Аийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаарх дүгнэлт, тухайн үйлдэлд нь оногдуулсан ял шийтгэлийн тухайд маргаагүй буюу хүлээн зөвшөөрч байна. Гагцхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцож шүүгдэгчээс хохирол төлбөр гаргуулахдаа алдаа гаргасан гэж үзэж эсэргүүцэл бичиж байна. Тодруулбал: Шүүгдэгч Д.Аийн үйлдлийн улмаас хохирогч Б.Б 1,900,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК- ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн АЦ-24-208 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн хулгайд алдсан адууны мах болох 151,4 кг махыг хүлээн авсан талаарх баримт хэрэгт авагдсан байдаг. Хохирогчийн хүлээн авсан махны үнийг мөн шинжээчийн дүгнэлтээр 1,135,500 төгрөг болохыг тогтоосон бөгөөд хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан ба санал хүсэлт гаргаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.Аээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ "... мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос дээрх махыг хохиролд тооцон авах талаар түүний хүсэлтийг тодруулаагүй, уг махны үнэлгээг хохиролд тооцож хохирлын үнэлгээнээс хасаж тооцсон эсэх, цаашид хэдэн төгрөгийн хохирол нэхэмжлэх талаар тодруулаагүй байх тул шүүх хохирогчийн эрхэд халдаж хохирол авсан байна гэж үзэх боломжгүй байна гэж үзлээ” гэсэн дүгнэлтийг хийж хохирогч Б.Бгийн хүлээн авсан махны үнэ 1.135.500 төгрөгийг хохирлоос хасаж тооцоогүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтад зохих өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: ...Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б 1,900,000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч хулгай хийсэн адууны 151,4 кг махыг буюу 1,135,500 төгрөгийн хохирогчид буцааж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Мөн хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцаж, санал, хүсэлт гаргаагүй. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 2 адууны үнэ 1,900,000 төгрөгөөс, хохирогчийн буцаан авсан адууны махны үнэ 1,135,500 төгрөгийг хасаж үлдсэн 764.500 төгрөгийн хохирлыг төлсөн учраас хохирогчийг хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж байна. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтад зохих өөрчлөлт оруулах саналтай байна... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр давж заалдах шатны шүүх хуралд гаргасан саналдаа: ... Эд зүйл хүлээлгэн өгсөн баримтаар хохирогч адууны махыг өөрөө хүлээн авч гарын үсэг зурсан. Шинжээчийн дүгнэлтээр гаргасан үнэлгээтэй танилцаад хохирогч Б.Б ямар нэгэн маргаан гаргаагүй нь үнэлгээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжтой. Хохирогч махаа хүлээгээд авчихсан учраас адууны үнээс махны үнийг хасаж хохирол тооцох нь зөв бөгөөд шүүгдэгч зөрүү хохирол 764,500 төгрөгийг төлсөн, одоо хохирол төлбөр байхгүй. Улсын яллагчийн анхан шатны шүүхийн шийдвэр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэсэн нь үндэслэлтэй. Шүүхийн шийтгэх тогтоолын зохих заалтад өөрчлөлт оруулж шүүгдэгч Д.Аийг бусдад төлөх төлбөргүй гэдгийг дурдаж өгнө үү гэв
Шүүгдэгч Д.А давж заалдах шатны шүүх хуралд гаргасан тайлбартаа: ... Тайлбар байхгүй гэв
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан ба мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.А нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр А аймгийн Батцэнгэл сумын 6 дугаар баг Цагааннуурын Энхтайван нэртэй уулын урд бэлчээрлэж байсан иргэн Б.Бгийн өмчлөлийн адуунаас 2 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлан тус гэмт хэргийн улмаас хохирогчид 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан хохирогч Б.Бгийн “...тухайн өдрөөс 2 хоногийн дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үдээс хойш өөрийн адуун дээр очиход буурал зүсмийн 1 тооны гүү, нарийхан зурвас халзан 1 тооны хүрэн байдас, нийт 2 тооны адуу адуундаа байхгүй байсан. ...Тэгээд би 2 дүүгээ дагуулаад хогийн цэгээр нь алдсан адууныхаа шийр, толгой, арьсыг олж магадгүй гэж бодоод хайж байтал буурал гүүнийхээ шийр, 2 тооны гүүнийхээ толгойг олсон” гэх мэдүүлэг, гэрч Н.Бгийн “...шөнө 02 цагийн үед Өгийнуур сум ороод гудамжаар баахан тойрч, Петровис клонкын урдхан талд машиндаа унтчихаад өглөө сэрээд ахиад хайсан ба тухайн газраас нэг их холдолгүй айлын хашаанд хонгор ч гэмээр, буурал ч гэмээр халзан зүстэй морь сул байж байсан, тэндээсээ хогийн цэг ороод тэр хавиар юм хайж байгаад Б.Б гэх хүний 2 тооны гүүний толгойг олсон” гэх мэдүүлэг, гэрч Д.Тын “...би 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр А аймгийн Батцэнгэл сумын зүүн талд байх нуурын мөн зүүн талд байрлах Э.А гэх айлд ногоон тэжээлийг үзэх санаатай очих үед А аймгийн Өгийнуур сумын А гэх хүн буурал халзан зүсмийн морьтой ирчихсэн морь нэлээд хөлөрчихсөн байдалтай байж байсан. Би энэ талаараа Б.Б ахад хэлж, бид нар Өгийнуур сум руу чиглэж асуухаар болоод А гэх хүний хашааг олоод ... өглөө нь гэгээтэй харахад хашаанд нь олон адуу байсан бололтой адууны хомоол хөлдчихсөн байсан. Харин ганц адуу гараад явсан гэмээр мөр байсан ба хашаанаас гараад баруун урд зүг рүү хөдлөөд явсан бололтой, мөрөн дээрээ шинээр баагаад хөдлөөд явсан байсан. Тэгээд тухайн адууны мөр явсан зүг рүү нь явтал урдхан талдаа нэг айлын хашаанд нөгөө Э.А гэх айлын гадаа хөлс болчихсон уяатай зогсож байсан буурал халзан морь сул байсан. Тэгээд бид 3 Өгийнуур сумын хогийн цэг дээр адууныхаа толгой шийрийг хайж байгаад 2 тооны гүүнийхээ толгойнуудыг олж аваад эрэл мухардлаа гэж бодоод эргээд ирцгээсэн” гэх мэдүүлэг, гэрч А.Цэрэнпунцагийн “...Харин маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 11 цагийн үед яваад очиход баруун урд талын хавирга нь гадагшаа нурчихсан, манай хашаанд адуу хашсан бололтой нэлээдгүй адууны хомоол баас, зогсоол болчихсон их л тонгочуулсан болов уу гэмээр ул мөртэй байсан” гэх мэдүүлэг, гэрч Ө “...Тухайн үед буюу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр А нь гарах байсан боловч 2024 оны тухайн өдрийн өглөө 08 цаг 40 минутын үед өөрийнхөө 95112871 дугаараас миний 95466639 гэсэн дугаар руу залгаад би очиж амжихгүй юм шиг байна. Би А аймгийн Батцэнгэл суманд байж байна. Өөрийнхөө оронд намайг гараад өгөөч гэхээр нь би за, за би угаасаа 2024 оны 11 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хот руу явж хүүхдээ үзүүлэх юм чинь нөхөөд гарчихъя гээд тухайн өдөр үргэлжлүүлээд гарсан юм” гэх мэдүүлэг, гэрч Ч.Ө “...Би 2024 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд эхнэрийгээ ээлжтэй байх үед нь оронд нь очиж хоносон ба 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.А гараанд гарсан. ...Намайг эхнэрийнхээ оронд ээлжинд хонож байх үед 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 05 цагийн үед Д.А нь ирээд өөрийнхөө хужаа мотоцикльдоо 10,000 төгрөгөөр бензин аваад явсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.Б “...11 дүгээр сарын 17-ны өглөө Д.Ад хүлээлгэн өгч, Д.А нь мөн 2 өдөр гарсан буюу 11 дүгээр сарын 17,18-ны өдөр ээлжид гараад Д.Аээс 2024 оны 11 дүгээр сарын 19-ны өглөө би ээлж хүлээж авсан” гэх мэдүүлэг, гэрч Э.А “...Манайд Д.А 2024 оны 11 дүгээр сарын 13-нд модонд явъя гээд буурал халзан морьтой ирсэн, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны орой манайхаас гэртээ харина одоо шууд давхиад харьчихна маргааш гараатай гээд 17 цагийн үед явсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Батсүхийн “...Миний санаж байгаагаар 2024 оны 11 дүгээр сарын 17- ны өдөр байсан байх. Тухайн үед би ажил дээрээ байхад нар руу Д.А залгаад идэшний адууг янзлаад шуудайлаад аваад ирлээ гэхээр нь гэрт аваачаад байшинд оруулаад тавьчих гэж хэлсэн. Би орой 20 цагийн үед гэртээ очиж байшин руугаа ороход 5-6 ширхэг 50 килограммын шуудайтай махнууд байсан. Надаас Д.А 1,000,000 төгрөг зээлсэн. Зээлсэн мөнгөний оронд идэшний адуу өгье гээд шуудайтай мах авчирч өгсөн.” гэх мэдүүлэг, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн АЦ-24-208 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн буурал халзан зүсмийн моринд үзлэг хийсэн “...Буурал халзан зүсмийн морь байв. Уг морь нь магнай хэсгээсээ хамар хүртэл цагаан үстэй халзан нүд орчимдоо цагаан үстэй, зов талын хөл өсгий цагаан, 2 чих имгүй, зөв гуя дээр дөлтэй нар саран тамгатай буурал халзан морь байв...” гэх тэмдэглэл, гэрэл зураг, хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн АЦ-24-06 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Д.Аийн “....Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна.” гэх мэдүүлэг зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, шүүх хуралдаанд оролцогч талуудын тайлбар, дүгнэлт, мэтгэлцээний үндсэн дээр хэргийг үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч Д. Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Д.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хохирол төлбөр төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын хэмжээ нь шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруу, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар зэрэгт тохирчээ.
Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Аээс 1,135,500 төгрөг гаргуулан хохирогч Б.Б олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хангах үндэслэлтэй.
Хохирогч Б.Бгийн хулгайд алдсан 1 тооны буурал зүсмийн гүүг 1,200,000 төгрөг, 1 тооны халзан зүсмийн байдсыг 700,000 төгрөгөөр үнэлж Д үнэлгээ ХХК-ийн шинжээчийн АЦ-24-208 дугаар дүгнэлт /1-р хавтас 66-70ху/ гарч, хохирогч тус шинжээчийн дүгнэлттэй танилцаж, дүгнэлттэй холбоотой хүсэлт гаргаагүй байна.
Анхан шатны шүүх хохирогч Б.Б гэмт хэргийн улмаас 1,900,000 төгрөгийн шууд хохирол учирсан гэж дүгнэсэн нь зөв байна.
Шүүгдэгч Д.А хулгайлсан адууг нядалсан нь гэрч Н.Б, Д.Т, хохирогч Б.Б нарын мэдүүлгээр тогтоогддог ба эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн 2024 оны 11 сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн тэмдэглэлээр /1-р хавтас 61,62ху/ шүүгдэгч Д.Аээс 151,4 кг адууны мах, 20,2 кг адууны гэдэс болон 1 тооны адуу арьс хураан авч хохирогч Б.Б хүлээлгэн өгч, Д үнэлгээ ХХК-ийн шинжээч эдгээр эд зүйлийг үнэлж дүгнэлт гаргасантай хохирогч танилцжээ. /1-р хавтаст хэргийн 71ху/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан “хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхтэй” гэсэн зохицуулалтын хүрээнд хохирогч Д.Б өөрийн хүлээн авсан адууны махны үнэлгээтэй холбогдуулан хүсэлт, шаардлага гаргаагүй тул хохирогчийн буцаан авсан махны үнийг хасаж, хохирол 764,500 төгрөгийг шүүгдэгчээр нөхөн төлүүлж хохирогчид олгох нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасантай нийцнэ.
Шүүгдэгч Д.А нь шүүх хуралдааны явцад хохирогч Б.Б 764,500 төгрөгийн хохирол төлсөн нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хавтаст хэргийн 237-р ху/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, 7 дахь заалтад “шүүгдэгч Д.А нь бусдад төлөх төлбөргүй” гэж нэмж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн 2025 оны 07 сарын 09-ний өдрөөс тооцон шүүгдэгч Д.Аийн цагдан хоригдсон 56 хоногийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/200 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, 7 дахь заалтад “шүүгдэгч Д.А нь бусдад төлөх төлбөргүй” гэж нэмж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийн цагдан хоригдсон 56/тавин зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Ч.ЭНХТӨР