Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1016

 

                   

                                     

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

Улсын яллагч Э.Ундраххэрлэн,

Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.М холбогдох эрүүгийн 1806 02548 1051 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 17 дугаар тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

          -Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 76 дугаартай захирамжаар ялаас өршөөн хэлтрүүлсэн,

регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Б овогт А М .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч А.М нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн хуучин эцэст үйл ажиллагаа явуулдаг автомашины тос, масло солих цэг дээр хохирогч Я.Уранчимэгийн Самсунг галакси s5 маркийн гар утсыг “яриад өгнө” гэж аваад утсыг хохирогчид буцааж өгөөгүй залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М мэдүүлэхдээ: “…Би барилгад туслах ажилтанаар ажилладаг. Тухайн өдөр ажлаасаа буугаад хэдэн найзуудтайгаа архи уусан явж байсан. Эхнэртэйгээ хэрэлдээд, “ганц юм уух гэсэн юм аваад өгөөч гэхэд мөнгө байхгүй” гэж хэлсэн. Урнаа гэдэг хүн нь манай эхнэрийн таньдаг хүн юм. Би тэр хүнээс утсаар чинь ганц ярьчихаад өгье гэж хэлээд авч 25.000 төгрөгөөр зараад архи уучихаад авгайгаасаа айгаад гэртээ очоогүй 10 хоносон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтын шатанд хохирогч Я.Уранчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-9/, гэрч Г.Оюун-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-14-15/, хөрөнгийн үнэлгээ /хх-19-21/, шүүгдэгч А.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-30-31/ шүүгдэгч А.М ял шалгах хуудас /хх-34/ баримт зэрэг болно.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч А.М нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн хуучин эцэст үйл ажиллагаа явуулдаг автомашины тос, масло солих цэг дээр хохирогч Я.Уранчимэгийн Самсунг галакси s5 маркийн гар утсыг “яриад өгнө” гэж аваад утсыг хохирогчид буцааж өгөөгүй залилсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Я.Уранчимэгийн өгсөн: “…2018 оны 3 дугаар сарын дундуур намайг Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо тос масло солих цэг дээрээ сууж байхад зүс таних залуу орж ирээд “эгчээ таны утсанд нэгж байна уу, би нэг хүнтэй ярих  гэсэн юм” гэсэн. Тэгэхээр нь би ширээн дээр байсан утас руу заагаад “миний дүү өөрөө үзэхгүй юу” гэсэн чинь утас аваад нэг хүн рүү залгах шиг болсон. Тэгээд тэр залуу “аниа би энэ үүдэнд яриад ирье” гэхээр нь “тэг тэг” гэсэн. Тэгээд үүдээр гараад явсан. Тухайн үед би шал угааж байхад үүдэнд харагдаж байсан. Тэгээд алчуураа мушгиад эргээд хартал байхгүй болсон байсан. Би өөрийнхөө утас руу залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Тэгээд тэр залуугийн эхнэр рүү залгаад “нөхөр чинь утас аваад явчихлаа” гэсэн чинь “бид хоёр жаахан маргаантай байгаа, би удахгүй очлоо” гэсэн. Тэр өдрөөс хэд хоногийн өмнө тэр залуу орж ирээд “эгчээ танд түр сим хийгээд барих утас байна уу” гэхээр нь өөр нэг Самсунг маркийн утсаа түр хэрэглүүлж байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирол барагдсан.” /хх-9/ гэх мэдүүлэг, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Оюун-Эрдэнийн өгсөн: “…2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Урнаа эгч над руу яриад “танай нөхөр чинь миний Самсунг галакси s5 маркийн гар утсыг аваад явчихлаа, одоо миний утас холбогдохгүй байна” гэсэн. Би гэртээ ирэхэд манай хүү Сайн-Эрдэнэ “сая аав орж ирээд миний LG маркийн гар утсыг аваад явчихсан” гэж хэлсэн. Түүнээс хойш Урнаа эгч байнга залгаад утсаа нэхэх болсон. Тэгэхээр нь би цагдаад өргөдөл гаргасан. Мөн миний ээмэг бөгжийг бас авч явж байсан. Би тэр асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний ээмгийг аваад зарсан гэж бодсон чинь ломбарданд тавиад буцаагаад өгсөн. Манай хүүгээс уучлал гуйгаад гар утсыг нь аваад өгсөн байгаа. Энэ асуудлыг би цаашид шалгуулмааргүй байна.” /хх-14-15/ гэх мэдүүлэг,  

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.М яллагдагчаар өгсөн: “…Тэр өдөр би жоохон согтуу явж байгаад Улиастайн хуучин эцэст тос масло зардаг Урнаа эгч дээр очоод “гар утсаа өгч байгаа ч ганц яриад өгье” гэж хэлээд авч яваад зараад архи уусан. Пркурорын тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна.” /хх-30-31/  гэх мэдүүлэг,

 

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ний үнэлгээний тайлан /хх-19-21/

-Шүүгдэгч А.М ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-34/ зэргээр тогтоогдсон болно.

 

Хохирогч Я.Уранчимэг нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч А.М үг, үйлдэлд хууртагдан, түүнд Самсунг галакси s-5 маркийн гар утсаа өгснөө тодорхой мэдүүлдэг ба мөрдөн байцаалтад А.М нь “гар утсаа өгч бай яриад өгье” гэх зэргээр хуурч мэхлэх аргаар хохирогчид хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч А.М үйлдэл нь хуурч мэхлэх аргаар бусдад бусдын гар утсыг залилж авахдаа эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг хуурч авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр тэдгээрийн эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилсан үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.

 

Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч А.М нь 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн хуучин эцэст үйл ажиллагаа явуулдаг автомашины тос, масло солих цэг дээр хохирогч Я.Уранчимэгийн Самсунг галакси s5 маркийн гар утсыг “яриад өгнө” гэж аваад утсыг хохирогчид буцааж өгөөгүй залилсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Я.Уранчимэг нь хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч А.Мөнхжаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.М ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр тогтов.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, А.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт А М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. А.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ,       

ШҮҮГЧ                                               Э.ЧИНГИС