Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 317/ШШ2026/00016

 

 

                  

 

                   2025        12        23  

 

 

    317/ШШ2026/00016

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.гандансүрэн даргалж, шүүгч Б.Түмэнцэцэг, шүүгч Б.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ???????? дүүрэг, 31 дүгээр хороо, ???, 2а-5 тоотод оршин суух, Б?н овогт Ч?тын У*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, ??????? сум, ? 2 дугаар багт оршин суух, Өндөрийнхөн овогт С????гийн Ц???????????,

Хариуцагч: Төв аймаг, ??????? сум, ? 2 дугаар багт оршин суух Б? овогт С?ийн Э?????? нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд С.Ц**********оос 5,410,714 төгрөг, С.Э**********аас 10,368,000 төгрөг, хариуцагч нараас нийт 15,978,714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад,

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ч.У*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Оюунгэрэл,

Хариуцагч С.Ц**********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Батцэцэг,

Хариуцагч С.Э**********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Отгонсүрэн,

Иргэдийн төлөөлөгч: Ц.Амар,

Иргэдийн төлөөлөгч: А.Давааням,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Болорцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.У******* нь хариуцагч С.Ц**********, С.Э********** нарт холбогдуулан гэм хорын хохиролд С.Ц**********оос 5,410,714 төгрөг, С.Э**********аас 10,368,000 төгрөг, хариуцагч нараас нийт 15,978,714 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр малчин Энхбатын хориод үхэр, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Цэрэндоржийн ямаа, хонь 0.8 га тарьсан байцааны талбайд орж их хэмжээний сүйтгэл хийсэн. Энэ талаар Хөдөө аж ахуйн мэргэжилтэн Н.О***д хэлж газар дээр нь дуудан шалгуулахад сумын орлогч дарга Бямбацогт, газрын даамал Даваасүрэн гэх гурван хүний бүрэлдэхүүнтэй комисс ирж шалгаад хэмжилт хийлгүйгээр амаараа талбайн гуравны хоёроор хохирлыг авлаа гээд "Өргөдлөө араас аваад очоорой гэж хэлчхээд явсан. 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөдөл хүлээн авах ёстой Н.О*** олдохгүй, хажуу ширээний мэргэжилтний хэлснээр ширээн дээр нь орхиод гарсан. Н.О*** 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажлаа хийсэн байтал уг өргөдлүүдэд акт, дүгнэлт бичээгүй, ажлаа өгсөн хүндээ хүлээлгэж өгөөгүй, ажлыг нь хүлээж авсан Оюунтунгалаг ширээг нь уудалж байгаад ширээн дотроос нь олсон гэж яриад байгаа. Бид үнэхээр аргаа бараад 111 дугаарт гомдлоо мэдүүлэхэд: Улсын ХАА-н мэргэжилтэн 99063631 дугаараас холбогдож ??????? сумын орлогч даргад үүрэг өгч, ХАА-н мэргэжилтэн Оюунтунгалаг, байгаль орчны байцаагч Цогзолмаа, газрын даамал Даваасүрэн нар нь газар дээр ирж хэмжилт хийгээд 0.58 га газар идэгдсэн байна гэсэн дүгнэлт гаргасан. Иймд сумаас тогтоосон хохирлын 16,232,141 төгрөгийн гурав хуваасны хоёр болох 10,821,427 төгрөгийг С.Э**********аас, 5,410,714 төгрөгийг С.Ц**********оос гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ажлын хэсгийн дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүй, журмын дагуу явагдаагүй, аргачлалд заасан ажиллагаа хийгдээгүй гэж байна. Ажлын хэсгийн дүгнэлт нь хуулийн дагуу явагдсан. Хуулийн дагуу явагдаагүй болохыг эдгээр хүмүүс юугаар яаж хэрхэн нотолж байгаа юм бэ. Ажлын хэсэг нь сумын Засаг даргын Тамгын газартай хамтран дүгнэлтээ гаргасан. Манайх зөвхөн дүгнэлтийг хүсэлтээр авсан. Хэрвээ хуулийн дагуу явагдсан талаар шалгуулах байсан юм бол өөрсдөө хүсэлтээ гаргаад явахгүй яасан юм бэ. Нэхэмжлэгч хуулийн шаардлага хангасан нотлох баримтаар нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагч нар гэм буруугүй, мал ороогүй гэдэг тайлбар хэлдэг. Гэтэл сая нэхэмжлэгч энэ талаар тодорхой хэлсэн. Ч.У*******ийн хүү Х.Хүрэлчулууны төрөл садангийн лавлагаа хэрэгт авагдсан. Газар тариалангийн талбайг Н.Х**** хариуцан ажилладаг байсан. Тухайн талбайд ажиллахдаа зэрлэг зулгаах болон өөр бусад ажлыг хийдэг байсан. 8 дугаар сарын 16-ны өдөр мал орсон талаар баримтжуулаад сумын цагдаа руу яриад, цагдаа нь сумын Тамгын газар руу ярь гэж хэлсэн. Тэгээд бүх ажиллагааг хийж, тухайн хүмүүст мэдэгдэж, өргөдлөө өгсөн. Сумын Засаг даргын иргэний танхимд хурал хийсэн. Хэрэгт хурлын тэмдэглэл авагдсан. Засаг даргын орлогч н.Бямбацогт, газар тариалангийн мэргэжилтэн н.Оюунтунгалаг, байгаль орчны мэргэжилтэн н.Цогзолмаа, н.Нямлхагва, тариаланч, малчин н.Энхбат, н.Цэрэндулам, н.Цэрэндорж, н.Чимэддолгор, н.Энхбат нар оролцсон. Энэ талаар хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан. Тухайн мал орсон учраас хохирлыг тооцсон. Өөрсдөө гэм буруугүй талаар нотолдоггүй. Гэрч Н.О*** гэх хүн ажлын хэсэгт оролцсон. Мөн гэрч Н.Х****ы мэдүүлэг бий. Иймд хэрэгт авагдсан бусад баримтуудаар гэм буруутай болох нь нотлогддог. Хавтаст хэргийн 110, 111 дүгээр талд хохирлыг тооцсон дүгнэлт байдаг. Энэ дүгнэлтийн дагуу нэхэмжлэлээ гаргасан. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Хариуцагч С.Ц**********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тариалангийн талбайд мал орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцуулсан ажлын хэсгийн дүгнэлт дээр ??????? сумын иргэн С.Ц**********, С.Э********** нарын мал иргэн Ч.У*******ийн тариалангийн талбайд орсны улмаас учруулсан хохирлыг зөвхөн энэ хоёр иргэнд хамааруулж, энэ хоёр иргэний мал орсноор учруулсан хохирол гэж тооцож байгаа нь өрөөсгөл ойлголт. Ажлын хэсгийн дүгнэлт дээр бүрэн хашаажуулаагүй тухай заасан байхад Тариалангийн тухай хуульд тариалан эрхлэгчийн үүргийг хүртэл заасан. Үүнд, мал амьтан бусад халдлагаас сэргийлж хашаажуулах үүргийг заасан. Эдгээр үүргийг биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Ч.У******* нь С.Ц**********ийн гэр нь ойрхон байдаг тул хонь нь орсон гэж үзэж нэхэмжилсэн. Нийт 16,232,141 төгрөг нэхэмжилсэн. Анх шүүхэд нэхэмжлэл өгөхөд энэ хоёр иргэнээс нийлүүлээд энэ мөнгийг нэхэж байсан. Шүүхэд маргаан хянан шийдвэрлэх явцад шүүхээс хэнээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар тус тусад нь салгаж өг гэж шаардсан. Үүний дагуу захиргааны байгууллагаас ямар аргачлалаар, яаж, ямар хэмжээтэй газарт мал орж, ямар хохирол учруулсан талаар нотлох баримт байхгүй. Ямар аргачлал хэрэглэж С.Ц**********оос 5,875,200 төгрөг гэж гаргасан нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус. Мөн С.Ц**********ийн мал орсон талаар нотлох баримт байхгүй. Ажлын хэсэгт орсон гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт байдаг. С.Ц**********ийн мал орсон байсныг харсан уу, 2 удаа өргөдөл өгсөн үү гэвэл өгсөн. Хэдэн удаа тариалангийн талбайд очиж үзлэг хийсэн бэ гэхэд 1 удаа очсон. Биднийг очиход ямар ч мал байгаагүй. С.Ц**********ийн мал гэдгийг нотлох баримт байна уу гэхэд байхгүй гэсэн гэрчийн мэдүүлэг байдаг. Ц.Цэрэндоржийн мал нь ямар талбайд ямар хэмжээний хохирол учруулсан талаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд нотлох баримт байхгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

4. Хариуцагч С.Э**********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Отгонсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн байдлаар шүүгч асууж байгаад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. Ч.У*******ийн хувьд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа 16,000,000 төгрөгийг хэнээс нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байсан. Шүүхийн ажиллагааны явцад ажлын хэсгийн дүгнэлтээр хэний ямар мал орж ирсэн, хэдэн төгрөгийг хэнээс нэхэх гэж байгаа талаар ажлын хэсгийн дүгнэлтийг 2 удаа гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэл зөрүүтэй гэж харагддаг. Ажлын хэсгийн дүгнэлтэд 10,368,000 төгрөгийг С.Э**********аас нэхэмжилсэн дүгнэлт гарсан. Өнөөдөр 10,821,000 төгрөг гэж байсныг сая зөвтгөж байх шиг байна. С.Э**********ын хувьд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хориод тооны үхэр орсон гэдэг боловч тухайн цаг хугацаанд ажлын хэсгийг очиход ямар ч хүний мал тухайн хашаанд байгаагүй. Ч.У*******ийн ярьж байгаагаар цаг хугацаанд нь дүгнэлт гаргаагүй учраас 1111 дугаарт мэдээлэл өгч байж дүгнэлтээ гаргуулсан гэдэг. 2 ажлын хэсгийн дүгнэлт байдаг. Ажлын хэсгийн дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүй учраас С.Э**********ын хувьд нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал байгаа. А136, А168, А210 гэх тушаалуудын хувьд ажлын хэсгийг ийм бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргана гэж заасан. Энэ дүгнэлтийн 3.2-т ажлын хэсэгт орон тооны бус бөгөөд сумын газар тариалангийн мэргэжилтэн, татварын улсын байцаагч, газрын даамал, багийн Засаг дарга, сумын хэсгийн төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсгийн ахлагч, гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгоно гэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан дүгнэлтийн хувьд Засаг даргын орлогч н.Бямбацогт, газар тариалангийн мэргэжилтэн Н.О***, газрын даамал н.Даваасүрэн, байгаль орчны мэргэжилтэн н.Цогзолмаа, татварын байцаагч н.Болормаа гэсэн 5 хүний дүгнэлт гарсан. Багийн засаг дарга болон хэсгийн төлөөлөгч, сумын хэсгийн төлөөлөгч гэх. Бүрэлдэхүүнээрээ дүгнэлт гаргаагүй. Иймд ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, энэ дүгнэлтийг гаргахын тулд холбогдох материалуудыг хавсаргасан байхыг шаардсан аргачлал байгаа. Дүгнэлтийг гаргахдаа ажлын хэсгийн дүгнэлтэд газрын гэрээ, талбай, кадастрын зураг, тэмдэглэгээ болон талбайн түүх хөтөлсөн дэвтрийн хуулбараас гадна хохирлын ангиллаас хамаарч өөр баримтуудыг шаардсан. Санхүүгийн баримтуудын хуулбар, худалдан авсан гэрээ, ургамал хамгааллын бодис хэрэглэсэн гээд орон нутгийн дундаж ургацыг тодорхойлсон Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт, гэрэл зураг, дуу дүрсний бичлэг зэрэг хохирол шаардах баримтуудыг энэ аргачлал болон 3 яамны хамтарсан тушаалыг ажлын хэсгийн дүгнэлтэд тодорхой хавсаргаж баримтжуулах ёстой. Эдгээрийг зохих журмын дагуу хийгээгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл (хх-1-2), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-3), Тариалангийн талбайд мал орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхэлгчид учруулсан хохирол тооцсон ажлын дүгнэлт (хх-4), Тариалангийн талбайд учирсан хохирлын хэмжээ (хх-5), Ч.У*******ийн нэгж талбарын 4119020790 дугаартай газрын кадастрын нэгж талбарын тодорхойлолт (хх-6), газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа (хх-7), Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн шүүхийн шийдвэртэй эсэх лавлагаа (хх-8), гэрэл зураг (хх-9-15), нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-16), Тариалангийн талбайд мал орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцсон 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт (хх-121-122), Тариалангийн талбайд учирсан хохирлын хэмжээ (хх-123), Төв аймгийн ??????? сумын Мал аж ахуйн мэргэжилтэнд хандан 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гаргасан өргөдлийн хуулбар (хх-124), ??????? сумын НААМ-нд хандан 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гаргасан Н.Х****ы өргөдлийн хуулбар (хх-125), Төв аймгийн ??????? сумын Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд хохирол тооцох ажлын хэсэг болон тариаланч, малчдын хурлын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн тэмдэглэлийн хуулбар (хх-126-127) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

6. Хариуцагч нараас итгэмжлэл, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хариу тайлбар (хх-28-30) зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

7. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Н.Х****ыг гэрчээр асуух (хх-56-60), нэхэмжлэгчийн гар утсанд үзлэг хийх, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Н.О*****г гэрчээр асуух зэрэг ажиллагааг хийжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Ч.У******* нь гэм хорын хохиролд хариуцагч С.Ц**********оос 5,410,714 төгрөг, хариуцагч С.Э**********аас 10,368,000 төгрөг, нийт 15,978,714 төгрөг гаргуулахаар шаарджээ.

2 Нэхэмжлэгч Ч.У******* нь дараах үндэслэлээх шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн ??????? сумын малчин С.Э**********ын хориод үхэр ногооны талбай руу нэвтэрч ороод байцааны талбайг сүйтгэсэн. С.Цэрэндпоржийн хонь, ямаа манай тариалангийн талбайд орсны улмаас ажлын хэсгийн дүгнэлтээр гарсан С.Ц**********оос 5,410,714 төгрөг, С.Э**********аас 10,368,000 төгрөг, хариуцагч нараас нийт 15,978,714 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

3. Хариуцагч С.Ц**********ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Тариалангийн талбайд мал орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцуулсан ажлын хэсгийн дүгнэлт дээр ??????? сумын иргэн С.Ц**********, С.Э********** нарын мал иргэн Ч.У*******ийн тариалангийн талбайд орсны улмаас учруулсан хохирлыг зөвхөн энэ хоёр иргэнд хамааруулж, энэ хоёр иргэний мал орсноор учруулсан хохирол гэж тооцож байгаа нь өрөөсгөл ойлголт. Тариалангийн тухай хуульд тариалан эрхлэгчийн мал амьтан бусад халдлагаас сэргийлж хашаажуулах үүргийг биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Ч.У******* нь С.Ц**********ийн гэр нь ойрхон байдаг тул хонь нь орсон гэж үзэж нэхэмжилсэн. Захиргааны байгууллагаас ямар аргачлалаар, яаж, ямар хэмжээтэй газарт мал орж, ямар хохирол учруулсан талаар нотлох баримт байхгүй. Ямар аргачлал хэрэглэж С.Ц**********оос 5,875,200 төгрөг гэж гаргасан нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус. Мөн С.Ц**********ийн мал орсон талаар нотлох баримт байхгүй. Ажлын хэсэгт орсон гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт байдаг. С.Ц**********ийн мал орсон байсныг харсан уу, 2 удаа өргөдөл өгсөн үү гэвэл өгсөн. Хэдэн удаа тариалангийн талбайд очиж үзлэг хийсэн бэ гэхэд 1 удаа очсон. Биднийг очиход ямар ч мал байгаагүй. С.Ц**********ийн мал гэдгийг нотлох баримт байна уу гэхэд байхгүй гэсэн гэрчийн мэдүүлэг байдаг. Ц.Цэрэндоржийн мал нь ямар талбайд ямар хэмжээний хохирол учруулсан талаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд нотлох баримт байхгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

4. Хариуцагч С.Э**********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Отгонсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...хориод тооны үхэр орсон гэдэг боловч тухайн цаг хугацаанд ажлын хэсгийг очиход ямар ч хүний мал тухайн хашаанд байгаагүй. Ч.У*******ийн ярьж байгаагаар цаг хугацаанд нь дүгнэлт гаргаагүй учраас 1111 дугаарт мэдээлэл өгч байж дүгнэлтээ гаргуулсан гэдэг. 2 ажлын хэсгийн дүгнэлт байдаг. Ажлын хэсгийн дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүй учраас С.Э**********ын хувьд нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал байгаа. А136, А168, А210 гэх тушаалуудын хувьд ажлын хэсгийг ийм бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргана гэж заасан. Энэ дүгнэлтийн 3.2-т ажлын хэсэгт орон тооны бус бөгөөд сумын газар тариалангийн мэргэжилтэн, татварын улсын байцаагч, газрын даамал, багийн Засаг дарга, сумын хэсгийн төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсгийн ахлагч, гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгоно гэсэн боловч хавтаст хэрэгт авагдсан дүгнэлтийн хувьд Засаг даргын орлогч н.Бямбацогт, газар тариалангийн мэргэжилтэн Н.О***, газрын даамал н.Даваасүрэн, байгаль орчны мэргэжилтэн н.Цогзолмаа, татварын байцаагч н.Болормаа гэсэн 5 хүний дүгнэлт гарсан. Багийн Засаг дарга болон хэсгийн төлөөлөгч, сумын хэсгийн төлөөлөгч гэх. Бүрэлдэхүүнээрээ дүгнэлт гаргаагүй. Иймд ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, энэ дүгнэлтийг гаргахын тулд холбогдох материалуудыг хавсаргасан байхыг шаардсан аргачлал байгаа. Дүгнэлтийг гаргахдаа ажлын хэсгийн дүгнэлтэд газрын гэрээ, талбай, кадастрын зураг, тэмдэглэгээ болон талбайн түүх хөтөлсөн дэвтрийн хуулбараас гадна хохирлын ангиллаас хамаарч өөр баримтуудыг шаардсан. Санхүүгийн баримтуудын хуулбар, худалдан авсан гэрээ, ургамал хамгааллын бодис хэрэглэсэн гээд орон нутгийн дундаж ургацыг тодорхойлсон Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт, гэрэл зураг, дуу дүрсний бичлэг зэрэг хохирол шаардах баримтуудыг энэ аргачлал болон 3 яамны хамтарсан тушаалыг ажлын хэсгийн дүгнэлтэд тодорхой хавсаргаж баримтжуулах ёстой. Эдгээрийг зохих журмын дагуу хийгээгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тус тус маргаж байна.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6. Талууд байцай тарьсан тариагүй талаар маргаагүй, харин талбайд мал орсон ороогүй болон хашаатай, хашаагүй, мөн түүнчлэн хохирол тооцсон дүгнэлтийн талаар маргаж тайлбарлаж байна.

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Төв аймаг, ??????? сум, Мэргэний Адаг худаг, Төмс, хүнсний ногооны усалгаатаы тариалангийн 49092 м.кв талбайг нэхэмжлэгч Ч.У******* эзэмшдэг болох нь улсын бүртгэлийн Э-ннннннн0188 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна. (1-р хх-ийн 6-8)

8. Нэхэмжлэгч Ч.У******* нь өөрт учирсан хохирлыг хэний буруутай үйлдлийн улмаас үүссэн, мөн хэдэн төгрөгийн хохирол учруулсныг тогтоолгохоор Төв аймгийн ??????? сумын Засаг даргын Тамгын газарт өргөдөл гаргасан гэж тайлбарласан хэдий боловч тухайн өргөдлийг Н.Х**** нь гаргажээ. (1-р хх-ийн 124-125)

9. Нэхэмжлэгч Ч.У******* нь Н.Х****ы төрсөн эх болох нь хэрэгт авагдсан CVL2511810ннннннн1296 дугаартай төрөл садангийн лавлагаагаар тогтоогдож байна. (1-р хх-243)

10. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, хууль зүй, дотоод хэргийн сайд, сангийн сайдын хамтарсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаар “Аргачлал батлах тухай тушаал, түүний хавсралтад заасны дагуу тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учирсан хохирлыг тооцох, баримтжуулах чиг үүргийг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хэрэгжүүлэх ба ажлын хэсэг нь хохирол тооцох ажиллагааг хохирогч, эсхүл хохирол учруулсан этгээдийн хүсэлтийг үндэслэн гүйцэтгэхээр зохицуулсан.

11. Төв аймгийн ??????? сумын Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, хууль зүй, дотоод хэргийн сайд, сангийн сайдын хамтарсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаар Аргачлал батлах тухай тушаал, түүний хавсралтад  заасны дагуу тариалангийн талбайд мал орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохиролыг  тооцсон дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлж

            11.1.1. Хавтаст хэргийн 4-5 дугаар талд авагдсан Тариалангийн талбайд мал орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирол тооцсон дүгнэлтээр “...иргэн Ч.У*******ийн байцайны тариалангийн талбайд 2023 оны 9 сарын 18-ний байдлаар малд идүүлсэн байх боломжтой талбайд хэмжилт хийн хохирлыг тооцоолов... нийт хохирол 16,232,141 төгрөг” гэсэн дүгнэлтийг,

            11.1.2. Хавтаст хэргийн 121-123 дугаар талд авагдсан 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Тариалангийн талбайд мал орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирол  тооцсон дүгнэлт, хохирлын хэмжээг

- 2023 оны 08 дүгээр сарын 31-нд малчин С.Ц**********ийн хонь иргэн Ч.У*******ийн 0,8 га байцаа тарьсан хашаатай талбайд орж 0,17 га талбайг идэж сүйтгэж хохирол учруулсан. Ажлын хэсгийн дүгнэлтээр малчин С.Ц**********ийн тариаланчид учруулсан хохирлын хэмжээг 5,875,200 (таван сая найман зуун далан таван хоёр зуу) төгрөгөөр тогтоов.

- 2023 оны 08 дугээр сарын 17-нд малчин С.Э**********ын 20 тооны үхэр ирган Ч.У*******ийн 0,8га байцаа тарьсан хашаатай талбайд орж 0,3 га талбайг идэж сүйтгэж хохирол учруулсан. Ажлын хэсгийн дүгнэлтээр малчин С.Э**********ын тариаланчид учруулсан хохирлын хэмжээг 10,368,000 (арван сая гурван зуун жаран найман мянга) төгрөгөөр тогтоов.” гэж тус тус  гаргасан байна.

11.2. Улмаар нэхэмжлэгч Ч.У******* нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Тариалангийн талбайд мал орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл, эрхлэгчид учруулсан хохирлын хэмжээг тооцсон дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолсон баримт гэж тодорхойлсон ажлын хэсгийн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж дүгнэв.

12. Хариуцагч С.Э********** нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа “... манай 9 тооны үхэр орсон байсныг 20 иод үхэр орсон гэж худал хэлж...” гэж,

Хариуцач С.Ц********** нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа “... манай мал тариалангийн талбай руу олон удаа орж байгаагүй...” гэсэн хариу тайлбаруудыг өгсөн бөгөөд хариуцагч нарын мал нэхэмжлэгч Ч.У*******ийн тариалангийн талбайд орсон талаар маргадаггүй байна.

13. Мөн Тариалангийн талбайд учирсан хохирлын хэмжээ тогтоосон хүснэгтэд “тариалат хийсэн 0.8 га”, “хашаалсан талбай 0.2 га” гэж бичигдсэн байдал хэрэгт авагдсан гэрэл зураг, нэхэмжлэгч, хариуцагч болон гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Ч.У*******ийн тариалангийн талбайн хашаажуулалт бүрэн хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

14. Харин ??????? сумын ажлын хэсэг иргэний өргөдлийн дагуу тариалангийн талбайд учирсан хохирлыг тооцон дүгнэлт гаргахдаа дээрх 3 сайдын хамтарсан тушаалаар батлагдсан "Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлал"-д заасан хугацааг баримтлаагүй, мөн тариалан эрхлэгчид учирсан хохирлыг нийт дүнгээр нэгтгэн дүгнэж, дараа нь дүгнэлтийг малчин тус бүрээр дахин гаргасан нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн гэм хорын хохирлоо шаардах эрхийг хөндөхгүй юм.

15. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж заасан.

15.1. Нэхэмжлэгч Ч.У*******ийн тариалангийн талбайд хариуцагч С.Ц********** хориод тооны үхэр, С.Э**********ын хонь, ямаа орсон болох нь хэрэгт авагдсан гэрэл зураг болон гэрч нарын мэдүүлэг, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Тариалангийн талбайд мал орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл, эрхлэгчид учруулсан хохирлын хэмжээг тооцсон дүгнэлт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул дээрх зүйлд заасны дагуу хариуцагч нар нь нэхэмжлэгчийн тариалангийн талбайд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

15.2. Мөн хариуцагч нар нь ажлын хэсгийн дүгнэлт гарсныг мэдээгүй гэж шүүх хуралдаанд тайлбарладаг ба нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Тариалангийн талбайд мал орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл, эрхлэгчид учруулсан хохирлын хэмжээг тооцсон дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргаж өгсөн ба хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ажлын хэсгийн дүгнэлтийг мэдээгүй гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.

15.3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, хууль зүй, дотоод хэргийн сайд, сангийн сайдын хамтарсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаар Аргачлал батлах тухай тушаал, түүний хавсралтын 4.2-т “Ажлын хэсгийн дүгнэлтийг талууд эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд хандах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч нар нь дүгнэлттэй холбоотой шүүхэд хандаагүй байна.

15.4. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл, тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй ба өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

16. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.У*******ийн тариалангийн талбайд учирсан гэм хорын хохиролыг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Тариалангийн талбайд мал орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл, эрхлэгчид учруулсан хохирлын хэмжээг тооцсон дүгнэлтэд заасны дагуу гаргуулах нь зүйтэй байна.

Мөн Гэрч Н.О***гийн “... 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн орой 22 цагийн үед Ч.У******* эгчийн хүү над руу залгасан... Энхбатын 30 гаруй тооны үхэр байна. Манай байцайны талбайд дахиад орсон байна..... би малыг нь хашсан байна гэж надад хэлсэн. Энхбат ах үхрээ авахаар ирсэн байна. Одоо би яах ёстой вэ гэж надаас асууж Н.Х**** ярьсан. малыг нь өгөөд явуулчих гэж хэлсэн. Гаргаж явахад нь утсан дээрээ бичлэг хийж баталгаажуулж авч үлдээрэй гэж хэлсэн. Утсаар Энхбат ахтай ярихдаа танай үхэр мөн бол та үхрээ аваад яв. Харин маргааш наад залуутайгаа хамт Тамгын газар дээр хүрээд ир, заавал шүүх, цагдаа гэж байхаар эндээ асуудлаа шийдвэл дээр байна шүү гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн зэргээр нэхэмжлэгчийн тариалангийн талбайд хариуцагч нарын мал орсон үйл баримт тогтоогдож байна.

17. Нэхэмжлэгчийн тариалангийн талбайн хашаалсан байдал нь гэм хор учрах болсон шалтгаанд хамаарч байх тул уг нөхцөл байдлыг харгалзан хариуцагч нарын хариуцах гэм хорын хэмжээг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасны дагуу багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

17.1. Учир нь хариуцагч нарын шүүхэд гаргасан хариу тайлбар болон хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, гэрэл зураг зэргээр нэхэмжлэгч Ч.У******* нь Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т “өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах” гэж заасан үүргээ биелээгүйн улмаас буюу нэхэмжлэгчийн өөрийн болгоомжгүй үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгчид гэм хор учирсан гэх хариуцагчийн хариу тайлбар үндэслэлтэй байх тул дээрх хуульд заасны дагуу гэм хорын хохирлыг хэмжээг багасгаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

18. Иймд хариуцагч С.Ц**********оос 2,705,357 төгрөгийг, хариуцагч С.Э**********аас 5,184,000 төгрөгийг, хариуцагч нараас нийт 7,889,357 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.У*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,342,487 /С.Ц**********оос 5,410,714 төгрөг, С.Э**********аас 10,368,000 төгрөгийн 50 хувь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

19. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч С.Ц**********оос 5,410,714 төгрөгийг, хариуцагч С.Э**********аас 10,368,000 төгрөгийг тус тус гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч С.Э**********аас 5,637,427 төгрөгийг, хариуцагч С.Ц**********оос 2,705,357 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,342,487 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

20. Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-т зааснаар тухайн хэрэгт иргэдийн төлөөлөгч Ц.Амар, А.Давааням нар сонгогдсон ба шүүх хуралдаанд оролцож, бичгээр дүгнэлт гаргаж түүнийг уншиж сонсгосон.

20.1. Иргэдийн төлөөлөгч Ц.Амар нь шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Тариаланч тороо чанга, шигүү хийх ёстой. Ургамалд учирсан хохирлийг бүрэн барагдуулж болох юм. Эсвэл хоорондоо тохиролц” гэжээ.

20.2. Иргэдийн төлөөлөгч А.Давааням нь шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “С.Э**********, С.Ц********** хоёр хүний нэхэмжлэлийн төлөх нь зүйтэй гэж бодож байна” гэжээ.

21. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.У*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,111 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ц**********оос 58,236 төгрөг, хариуцагч С.Э**********аас 97,894 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулж нэхэмжлэгч Ч.У*******т олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч С.Ц**********оос 2,705,357 төгрөгийг, хариуцагч С.Э**********аас 5,184,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.У*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,889,357 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.У*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,111 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ц**********оос 58,236 төгрөг, хариуцагч С.Э**********аас 97,894 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулж нэхэмжлэгч Ч.У*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Тев аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ш.ГАНДАНСҮРЭН

 

      ШҮҮГЧИД                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

  Б.ТҮВШИНЖАРГАЛ