Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00818

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00818

 

 

А.И - ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/00505 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.И - ХХК-ийн хариуцагч Т.Л д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д , хариуцагчийн өмгөөлөгч С.Батцэрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О , Э.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.И - ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.И - ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Ти Ди Өргөө констракшн ХХК-тай 2016/15 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт гэрээг тус тус байгуулж, гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувийг бэлэн мөнгөөр, 80 хувийг орон сууцаар бартераар төлөхөөр тохиролцсон. 2018 онд нийт 4 ширхэг орон сууцыг Ти Ди Өргөө констракшн ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээр тохиролцож ажлыг гүйцэтгэж дуусч, акт үйлдсэнээр орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр нь шилжүүлэхээр болсон. Гэтэл Ти Ди Өргөө констракшн ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ажлаа хугацаанд нь бүрэн хийж дуусгаагүй тул гэрээг цуцалсан. Үүнтэй холбогдуулан Ти Ди Өргөө констракшн ХХК-д бартераар эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээр тохиролцсон 5 давхрын 27 тоот орон сууцыг (5 давхар, 27 тоот- 44.14 м.кв , 1м.кв 1 650 000 төгрөгөөр тооцох) өөр этгээдэд худалдах гэсэн боловч бидний зөвшөөрөлгүйгээр Т.Л гэх хүнд худалдан төлбөрийг бүрэн авсан байна. Барилгыг манай компани захиалан бариулсан тул орон сууц нь манай компанийн өмч. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Аз жаргал хотхоны А блок буюу 1 дүгээр орцны 5 дугаар давхар, 27 тоот орон сууцыг Т.Л гийн хууль бус эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ти Ди Өргөө констракшн ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж 55 000 000 төгрөгийг бүрэн төлж, орон сууцандаа орсон. 2018 оны 11 дүгээр сард А.И - ХХК-ийн захирал М.Чулуунчимэгтэй уулзаж, худалдан авах гэж байгаа орон сууцны талаар тодруулахад ...Л.Золбаяр захирлын 4 ширхэг бартерийн байр байгаа, ажлын гүйцэтгэл 20 хувьтай явж байгаа, байранд орж болно... гэсэн учир гэрээ байгуулж, мөнгийг бүрэн төлж байрандаа орсон. Иймд нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ти Ди Өргөө констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани А.И - ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 2016-107 дугаар Захиалгаар орон сууц барих тухай гэрээ байгуулж, Аз жаргалан хотхоны 301 дүгээр байрны 44.14 м.кв талбай бүхий 5 давхрын 05-01 тоот орон сууцыг захиалж, улмаар улсын комисс авсны дараагаар орон сууцыг хүлээн авахаар харилцан тохиролцсон. Ийнхүү манай компанийн гүйцэтгэсэн ажлыг улсын комиссоос хүлээн авч гэрээнд заасан орон сууцнуудын өмчлөх эрх үүссэн. А.И - ХХК нь орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгч, орон сууцыг эзэмших эрхийг гэрээ ёсоор олгосон болно.

2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Т.Л д Аз жаргалан хотхоны 301 дүгээр байрны 44.14 м.кв талбай бүхий 5 давхрын 05-01 тоот орон сууцыг 55 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч, төлбөрийг бүрэн авсан. Т.Л нь өнөөдрийг хүртэл тус байранд амьдарч байгаа бөгөөд байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгье гэхээр А.И - ХХК нь гэрээгээр тохироогүй хэт өндөр буюу 107 318 000 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэгч нь манай компанийн гүйцэтгэсэн ажилд зарцуулагдсан 25 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд Т.Л нь тус байрны хууль ёсны эзэмшигч учраас Анд Интернэйшнл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Л шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Ти Ди Өргөө констракшн ХХК-аас Аз жаргал хотхоны А блок буюу 1 дүгээр орцны 5 дугаар давхар, 27 тоот орон сууцыг 55 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож төлбөрийг бүрэн төлсөн. Гэтэл дээрх орон сууц эрхийн доголдолтой байсныг сүүлд мэдсэн ба тухайн үед мэдэх боломжгүй байгаагүй. Иймд орон сууцны шударга эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Ти Ди Өргөө констракшн ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний шаардах эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлээгүй, Т.Л тэй гэрээ байгуулаагүй, түүнээс төлбөр хүлээж аваагүй болно. Ти Ди Өргөө констракшн ХХК, Т.Л нарын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул орон сууцыг Т.Л хууль ёсоор эзэмших эрхтэй этгээд биш.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ти Ди Өргөө констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Т.Л д холбогдох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Аз жаргал хотхоны А блок байрны 1 дүгээр орц, 5 давхрын 27 тоот орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай А.И - ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Аз жаргал хотхоны А блок байрны 1 дүгээр орц, 5 давхрын 27 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай Т.Л гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 522 200 төгрөгөөс 522 105 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлөгдсөн 95 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал давж заалдах гомдолдоо: Шүүх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээ, нотлох баримтад тулгуурлан гагцхүү хуульд заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох нь зөвхөн нэхэмжлэгчид хуулиар тусгайлан олгосон эрх юм. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус эзэмшлээс өөрийн өмч хөрөнгийг чөлөөлүүлэхийг шаардсан бөгөөд уг шаардлага нь гуравдагч этгээдтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, орон сууц захиалгын гэрээний үүргийн биелэлт, маргаанаас тусдаа шийдвэрлэгдэх ёстой.

Хэрэгт авагдсан баримт, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхтэй этгээд нь А.И - ХХК болох нь тодорхой байгаа бөгөөд талуудын хооронд хуульд зааснаар эсхүл гэрээний дагуу эрх зүйн харилцаа үүсээгүй, орон сууцыг шилжүүлэн авах талаар шаардах эрх үүсээгүй, шаардах эрхийг шилжүүлсэн талаар хууль ёсны баримт, нотолгоогүй байхад нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас гадуур, хамааралгүй асуудал болох гуравдагч этгээд Ти Ди Өргөө констракшн ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үйл баримтыг хамтатган дүгнэн өмчлөх эрхийг тодорхойлох шаардлагатай гэсэн нь үндэслэлгүй, буруу байна.

Ажил гүйцэтгэх гэрээний маргаан нь гэрээний эрх, үүрэг хариуцлага тусгаарлагдах зарчмын дагуу тусдаа шийдвэрлэгдэх маргаан байна. Гэтэл шүүхээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээж аваагүй атлаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг үндэслэн гэрээний үүргийн талаар дүгнэлт гаргасан нь ноцтой алдаа юм.

Нэхэмжлэгч тухайн барилга буюу маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг улсын буртгэлд бүртгүүлээгүй боловч өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхтэй болох нь зохигчдын тайлбар, Улсын комиссын акт, Ажил гүйцэтгэх гэрээ-ний зэрэг нотлох баримтаар хангалттай тодорхой харагдаж байна. Түүнчлэн, нэхэмжлэгчид тухайн орон сууцыг өмчлөх, эзэмших, ашиглах хууль ёсны эрх үүсээгүй байхад өөр этгээдэд шилжүүлсэн, түүнчлэн хуульд заасан хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хариуцагч этгээдийг маргаан бүхий орон сууцанд нэвтрүүлсэн байгаа нь мөн нэхэмжлэгчээс өгсөн албан бичиг, шаардлага, мэдэгдлүүд зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн, үндэслэлгүй, хэргийн үйл баримт, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч А.И - ХХК нь хариуцагч Т.Л д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

А.И - ХХК болон Ти ди өргөө констракшн ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 2016/15 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, мөн оны 7 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан гүйцэтгэгч А.И - ХХК нь барилгын дотор цахилгаан угсралт, газардуулга аянга зайлуулагч, холбоо дохиолол, домофон систем дохиолол хамгаалалт, галын дохиолол угсралтын ажил хийх, захиалагч Ти ди өргөө констракшн ХХК нь 65 809 758 төгрөгийг бэлнээр, 274 147 500 төгрөгийг байраар буюу Аз жаргал хотхоны А блокын 5,6 дугаар давхарын 4 орон сууцыг шилжүүлэх, зөрүү 16 268 000 төгрөгийг дараагийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөөс хасаж тооцуулахаар үүргийг тус тус хүлээсэн байна.

Улмаар талууд 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Захиалгаар орон сууц барих тухай 2016-107 тоот гэрээг байгуулж, гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд барилгыг барьж, захиалагч нь 72 831 000 төгрөгийн үнэ бүхий Азжаргал хотхоны 301 дүгээр байр, А блокийн 5 давхарт байрлах 05-01 тоотод байрлах 44.14 м.кв талбай бүхий орон сууцны төлбөрийг бүрэн төлсөнөөр өмчлөх эрхийг авахаар харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон сууцыг захиалан бариулсан учир өмчлөгч гэж тайлбарлажээ. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч А.И - ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд захиалагчаар оролцсоныг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх гэж үзэх үндэслэл болохгүй.

Нөгөөтэйгүүр 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Т.Л нь гуравдагч этгээд Ти ди өргөө констракшн ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулан маргаан бүхий Азжаргал хотхоны 301 дүгээр байр, А блокийн 5 давхарт байрлах 05-01 тоотод байрлах 44.14 м.кв талбай бүхий орон сууцыг 55 000 000 төгрөгөөр худалдан авсан болох нь хэрэгт авагдсан хэлцэл, төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна. /хх83-85/

Хэргийн 98 дугаар талд авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгээс үзвэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, талууд дээрх ажил гүйцэтгэх гэрээнүүдийг дүгнээгүй, маргаантай байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч А.И - ХХК-ийн өмч, хариуцагч Т.Л г үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2020/00505 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 522 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ч.ЦЭНД