| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2412000000037 |
| Дугаар | 2025/ДШМ/45 |
| Огноо | 2025-09-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/45
Б.Нт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Б.Тулга
Хохирогч: Ц.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүгдэгч: Б.Н
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Нт холбогдох 2412000000037 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, ээж, дүүгийн хамт А аймгийн Ц сумын А багийн Ө гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 520.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Х овогт Бийн Н/РД:0000000/
Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 03-нд А аймгийн Э сумын 3 дугаар баг “Н” бааранд хохирогч Т өөрийн эзэмшлийн виза картыг хаяж гээгдүүлсэн нөхцөл байдлыг ашиглан тухайн картаас 1.400.000 төгрөг авч завшсан,
2024 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 0 дүгээр багт хохирогч Ц.Цийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт эзэмшигчийн зөвшөөрөлгүй хана, эсгий зэргийг эвдэж, нэвтрэн тэжээлийн өвсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 587.000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 0-р багт байрлах “Б" зочид буудлын 0 тоот өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Самсунг Галакси А-21 эс, Самсунг Галакси А-31 маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ч.Дд 490.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Б.Нт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/265 дугаартай шийтгэх тогтоолд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар А аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нт холбогдуулан Ц.Цийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 587.000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тус хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Шүүгдэгч Х овогт Бийн Ныг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нын цагдан хоригдсон 77/далан долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2025 оны 06 дугаар 18-ны өдрөөс эхлэн тоолж, Шүүгдэгч Б.Н нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал давж заалдах гомдолдоо ... Шүүгдэгч Б.Ныг байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай байр буюу Б зочид буудлын өрөөнд хууль бусаар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр сэм нэвтрэн бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна ... гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт цугласан болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтыг анхан шатны шүүх зөрүүгүй гэж дүгнэж байгаа талаар шийтгэх тогтоолд дурджээ. Гэтэл хавтаст хэрэгт цугласан нотлох баримт үүн дотор 2024 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнийн “ Б” зочид буудлын хяналтын камерын бичлэг, эд мөрийн баримт, Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ын 25 хуудас/хохирогч Ч.Дын мэдүүлэг /ХХ-ын 12-14 хуудас, гэрч Ч.Эгийн мэдүүлэг/ХХ-ын 17-19/зэрэг баримтаас дүгнэхэд тухайн 2024 оны 01 сарын 13-14-нд шилжих шөнийн 03 цагаас эхлүүлэн шүүгдэгч Б.Н, хохирогч Ч.Д, гэрч Ч.Э нар танилцан өрөө дамжин орж гаран согтууруулах ундааны зүйл хэрэглэн яриа өрнүүлсэн үйл баримт тогтоогддог. Мөн 2025 оны 06 сарын 18-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Ч.Д цахимаар оролцон мэдүүлэг өгсөн бөгөөд шүүх хуралдааны явцад мэдүүлэг өгөхдөө ... шөнө 3 цагийн үед Б.Нтой танилцан пиво ууцгаан ярилцсан. Шөнө манай өрөөнд Б.Н ганцаараа орж ирээгүй, нэг залуутай хамт орж ирсэн..., өглөө өрөөгөөр ороод гарах үед нь би унтаж байсан, би шөнө утсаа алдсан уу, өглөө алдсан уу гэдгээ мэдэхгүй байгаа гэж мэдүүлдэг. Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдалд ноцтой нөлөөлөх шинж чанарыг харгалзан үзэж хууль бус нэвтрэлт тогтоогдсон гэж үзэж буй бол шүүх энэ талаарх тайлбар, үндэслэлийг тогтоолд заавал тусгаж байх ёстой. Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах үндэслэл болох талаар УДШ-ийн 2019.10.30-ний өдрийн 570 дугаартай тогтоолд заасан. Хохирогч Ч.Дын шүүгдэгч Б.Ныг танихгүй, төрөл садан 5олон найз нөхдийн харилцаа холбоо байхгүй гэх мэдүүлгийг үндэслэн Анхан шатны шүүх дүгнэхдээ шүүгдэгч Б.Ныг 2024 оны 01 дүгээр сарын 13-14ныг шилжих шөнө “ Б”зочид буудлын 30 тоот өрөөнд сэм нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Гэтэл хохирогчийн өгөөд байгаа мэдүүлгээр гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн болон хэн үйлдсэн болох талаар эргэлзээ үүсэж болохоор нөхцөл байдал үүсээд байна. ӨХ: ЭХХШТХ-ын 16.2-р зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байна. Мөн хохирогч болон гэрч нар хэн аль нь тухайн шөнө шүүгдэгчтэй танилцан тухайн үйл явдлаас үүдэн өрөөнд орж ирэхэд нь хориглоогүй, ямар нэг байдлаар өрөөнд нэвтэрч орж ирэхийг зөвшөөрөөгүй байдал тогтоогдоогүй, тухайн өрөөний үүд хаалган дээр нэвтрэхийг хориглосон ямар нэг тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй, хориг саадыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байтал түүнийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж дүгнэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэхээр хуульчилсныг үндэслэн шүүгдэгч Б.Нын 2024 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 2-р багт байрлах “Б” зочид буудлын 30 тоот өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлан хохирогч Ч.Дд 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд сэм нэвтэрсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилснийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү, хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй гэж үзэх тохиолдолд шүүгдэгч Б.Нын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол төлбөрөө бүрэн төлж, гэм буруугаа хүлээсэн, түүний ар гэр болон өөрийнх нь эрүүл мэндийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 2 хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1,2, 3, 4 дахь заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү ... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Гаргасан гомдол нь хохирогч Ц.Цтой холбоотой биш. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв үнэлж, дүгнэсэн гэж ойлгож байгаа. Мэдээгүй гэдгээ хохирогч илэрхийлээд байхад үүнийг өмгөөлөгч чи мэдэж байх ёстой гэж тулгах ёсгүй. Хохирогч өөрийн биеэр ирээгүй ч гэсэн цахимаар шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон. Тэр үедээ чи яаж мэдсэн гэхэд хяналтын камераас харахад энэ хүн ороод гарсан байна гэж мэдсэн гэж байгаа. Энэ бол бүрэн хангалттай, мэдээж авсан уу авсан, хохирогч орохыг зөвшөөрөхгүй юм байна, зөвшөөрөөгүй байхад Б.Н нэвтрэх эрхгүй байсан. Энэ үйл явдал тогтоогдсон. Энэ дээр маргаж, мэтгэлцээд байх зүйл алга байна. Ийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
Хохирогч Ц.Ц давж заалдах шатны шүүх хуралд гаргасан саналдаа ... Байхгүй гэв
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... 2025.06.18-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч Б.Нын үйлдлийн хохирогч Ч.Дд учруулсан 490.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн орон байранд нэвтрэлтэй эсэх мөн үгүйг нэгэнт давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах учраас нэвтрэлтэй эсэх үйлдэл нотлогдох, үгүй эсэх дээр дүгнэлт хийж шийдвэрлэж өгнө үү. Хэрвээ түүний тухайн үйлдэл нь нэвтрэлтэй үйлдэл мөн гэх тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6, 7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэж шийдвэрлэж өгнө үү. Түүний ар гэрийн байдал, өөрийн биеийн байдал, хэргийн шинж, мөн хохирол төлбөр төлөгдсөн, хор уршиг бүрэн арилсан байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Б.Нын 2024 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 1 дүгээр багт хохирогч Ц.Цийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт эзэмшигчийн зөвшөөрөлгүй хана, эсгий зэргийг эвдэж, нэвтрэн тэжээлийн өвсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 587.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, түүнийг гэм буруутай гэж үзэх нотлох баримт хангалтгүй байх ба энэ талаар хийсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 03-нд А аймгийн Э сумын 3 дугаар баг “Н” бааранд хохирогч Т өөрийн эзэмшлийн виза картыг хаяж гээгдүүлсэн нөхцөл байдлыг ашиглан тухайн картаас 1.400.000 төгрөг авсан, 2024 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 2-р багт байрлах “Б" зочид буудлын 30 тоот өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох Самсунг Галакси А-21 эс, Самсунг Галакси А-31 маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ч.Дд 490.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хохирогч Тийн ... Миний картнаас авсан 1.400.000 төгрөгийг эргүүлэн авах юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг, гэрч Тын ... Т нь манай төрсөн ах байгаа юм. Э суманд ээжийн хамт хоёулаа амьдардаг. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны орой Н бааранд үйлчлүүлж байгаад өөрийн эзэмшлийн хаан банкны картаа алдаж данснаасаа 1.400.000 төгрөг алдсан ... гэсэн мэдүүлэг, хохирогч Ч.Дын ... 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тэмцээндээ оролцчихоод А аймагт үйл ажиллагаа явуулдаг “Б” нэртэй буудалд байрлахаар 20 цагийн үед очсон. Тэгээд тус буудлын 30 тоот өрөөнд байрлаад байж байтал шөнийн 03 цагийн үед Ц сумын харьяат нэрийг Б.Н гэсэн байх аа тийм залуу манай өрөөнд орж ирээд юм ярьж байж байгаад удаагүй гараад явсан. Тэгтэл нутгийн ах Энхтайван бид хоёрыг өрөөндөө унтаж байхад уг залуу өглөөний 08 цагийн үед дахин орж ирсэн. Тэгээд уг залууг гараад явсны дараа утсаа хартал гар утас маань байхгүй болсон байсан. Би алдсан гэх самсунг галакси А-21 эс маркийн гар утсыг 2023 оны 08 дугаар сард Улаанбаатараас 300.000 төгрөгөөр, самсунг галакси А-31 маркийн гар утсаа 2023 оны 06 дугаар сард Улаанбаатараас 400.000 төгрөгөөр тус тус худалдан авсан. Самсунг галакси А-21 эс маркийн гар утас нь улаан өнгөтэй, кейсгүй байсан, самсунг галакси А-31 маркийн гар утас нь хар өнгийн мөн хар өнгийн кейстэй байсан. Би самсунг галакси А-21 маркийн гар утсаа 200.000 төгрөгөөр үнэлж байна. Самсунг галакси А-31 маркийн гар утсаа авсан үнээр нь буюу 400.000 төгрөгөөр үнэлж байна. Самсунг галакси А-21 маркийн гар утсанд скайтелын 000000 самсунг галакси А-31 маркийн гар утсанд юнителийн 000000 дугаарын сим картууд ашиглагдаж байсан. Би алдсан гэх гар утаснуудынхаа имей кодыг мэдэхгүй. Самсунг галакси А-21 маркийн гар утас нь ширээн дээр, самсунг галакси А-31 маркийн гар утас нь миний унтаж байсан орон дээр байсан. Ц сумын харьяат Б.Н гэх залууг сэжиглэж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Н.А ... 2024 оны 01 дүгээр сарын 12, 13-ны өдөр Ч.Д, Ч.Э гэх хоёр залуу манай буудалд 30 тоот өрөөнд байрласан. Тэгээд уг хоёр залуу Эрдэнэмандал сумаас өвлийн фестивалийн мөсөн шагайн харвааны тэмцээнд оролцохоор ирсэн гэж ярьж байсан. 2024 оны 01 дүгээр сарын 13-ны оройн 20 цагийн үед тэмцээнээсээ ирж өрөөндөө орж хоносон. 14-ний өглөө нэг залуу нь над дээр ирэн хоёр гар утас байсан алга болсон байна камер шүүгээд өгөөч хэмээн хэлсэн. Тэгээд би камер шүүж өгтөл 2024 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 03 цаг 30 минутын үед нэгэн залуу, хоёр залуугийн байрлаж байгаа өрөө рүү ороод гарч байгаа харагдсан тэгээд ахин камерын бичлэг шүүтэл 03 цаг 30 минутын үед өрөө рүү орсон залуу 08 цагийн үед мөн тухайн 2 залуугийн байрласан өрөө рүү ороод гарсан байсан ... гэсэн мэдүүлэг, Д ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0-0 дугаартай, Д ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0-0 дугаартай дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Б.Нын үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын хувьд түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.
Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ... хохирогч болон гэрч нар хэн аль нь тухайн шөнө шүүгдэгчтэй танилцан тухайн үйл явдлаас үүдэн өрөөнд орж ирэхэд нь хориглоогүй, ямар нэг байдлаар өрөөнд нэвтэрч орж ирэхийг зөвшөөрөөгүй байдал тогтоогдоогүй, тухайн өрөөний үүд хаалган дээр нэвтрэхийг хориглосон ямар нэг тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй, хориг саадыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байтал түүнийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон гэж дүгнэж байна ... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Хохирогч буудлын өрөөний төлбөрийг төлж, улмаар түлхүүр хүлээн авснаас эхлэн тухайн өрөөний эзэмшигч болох бөгөөд хохирогчийн өрөөний халдашгүй байдал хуулиар хамгаалагдаж, түүний зөвшөөрөлгүй тухайн өрөөнд хэн нэгэн этгээд нэвтрэхийг хуулиар хориглосон байхад шүүгдэгч Б.Н нь эзэмшигчийн зөвшөөрөлгүй буудлын өрөөнд хууль бусаар нэвтэрч, улмаар түүний эд хөрөнгийг нууцаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэг тохирсон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.Ц нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсан болох нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардуулан өгсөн баримтаар тогтоогдож байгаа болно.
Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх хугацаанд шүүгдэгч Б.Н 77 хоног цагдан хоригдсон тул түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нын цагдан хоригдсон 77 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,
эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Д.БАЙГАЛМА г х