Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/46

 

2025/ДШМ/46

 

 

        

Э.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Т.Алтанзул

Хохирогч: Л.Ж

Яллагдагчийн өмгөөлөгч: Д.Жаргал

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 2025/ШЗ/739 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан хохирогч Л.Ж давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэл зэргийг үндэслэн яллагдагч Э.Эт холбогдох 1912005280137 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт А аймгийн Э сумын И баг, Б гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овгийн Эийн Э /РД: 00000000000\

      Яллагдагч Э.Э нь 2016 оноос 2017 оны хооронд А аймгийн Э сумын И багийн Б гэх газар оршин суух иргэн Л.Ж 457 тооны үхэр, адуу буюу олон тооны малыг завшиж 324.550.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан буюу бусдын олон тооны малыг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  А аймгийн Прокурорын газраас Э.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

  А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/739 дугаартай шүүгчийн захирамжинд: А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Эийн Эт холбогдох 1912005280137 дугаартай эрүүгийн хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор, оролцогч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.

            Хохирогч Л.Ж давж заалдах гомдолдоо ... А аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн үеэр яллагдагч Э.Эийн өмгөөлөгч Д.Жын шинээр нотлох баримт гэж өгсөн материалыг уншиж үзэхэд шүүхийн байгууллагад хуурамч материал өгч байгаад гайхаж байна. Иргэн Н.Э 2012 оны 12 сарын 07-нд хавтас 6, хуудас 179-д бүгд 1356 толгой мал тоолуулсан гэх Үүнд: адуу 105 толгой, үхэр 131 толгой, хонь 1008 толгой, ямаа 112 толгой мал тоолуулсан тухай албан бланкан дээр хуурамчаар бичиж баримт болгон өгсөн байна. Гэтэл 2012 оны улсын мал тооллогоор Н.Э нь адуу 3 толгой, хонь 48 толгой, ямаа 12 толгой бүгд 63 толгой мал тоолуулжээ. Хавтас 6, хуудас 180, 2013 оны 12 сарын 08-нд Н.Э адуу 151 толгой, үхэр 179 толгой, хонь 1198 толгой, ямаа 674 толгой бүгд 2202 толгой мал тоологдсон баримт өгсөн. Гэтэл 2023 онд адуу 8 толгой, Н.Э дээр тоологдсон 2016 оны 12 сарын 08-нд хавтас 6 хуудас 180 Н.Э адуу 260 толгой, үхэр 251 толгой, хонь 3119 толгой, ямаа 1815 толгой бүгд 54465 толгой тоологдсон гэх гэтэл 2016 онд адуу 4 толгой, хонь 60 толгой, ямаа 20 толгой бүгд 84 толгой мал тоологдсон. 2018 оны 12 сарын 08-нд адуу 281 толгой, үхэр 118 толгой, хонь 3340 толгой, ямаа 3580 толгой бүгд 7319 толгой мал тоологдсон гэж бичжээ. Гэтэл 2018 онд хонь 250 толгой, ямаа 150 толгой бог мал тоолуулсан байна. Энэ нь улсын архивын тасгийн тодорхойлолт болон багийн засаг даргын тодорхойлолтоор баримтаар хуурамч болох нь нотлогдоно. Баримтын хавсаргав. Дараагийн баримт дээр Э.Эийг  миний бие сургуулиас завсарлуулж мал маллуулж байсан тухай бичсэн байна. Яллагдагч Э.Эийн эцэг эх байнгын хэрүүл, маргаантай, гэр бүлийн тогтворгүй байдалтай байсан. Мөн аав Н.Э нь салаад Д хот руу хуучин эхнэр, хүүхэд рүүгээ явсан зэрэг нь хүүхэд сургууль завсардахад нөлөөлсөн. Энэ байдлаас болж Э.Эийн хүмүүжил, зан харьцаа өөрчлөгдсөн. Эцэг эхээ харааж зодох эмээ, өвөөгөө зодох мөн ахтайгаа нийлж намайг калибрь буу гаргаж буудах гэж байсан. Харсан хүн баримт бий. Ер нь хутаг мэс гаргах, тархи толгой хагла ердийн үзэгдэл. Миний тухыг хагалсан одоо ч сорив нь байна. Гэр бүл эхнэр хүүхдээсээ нууж байгаад хөдөө эдгээсэн. Ер нь аймаг дээр батраамд нь хийсэн надад хууль үйлчлэхгүй нэг гомдол гаргаад нэг хоёр жил хойшлуулж чадна хэргийг гэж ярьдаг. Гэрчийн мэдүүлэг дээр байгаа хавтас 6, хуудас 65-70. Миний өөрийн малчин Б, Э, Э нартай хамт амьдарч байгаад амиа хорлосон байдалтай нас барсан. Хохирогч талд нь 24 сая төгрөг өгсөн гэсэн. Энэ 7 жилийн хугацаанд миний өмч болох малаас онц их хэмжээгээр зарж борлуулж байгаа. Энэ тухай өөрийн өгсөн мэдүүлэгт байгаа. Хавтас 6, хуудас 118-120 2023 онд адуу 9толгой, үхэр 6 толгой бүгд 15 толгой бод мал 0-0 машинд ачиж Улаанбаатарт очиж борлуулсан байдаг. Утас: 80785006. 2024 онд хавтас 6, хуудас 120, 10 сард сарлаг 6 толгой, адуу 2 толгой бүгд 8 толгой бод мал зарж борлуулсан. Иргэн Чийн мэдүүлэг. 2024 оны 7 сард хавтас 6, хуудас 122Э.Эийн мэдүүлэгт 47 тооны нас насны адууг 41.750.000 төгрөгөөр Э сумын ченж П.Д гэдэг хүнд зарж борлуулсан тухай олон тооны баримт мэдүүлэг байна. Мөн зах зээлд 150 саяас дээш үнэтэй 99110944 дугаарыг худалдаж авч 2 жил бариад эргүүлж зарсан байна. Олон тооны үхэр сүрэг адууг зарсан. 2023 оны 10 сарын 21-нд 0-0 Д жолооч утас: 80181486, Э.Э 99110944 хавтас 5 хуудас 227, хавтас 5,  хуудас 018-019 Н.Эрд нь эхнэрээ  салахдаа амьдарч байсан гэр, орон бүх малаа зарсан. Ах дүү төрсөн ээждээ өгсөн. Миний ах Л.Т бид хоёр таван хантай гэрээ эхнэр хүүхэд нь авч барьж өгсөн.Энэ тухай гэрч нарын мэдүүлэг хавтаст 6, хуудас 65, У.Ганхуяг, хуудас  70, Ю.Б  нарын мэдүүлэг, Мөн И  багийн иргэн Ч, Б, О, Ц, Л.Т нарын хавтас 3, мэдүүлэгт дурдсанаар Намайг 7 жил шалгасан. Хавтаст хэрэгт бүх материалаа өгсөн. Гар бичмэл хүртэл авсан. Бодит үнэнийг өгсөн гэж боддог. Хавтаст хэрэгт цагдаагийн мөрдөгч нар шаардаж авч баримтжуулсан байхад  дахин өмгөөлөгч Д.Жаргалан шаардаж байсан. Хохирогч Л.Ж 2016, 2017 оны А дансыг журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлэх шаардлагатай гэсэн. Хавтас 5, хуудас 73-193 хооронд миний 1995-2017 оны бүх А данс А аймгийн архиваас  олгосон лавлагаа байгаа. Тухайн жилийн малын тоо, өмнөх жилийн малыг тоо,  орлого, зарлага бичигддэг.Малчин хүний паспорт юм. Улс жилд ганц удаа 12 сард  албан ёсоор тоолдог хувь хүн тухайн жилийн 6 сарын 01-нд шинэ төл малаа авч, орлого зарлага гаргадаг. Хавтас 4, хуудас 161-166 малчин Ж Ш.Б, Ш.Б нар миний малыг маллагдаг байсан. Бид нарын хооронд маргаантай асуудал байхгүй. Бүх мал А дансаар надад над дээр тоолгодог. Малчид цалин урамшуулал авдаг. Өөрийн нутаг өвөлжөө, хаваржаандаа маллагдаг байсан. Хуучин цагийн нэгдлийн малчин шиг. Сумандаа 1995 оноос анхны малчинтай айл манайх айл байсан. Хохирогч Л.Ж мэдүүлэгтээ 2016 оноос Э сумаас мал мах бэлтгэн боловсруулаагүй гэсэн хавтас 5, худаас 154 гэжээ.  Төв аймгийн Баяннуурт малтай байсан тухай мэдүүлэг өгсөн юуны буруу байна. Хувийн өмчөө худалдан борлуулах нь тухай хүний асуудал байх. Гэхдээ тухайн орон нутагт бүртгэлтэй 6 сараас дээш оршин суусан хүнд А данс нээж малыг  нь тоолдог.  Тухайн жилийн 12 сараас хойш дараа жилийн 12 сар хүртэл хугацаанд монгол улсын аль ч аймаг, сум, багт мал эмнэлгийн болон гарал үүслийн бичгээр зах зээлд худалдан боловсруулж болдог.  Би энэ зарчмаар мал худалдаж боловсруулдаг. Улсын их хурлын тогтоол болон Засгийн гарын тогтоолоор малчдад / мал бүхий иргэдэд/ хонинд ноосны урамшуулал, ямаанд ноолуурын урамшуулал өгдөг.  Үхэр адуунд урамшуулал байдаггүй. Хонины ноосонд өгөхөө больсон. Сүүлийн жилүүдэд. Долоон жилийн хугацаанд хангалттай мөрдөн шалгах ажиллагаа хийлээ. Миний өөрийн хувийн гар бичмэл малын тоо баримтуудыг авч хавтаст хэрэгт авсан. Санхүүгийн байдлаас болж өмгөөлөгч авч чадахгүй байгаа тул миний эхнэр Д.Энхмааг гэрчээр оролцуулж үг хэлэх боломжоор хангаж өгнө үү. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/739 дугаартай захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү ... гэжээ.

            Прокурор эсэргүүцэлдээ ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Малын А дансыг багийн засаг дарга тодорхойлж холбогдох баримтыг гаргаж өгөх бөгөөд багийн засаг даргын тодорхойлолт нь малын А дансны үнэн зөвийг илэрхийлж байгаа болно. Иймд тухайн дансыг дахин гаргуулан авч хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулах шаардлагагүй гэж үзлээ. Мөн архивын тооллогын баримт малын А дансыг хохирогч Л.Ж адуу, үхрийг хариуцан малладаг байсан малчин Б нь нас барсан бөгөөд түүний малыг хэрхэн яаж тоолуулдаг байсныг одоо түүнээс гэрчийн мэдүүлэг авах боломжгүй юм. Харин хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн иргэн Ж, Ш.Б, Ш.Б нараас хохирогч Л.Жыг малаа тооллогод хэрхэн яаж тоолуулдаг байсныг шүүх хуралдааны явцад гэрчээр оролцуулж асуух тодруулах бүрэн боломжтой болно. Хохирогч Л.Ж, шүүгдэгч Э.Э нар нь УИХ-ын тогтоол болон Засгийн газрын тогтоолоор малчдад /мал бүхий иргэдэд/ үзүүлж байсан хөнгөлөлт, урамшуулалд хамрагдаж байсан эсэх асуудал нь хэргийн бодит байдалд нөлөөлөхгүй, зайлшгүй хийх шаардлагатай ажиллагаа гэж үзэхгүй байна. Хохирогч Л.Ж өөрийн нэр дээр Төв аймгийн Баяннуур суманд мал тоолуулж байсан эсэх асуудлыг тодруулах нь хэргийн үйл баримтайд ач холбогдолгүй, хэрэгт хамааралгүй, энэ талаар хохирогчоос шүүх хуралдааны явцад тодруулах боломжтой байх тул нэмж хийх мөрдөн шалгах ажиллагаа байхгүй болно. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/739 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү ... гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж харж байгаа. Анхан шатны шүүхийн 2025 оны 07 сарын 31-ний өдрийн 739 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах дүгнэлтийг гаргаж байна ... гэв.

Хохирогч Л.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Би хангалттай материал цагдаагийн мөрдөгч нарт гаргаж өгч баталгаажуулсан байгаа. Жишээлбэл хохирогч Л.Ж 2016, 2017 оны А данс хавтаст хэргийн /5хх73-93х/ байгаа. 1995-2015 онд хүртэл бүх А данс, архивын лавлагаа бүгд байгаа учраас анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү ... гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Д.Жаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Прокурорын дүгнэлттэй холбогдуулаад хэлэхэд прокурорын яллах дүгнэлтийг удаа дараа хүчингүй болгож байсан. Улсын ерөнхий прокурорын даалгаварт заасан ажиллагааг бүрэн гүйцэт хийж чадахгүй байгаа учраас хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх боломжгүй байгаад байгаа. Яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгуулахаар ирсэн байгаа. Гэтэл энэ ажиллагааг өөрсдөө хийхгүй заавал шүүхээр хийлгэх гэсэн өөрсдөөсөө зайлуулах гэсэн аргаа барсан арга л гэж харж байгаа. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй болсон. Тийм учраас хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, давж заалдах гомдол болон эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

   А аймгийн Прокурорын газраас яллагдагч Э.Эийг 2016 оноос 2017 оны хооронд А аймгийн Э сумын И багийн Б гэх газар оршин суух иргэн Л.Ж 457 тооны үхэр, адуу буюу олон тооны малыг завшиж 324.550.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан буюу бусдын олон тооны малыг завшсан гэж үзэж, Э.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтан, байгууллагын үйл ажиллагааны журам, бүрэн эрх, үндсэн чиг үүргийг тогтоон тодорхойлсон байдаг.

Эдгээр зохицуулалтыг чанд сахих нь шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурор, шүүхийн шатанд шүүх, шүүгчээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...  Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана ... гэж, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна ... гэж тус тус хуульчилжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж, үндэслэлтэй дүгнэж, нотлох баримтууд хоорондын харилцан хамааралд зөв дүгнэлт хийж хэргийг шүүхэд шилжүүлсэн хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

  Иймд хохирогчийн гаргасан давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэл зэргийг хангаж, А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/739 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

  Хэрэг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Э.Эийн хувийн байдлыг харгалзан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.1  дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/739 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Э.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Ч.ЭНХТӨР

 

                                                                                    Ч.БАЯРЦЭНГЭЛ