Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 102/2016/05855/И |
Дугаар | 001/ХТ2017/00351 |
Огноо | 2017-03-28 |
Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2017/00351
“Пролог солюшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05489 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 199 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч “Пролог солюшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “АТА трейд” ХХК-д холбогдох,
Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээний үүргийн гүйцэтгэлд 168 590 081 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч А.Дугармаа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Пролог Солюшн” ХХК тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай компани “АТА Трейд” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 04/06/2014-тоот “Тээвэр үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулсан. Тус гэрээгээр манай компани “Ата Трейд” ХХК-ийн ачааг 40 тоннын чингэлгүүдээр АНУ-аас тээвэрлэн авчрах, “Ата трейд” ХХК тээвэрлэлтийн хөлс болон, гарсан нэмэлт зардлыг хамтад нь төлөх үүргийг тус тус хүлээсэн. Бидний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлж энэ тухайгаа “АТА Трейд” ХХК-д албан бичгээр мэдэгдэж, түүнчлэн итгэлцлийн үүднээс ачааны ихэнхи хэсгийг хүлээн авагчид олгосон болно.Ингээд гэрээний үүргийн дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцоо нийлэн өр, авлагаа баталгаажуулсан. Гэвч тус компанийн зүгээс тээвэрлэлтийн гэрээний төлбөрийг төлөхгүй хугацаа алдсаар байсан. Тус компанийн тээвэрлэгдсэн ачааны үлдэгдэл нь Улаанбаатар хотын гаалийн талбайд урт хугацаанд хадгалагдсанаас үүдэн чингэлэг түрээс болон чингэлэг хадгаламжийн нэмэлт зардал одоог хүртэл гарсаар байна. Тооцоо нийлсэн өдрөөс хойш 2016 оны 6 дугаар сарын 06-ний өдрийг хүртэлх “АТА Трейд” ХХК нь үндсэн тээврийн хөлс болох 50,878.59 ам.доллар, чингэлэг түрээсийн зардал 5,953 22 ам.долларыг манай компанид төлөх ба нэхэмжлэл гаргах үеийн ханшаар /1984,44/ тооцож 112 779 317 төгрөг, Улаанбаатар хотын гаалийн хадгаламжийн төлбөр 5 328 000 төгрөг, нийт 118 107 317 төгрөгийг манайд өгөх үүрэгтэй боловч төлөхгүй 2 жил болж байна.Иймд “АТА Трейд” ХХК-иас гэрээний үүргийн үлдэгдэл 118 107 317 төгрөг, алдангид 50 482 764 төгрөг, нийт 168 590 081 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:“АТА трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг нь “Пролог Солюшн” ХХК-ийн тус дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. “Пролог Солюшн” ХХК, “АТА трейд” ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ байгуулагдаж, талууд гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг хэрэгжүүлж ирсэн байна.Тус гэрээнд заасны дагуу “АТА трейд” ХХК нь зохих төлбөрийг гүйцэтгэж ирсэн. Талууд гэрээний төлбөрийн талаар нэг удаа тооцоо нийлж байсан боловч нэхэмжлэгчийн ачаа хадгаламжийн задаргаа, авлагын товчооны тайланг нягтлан тооцоо нийлэх шаардлагатай байна. Мөн түүнчлэн нэхэмжлэгч тал хариуцагчаас тээвэрлэлтийн гэрээний төлбөрт төлсөн төлбөрийг нэмэлт зардал хураамжинд тооцсоноор гэрээний төлбөр, улмаар алдангийн хэмжээ хэтэрхий өндөр үнийн дүнтэй гарсан байна гэж байна. Энэхүү нэхэмжлэлийг гардан авснаас хойшхи хугацаанд “АТА трейд” ХХК-ийн нягтлан бодогч Энхчимэгийн аав нь өвчний улмаас хүнд хагалгаанд орж, биеийн байдал хүнд байсны улмаас маргаантай гэрээнд холбогдох баримтыг бүрдүүлж нэгдсэн тооцоог гаргаж чадаагүй болно.Иймд ойрын хугацаанд “Пролог Солюшн” ХХК, “АТА трейд" ХХК-ийн хооронд байгуулсан Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээний төлбөр тооцооны нэгдсэн дүн, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ нотолсон баримтуудыг гаргаж өгөх болно гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05489 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар “АТА Трейд” ХХК-иас 168 587 486 төгрөгийг гаргуулан “Пролог Солюшн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2595 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 006 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “АТА Трейд” ХХК-иас 1 000 887 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Пролог Солюшн” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 199 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/05489 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496 071 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Магадлалын хянавал хэсэгт “Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхчимэг, Г.Булган, өмгөөлөгч А.Дугармаа нарт хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан баримтгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн шүүгчийн хийвэл зохих ажиллагаа хангалттай хийгдсэн гэж үзэхгүй” гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцоогүй бөгөөд өмгөөлөгч А.Дугармаа хариу тайлбар гарган, шүүхийн ажиллагаанд оролцож ирсэн. Хэдийгээр иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаанд эрх, үүргийг зохигчдод танилцуулах ажиллагаа байгаа боловч энэхүү зохицуулалтын ач холбогдол, үндсэн зарчмыг авч үзэх хэрэгтэй. Уг зохицуулалтын санаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зөвхөн түүнд хамааралтай өвөрмөц зохицуулалт, хуулиар тогтоосон журмын дагуу явагддагийг хүн бүр мэддэггүй бөгөөд энэ ажиллагааг хууль зүйн үндэслэлтэй, зөв явуулахын тулд хэргийн оролцогч талууд нь өөрсдийн эрх, үүргийг ухамсарлаж, ойлгосон байхыг чухал гэж үздэгт оршино. Гэтэл өмгөөлөгч, хуульч хүнд дээрх эрх, үүргийг нь танилцуулаагүй нь хэргийг шийдвэрлэхэд саад болж байна гэж үзэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрх, үүргээ мэдээгүй учраас нотлох баримт гаргаж өгөөгүй, улмаар шүүх хуралдаандаа ирээгүй гэх зэрэг гомдлыг хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаагүй нь эрх, үүргээ мэдэж байсан байдлыг илтгэж байгаа учраас түүнд заавал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулах шаардлага байхгүй билээ.Мөн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн хүсэлтээр, хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т нийцэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хариуцагчид танилцуулсан баримтгүй байна гэжээ. Дээрх баримтуудыг нэхэмжлэгчийн зүгээс өгсөн ба ингэхдээ өмгөөлөгч А.Дугармаагийн оролцсон шүүх хуралдаан дээр түүнд танилцуулаад, шүүхэд гаргаж өгсөн баримтууд байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэргийн материалтай танилцах эрхтэй болохоос шүүхийн зүгээс тэрхүү эрхийг нь заавал эдлүүлэх үүрэг байхгүй. Энэ ч үүднээсээ хэргийн материалтай танилцуулсан баримт дээр тухай бүрт нь гарын үсэг зуруулах үүрэг хүлээхгүй. Дээрх баримтуудтай шүүх хуралдаан дээр танилцаад, хэрэгт ач холбогдолтой эсэхэд нь тухайн үедээ тайлбараа хэлсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэл байсаар байхад хэргийн материал танилцуулаагүй байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.Ийнхүү дээрх магадлалыг гаргахдаа хууль буруу тайлбарлан хэрэглэж, хэтэрхий нэг талыг барьсан, хэргийн үйл баримтад дүгнэлт өгөхөөс зайлсхийсэн үйлдэл гэж үзэхээр байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 119 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна.
Нэхэмжлэгч “Пролог солюшн” ХХК нь хариуцагч “АТА трейд” ХХК-д холбогдуулан, тээвэр зуучийн үйлчилгээний гэрээний үүргийн гүйцэтгэлд 168 590 081 төгрөг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч “АТА трейд” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзжээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдод эрх, үүргийг нь тайлбарлан өгөх, хэрэгт цугларсан нотлох баримтыг танилцуулах зэрэг ажиллагааг бүрэн явуулаагүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1., 25 дугаар зүйлийн 25.1.2.-т заасан шаардлагыг зөрчсөний улмаас мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1., 6.4.-т заасан талуудын мэтгэлцэх эрхийг хангаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1.-д зааснаар иргэний хэрэг үүсгэсэн шүүх нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх үүрэгтэй байтал анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулаагүй нь алдаатай болжээ.
Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2.-т зааснаар хэргийн оролцогч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхтэй байхад шүүх хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг хариуцагч талд танилцуулаагүй байна.
Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчсөн анхан шатны шүүхийн алдааны талаар магадлалдаа тодорхой тусгасан байх ба шүүхийн энэ талаарх дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 168.3.-т заасан шаардлагад нийцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 168.3.-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 199 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 006 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН