Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 842

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1065 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн NE-******* дугаартай өргөдлийг дахин хянаж хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, Л.С*******, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, Л.С******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус компани нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ашигт малтмалын газарт онлайнаар цахим өргөдлөө амжилттай бүртгүүлж эхний 120 компанид багтаж, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 08 цаг 44 минутанд ХА-02******* (NE*******) дугаартай өргөдөлд холбогдох материалуудыг хавсаргаж өгсөн болно. 

Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1065 дугаар шийдвэрээр манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан мэдэгдлийг хүргүүлсэн. Үндэслэлээ ХА-02******* (NE-*******) дугаартай өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.2, 17.3 дах хэсэгт нийцээгүй, мөн усан сан бүхий талбайтай хэсэгчлэн давхцалтай гэжээ. Төрөөс тогтоосон хайгуулын өргөдөл өгөх боломжтой солбицол бүхий талбайд ороход усан сан бүхий газар гэж байгаагүй учир бид дээрх координатаар солбилцлоо өгсөн. Гэтэл тусгай зөвшөөрөл авах болтол усан сан бүхий талбайтай давхцсан гэсэн байна. 

Бидний зөрчсөн гэх Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн  17.2.1-т “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн”, 17.2.2-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй”, 17.3-т “Энэ хуулийн 17.2.2, 17.2.3-т заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн дараахь газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно”, 17.3.1 “улсын хил”, 17.3.2 “нөөцөд авсан талбай”, 17.3.3 “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар” гэж заасан байна. 

Кадастрын зургийн 250,000 төгрөг тушаасны үндсэн дээр Ашигт малтмалын газраас хэвлэж өгдөг. Ингэж хэвлэхдээ манай солбицол хуульд нийцээгүйг яагаад хэлж болоогүй. Мөн бидний өгсөн өргөдлийн талбай нь 8 өнцөгтэй. Бид талбайгаа 4 өнцөгтөөр өгөхөөр бусад хууль ёсны талбайтай давхцал үүсгэх байсан учир давхцал гаргахгүйн тулд бусад талбайтай тулгаж хиллүүлж 8 өнцөгтөөр өгсөн. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.3-т зааснаар хуульчлагдсан байгаа. 

Ашигт малтмалын газар 8 өнцөгтэй талбайтай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. Жишээлбэл: Булган аймгийн Бүрэгхангай сумын Хаданд орших 411.77 гектар талбайд XV-017614 дугаар хайгуулын зөвшөөрлийг “Ю*******” ХХК-д олгосон байна. Энэ нь бидний өргөдлийг шийдвэрлэхдээ Ашигт малтмалын газар нь “Тэгш эрхийн зарчим” алдагдуулсан гэж үзэж байна. 

Мөн бидний өгсөн координатад хэрвээ усан сан бүхий газар байсан бол Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж зааснаар захиргааны байгууллагаас хүсэлт гаргагчийн өргөдлийг шалгахдаа бусдын талбайтай давхацсан бол мэдэгдэж, давхцалын хасах боломж олгохоор хуулиар зохицуулсан байна. Энэ хуулийн хүрээнд манай байгууллагын асуудлыг шийдвэрлэлгүй шууд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болно. 

Бид 14 хоногийн эрхээр Даваа гариг бүрийн өглөө VPN төхөөрөмжийн тусламжтайгаар геологичийнхоо санал болгосон талбайг сайтар судалсны үндсэн дээр онлайнаар илгээж, шаардлага хангасан эхний 120 компанид багтаж чадсан. Манай өргөдлийг хүлээн авч буй ажилтан кадастрын зургийг хянаж үзээд давхцал зөрчил байхгүй гэж үзэн манай өргөдлийг хүлээн авсан. Манай геологич зүүн бүсэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой Засгийн Газраас зөвшөөрөгдсөн санал болгож байгаа талбайгаас сонгосон учир энэ олон төлбөр зардлыг тушаалгаж бүх холбогдох материал авсны дараа хуульд нийцээгүй байна гэдэг хариу өгсөнд бид гомдолтой байна.

 Иймд бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1065 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн NE-******* дугаартай өргөдлийг дахин хянаж хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Г*******” ХХК 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэгдэн Х аймгийн Х*******, Б******* сумдын нутагт орших “Урт” нэртэй 1462 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ. 

Өргөдлийн материалыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага болон 18 дугаар зүйлийн 18.2-т “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу холбогдох баримт бичгийн бүрдэл хуулийн шаардлага хангасан эсэхийг хянан 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан ажиллагаа хийхэд “Г*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн” байх, мөн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан шаардлагуудыг хангаагүй, усан сангийн талбайтай хэсэгчлэн давхцалтай байсан байна. 

Энэ талаар Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн Кадастрын хэлтсийн зураг зүйн шүүлт хариуцсан мэргэжилтний тодорхойлолтоос үзвэл “Г*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь дээрх шаардлагыг хангахгүй байсныг тодорхойлсон байна. 

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр 19.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу 19 дүгээр зүйлийн 19.2.1-т “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1065 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6/9575 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Г*******” ХХК нь “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1065 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн NE-******* дугаартай өргөдлийг дахин хянаж хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

“Г*******” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ цахим дугаар олгох системд бүртгүүлж, 11 дүгээр сарын 19-ний өдөр 8 цаг 44 минутанд  өргөдлийн бүртгэлийн ХА-02******* (NE-*******) дугаарт бүртгэгдэн, Х аймгийн Х*******, Б******* сумдын нутагт орших Урт нэртэй 1462 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргажээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1065 дугаар  шийдвэрээр “...өргөдлийг хянаж үзэхэд хүсэлтэд дурьдсан талбай хуулийн шаардлага хангаагүй, мөн усан сан бүхий талбайтай хэсэгчлэн давхцалтай байх тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсугай” гэж шийдвэрлэж, нэхэмжлэгчид Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6/9575 дугаар  албан бичгээр мэдэгдсэн байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Энэ хуулийн 7.1-д заасан шаардлага хангасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах бөгөөд түүнд хайгуул хийх талбайн байршил, түүний булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас гаргасан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана”, 17.2-т Өргөдөлд дурдсан хайгуулын талбай дараахь шаардлагыг хангасан байна”, 17.2.1-д “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн”, 17.2.2-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй”, 17.3-д “Энэ хуулийн 17.2.2, 17.2.3-т заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн дараахь газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно” гэсэн шаардлагуудыг хангасан байхыг шаарджээ.

Кадастрын хэлтэс нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19.1.3-д “бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх” гэж заасны дагуу ажиллагааг хийхэд “Г*******” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд заасан талбай нь 8 өнцөгт хэлбэртэй, хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн биш, усан сан бүхий талбайтай хэсэгчлэн буюу 0,30 га тайлбай давхцалтай, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай хиллэж байгаа хэсгээр 70 м-ийн зайтай /хоосон талбай үлдээсэн/ байсан нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрөл хүссэн талбайн солбицлыг заасан өргөдөл , хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт , өргөдлийн дотоод хяналтын хуудас , NE-******* дугаар өргөдлийн талбайн кадастрын тойм зураг ,  ашигт малтмалын кадастрын тойм зураг , давхцалтай талбайн жагсаалт  зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 19.2.1-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1065 дугаар шийдвэрээр “Г*******” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтуудтай нийцсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд  “нэхэмжлэгч нь татгалзсан шийдвэр гарсаны дараа өргөдөлд заасан талбайгаас усан сан бүхий талбайтай хэсэгчлэн давхцалтай хэсгийг тойруулан, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай хиллэж байгаа хэсгийг хиллүүлж хуульд нийцүүлсэн өргөдлөө дахин гаргах боломжтой байсан, Кадастрын хэлтэс 2015 оны 12 дугаар сарын 20-н хэдэн хүртэл өргөдөл хүлээн авсан” гэсэн тайлбар гаргаж байсан. Харин нэхэмжлэгч “Г*******” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбилцлоор тогтоож, уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг дахин гаргаж боломж байсан байна.

  Иймд “Г*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд заасан талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.2, 17.3-д заасан хуулийн шаардлагуудыг хангаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байгаа учраас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1065 дугаар шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.1-д заасныг тус тус баримтлан ”Г*******” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1065 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн NE-******* дугаартай өргөдлийг дахин хянаж хуулийн дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        М.ЦЭЦЭГМАА