Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2018/0409

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Э.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 109/ШШ2018/0009 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:
   Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 109/ШШ2018/0009 дүгээр шийдвэрээр: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-с Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаарын захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн өмчит “А У У” ХХК-ийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Б овогтой Б миний биеийг Архангай аймгийн ОНӨ А У У ХХК-ийн захирлын албан тушаалаас нэг шалтгаанаар 2 дахь удаагаа халаад байна.
2015 онд ашиг сонирхлын зөрчил бүхий этгээдтэй гэрээ байгуулж зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр 2016 оны 12 сарын 06-ны өдөр ажлаас халж 2017 оны 03 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл 2017 оны 05 сарын 08-нд мөн 2015 онд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 29.2.4 дэх заалтыг үндэслэн дахин ажлаас халж байна.
1/ Хариуцагч маргаан бүхий актдаа 2015 онд байгуулсан гэрээг үндэслэдэг. Гэтэл 2016 оны 05 сарын сарын 03-ны өдрийн Аудитын шаардлагад тухайн зөрчлийг тусгасан байдаг. Үүнтэй Засаг дарга болон холбогдох хүмүүс танилцаад Цагдаагийн газар. Прокурорт шалгуулахаар өгч байсан. Гэтэл анхан шатны шүүх дүгнэлт хэсэгтээ Авлигатай тэмцэх газар тухайн зөрчлийг илрүүлж албан тоот ирүүлснээр тухайн зөрчил илэрсэн гэж дүгнэлт хийж байгаа нь илт хууль бус дүгнэлт байна.
2/ Дээрх Аудитын шаардлагыг анх халахдаа хариуцагч шүүхэд халах шалтгаанаа болгон гаргаж өгсөн 50 хуудас нотлох баримтдаа өгсөн байдаг. Үүнийг нэхэмжлэгч би өмнөх хавтаст хэргээс гаргуулан авсан. Гэтэл шүүх өмнө нь буюу 2016 оны 12 сарын 06-ны хавтаст хэрэгт “Ц-Ө” ХХК-тай ашиг сонирхлын зөрчил гаргасан гэрээ хийж 20,9 сая төгрөг шилжүүлсэн байна гэсэн” аудитын шаардлагыг хариуцагч ажлаас халах 50 хуудас нотлох баримтдаа гаргаж өгснийг орхиж дүгнэлт хийсэн.
Маргаан бүхий үйл баримтад холбогдох гол нотлох баримтыг нэхэмжлэгч өмнөх хавтаст хэргээс гаргаж өгсөөр байтал шүүх хасч байгаа нь илт хууль бус байна.
3/ 2016 оны 12 сарын 06-ны өдөр ажлаас халсан мэдэгдэл нь алдаа зөрчил гаргасаар байна гэсэн байдлаар тодорхойгүй байсан төдийгүй халсан шалтгааныг хариуцагч тайлбартаа аудитын шаардлагыг үндэслэсэн гэсэн байдаг бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд ажлаас халах болсон шалтгаанаа 50 хуудас нотлох баримтаар гаргаж өгсөн гэдгээ удаа дараа тайлбарласаар байсан. Гэтэл шүүх хариуцагчийн тайлбарыг өөрчилж тайлбарласан байгаа төдийгүй шүүхэд гаргаж өгч байсан “50 хуудас нотлох баримтыг үндэслэсэн” гэсэн тайлбаруудыг орхиж байгаа нь хууль бус юм.
4/ Ашиг сонирхлын зөрчил гаргасан гэх “экскаватор механизм ажиллуулах” гэрээг анх халахдаа хариуцагч халах шалтгаан болгож гаргаж өгсөн 50 хуудас нотлох баримтдаа өгсөн байдаг. Үүнийг өмнөх хавтаст хэргээс гаргуулан авсан. Гэтэл шүүх давхардан авагдсан байна гэсэн илт ойлгомжгүй дүгнэлт хийжээ.
5/ 2016 оны 12 сарын 02-ны өдөр ТУЗ хуралдан “ашиг сонирхлын зөрчил гаргасан” тул ажлаас халах шийдвэр гаргасан байдаг. Гэтэл шүүх 2016 оны 12 сарын 06-ны буюу уг маргаан бүхий актын өмнө ажлаас халахтай холбоотойгоор гарч байсан ТУЗ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн саналыг сүүлийн буюу 2017 оны 05 сарын 08-ны өдрийн маргаан бүхий акттай холбогдуулан тайлбарласан нь хууль бус бөгөөд шүүхийн шийдвэр бүхэлдээ агуулгын зөрчилтэй байгааг харуулж байна.
6/ Ашиг сонирхлын зөрчил гаргасан тухай прокурорын дүгнэлт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхөөс өмнө буюу 2017 оны 01 сард гарсан. Энэ дүгнэлтийг хариуцагч үзээд өөр механизм байхгүй тул аргагүй энэ механизмыг түрээсэлсэн байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Харин прокурорын эцсийн дүгнэлт намайг ажлаас халагдсаны дараа буюу 2017 оны 06 сард гарсан байдаг. Гэтэл шүүх прокурорын 2 дүгнэлтийн хугацааг огт авч үзээгүй байна. Зөрчил илэрсэн 2016 оны 05 сарын аудитын дүгнэлт, 2017 оны 01 сарын прокурорын дүгнэлтүүдийг дүгнэлт хэсгээсээ хасч байгаа нь илт хууль бус байна.
7/ Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөсөө өмнө буюу 2018 оны 02 сарын 01-ний өдөр Авлигатай тэмцэх газарт зөрчлийг илрүүлсэн тухай буюу “Ц-Ө” ХХК-тай гэрээ байгуулсан тухай” албан бичгийг хүргүүлсэн байдаг. Энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа “уг зөрчлийг өмнө нь мэдээгүй байсан” гэдгийг бүрэн үгүйсгэж байна. Гэтэл шүүх маргаан бүхий актад байхгүй 2018 оны 02 сарын 01-ний өдрийн Засаг даргын албан тоотын хариуг ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын албан бичгийг авч үзэж байгаа нь хууль бус юм.
8/ Архангай аймгийн Аудитын газар мөн энэ асуудлыг 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилон шалгаж “зөрчилгүй” гэсэн дүгнэлтийг 2016 оны 07 сард хийсэн тул зөрчил гаргаагүй гэж маргаан үүсгэсэн байсан. Хариуцагч үүнийг 2017 оны 03 сард хүлээн зөвшөөрсөн.
9/ Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга зөрчил гарсан гэх 2015 оны ажлыг дүгнээд “хангалттай” гэж үзэн 2016 онд менежментийн гэрээ байгуулсан.
2. Сонсох ажиллагаа огт хийгээгүй.
1/ Нэхэмжлэгч миний бие шүүх хуралд сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг тайлбараа хийсэн. 2018 оны 05 сарын 08-ны өдөр буюу 1 дэх өдөр ажилдаа очих тухайгаа хариуцагчид утсаар мэдэгдсэн. Гэтэл хариуцагч сонсох ажиллагаа хийсэн “утасны бичлэг байгаа гаргаж өгнө” гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан боловч утасны бичлэгээ шүүхэд гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагаа хийгээгүй гэдгийг хариуцагч өөрөө баталсан. Гэтэл шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Ундармаагийн сонсох ажиллагаа хийсэн гэх хуурамч тэмдэглэлийг үндэслэж сонсох ажиллагаа хийсэн гэсэн дүгнэлт хийжээ.
2/ Сонсох ажиллагаа хийж тайлбар санал авах боломжоор хангах, ашигтай нөхцөл байдал тайлбарлах үүргээ захиргааны байгууллага бүхэлд нь орхигдуулсан. Миний бие 2018 оны 05 сарын 8-ны өдөр буюу 1 дэх өдөр ажилдаа очиход өглөө 9:00 цагт ажил хүлээлцэх комисс ирсэн. Надад ямар ч боломж хугацаа олгоогүй, оролцоог хангаагүй. Гэтэл шүүх санал гаргах эрхээ эдлээгүй гэж дүгнэсэн нь хууль бус юм.
3/ Сонсох ажиллагаа хийгээгүй гэдгийг нотолсон мэдүүлэг гэрч өгсөн байхад түүнийг шүүх сонсох ажиллагаа хийснийг нотолсон болгож дүгнэлт өгсөн нь хууль бус байна.
4/ Мэдэгдлийг огт гардаж аваагүй тухай нотлох баримт хувийн хэрэгт байсаар байтал шүүх үүнийг огт авч үзээгүй байгаа нь хууль бус байна.
5/ Хариуцагчийн гаргаж өгсөн сонсох ажиллагааны тэмдэглэл нь нотлох баримтын хэмжээнд огт үнэлэгдэх боломжгүй гэж үзэж байна.
6/ Утсаар санал аваагүй байхад санал авсан гэсэн дүгнэлтийг шүүх хийж байгаа нь хуулийг илт буруу хэрэглэж байна.
3. Компанийн тухай хууль болон дүрмийг зөрчсөн.
1/ Компанийн хууль, дүрэмд зааснаар ТУЗ нь санал оруулж, тогтоол гаргах ёстой байсан боловч ТУЗ хуралдаагүй ямар ч тогтоол гаргаагүй байна.
2/ Хариуцагч компанийн дүрэмд заасан ТУЗ-ийн эрхэнд халдсан байна. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан компанийн дүрмийн 7.4 заалтыг зөрчсөн байхад шүүх компанийн дүрмийг зөрчөөгүй гэж хууль бус дүгнэлт хийсэн.
3/ Шинээр байгуулагдсан ТУЗ нь нэхэмжлэгч надтай ямар нэгэн гэрээ огт байгуулаагүй. Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан компанийн дүрмийн 6.4.8-г зөрчсөн байхад шүүх компанийн дүрмийг зөрчөөгүй гэж үзжээ.
4. Зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
1/ Зөрчил гаргасан гэж үзвэл хариуцагч талын үндэслээд байгаа зөрчил 2015 онд гарсан. Хөөн хэлэлцэх хугацаа 2 жилийн өмнө дууссан.
2/ Хэрэв захиргааны арга хэмжээ авах байсан бол зөрчил гаргаснаас хойш 6 cap. илрүүлснээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авах байсан.
Гэтэл шүүх албан бичгийн хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж үзэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн байна.
5. Зөрчлийн шинж чанар тодорхойгүй байхад шүүгч үзээд байгаа юм уу хариуцагчийн тайлбарт үндэслээд байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Яг ямар үндэслэл, хуулийн заалтаар гэж үзэж тайлбарлаж байгаа нь хууль бус юм.
6. Удаа дараа сахилгын зөрчил гаргаагүй байхад 29.2.4-г баримтлан захиргааны акт гаргасан нь хууль бус байхад шүүх мөн хуулийн заалтыг барьсан нь хууль бус байна.
7. Шүүх захиргааны актад дурдаагүй хариуцагч тайлбартаа огт дурдаагүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 11.1, 14.3.1-г зөрчсөн гэж үзэж байгаа нь хууль бус юм.
Анхан шатны шүүх нь илт хууль зөрчсөн шийдвэр гаргасан. Илт нэг талд үйлчилсэн. Мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн өмнөх шалтгааныг тодруулах шийдвэрийг бүрэн орхигдуулсан. Хууль эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.
Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 07-ны өдрийн 109/ШШ2018/0009 тоот шийдвэрийг хүчингүй болгож миний биеийг Архангай аймгийн Ус суваг ашиглалтын “А У У” ХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.
                                                                                 ХЯНАВАЛ:
   Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга өмнө нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг тус тус үндэслэн болгон Б.Б-ийг Архангай аймгийн Ус суваг ашиглалтын орон нутгийн өмчит “У” ХХК-ийн захирлын ажил, албан тушаалаас чөлөөлж байжээ.
Тус шийдвэрийг эс зөвшөөрч Б.Б нь “Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүссэн.
Харин хариуцагч Архангай аймгийн Засаг дарга 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар “маргаан бүхий Б/148 дугаар тушаал”-ыг хүчингүй болгосон буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаар захирамжаар “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрсөн” гэх үндэслэлээр Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх байдлаар нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, маргаан бүхий Б/148 дугаар тушаалаа хариуцагч өөрөө хүчингүй болгосны дараа хариуцагч нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасныг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжаар Б.Б-ийг Архангай аймгийн Ус суваг ашиглалтын орон нутгийн өмчит “У” ХХК-ийн захирлын ажил, албан тушаалаас дахин чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч нь маргаан бүхий Б/70 дугаар захирамжийг “Авлигатай тэмцэх газрын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/3689 дүгээр албан бичгээр “У” ХХК-ийн захирал Б.Булганчимэг нь өөрт хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулсан, тодорхой эд хөрөнгийг хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ мэдүүлээгүй гэдэг 2 үндэслэлийг тусгасан байдаг. Энэ албан бичгийг үндэслэж аймгийн Засаг даргын Б/70 дугаар захирамжаар Архангай аймгийн Ус суваг ашиглалтын орон нутгийн өмчит “У” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Б-ийг уг ажил албан тушаалаас чөлөөлсөн гэсэн үндэслэлээр гаргасан. Өмнө нь Б.Б-ийг ажлаас чөлөөлсөн Б/148 дугаар захирамжийн үндэслэлээс өөрөөр гаргасан” гэж тайлбарлажээ.
Гэтэл өмнө нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн Б/148 дугаар захирамжийн үндэслэлээ “...хэрэгт авагдсан нотлох баримтаар үзэхэд 80 сая төгрөг зээлээд яаж зарцуулсан талаарх нотлох баримт байхгүй, тухайн мөнгийг өөрийн эзэмшлийн “Ц-Ө” ХХК-д экскаваторын түрээс 20.900.000 төгрөг, гэрээ хийсэн компанид 50 сая төгрөг шилжүүлсэн гэх хувийн ашиг сонирхол маш их байгаа. Энэ асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа” гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байсан болох нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.
Тодруулбал, Архангай аймгийн Засаг даргын өмнө Б.Б-ийг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаар захирамж, сүүлд гарсан 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжийн үндэслэлийг хамгаалж шүүхэд гаргасан тайлбаруудаас үзэхэд ижил үндэслэлээр маргаан бүхий захирамжийг гаргасан болох нь тогтоогдож байна.
Мөн маргаан бүхий 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжийг хариуцагч гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасныг тус тус үндэслэн болгосноос өөрөөр ямар үндэслэлээр нэхэмжлэгчийг Архангай аймгийн Ус суваг ашиглалтын орон нутгийн өмчит “У” ХХК-ийн захирлын ажил, албан тушаалаас чөлөөлсөн нь тодорхойгүй.
Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газрын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/3689 дүгээр албан бичгийг үндэслэл болгосон гэж шүүхэд тайлбарлах боловч маргаан бүхий тушаалд үндэслэл болгоогүй, тушаалын эрх зүйн үндэслэлийг тодорхой гаргаагүй атлаа шүүхэд дараа нь маргаан бүхий тушаалын үндэслэлээ тайлбарлаж байгаа нь уг тушаалыг үндэслэл бүхий гаргасан гэж үзэхгүй юм.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д “энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэг, 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нь энэхүү хуулийн аль заалтыг зөрчсөн нь тодорхойгүй, ашиг сонирхлын зөрчил үүссэн гэх тохиолдол тогтоогдоогүй, энэ талаар хариуцагч бүрэн нотлолгүйгээр маргаан бүхий тушаалыг гаргасан.
Нөгөөтэйгүүр, Авлигатай тэмцэх газрын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/3689 дүгээр албан бичигт дурдсан зарим зөрчлийн талаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Б.Т мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаар тогтоол хэрэгт авагдсан нотлох баримтаар авагдсан байна.
Тиймээс Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамж нь хуульд нийцээгүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Давж заалдах шатны шүүхээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасныг үндэслэн гарсан маргаан бүхий тушаал нь хуульд нийцсэн эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зөв гэж үзлээ.
Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон
                                                                           ТОГТООХ нь:
   1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 109/ШШ2018/0009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Б-ийг орон нутгийн өмчит “А У У” ХХК-ийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Б.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу бодож олгохыг хариуцагч Архангай аймгийн Засаг даргад даалгасугай.
   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, түүнд буцаан олгосугай.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ШҮҮГЧ                  Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ                  Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ                  Э.ХАЛИУНБАЯР