Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 207

 

“МХТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

НГЗБА, СХД-ийн ГЗБА-нд тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг

Шүүгчид:                       М.Батсуурь

                                       Г.Банзрагч

                                       Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:              П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн болон СХД-ийн ГЗБА- хууль бус үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоож, хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 6,843,392 төгрөгийг гаргуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0904 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 193 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Зоригт, хариуцагч НГЗБАны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батнасан нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0904 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 57 дугаар дугаар зүйлийн 57.3, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МХТ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн болон СХД-ийн ГЗБА- хууль бус үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоож, хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 6,843,392 /зургаан сая найман зуун дөчин гурван мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг Нийслэлийн болон СХД-ийн ГЗБА-наас хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 193 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 904 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “МХТ” ХХК-ийн НГЗБА, СХД-ийн ГЗБА-нд холбогдуулан гаргасан “Нийслэлийн болон СХД-ийн ГЗБА- хууль бус үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоож, хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 6843392 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч НГЗБАны гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч “МХТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Зоригт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын хянавал хэсэгт "МХТ” ХХК нь Улсын дээд шүүхийн шийдвэр 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүчин төгөлдөр болсон байхад 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тус шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй нэхэмжлэгчийн үйлдэл хууль бус гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан байх бөгөөд үүнийгээ шийдвэрийн үндэслэл болгосон байна.

4. “МХТ” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэ хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т заасан тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно” гэж заасны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 99 дүгээр тогтоолд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Уг гомдлын хариу 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гарсан байхад Давж заалдах шатны шүүх уг үйл баримтыг үнэлэхгүйгээр дээрх хугацаанд сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой байсан гэж дүгнэсэн.

5. НГЗБА, СХД-ийн ГЗБА- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж, Газар зохион байгуулалтын албанд олгогдоогүй асуудлаар эрх хэмжээгээ хэтрүүлэн хууль бус үйлдэл, үйл ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Монгол улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна”, 11 дүгээр зүйлийн 11.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан байхад Газар зохион байгуулалтын алба, түүний албан тушаалтанд эрх олгогдоогүй асуудлаар манай компанийн эд хөрөнгөнд хохирол учруулсан.

6. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж заасан. Гэтэл НГЗБА нь бидэнд газрыг сайн дураараа чөлөөлөх, өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулахгүй байдлаар газар чөлөөлөх боломжит хугацааг олгоогүй, нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хүчээр халдсан. НГЗБА болоод СХД-ийн ГЗБА- нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар захиргааны байгууллага тул уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчмыг баримтлан ажиллах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Газар зохион байгуулалтын албанаас “Газрыг албадан чөлөөлөх” үйл ажиллагаа явуулахын тулд Газрын тухай хуулийн зохицуулалтаараа мэдэгдлийг “хугацаатай” өгөх үүрэгтэй атлаа, энэ үүргийг биелүүлээгүй нь хуулийн ил заалтыг хүчгүйдүүлсэн үйлдэл ба энэ нь эрх зүйн зөрчилтэй захиргааны акт байна.

7. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэсэн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, дээрх зохицуулалтад Засаг дарга албадан чөлөөлөх арга хэмжээ авна гэж заасан нь Засаг даргаас албадан чөлөөлөх шийдвэр, зөвшөөрөл гарсан байх учиртай. Гэвч 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр газар чөлөөлөх ажиллагаа явуулахдаа Газар албадан чөлөөлөх тухай Засаг даргын захирамж гараагүй байсан Гэтэл давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтуудыг үндэслэл болгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Дээрх байдлаас дүгнэхэд давж заалдах шатны шүүх “МХТ” ХХК нь дээд шүүхийн тогтоолыг сайн дураараа биелүүлээгүй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

8. Иймд шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хохирол гаргуулах шаардлагыг буруу шийдсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.  

10. Нэхэмжлэгч “МХТ” ХХК-аас “Нийслэлийн болон СХД-ийн ГЗБА- хууль бус үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоолгох, хохирол 6,843,392 төгрөгийг гаргуулах” шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс “газар чөлөөлөх мэдэгдэлд хугацаа заагаагүй атлаа газрыг албадан чөлөөлөх ажиллагаа явуулсан нь хууль бус, эд хөрөнгийг нүүлгэн авах боломж олгохгүй, хохироосон” гэж, хариуцагчаас “шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч газар эзэмших эрхгүй болсон, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус маргажээ.

11. “Монгол эд импекс” ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0751 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0073 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд “МХТ” ХХК-ийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “...4520 мкв газрыг “Монгол эд импекс” ХК эзэмших эрхтэй болох”-ыг тогтоосон байна.

12. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заажээ.

13. НГЗБАны 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 03-06/3651 дүгээр албан бичгээр “Шүүхийн шийдвэрийг биелүүлж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/68 дугаар захирамжаар газар эзэмших эрх бүхий “Монгол эд импекс” ХК-д эзэмшил газраа эзэмших нөхцөл бололцоогоор хангах, тус газарт барьсан хашааг буулгахыг мэдэгдье. Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөхгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах болохыг мэдэгдье” гэсэн байна.  

14. Хэдийгээр хариуцагчаас “шүүхийн шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлсэн” гэж тайлбарлаж байгаа боловч ийнхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явуулахдаа хуулийн дагуу, урьдчилсан нөхцөлийг хангаж шийдвэр гаргах учиртай.

15. Энэ тохиолдолд захиргааны байгууллага газар чөлөөлөх тодорхой хугацаа заагаагүй атлаа албадан нүүлгэх ажиллагаа явуулсан нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, “газар дээр байрлах хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх боломж олгоогүй” тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Иймээс “газар чөлөөлөх ажиллагаа” хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэг зөв болжээ.

16. Хариуцагчийн “газар чөлөөлөх ажиллагаа явуулаагүй, газрын хил хязгаарыг газар дээр нь тогтоож тэмдэгжүүлсэн, нүүлгэх ажиллагааны зардлыг газар эзэмшигч “Монгол эд импекс” ХК гаргасан” гэх тайлбараар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй, тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн эд хөрөнгийг нүүлгэж шилжүүлэх ажиллагаанд “Газрын алба болон цагдаагийн байгууллагын албан хаагчид оролцсон, ийнхүү уг ажиллагаанд байлцсанаар захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлсэн гэж үзнэ.

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан, энэ тохиолдолд хариуцагч 6,843,392 төгрөгийн хохирол учирсан болохыг зөвшөөрөөгүй, хохирлын хэмжээнд маргасан, нөгөө талаар хэргийн нэг оролцогч болох “МХТ” ХХК-ийн захиалгаар хийж гүйцэтгэсэн хохирлын үнэлгээний тайланг үндэслэн тухайн хохирлыг “нотлогдсон” гэж үзэх үндэслэлгүй. Тухайлбал, зам талбайн үнэ 503,316 төгрөгийн хохирол нь ямар баримтаар тогтоогдсон, гэрлийн бүрхүүл 31 ширхэг байсан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар “бодитоор учирсан хохирол” гэж үзэх үндэслэлгүй, иргэний журмаар шийдвэрлүүлэхээр байна.

18. Давж заалдах шатны шүүхээс “шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, газрыг чөлөөлөх хангалттай хугацаа байсан тул газрыг албадан чөлөөлсөн хариуцагч нарын үйлдлийг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь маргаан бүхий газар дээрх эд хөрөнгийг албадан чөлөөлөх ажиллагааг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хэрэгжүүлэхдээ захиргааны байгууллага хуулийн дагуу хэрэгжүүлэх шаардлагатай, тодруулбал, тусгайлсан хуулийн заалтыг хэрэгжүүлж, хугацаатай мэдэгдэл өгөх үүрэгтэй байсан.

19. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т “Газрын алба нь эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх эрх хэмжээтэй” гэж заасан, шүүхийн шийдвэрийг биелүүлж, газрын хэмжээ, хил заагийг ялгаж зааглаж, газар дээр нь тэмдэгжүүлэх үүрэг нь Газрын албанд хамаарах тул нэхэмжлэгчийн “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан чөлөөлөх ажиллагаа явуулах байсан, Газар зохион байгуулалтын албанд эрх олгогдоогүй” тухай гомдол үндэслэлгүй.

20. Иймээс дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 193 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0904 дүгээр шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн болон СХД-ийн ГЗБА- хууль бусаар газар чөлөөлөх ажиллагаа явуулсан болохыг тогтоож, хохирол 6,843,342 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчилсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                     ШҮҮГЧ                                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ