Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/1007

 

2025          08            27                                                                          2025/ДШМ/1007

           

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй ийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Анар /томилолтоор/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч-, түүний өмгөөлөгч А.Энхбаатар,

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Дагважанцан,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1462 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч-ийн өмгөөлөгч А.Энхбаатар, иргэний хариуцагч Д.Болор-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Б-д холбогдох 2503000760266 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбат илтгэснээр хянан хэлэлцэв.      

Х- овогт Б-ийн Б-, .............. /РД:............./, 

Шүүгдэгч Б.Б- нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Офицерын тойргийн урд талын замд 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22 цаг 14 минутын үед “Тоёота Пробокс” загварын ****УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасны дагуу "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-т заасны дагуу “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, мөн дүрмийн 10.1-т зааснаар “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн заалт, мөн дүрмийн 3.7-т заасны дагуу “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: 3/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний замаар явж байсан явган зорчигч Д.О-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Б.Б-д хяналт тавих үүргийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар нийт 39,600,000 /гучин есөн сая зургаан зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Б-гээс 19,800,000 төгрөг, иргэний хариуцагч "О- хэрэгцээ" ХХК-наас 19,800,000 төгрөг гаргуулж хохирогчид олгох, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гээс 9,303,000 /есөн сая гурван зуун гурван мянга/ төгрөгийг гаргуулж “О- хэрэгцээ” ХХК-нд тус тус олгож, Эрүүл мэндийн даатгалын сан нь гарсан хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж, шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч-ийн өмгөөлөгч А.Энхбаатар тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 39.600.000 төгрөгийг шүүгдэгч И.Б- болон иргэний хариуцагч “О- хэрэгцээ” ХХК-иас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хохирогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Хавтаст хэргийн 127-129 дэх талд авагдсан шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Амарсайхан, Б.Отгонжаргал нарын 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 833 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг “Сэтгэхүй, танин мэдэхүйн үйл ажиллагаа буурсан. Гэмт хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан эрүүл мэндийн хувьд хүнд гэмтэл авч өвдөлт зовуурь мэдэрч хөдөлмөрийн чадвар алдагдсан. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй, өдөр тутмын амьдралд оролцоход хүндрэл учрах, ослоос хойших ой санамж алдагдах, гадаад үзэмжид сэтгэл ханамжгүй болох, уурлаж бухимдах, бусадтай харилцахаас татгалзах зэргээр DS: F06.6 Органик сэтгэл тогтворгүйтэх эмгэг оношлогдож байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэхүйн үйлдлийн чадвар эргэн сэргэшгүй өөрчлөлтөд орсон учир нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байх шаардлагатай” гэсэн үр дүн гарсан тул Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн тавдугаар зэрэглэлд хамаарна гэж тогтоосон. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалаар хор уршгийн тавдугаар зэрэглэлийн нөхөн төлбөр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46-149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээтэй байхаар заасан. Шүүх хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг, түүний үр дагавар, “цаашид сэтгэцийн болон сэтгэхүйн үйлдлийн чадвар эргэн сэргэшгүй өөрчлөлтөд орсон учир нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байх шаардлагатай болсон нөхцөл байдал зэргийг харгалзан нөхөн төлбөр хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар, улсын яллагчаас нөхөн төлбөр хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 120 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас нөхөн төлбөр хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлөхөөр санал гаргасан. Гэтэл шүүхээр талуудын шүүх хуралдаанд илэрхийлсэн дээрх байр сууриудыг харгалзахгүйгээр “...шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо учруулсан гэм хор, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн гэм буруу, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээж...” гэж дүгнээд нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх ийнхүү дүгнэхдээ ямар нөхцөл байдлыг ямар нотлох баримтад үндэслэн дүгнэсэн нь тодорхойгүй, хохирогчийн сэтгээд учирсан хор уршгийн шинж чанар, үр дагаварт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэргийн 128 дугаар талд авагдсан Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтэд “Эмнэл зүйн ярилцлагын үр дүн: /өөрийн үгээр/ Хэзээ юу болсон талаар санахгүй, осолд орсон байсан. Юм ярихаар толгой өвдөөд, эргээд хэцүү байна гэнэ. Ослоос хойш юу болоод байгааг санахгүй, миний ухаан санаа орж гараад байна гээд уйлна. /Бэр Золзаяагийн үгээр/: Өдөр бүр өвчин намдаах эм ууж байгаа ч толгойн өвдөлт маш их байдаг. Хүнтэй харилцахгүй, өрөөндөө өдөржин ганцаараа байна. Хэвтэрт удаан хугацаанд байсан үеэ бодвол босоод алхдаг болсон ч ослоос хойших ой санамж байхгүй, өөрийгөө яг л ослын өмнөх шигээ бодож гарах гэж уурлах болсон. Өөрийнхөө гадаад үзэмжээ хараад сэтгэл ханамжгүй болон уурлаж бухимдана. Машинд суугаад явахаар айна. Нэг хэсэг ингэж амьдарч байхаар үхчих юм сан гэж ярьдаг байсан. Шөнө сэрээд нүүрээ будаад суучихдаг. Эмээ уухгүй гэж нууна” зэрэг сэтгэцийн эмгэгийн илрэх шинж тэмдгийн талаар дурдсанаас гадна нарийн мэргэжлийн эмчид байнга үзүүлж хяналтад эмчилгээ үйлчилгээ авсаар байна. Үүнээс гадна уг шинжээчийн дүгнэлтэд дурдсанчлан “Сэтгэцийн болон сэтгэхүйн үйлдлийн чадвар эргэн сэргэшгүй өөрчлөлтөд орсон” нөхцөл байдалд шүүхээс бодитой дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1462 дугаар шийтгэх тогтоолд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон өөрчлөлт оруулж өгнө үү.....” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Ээж минь хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ асардаг байсан бол энэ явдлаас хойш өөрөө асаргаанд орж, сэтгэл санаа, биеийн биеийн байдал маш тогтворгүй, байнгын өвчин шаналалтай, байнгын өвчин намдаах эм уудаг, ямар ч нийгмийн харилцаа байхгүй болсон. Сүүлийн үед унтах ч үгүй, хоол ч идэхгүй, тухайн үед одоо 65, 66 кг жинтэй байсан бол одоо 40 гаруй кг жинтэй болсон...” гэв.

Иргэний хариуцагч Д.Болор-Эрдэнэ тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа.

 “...Шүүгдэгч Б.Б- 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай “О- Хэрэгцээ” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Пробокс” загварын ****УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа авто тээврийн осол гаргаж хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт манай байгууллагыг иргэний хариуцагчаар татсан ба Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоож, хохирогчид “О- Хэрэгцээ” ХХК-ийг иргэний хариуцагчийн хувиар 19,800,000 төгрөгийг олгуулах шийдвэрийг гаргасан. Шүүгдэгч Б.Б- нь “О- Хэрэгцээ” ХХК-д ажиллаж байсан нь үнэн боловч хэрэг гарсан 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой 22 цаг 14 минутад компанийн эзэмшлийн “Тоёота Пробокс” загварын ****УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажил олгогч “О- Хэрэгцээ” ХХК-ийн зөвшөөрөлгүй, нууцаар, хувийн хэрэгцээндээ ашиглаж яваад уг гэмт хэргийг үйлдсэн. Манай “О- Хэрэгцээ” ХХК-ийг яллагдагчийн эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих хуулийн этгээд гэж үзэж иргэний хариуцагчаар татаж, хохирогчид хохирлын мөнгөн дүн олгох шийдвэр гарсан нь анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд, дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан үзэж манай байгууллагыг иргэний хариуцагчаас чөлөөлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би өөрийнхөө хувийн ажлыг хийе гэж гуйгаад зөвшөөрөл авч, түлхүүр авсан. Яагаад зөвшөөрөл аваагүй гэж байгааг ойлгохгүй байна. Ажил тарсны дараа хувийн ажил маань больчихлоо гэхэд нь би менежерийнхээ ажлыг үргэлжлүүлээд хийх гэж явсан. Менежерийнхээ ажлыг хийж дуусгаад буцах явцдаа осол гаргасан...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагважанцан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдолтой холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох аргачлалын дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол энэ аргачлалаар гаргаагүй гэдэг агуулгаар гомдлоо дэлгэрэнгүй тайлбарлалаа. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор тавдугаар зэрэглэлийн хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46-149 дахин нэмэгдүүлэх хэмжээний хооронд тооцохоор тогтоол гарсан. Харин анхан шатны шүүхээс 60 дахин нэмэгдүүлэх хэмжээгээр буюу 39.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн хувьд залуу хүн, өөр дээр нь бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй. Төлбөрийн хувьд төлбөр төлөх боломжгүй нөхцөлүүд үүсдэг. 39.000.000 төгрөг гэдэг бол залуу хүний хувьд тийм бага мөнгө биш. Анхан шатны шүүхээс энэ аргачлалын дагуу тогтоосон хувь хэмжээгээр бодох нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд 60 дахин нэмэгдүүлж тооцсоныг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн иргэний хариуцагчаас уг тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатад өгсөн мэдүүлгүүдээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн дээд шатны албан тушаалтан үүрэг чиглэл өгсөн буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээнд яваад ир гэж хэлээд явуулсан. Уг тээврийн хэрэгслийн гэрчилгээг аваад буцаж явахдаа зам тээврийн осол гаргасан.  Иймээс хөдөлмөрийн гэрээгээр заасан ажил үүргээ гүйцэтгээгүй хэдий ч дээд шатны албан тушаалтны үүрэг даалгавраар явж байгаад энэ зам тээврийн осол гарсан учраас иргэний хариуцагч чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн гэмт хэргийн улмаас гарсан хохирлыг тухай бүрд нь шүүгдэгч гаргасан. Мөн иргэний хариуцагчаас хохирогчид төлсөн төлбөр байхгүй. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний хариуцагч төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд хор уршгийг төлөхгүй гэж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна...” гэв.

Прокурор Д.Анар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Мөн иргэний хариуцагчаас хувь тэнжүүлж гаргуулсныг үндэслэлтэй гэж үзэж байна. учир нь, шүүгдэгч “О- хэрэгцээ” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр зам тээрийн осол гаргасан гэдэг нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв..” гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч-ийн өмгөөлөгч А.Энхбаатар, иргэний хариуцагч Д.Болор-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б- нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Офицерын тойргийн урд талын замд 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22 цаг 14 минутын үед “Тоёота Пробокс” загварын ****УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасны дагуу "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-т заасны дагуу “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, мөн дүрмийн 10.1-т зааснаар “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн заалт, мөн дүрмийн 3.7-т заасны дагуу “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: 3/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний замаар зорчиж байсан Д.О-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/,

Замын цагдаагийн газар, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, дуудлагын лавлагааны хуудас /хх 4/,

зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-9/,

жолоочийн согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл /хх 12/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч-ийн “...над руу тухайн өдрийн 22 цаг 15 минутын үед залгаад “ээж осолд орсон байна” гэж хэлээд шууд гэмтлийн эмнэлэг дээр очсон. ...Манай ээж тархи гавлын хагалгаанд. Тархины баруун талын цус хуралтыг “хагалгаагаар авч зүүн талыг нь эмийн аргаар шимэгдүүлнэ” гэж хэлсэн. Одоо ослын улмаас шалтгаалаад ярьж чадахгүй болсон байгаа. ...Бид эхлээд шаардлагатай эмчилгээний зардал мөнгийг гаргаж байгаад дараа нь жолоочоос 2.340.000 төгрөг авсан. Маш их гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгийг жолоочоос гаргуулж авна...” гэх мэдүүлэг /хх 20/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.М-ын “...Тоёота пробокс маркийн ****УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний ажилладаг “О- хэрэгцээ” ХХК-ийн машин. Тухайн тээврийн хэрэгсэл эвдрэл ихтэй гэж жолооч хэлсэн. ...Машинаа бүрэн бүтэн болгож авмаар байна, эвдрэл гэмтлийг нэхэмжилнэ. ...Б- 2023 оноос манайд ажилладаг байсан. Манай жолооч буруутай нь тогтоогдвол хохирлоо өөрөө барагдуулна...” гэх мэдүүлэг /хх 37-38/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1470 дугаар шинжээчийн: “...Д.О-ын биед баруун зулай, чамархай яс, суурь ясны шугаман хугарал, баруун чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүл дээрх цус хураа, зүүн дух, зулай, чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх цус хураа, хоёр зовхинд цус хуралт, баруун тохой, баруун шагайнд цус хуралт, хэлэнд шарх гэмтэл, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг авч тархи дарагдал чөлөөлөх мэс засал (2024/12/27) тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар үүснэ. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна....” дүгнэлт /хх 55-58/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ЕГ0225/131 дүгээр Инженер-Техникийн шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн Toyota Probox маркийн **** УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Учирсан эвдрэл нь шинэ байна. Toyota Probox маркийн **** УАН улсын дугаартай автомашин нь шингэн тоормосны системтэй, ABS системээр тоноглогдсон байна. Тоормосны механизм ажиллаж байна. Уг системийн үед асфальтан зам дээр тоормослоход мөр үүснэ. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Probox маркийн **** УАН улсын дугаартай автомашины ойрын гэрлийн чадал стандарт шаардлага хангахгүй байна. Баруун урд их гэрэл ослоос үүдэлтэй эвдрэл гэмтэлтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь 2024/02/25-ны өдөр Техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна. Шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй....” дүгнэлт /хх 62-64/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 0000270 дугаар “Жолооч Б.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3- т заасны дагуу “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-т заасны дагуу “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, мөн дүрмийн 10.1-т зааснаар "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалт, мөн дүрмийн 3.7-т заасны дагуу “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: 3/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах...” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй" гэх магадалгаа /хх 76-77/,

            Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх 104/

Иргэний нэхэмжлэгч С.С-ийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д-ын О-ад Эрүүл мэндийн сангаас 4.044.560 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Б-гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх 107/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч нарын 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 833 дугаар “...Зам тээврийн ослын улмаас хохирогч Д-ын О- /РД:........../-ын сэтгэцэд DS:F06.6 Органик сэтгэл тогтворгүйтэх эмгэг оношлогдож байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн тавдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх 127-129/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.

2. Анхан шатны шүүхээс Б.Б-г “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Д.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

3. Хохирогчийн өмгөөлөгч А.Энхбаатар “...хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8 дахь хэсэгт “шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх... зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заажээ.

Тус аргачлалын 3.4-т ...Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу зэрэглэл  тогтоож, тухайн зэрэглэлд харгалзуулан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний нөхөн төлбөр тогтоохоор заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогч Д.О-ын сэтгэцэд учирсан хор уршгийг “Тавдугаар зэрэглэл”-ээр тогтоож /хх 127-129/, түүнд танилцуулсан байх ба анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 39.600.000 төгрөгөөр тооцож шийдвэрлэснийг дээрх аргачлалд зааснаар харгалзан үзэх бүхий л нөхцөл байдлыг харгалзан үзэж тооцоогүй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар зэргийг чухалчлан  үзээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин биш 80 дахин нэмэгдүүлснээр тооцож /660,000х80/ 52.800.000 төгрөгийг Б.Б-гээс 26.400.000 төгрөг, иргэний хариуцагч “О- хэрэгцээ” ХХК-иас 26.400.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож өөрчлөлт оруулав.

Хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхтэй холбогдуулан 4.044.560 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн болохыг нотлосон баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагджээ.

Уг нотлох баримттай холбогдох иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхигдуулан, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг зөвтгөж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт, нэмэлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

4. Иргэний хариуцагч Д.Болор-Эрдэнэ “...О- хэрэгцээ ХХК-ийг иргэний хариуцагчаас чөлөөлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно…”,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”,

3 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.”,

4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” байхаар тус тус хуульчилсан.

Тухайн зам тээврийн осол хэрэг болох үед О- хэрэгцээ ХХК-ийн эзэмшлийн ****УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Б- нь зөвшөөрөлгүйгээр авч явсаныг нотлох баримт хэрэгт байхгүй байх бөгөөд тээврийн хэрэгслийн эзэмшигч болох О- хэрэгцээ ХХК нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн ашиглалтад хяналт тавьж байсан талаар баримт үгүй учир хэрэгт авагдаагүй, өөрсдөө гаргаж өгөөгүй байна.

Иймд иргэний хариуцагчаас гаргасан гомдлын шаардлага болох Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласан” гэх агуулга хангагдах боломжгүй болно. Харин тухайн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Б- ашиглаж байхаар түүнд хариуцуулж өгсөн байгаа нь дээрх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байна.

Энэ хэргийн тохиолдолд шүүгдэгчийг тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх нотолгоо байхгүй учир О- хэрэгцээ ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1462 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар нийт 39,600,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Б-гээс 19,800,000 төгрөг, иргэний хариуцагч “О- хэрэгцээ” ХХК-наас 19,800,000 төгрөг гаргуулж хохирогчид олгох, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гээс 9,303,000 төгрөгийг гаргуулж “О- хэрэгцээ” ХХК-нд тус тус олгож...” гэснийг “...Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар нийт 52.800.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Б-гээс 26.400.000 төгрөгийг, иргэний хариуцагч “О- хэрэгцээ” ХХК-иас 26.400.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гээс 9,303,000 төгрөгийг гаргуулж “О- хэрэгцээ” ХХК-нд тус тус олгосугай. ...” гэж,

тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “... Эрүүл мэндийн даатгалын сан нь гарсан хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй...” гэснийг “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-гээс 4.044.560 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулж, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн энэ гэмт хэргийн улмаас цаашид гарсан эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч А.Энхбаатарын гаргасан “хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Болор-Эрдэнийн “...О- хэрэгцээ ХХК-ийг иргэний хариуцагчаас чөлөөлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                                     Д.ОЧМАНДАХ

 

                                   ШҮҮГЧ                                                     Н.БААСАНБАТ