Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1031

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Хохирогч Б.Ууганбаяр,

Шүүгдэгч Г.Н , түүний өмгөөлөгч Ц.Батхүү нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Н ид холбогдох эрүүгийн 1700 0000 0293 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

              Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сар, 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаартай захирамжаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Т  овогт Г Н .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Г.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны 88а байрны гадна Б.Ууганбаярын цүнхтэй эд зүйлийг нь авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх хэргийг үйлдсэн,

мөн Б.Ууганбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ууганбаяр мэдүүлэхдээ: “…Хохирогч: 2017 оны 11 дүгээр сарын 4-5-нд шилжих шөнө эгчийнхээсээ гараад гэртээ такси бариад ирсэн. Тэгээд таксинаас буугаад орцондоо орох гэтэл араас хүн боож унагаасан. Тэрнээс хойш юу болсоныг би сайн санахгүй байгаа. Одоо гомдол, санал байхгүй гэв.

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Ууганбаярын өгсөн мэдүүлэг /хх-12/, шүүгдэгч Г.Н гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-14-15/, гэрч Н.Дагварэгзэнгийн өгсөн мэдүүлэг /хх-16/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дугаар сарын 5-ны өдрийн 13862 дугаартай дүгнэлт /хх-20/, шинжээчийн дүгнэлт /хх-22/, Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ний тайлан /хх-25-26/, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-49-50/, шүүгдэгч Г.Н ял шалгах хуудас /хх-38/, шинээр хохирол төлбөр төлсөн баримт зэрэг болно.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанд судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Г.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны 88а байрны гадна Б.Ууганбаярын цүнхтэй эд зүйлийг нь авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх хэргийг үйлдсэн,

мөн Б.Ууганбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ууганбаярын өгсөн: “...Цагаан хуаран хотхоны 88а байрны гадна таксинаас буугаад орц руу орох гэтэл гэнэт хажуунаас үл таних эрэгтэй хүн ирээд миний цүнхнээс зуураад татахаар нь би цүнхээ өгөхгүй гээд тэмцэлдтэл намайг хоёроос гурван удаа цохиж өшиглөсөн. Би их орилсон бөгөөд хотхоны манаач залуу гарч ирээд тэр залууг хөөгөөд барьж авсан.” /хх-10-11/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн байцаалтад гэрч Н.Дагварэгзэнийн өгсөн: “…2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүний цагдаа, жолоочийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ”Цагаан хуаран” хотхонд хүн дээрэмдсэн хүн баригдлаа” гэх дуудлага ирсэний дагуу нохойн төлөөлөгч ахлагч Б.Тэмүүжингийн хамт уг газарт очиход “Цагаан хуаран” хотхоны хамгаалагч нар, дээрэмдүүлсэн гэх Б.Ууганбаяр гэгч эмэгтэй нөхрийн хамт зогсож байсан. Б.Ууганбаяр гэгч нь их айж сандарсан, хувцас нь шороо болсон байдалтай байсан бөгөөд хамгаалагч нар дээрэмдсэн хүнийг барьсан боловч алдчихлаа гэсэн…Хайж байхад цэнхэр өнгийн Тоёота приус 11 маркын автомашин доор дээрэм хийсэн гэх эрэгтэй хэвтчихсэн нуугдаж байхаар нь гаргаж ирээд бичиг баримтыг нь шалгахад Гангаамаа овогтой Нямдорж гэгч байсан бөгөөд өөрөөс нь юу болсон талаар нь асуухад “би согтуу байна, таньдаг хүн байх шиг байхаар нь би зүгээр очоод татсан” гэж хэлсэн.” /хх-14/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн байцаалтад гэрч Д.Ганзоригийн өгсөн: “…Миний бие “Ирмүүн хурай” хамгаалалтын албанд хамгаалагч бөгөөд “Цагаан хуаран” хотхонд үүрэг гүйцэтгэдэг юм. 2017 оны 11 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 03 цаг 45 минутын үед 88а байрны орцуудыг шалгаад 2 дугаар орцны 3 давхарт явж байтал гадаа эмэгтэй хүн маш чанга орилох чимээ гарахаар нь гартал 88а байрны гадаа үл таних эрэгтэй хүн нэг эмэгтэйг газарт унагаасан дээрээс нь цохиж зодож байсан. Тэгэхээр нь намайг барих гэтэл тэр эрэгтэй намайг хараад зугтаасан. Би хөөж барьж аваад путикиндээ авч ирээд цагдаа дуудсан. Цагдаа дуудаад хүлээж байтал нөгөө залуу “миний давсаг хагарлаа” гэж анхаарал сарниулж байгаад гарч зугтаасан. Тэр үед цагдаагийн 2 албан хаагч ирсэн бөгөөд нөгөө залуу тоёота приус маркийн машин доод талд нь ороод хэвтэж нуугдаж байхыг нь барьж аваад цагдаа нар аваад явсан.” /хх-17-18/ гэх мэдүүлэг,    

             

       Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 5-ний өдрийн шинжээчийн 13862 дугаартай дүгнэлтэд:

          1. Б.Ууганбаярын биед тархи доргилт, мөчдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-20/, гэх дүгнэлт,

 

        Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн шинжээчийн 1318 дугаартай дүгнэлтэд:

          1. Б.Ууганбаярын биед тархи доргилт, мөчдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо, үүнээс өөр гэмтэл тогтоогдсонгүй.

          2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр, нэг цуг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

          3. Б.Ууганбаярт үүссэн тархи доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэмтлүүд байна.

          4. Гэмтлүүд нь цаашид эрүүл мэндийн ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

          5. Б.Ууганбаяр ураг зулбасан эсэх нь тогтоогдохгүй байна.” гэх дүгнэлт /хх-23/, гэх дүгнэлт,

 

           -Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-3/,

           -Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-5/,        

-Шүүгдэгч Г.Н ял шалгах хуудас /хх-38/,

-Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ны тайлан /хх-25-28, 30-31/,

-Өвчний тодорхойлолт, хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-60-64/ зэргээр тогтоогдсон болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар Шүүгдэгч Г.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны 88а байрны гадна Б.Ууганбаярын цүнхтэй эд зүйлийг нь авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх хэргийг үйлдсэн,

мөн Б.Ууганбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

       Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч Г.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хуаран” хотхоны 88а байрны гадна Б.Ууганбаярын цүнхтэй эд зүйлийг нь авахаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх хэргийг үйлдсэн,

       мөн хохирогч Б.Ууганбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Н шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялыг дүйцүүлэн 30 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугар зүйлийн 1-д зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулах хорих ял дээр нэмж нэгтгэн нийт хорих ял эдлэх хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Ууганбаяр нь төлбөрөө барагдуулж авсан гомдол санал, нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Г.Н бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Н ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүн оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад шүүгдэгч Г.Н оногдуулсан хорих ялыг эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 17 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна. 

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн рентгэн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т  овогт Г Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Г.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Г.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар түүнд шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг дүйцүүлэн 30 хоног буюу 1 сараар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд оногдуусан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж

нэгтгэн нийт 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Н оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Н цагдан хоригдсон 17 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт эд битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Г.Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн рентгэн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Г.Н урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

   9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                   

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Э.ЧИНГИС