Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/1026

 

2025          09            02                                                                              2025/ДШМ/1026

           

 

Г.А-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй ийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ариунзул /томилолтоор/,

шүүгдэгч Г.А-ын өмгөөлөгч Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1689 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн Г.А-од холбогдох 2405030750473 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Н- овогт Г-ын А-, ..............., /РД:............/,

Шүүгдэгч Г.А- нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хувьсгалчдын ***** нийтийн байрны ***** тоот өрөөнд хууль бусаар нэвтэрч, хохирогч Д.Э-ын эзэмшлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 243.730 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:

“... Г.А-ыг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Миний үйлчлүүлэгч Г-ын А- өрх толгойлсон ээжийн хамт амьдардаг, бичиг үсэг, уншиж, бичиж мэдэхгүй. Өөрийгөө хүнд ойлгуулж чаддаггүй байдалтайгаар бусдын орон байр, тусгайлан хамгаалагдсан байр агуулахад нэвтэрсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэргийг үйлдсэн. Шүүгдэгч маань 1 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн. Гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч бодит хохирлыг төлсөн, урьд өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй, тохиолдлын шинжтэй анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн чин сэтгэлээсээ гэмшиж байгаа болон төрүүлсэн эх нь бие муутай түүнийгээ сахидаг, эмчийн хяналтанд байдаг зэрэг хувийн байдлыг нь харгалзан 1 сарыг ч гэсэн хасаж өгнө үү....” гэв.

Прокурор Г.Ариунзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокуророос хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргасан. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-од 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Г.А-од холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

-гэмт хэргийн талаар “2024 оны 07 сарын 19-ны өдөр Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-1-11 нийтийн байрны ***** тоотоос цүнх хулгайд алдсан” гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 11/,

-хохирогч Д.Э-ын “Тухайн өдрийн өглөө 05:20 цагийн орчимд манай нөхөр болон хадам аав 2 гарч бие засчихаад орж ирж унтахдаа хаалга хагас нээлттэй орхисон байсан. Гэтэл 05:30 цагийн орчимд хар саравчтай малгайтай, хүзүүндээ мөнгөлөг өнгийн гинжтэй, хар өнгийн фудволктой, хөх өнгийн даавуун биеийн тамирын өмдтэй, цагаан пүүзтэй 20-25 орчим насны эрэгтэй хүн хаалгаар шургаж ороод үүдэнд сандал дээр тавьсан байсан миний цүнхийг хулгайлан авсан байсан...” гэх мэдүүлэг /хх 16-17/,

-Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 07 сарын 22-ны өдрийн Ц-0617 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 23-26/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан “...хулгай хийсэн гэх залуу нь хяналтын камерын бичлэгт царайны дүрс, өнгө нь маш тод харагдаж байсан учраас царай, хэлбэр, өнгө, чих, уруулаар нь маш сайн танина. ... 1. ...П-, 2. ...З-, 3. ...А-, 4. ...Б- нарын зургийг байршуулж таньж олуулах ажиллагааг эхлүүлэв. ...иргэн Д.Э- нь 3 дугаартай зураг дээрх хүнийг заав...” гэх тэмдэглэл /хх 29-35/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн “... 2 дахь секундэд ...эрэгтэй хүн 2 гараа ардаа байрлуулсан зогсож байгааг, ...16 секундэд уг эрэгтэй хаалгаар дотогш орж байгааг, 20 секундэд уг эрэгтэй нь биеийн цээж хэсгээрээ тухайн хаалгаар орж байгааг, 24 секундэд гартаа цүнх барьсан байгааг байдлыг, 31 секундэд тухайн хаалганаас авсан гэх гар цүнхийг үүрч байгааг... харуулав ” гэх тэмдэглэл /хх 39-43/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А- нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хувьсгалчдын ***** нийтийн байрны ***** тоот өрөөнд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хохирогчийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 243.730 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх эргэлзээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн шинж, хэргийн бодит байдлыг үгүйсгэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй болно.    

Нотлох ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, хохирогчийн эд зүйлийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авсан шүүгдэгч Г.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаж гомдол гаргаагүй болно.

Аливаа гэмт хэрэг нь хүний аюулгүй байдал, эрх, эрх чөлөө нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг нийгмийн амин чухал эрх ашигт халдаж хохирол учруулдаг тул Эрүүгийн хуулиар зохицуулж, хариуцлага хүлээлгэдэг болно. 

Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан, түүнийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш, харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.А- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, түүний хувийн байдал, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй нөхцөл байдал, мөн хулгайлах гэмт хэрэг үйлдэж авсан эд зүйлсийг бүрэн хохирогчид буцаан өгсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байх тул энэ талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” зүйлд 1-5 заалтыг хуульчилсан байдаг бөгөөд анхан шатны шүүх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан” гэж хууль зүйн зөв дүгнэлт хийсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 6.7 дугаар зүйлийг журамлан гэж ерөнхий байдлаар бичсэн байгааг зөвтгөж цаашид “зүйл, хэсэг, заалт”-аар нь бичиж байхыг анхааруулж тэмдэглэв.  

Дээрх үндэслэлээр шүүгдэгч Г.А-ийн өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.А- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 62 хоног цагдан хоригдсоныг түүнийг ял эдлэх хугацаанад оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1689 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь хэсгийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ын цагдан хоригдсон нийт 62 (жаран хоёр) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Л.ДАРЬСҮРЭН

 

 

                          ШҮҮГЧ                                                              Т.АЛТАНТУЯА

 

 

                          ШҮҮГЧ                                                               Н.БААСАНБАТ