Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00817

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00817

 

 

В.Б -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00366 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч В.Б - нь хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14 768 087 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Б -, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч В.Б - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2010 оноос 2013 онд үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга, 2013 оноос 2017 онд Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байгаад тус дүүргийн Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/21 тоот тушаалаар ажлаасаа халагдсан. Би дээрх шийдвэрийг эс зөвшөөрөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан тус шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0576 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0756 дугаар магадлал гарч намайг Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасан. Дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрөн хариуцагчаас Улсын Дээд шүүхэд гомдол гаргасныг хүлээн авахаас татгалзсан. Иймээс би ажилгүй байсан 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 360 хоногийн цалин хөлсийг нэхэмжилснийг анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл одоог хүртэл хариуцагч байгууллага нь намайг ажилд эгүүлэн аваагүй тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан нөхөн олговорт 14 768 087 төгрөгийг гаргуулахаар, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0576 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0756 дугаар магадлалыг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/140 дугаар бүхий олговор олгох тухай тушаал гарч шийдвэрт заасан олговрыг олгосон болно. Иймд шүүхийн шийдвэрт тусгагдаагүй цалин хөлсийг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийх боломжгүй тул В.Б -ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13 430 102 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Б -эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 337 985 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан В.Б -ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Б -ээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 231 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 225 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Б -эд олгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч В.Б - давж заалдах гомдолдоо: Шүүхээс миний ажилгүй байсан 2019 оны ажлын 251 өдөрт ногдох дундаж цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо сарын дундаж ажлын өдрийг бодит бусаар тооцож, ажлын 1 өдрийн дундаж цалинг бууруулсан, мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 413 дугаар магадлалын холбогдох хэсгийг буруу ойлгож хэрэглэсэн байна. Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.А-д заасныг зөрчиж 2016 оны 10, 11 дүгээр сар, 2017 оны 01 дүгээр сар гэсэн 3 сарын дунджаас нэг сарын дундаж цалинг тодорхойлсон байна. Энд 2016 оны 12 дугаар сарын цалинг орхидуулсан нь зөрчил үүсгэж байна. Би дээрх заалтыг баримтлан 2016 оны 11,12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сар гэсэн сүүлийн 3 сарын дунджаар нэг сарын дундаж цалинг тооцож, үүнээс мөн журмын 4-т заасныг үндэслэн хоол, унааны хөнгөлөлтийн орлогыг хасаж тооцсон. Сарын дундаж ажлын өдрийг тооцохдоо нэг сарыг 21,5 ажлын өдрөөр тооцдог хэтийн болон урт хугацааны төлөвлөлтөнд хэрэглэдэг статистик тоог ашигласан нь учир дутагдалтай болсон. 2019 онд бодитой байгаа нийт 251 ажлын өдрийг 12 сардаа хувааж, нэг сарын дундаж ажлын өдрийг 20,9 гэж тооцох нь 2019 оны хувьд хамгийн бодитой бөгөөд зөв гэж үзэж байна.

Сарын дундаж цалин болон сарын дундаж ажлын өдрийг буруу тооцсонтой уялдаж ажлын нэг өдрийн цалин 56 429 төгрөг болж, нэг өдрийн дундаж цалингаас 2408 /58837-56429/ төгрөгөөр буурч байгаа дээрх алдаа, зөрчлийн улмаас би 573 104 /2408x238/ төгрөгөөр хохироход хүрч байна.Мөн миний ажилгүй байсан хугацааны өмнөх олговрыг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл олгохоор шийдвэрлэсэн гэдгийг зөвшөөрөхгүй. Шүүгч магадлалыг буруу ойлгож хэрэглэсний улмаас би ажлын 13 өдрийн олговор буюу 764 881 /13x58837/ төгрөгөөр хохироход хүрч байна.

Иймд ажлын нэг өдрийн дундаж цалинг /58 837 төг/ үнэн зөв тогтоож, 1 337 985 /573104+764881/ төгрөгийн хохирлыг барагдуулж, 2019 онд ажилгүй байсан 251 ажлын өдөрт ногдох 14 768 087 төгрөгийн олговрыг олгож шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч В.Б - нь хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14 768 087 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0576 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2017/0756 магадлалаар В.Б -ийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилохыг тус Тамгын газарт даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулан, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалган шийдвэрлэсэн байна. /хх-9-15/

Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00169 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 413 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2019/00954 дугаар тогтоолоор нэхэмжлэгч В.Б -ийг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд эрхэлсэн ажилгүй байж цалин, хөлсөөрөө хохирсон гэж үзэн олговорт 21 104 446 төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэжээ. /хх 16-23/ Дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан ба уг шийдвэрээр тогтоогдсон үйл баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх үндэслэл заан нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байх боловч уг тайлбарыг нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч тал заавал биелүүлэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил үргэлжилсээр байгаа гэж үзнэ. Шүүх, нэхэмжлэгч В.Б -ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас шаардах эрхтэй гэж зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч В.Б - нь өөрийн ажилгүй байсан хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл 251 хоногоор, нэг өдрийн цалин хөлсний дундажийг 2016 оны 11, 12, 2017 оны 01 дүгээр сард авсан цалингийн дунджаар тооцон шүүхэд нэхэмжлэл гаргасан төдийгүй мөн энэ үндэслэлээр давж заалдах гомдлоо тайлбарлаж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хугацаанаас хойш буюу 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл 238 хоногоор, нэг өдрийн цалин хөлсний дундажийг 56 429 төгрөгөөр тус тус тооцон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13 430 102 төгрөгийг хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 2016 оны цалингийн тооцооны хүснэгтэд түүний 12 дугаар сарын цалин, хөлс дээр 428 605 төгрөгийн ээлжийн амралтын олговор нэмэгдэн нийт 1 564 271 төгрөг олгогджээ./хх-27/ Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Цалин хөлс тодорхойлох журмын 2-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэхээр заасан учир нэхэмжлэгчийн авсан 12 дугаар сарын цалин, олговор авсан дүнг оролцуулан сүүлийн 3 сарын цалин, хөлсний дундажийг тодорхойлох нь дээрх журмын 7а-д нийцэхгүй. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 413 дугаар магадлалаар нэхэмжлэгч В.Б -ийн ажилгүй байсан хугацааны олговрыг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцон хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Дээрх байдлаас дүгнэвэл, нэхэмжлэгчийн ажиллаж байгаагүй үеийн цалин хөлсний хэмжээгээр тооцож нөхөх олговор гаргуулах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.4 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн шүүх хугацаа болон цалин хөлсний дундажийг буруу тооцсон гэх гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00366 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ч.ЦЭНД