Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 39

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 207/МА2020/00039

 

 

Орхон аймгийн Нийгмийн даатгалын

нэхэмжлэлтэй, хариуцагч *******ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/00121 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******ХХК-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги 26.025.071.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******ХХК-ийн захирал З.Базарсадын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хулан, хариуцагч *******ХХК-ийн захирал З.Базарсад, прокурор Б.Жавхлантуяа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Анар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Бэрх оньс ХХК нь 2017 оны 07 дугаар сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй. Хуулийн хугацаанд төлөлгүй хугацаа хоцроож, өр авлага хуримтлуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 17 350 047.38 төгрөг, түүнд ногдох алданги 8.675.023.69 төгрөг, бүгд 26.025.071.07 төгрөг /хорин зургаан сая хорин таван мянга далан нэгэн төгрөг долоон мөнгө/-ийг Бэрх оньс ХХК-иас болон захирал З.Базарсад нараас гаргуулж, Нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч *******ХХК-ийн захирал З.Базарсад шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Манай *******ХХК нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын шимтгэлийн 17.350.047.38 төгрөгийн өртэй байгаа нь үнэн болно. Дээрхи өр төлбөрийг 2020 оны 01 дүгээр сараас эхлэн хувиар хийж сар бүр 3.000.000- 4.000.000 төгрөг төлж, 2020 оны эхний хагас жилд бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна. Дээрх өр төлбөрт тооцсон алданги 8.575.023.59 төгрөгийг төлөх боломж байхгүй байна. Үндсэн төлбөрөө төлж барагдуулна. Манай компани төлбөрийн чадвар нэн тааруу тул үндсэн төлбөрөө 6 сараар тооцож төлж барагдуулах хүсэлтэй байгааг минь хүлээн авч туслана уу. 2 дугаар сараас эхлэн Жаргалант сумын ЗДТГ дулааны үйл ажиллагаагаа эрхлэх болсон гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/00121 дугаар шийдвэрээр:

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хариуцагч Бэрх оньс ХХК-аас нийгмийн даатгалын хугацаандаа төлөөгүй өр 17 350 047.38 төгрөг, алданги 8 509 398.69 төгрөг, нийт 25 859 446.07 /хорин таван сая найман зуун тавин есөн мянга дөрвөн зуун дөчин зургаан төгрөг долоон мөнгө/ төгрөг гаргуулан Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас захирал З.Базарсадад холбогдох хэсэг болон 165 625 /нэг зуун жаран таван мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Бэрх оньс ХХК-аас 287 297.23 /хоёр зуун наян долоон мянга хоёр зуун ерэн долоон төгрөг хорин гурван мөнгө/ төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч *******ХХК-ийн захирал З.Базарсад шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Тус компани нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын шимтгэлийн 17.350.047.38 төгрөгийн өртэй байгаа нь үнэн болно. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/00121 дугаар шийдвэрээр манай компанид 17.350.047.38 төгрөг, алданги 8.509.398.69 төгрөг, нийт 25.859.446.07 төгрөгийг нийгмийн даатгалын хэлтэст төлүүлэхээр шийдвэрлэсэн. Манай компани нь 2018, 2019 онд алдагдалтай ажиллаж компанийн үйл ажиллагаа санхүүгийн хувьд хүнд байгаа болно. Нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн төлбөрийг манай компани төлж барагдуулах ба алданги 8.509.398.69 төгрөгийг төлөх ямар ч боломжгүй байгаа тул дээрх алдангийг чөлөөлж туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги 26.025.071.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч .... алданги 8.575.023.59 төгрөгийг төлөх боломжгүй гэх тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

Хариуцагч компани нь 2017 оны 07 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 17.350.047 төгрөг, алданги 8.675.023.69 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. /хх-12/

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.-д зааснаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулах ба уг алдангийн хэмжээ нь төлбөр зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулагдсан ба нэхэмжлэгч хуульд заасны дагуу алданги 8.675.023.69 төгрөг ногдуулсан нь зөв байна.

Гэтэл шүүх ... захирал З.Базарсадад холбогдох хэсэг болох 165.625 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв ... гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тус компани нийгмийн даатгалын шимтгэл 17.350.047.38 төгрөгийг огт төлөөгүй, нэхэмжлэгч шимтгэл төлөхийг удаа дараа мэдэгдсэн, алдангийг төлөгдөөгүй шимтгэлийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг тус компанийн захирал бус харин *******ХХК хариуцахаар байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнгээр хариуцуулах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч компанийн захирал З.Базарсадын гаргасан ... компани нь 2018, 2019 онд алдагдалтай ажиллаж компанийн үйл ажиллагаа санхүүгийн хувьд хүнд байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн төлбөрийг манай компани төлж барагдуулах ба алданги 8.509.398.69 төгрөгийг төлөх ямар ч боломжгүй байгаа ... гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

Харин давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах хуульд заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үззх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/00121 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ... Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1., 20 дугаар зүйлийн 1.-д зааснаар хариуцагч *******ХХК-иас нийгмийн даатгалын хугацаандаа төлөөгүй өр 17.350.047.38 төгрөг, алданги 8.675.024 төгрөг, нийт 26.025.071 төгрөг гаргуулан Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай ... гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг ... хариуцагч *******ХХК-иас 287.297.23 /хоёр зуун наян долоон мянга хоёр зуун ерэн долоон төгрөг хорин гурван мөнгө/ төгрөг гэснийг ... хариуцагч *******ХХК-иас 288.075 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4.-т зааснаар хариуцагч *******ХХК-ийн захирал З.Базарсадын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151.000 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

Б.ОЮУНЦЭЦЭГ