| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1042 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Үүрийнтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 1042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч М.Үүрийнтуяа,
Шүүгдэгч Н.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.У холбогдох эрүүгийн 1806053441309 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаатад төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ажилтнаар ажилладаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг гэх, Баянзүрх дүүргийн 27-р хороо тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, О овогт Н У .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О овогт Н У нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, кино үйлдвэрийн автобусны буудлын орчим М.Нармандахыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.У мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.Нармандахын мэдүүлэг /хх-5-6/, шүүх эмнэлгийн шинжээчийн 7603 дугаартай дүгнэлт /хх-8/, яллагдагч Н.У мэдүүлэг /хх-28-29/, шүүгдэгч Н.У яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-28-29/, шүүгдэгч Н.У ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/, шүүгдэгч Н.У иргэний үнэмлэхний лавлагаа /хх-22/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О овогт Н У нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, кино үйлдвэрийн автобусны буудлын орчим М.Нармандахыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч хохирогч М.Нармандахын өгсөн: "...машиндаа суугаад хөдлөхөд араас пивоны шил шидээд жолооч талын дээд эаганыг оносон. Тэгэхээр нь би буугаад машинаа хартал цаанаас нэг залуу ирээд нүүр ам руу өшиглөөд би нүүрээ дараад газар суучихсан. ...Тухайн үед миний биед дух энд тэнд хавдсан, цээж хөндүүртэй, мөр хөндүүртэй байсан" /хх-5-6/ гэх мэдүүлэг,
Шүүх эмнэлгийн шинжээчийн 7603 дугаартай дүгнэлт:
1. М.Нармандахын биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун мөр, хүзүүнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-8/,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.У яллагдагчаар өгсөн: “Найз Гүррагчаа ууж явсан пивоны лаазаа шидэхэд тэр машиныг оночихсон чинь жолооч нь бууж ирээд цохихоор нь би зөрүүлээд жолоочийн нүүр рүү гараараа 1 удаа цохиход газар нүүрээ дараад суучихаар нь 2-3 удаа өшиглөсон. ...Надаас өөр цохисон хүн байхгүй, учирсан гэмтлийг би учруулсан, хохирогч М.Нармандахад эмчилгээнд нь хэрэглэх 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн, сайн дураар эвлэрсэн" /хх-28-29/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Н.У ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/,
Шүүгдэгч Н.У иргэний үнэмлэхний лавлагаа /хх-22/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч О овогт Н У нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, кино үйлдвэрийн автобусны буудлын орчим М.Нармандахыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч М.Нармандах нь шүүгдэгчээс 1.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ч баримтаар гаргаж өгсөн зүйлгүй. Шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг хохирол барагдуулсан ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй тул шүүгдэгч Н.У нь бусдад төлөх төлбөргүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж үзэв. Энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Н.У ял шийтгэл оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Н У ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.У 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.У нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Н.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС