Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 310/ШШ2026/00027

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, ******* индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Б*******

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* овогтой ******* би 1966 оны 10 сарын 17-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй. Би 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажилласан ба 2012 он хүртэл бог мал маллан амьдарсан. Би тэтгэвэр тогтоолгох насанд хүрч тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу байх тул 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажилласан байдлаа тогтоолгохоор хандаж байна. Дээрхээс бусад жилүүдэд малчнаар ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, бичилт, нөхөн тооцолт бүрэн байгаа. Иймд миний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цалингийн хүснэгтийн хуулбар, Дундговь аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт, Дундговь аймгийн Адаацаг сумын 3-р багийн Засаг дарга, сумын Засаг даргын тамгын газрын тодорхойлолт, Дундговь аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын тогтоол, үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, шагнал, дипломын хуулбар, архивын лавлагаа зэргийг үндэслэн 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд, 1992 оны 11 сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг ХК-д малчнаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.******* нь 1966 оны 10 сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй 59 настай. 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлээд Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажилласан. Тэтгэвэр тогтоох насанд хүрч байгаа боловч хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт нь дутуу байсан. Тийм учраас заавал ч үгүй ажилласан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандах шаардлага үүссэн. *******ийн хувьд 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлээд Амьдралын туг нэгдэл хоршоо болж өөрчлөгдөх бүтцийн өөрчлөлтийн дараа ч гэсэн үргэлжлүүлж малчнаар ажилласан иргэн байгаа. Энэ дунд нь цэргийн алба хаасан байдал байхгүй, цэргийн алба хаагаагүй байдаг. Энэ талаар мөн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбартаа бичсэн байгаа. Гэвч шүүхэд хандаад өмнө нь Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх шийдсэн боловч энэ огноон дээр андуурал гарсан. Шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдсэн боловч 1982 оны 01 сарын 01-ний өдрийг 1982 оны 10 сарын 01-ний өдөр гэж андуурч бичсэн. Ийм байдал гарсан. Тэгээд андуурсан ч гэсэн тэтгэврээ тогтоолгохоор нийгмийн даатгал дээр очоод уулзсан чинь дахиад сараар дутаад байсан учраас зөвтгүүлье, шүүхийн шийдвэрийг зөвтгүүлье гэж Дундговь аймаг дахь давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. Давж заалдах шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасан байгаа. Нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн нотлох баримтууд хэрэгт бүгд бий. Өнөөдөр мөн нэмэлтээр нотлох баримтуудыг хавсаргаж өгсөн байгаа. Тийм учраас хэрэгт авагдсан баримтууд болон шинээр гаргаж өгсөн баримтуудыг үнэлж *******ийн 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Адаацаг сумын Амьдралын туг нэгдэл болон бүтцийн өөрчлөлтийн дараа хоршоонд үүнээс хойш малчнаар ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хугацааны ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг бүрэн дэмжиж энэхүү тайлбарыг гаргаж байна гэв.

3. Нэхэмжлэгч нотлох баримтаар 

Нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1982 оны 06 сарын 05-ны өдөр Ж.*******т олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 3-р хуудас/, 602209 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/, Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн зөвлөлөөс 1988 оны 07 сарын 11-ний өдөр Ж.*******т олгосон дипломын хуулбар /хэргийн 5-р хуудас/, Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 2/229 дугаартай албан бичиг /хэргийн 6-р хуудас/, цалингийн баримтууд /хэргийн 7-12-р хуудас/, Дундговь аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 08 сарын 04-ний өдрийн 14 дугаартай тогтоолын хуулбар, хавсралт /хэргийн 13-15-р хуудас/, Дундговь аймгийн Архивын тасаг-аас малчин-даатгуулагчид олгох архивын 2020 оны 12 сарын 04-ний өдрийн 687 дугаартай лавлагаа /хэргийн 16-р хуудас/, цалингийн баримтууд /хэргийн 17-22-р хуудас/, Дундговь аймгийн Адаацаг сумын 3-р багийн Засаг даргын 2021 оны 10 сарын 18-ны өдрийн 07/46 дугаартай албан бичиг /хэргийн 23-р хуудас/, Дундговь аймгийн Татварын газрын 2022 оны 05 сарын 20-ны өдрийн 08/235 дугаартай албан бичиг /хэргийн 24-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 25-26-р хуудас/, Дундговь аймгийн ******* сумын 9-р багийн Засаг даргын 2025.10.20-ны өдрийн 131 дугаартай тодорхойлолт /хэргийн 49-р хуудас/, Дундговь аймгийн *******гийн *******ийн 1993-1994 оны Дундговь аймгийн архивын хэлтсээс малчин-даатгуулагчид олгох архивын лавлагаа /хэргийн 100-104-р хуудас/, Үндэсний архивын сан хөмрөгийн архивын лавлагаа /хэргийн 105-р хуудас/, Дундговь аймгийн Адаацаг сумын 3-р багийн Засаг даргын 2022.05.18-ны өдрийн 07/16 дугаартай албан бичиг /хэргийн 106-р хуудас/, Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988.07.14-ний өдрийн 25 дугаартай Хүмүүсийг шагнах тухай тогтоолын хуулбар /хэргийн 107-108-р хуудас/, Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988.01.26-ны өдрийн 01 дугаартай Зардал гаргах тухай тогтоолын хуулбар /хэргийн 109-111-р хуудас/, Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983.12.31-ний өдрийн 35 дугаартай Зардал гаргах тухай тогтоолын хуулбар /хэргийн 112-113-р хуудас/ зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.

4. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр *******гийн *******ийн ХААТР-1, ХААТР-21 маягтыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Ж.******* нь 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд, 1992 оны 11 сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг миний бие тэтгэвэрт гарах зорилготой, хөдөлмөрийн дэвтэр бичилт дутуу зөрчилтэй байгаа тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолгоно гэж тайлбарлав.

  2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1982 оны 06 сарын 05-ны өдөр *******гийн *******т нээн олгосон, хөдөлмөрийн дэвтэрт түүний 1982 оны 05 сараас 1984 оны 06 сарыг дуусталх хугацааны ажилласан хоног, авсан хөлс тус тус бичигджээ.

Түүнчлэн *******гийн *******ийн ХААТР-1, ХААТР-21 маягтад ...ажилладаг байгууллага-Адаацаг, Амьдралын туг нэгдэл, ажилд орсон он-1982, цех, тасаг, бригад-Туслах үйлдвэр, эрхэлдэг ажил-Тэжээл үйлдвэрлэгч гэж тэмдэглэгдсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Ж.******* нь 1982 оны 05 сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд , 1992 оны 11 сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтаас үзвэл, Ж.*******ийн тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний дээрх хугацаанд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр бичилт дутуу зөрчилтэй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдсон бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.

Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 1982 оны 05 сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд , 1992 оны 11 сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг шүүхээс сэргээн тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн ******* /РД: *******/-ийг 1982 оны 05 сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд , 1992 оны 11 сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэлх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ