| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1044 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 1044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч П.Болормаа,
Шүүгдэгч Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Л.Т холбогдох эрүүгийн 1806 04061 1236 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 05 сарын 20-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт Баянхонгор аймгийн оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, М овгийн Л Т .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Т нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их дарь эхийн 2 дугаар хэсгийн 2-23 тоотод байрлах кузов засварын газрын гадна хохирогч Н.Мишээлтийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Н.Мишээлтийн мэдүүлэг /хх-10-11/, гэрч Ж.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-13-14/, гэрч Г.Батзаяагийн мэдүүлэг /хх-15/, гэрч Г.Юмжирдуламын мэдүүлэг /хх-18-19/, хохирогч Н.Мишээлтийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 5840 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-23/, шүүгдэгч Л.Т яллагдагчийн мэдүүлэг /хх-34-35/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-28/, шүүгдэгчийн ял шалгасан хуудас /хх-31/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Т нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их дарь эхийн 2 дугаар хэсгийн 2-23 тоотод байрлах кузов засварын газрын гадна хохирогч Н.Мишээлтийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч хохирогч Н.Мишээлтийн мэдүүлэг: “....Би 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ажлынхаа газрын хүмүүстэй караокед сууж байгаад гэртээ харихаар такси барьж явсан.., шээс их хүрж байсан учир гэрлүү орж тэсэлгүй хажуу талд байх кузов засварын газрын үүдэнд шээсэн. Ингээд шээгээд зогсож байхад уг засварын газраас 3 залуу гарч ирээд уг залуучуудтай би маргалдсан. Тэгтэл тэр засварын газраас гарч ирсэн өндөр туранхай залуу нь над руу томроод байсан учир би тухайн үед өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир зөрүүлэн маргалдсан. Тэгтэл тэр өндөр залуу нүүрлүү гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохиж авсан...."/хх-10-11/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ж.Бат-Эрдэнийн мэдүүлэг: "..дүү Тогоо нь засварын газрын үүд рүү нэг залуу бөөлжих гээд зогсож байхад нь боль гэхэд уг залуу нь өөдөөс нь би Монголд амьдарч байна миний хаана юу хийх нь та нарт ямар ч хамаа байхгүй гэх мэтээр дайрч давшилсан байсан. Ингээд уг залуу нэг хэсэг алга болчихсон байсан бөгөөд хэсэг хугацааны дараа эргэн ирсэн бөгөөд гараад ир гэх мэтээр дайрч давшлаад дахин хэсэг хугацаанд алга болсон бөгөөд орой 20:00 цагийн орчимд ээжийгээ дагуулан ирсэн бөгөөд ээж нь танайд ажилдаг Вьетнам ажилчид чинь хүүг маань зодсон байна гэж ирсэн..." /хх-13-14/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Батзаяагийн мэдүүлэг: “....Тэр залууг Тогоо нь заамдаж барьж байгаад цаашаа түлэж байх шиг байсан би сайн хараагүй. Өөр цохиж зодсон хүн байхгүй” /хх-15/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Юмжирдуламын мэдүүлэг: "...Гэртээ ороход гэрийнхээ хувцастай байсан, хамраас нь цус гараад өмд нь цус болчихсон байсан..., Би хүүгээсээ асуухад хүнд зодуулчихсан гэсэн. Хаана гэсэн энэ талын засварын газрын залуучуудад гэсэн.." /хх-18-19/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Н.Мишээлтийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 5840 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Н.Мишээлтийн биед хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл топгоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-23/,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Т яллагдагчийн мэдүүлэг: "...надруу хуруугаараа заагаад би чам шиг ийм ажил хийдэг хүн биш би мобикомд ажилладаг гээд доромжлоод байсан ба би явж очоод заамдаж барьж аваад заамдаж байсан гараараа нүүрлүү нь 1 удаа цохичихсон юм...." /хх-34-35/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-28/,
Шүүгдэгчийн ял шалгасан хуудас /хх-31/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Л.Т нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Их дарь эхийн 2 дугаар хэсгийн 2-23 тоотод байрлах кузов засварын газрын гадна хохирогч Н.Мишээлтийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч нь хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 128.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Л.Т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Л.Т 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Л.Т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Л.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн Л Т г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Т 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Л.Т нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Л.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС