Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/1027

 

2025           09            02                                                                                 2025/ДШМ/1027

 

А.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, Г.Мөнхтулга, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч С.Галцацрах, Г.Батцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1593 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч С.Галцацрах нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Б-д холбогдох 2405053110146 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Ш- овгийн А-ын Б .............., (РД:..........), урьд:

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 434 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

-Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж, ялын хугацаа дуусаж суллагдсан,

-Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хорих ял шийтгүүлж, шүүхээс 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

-Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 648 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хорих ялаар шийтгэсэн,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгэгдэж, ялын хугацаа дуусаж суллагдсан;

Шүүгдэгч А.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цаг 42 минутын орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Emart” худалдааны төвд хохирогч А.С-гийн 1,525,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Iphone 13 prо” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,525,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төв дотор хохирогч Г.М-гийн эзэмшлийн 1,825,000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 13 pro mах” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,825,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Emart” худалдааны төвд хохирогч Э.Д-ын өмсөж явсан куртикний баруун халааснаас “Iphone 14 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,275,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Emart” худалдааны төвд хохирогч Г.М-гийн эзэмшлийн “Iphone 14 pro mах” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,125,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Emart” худалдааны төвд хохирогч Г.О-ын “Iphone 16 pro mах” загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 4,346,250 төгрөгийн хохирол учруулсан,

-2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Grand Plaza” худалдааны төвөөр үйлчлүүлж байсан хохирогч Ч.Б-ийн 3,105,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Iphone 16 pro” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч А.Б-ийг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч С.Галцацрах нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шүүгдэгч А.Б-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн ял оногдуулах боломжтой тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч А.Б- нь хийсэн хэрэгтээ гэмшиж ухамсарлан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн барагдуулж, өөрийн буруу үйлдэлдээ дүгнэлт хийж байгаа болно. Шүүх шүүгдэгчид 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай тогтоол гаргахдаа хэрхэн, ямар учраас ялыг 4 жилээр тогтоосон тайлбар, дүгнэлтийг гаргаагүй нь ойлгомжгүй байна. ...” гэв.

Шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч С.Галцацрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А.Б-ийг 4 жилийн хорих ялаар шийтгэсэн. А.Б- урьд нь ял шийтгэгдэж байсан боловч үргэлжилсэн 6 удаагийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Г.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч С.Галцацрахын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. А.Б- нь сургуульд явдаг хоёр хүүхэдтэй. Эцэг хүнийхээ үүргийг гүйцэтгээд хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч, авдаг. Түүний эхнэр н.Номин нь ээлжийн ажил хийдэг.  2 хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, сургуульд нь хүргэх гээд асуудлууд байдаг. Тиймээс анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ялыг 4 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч А.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх А.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

1.“Emart” худалдааны төвд “Iphone 13 pro” загварын гар утсаа алдсан талаарх хохирогч А.С-гийн (1хх 11-12), үүнийг нотолсон гэрч Ш.Ё-ийн (1хх 28), гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн А.Б-ийн яллагдагчаар өгсөн (1хх 48) мэдүүлгүүд,

-тус гар утасны зах зээлийн дундаж үнэлгээг 1,525,000 төгрөгөөр тодорхойлсон “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн НЦУГ-24-2250 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (1хх 37-40),

-Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Emart” худалдааны төвийн жимсний хэсгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар буулгасан баримт (1хх 31-32),

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх 6) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цаг 42 минутын орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Emart” худалдааны төвд А.С-гийн 1,525,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Iphone 13 prо” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч А.С-д 1,525,000 төгрөгийн хохирол учруулсан,

2.“Emart” худалдааны төвд “Iphone 14 pro max” загварын гар утсаа алдсан талаарх хохирогч Э.Д-ын (1хх 130-131, 135), гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн А.Б-ийн яллагдагчаар өгсөн (1хх 171-173) мэдүүлгүүд,

-тус гар утасны зах зээлийн дундаж үнэлгээг 2,275,000 төгрөгөөр тодорхойлсон “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн НЦУГ-25-195 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (1хх 148-150),

-хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэгийг гэрэл зургаар буулгасан баримт (1хх 156-157),

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (1хх 126) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б- нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Emart” худалдааны төвд Э.Д-ын өмсөж явсан куртикний баруун халааснаас “Iphone 14 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Э.Д-д 2,275,000 төгрөгийн хохирол учруулсан,

3.“Emart” худалдааны төвд “Iphone 14 pro max” загварын гар утсаа алдсан талаарх хохирогч Г.М-гийн (1хх 189, 220), гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн А.Б-ийн яллагдагчаар өгсөн (1хх 237-239) мэдүүлгүүд,

-тус гар утасны зах зээлийн дундаж үнэлгээг 2,125,000 төгрөгөөр тодорхойлсон “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн НЦУГ-25-446 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (1хх 198-200),

-хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэгийг гэрэл зургаар буулгасан баримт (1хх 206-209),

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх 184) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б- нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Emart” худалдааны төвд Г.М-гийн эзэмшлийн “Iphone 14 pro mах” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Г.М-д 2,125,000 төгрөгийн хохирол учруулсан,

4.“Grand Plaza” худалдааны төвд “Iphone 16 pro” загварын гар утсаа алдсан талаарх хохирогч Ч.Б-ийн (2хх 10-11, 58), гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн А.Б-ийн яллагдагчаар өгсөн (2хх 45-47) мэдүүлгүүд,

-тус гар утасны зах зээлийн дундаж үнэлгээг 3,105,000 төгрөгөөр тодорхойлсон “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн НЦУГ-25-669 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайлан (2хх 19-24),

-“Grand Plaza” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар буулгасан тухай баримт (2хх 27-28),

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2хх 4) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б- нь 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Grand Plaza” худалдааны төвөөр үйлчлүүлж байсан Ч.Б-ийн 3,105,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Iphone 16 pro” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ч.Б-т 3,105,000 төгрөгийн хохирол учруулсан,

5.“Номин” худалдааны төвд “Iphone 13 pro max” загварын гар утсаа алдсан талаарх хохирогч Г.М-гийн (2хх 73-74, 78), гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн А.Б-ийн яллагдагчаар өгсөн (2хх 119-121) мэдүүлгүүд,

-тус гар утасны зах зээлийн дундаж үнэлгээг 1,825,000 төгрөгөөр тодорхойлсон “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн НЦУГ-24-2356 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (2хх 94-97),

-хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (2хх 82-83),

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2хх 68) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төв дотор Г.М-гийн эзэмшлийн 1,825,000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 13 pro mах” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Г.М-д 1,825,000 төгрөгийн хохирол учруулсан,

6.“Emart” худалдааны төвд “Iphone 16 pro max” загварын гар утсаа алдсан талаарх хохирогч Г.О-ын (2хх 145-146, 150), гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн А.Б-ийн яллагдагчаар өгсөн (2хх 193-194) мэдүүлгүүд,

-тус гар утасны зах зээлийн дундаж үнэлгээг 4,346,250 төгрөгөөр тодорхойлсон “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 рны 04 дүгээр сарын 07-ны өдрийн НЦУГ-25-866 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (2хх 177-179),

-“Emart” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (2хх 171-175),

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (2хх 136) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б- нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Emart” худалдааны төвд Г.О-ын “Iphone 16 pro mах” загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Г.О-д 4,346,250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх эргэлзээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нотлох ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 6 хохирогчийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авсан шүүгдэгч А.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаж гомдол гаргаагүй болно.

Аливаа гэмт хэрэг нь хүний аюулгүй байдал, эрх, эрх чөлөө нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг нийгмийн амин чухал эрх ашигт халдаж хохирол учруулдаг тул Эрүүгийн хуулиар зохицуулж, хариуцлага хүлээлгэдэг болно. 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог.

Ял бол эрх зүйт ёсны зайлшгүй шаардлага, шүүхээс шударга ёсыг хангуулах хэрэгсэл болдог ба ялыг оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж болон нийгмийн шударга ёс сэргээгдсэн эсэхийг харгалзана.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх билээ.

Шүүх Эрүүгийн хуулиар шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан, түүнийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш, харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм.

Шүүгдэгч А.Б- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, мөн хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх хэдий ч хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 6 хохирогчид хохирол учруулж үйлдсэн нөхцөл байдал, хууль бус үйлдлээ таслан зогсоолгүйгээр олон тооны хохирогчийн эд хөрөнгийн эрхэд хууль бусаар халдсан гэм буруугийн хэлбэр, хулгайлах гэмт хэргийн нийгэмд буй болгох хууль бус үр дагавар зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 4 жилийн хорих ял нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байхаас гадна давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг хэрэглэн А.Б-д оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа урьд 7 удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч өмнөх хууль бус, нийгэмд аюултай үйлдлүүддээ дүгнэлт хийж ухамсарлаагүй, дахин энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байхаар засрал хүмүүжил олоогүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн давтамжийн тоо, нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан 4 жилийн хорих ял оногдуулж, хохирол нөхөн төлсөн байдалд үндэслэн уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолд тодорхой, үндэслэлтэй дүгнэлт хийснийг буруутган дүгнэх үндэслэл байхгүй байна.

Иймд “Шүүх шүүгдэгчид 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай тогтоол гаргахдаа хэрхэн, ямар учраас ялыг 4 жилээр тогтоосон тайлбар, дүгнэлтийг гаргаагүй нь ойлгомжгүй” гэсэн гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч С.Галцацрах нарын хамтран гаргасан “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.Б- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 76 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1593 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч С.Галцацрах нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийн цагдан хоригдсон нийт 76 (далан зургаа) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Г.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                            Н.БААСАНБАТ