Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1052

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Номин,

          Улсын яллагч Ч.Алтансүх,

Хохирогч Н.Онгонцэцэг,

          Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн яллагдагч Б.Мөнхцолмонд холбогдох эрүүгийн 1806042301221 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилтэй, ам бүл 3, хамтран амьдрагч, түүний охины хамт Баянзүрх дүүргийн    тоотод оршин суудаг. эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь Дарханы шүүхээр 1986 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 88.в-д зааснаар 3 жилийн хорих ялаар, мөн шүүхээр 1990 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153. 276.2, 278.1 дэх хэсгүүдэд зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, мөн шүүхээр 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, мөн шүүхээр 1997 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 cap өмнөх ял дээр нэмэгдсэн, мөн шүүхээр 1998 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.4, 239.2, 124.1, 125.1, 112.1 дэх хэсгүүдэд зааснаар нийт 9 жил 5 cap 29 хоногийн хорих ялаар, Төв аймгийн Сум дундын шүүхээр 2002 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 cap 27 хоногийн хорих ял эдэлж байгаад 2004 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхээр 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар нийт 11 жил 6 cap 2 хоногийн хорих ялаар шийтгэгдэн, 2008 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Б  овогт Б  М .

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Б.М нь 2017 оны 7 дугаар сарын 3-наас хойш Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 366 байрны 00 тоот гэртээ болон бусад газруудад хамтран амьдрагч Н.Онгонцэцэгтэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, зодож, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Онгонцэцэг мэдүүлэхдээ: “Энэ хүнд ах дүү нар гэж байхгүй. Үнэхээр дахин архи уухгүй гэвэл би гомдолгүй гэж хэлж болно. Мөнхцолмон нь бас бие муутай хүн байгаа юм. Байнга архи уугаад байдаг хэцүү байдаг. Тэрнээс биш миний биед харгис хэрцгий харьцаж байсан удаа бол байхгүй. Гэхдээ хааяа архи уухаараа галзуу солиотой юм шиг орилоод байдаг. Одоо надад гомдол санал байхгүй гэв.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Н.Отгонцэцэгийн мэдүүлэг /хх-30-31/, гэрч Б.Мөнгөнзаяагийн мэдүүлэг /хх-33/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1
дүгээр сарын 31-ний өдрийн 203 дугаартай шийтгэвэр /хх-51-52/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-14-17/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-42/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Б.М нь 2017 оны 7 дугаар сарын 3-наас хойш Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 366 байрны 00 тоот гэртээ болон бусад газруудад хамтран амьдрагч Н.Онгонцэцэгтэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, зодож, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Отгонцэцэгийн өгсөн: "...2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр өршөөлөөр суллагдсан юм. Өршөөлөөр суллагдсанаас хойш хамт амьдарч байгаа юм. Хамт амьдарсан цагаас хойш байнга хүчирхийлэл үйлдэж байгаа...2018 оны 1 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 52-00 тоот гэртээ орох гэтэл Мөнхцолмон нь оруулахгүй байсан...ЗО хоногийн баривчилгаанд явуулсан...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэрт согтуу ирчихсэн миний хоолойг боогоод гар хуруу мушгаад цагдаа дуудлаа гэсэн чинь зугтаачихсан юм..." /хх-30-31/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнгөнзаяагийн өгсөн: "...2017 оны 7 дугаар сард манай гэрт нэг хүн ирчихсэн байсан. Ээж л уулздаг байсан юм байна лээ тэгээд хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдарч эхэлснээс хойш ээжийг минь архи дарс уугаад Мөнхцолмон их зовоодог юм...архи уусан үедээ янз бүрийн авир гаргадаг..." /хх-33/ гэх мэдүүлэг,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 203 дугаартай шийтгэвэр /хх-51-52/,

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-14-17/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-42/,

 

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.М нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

           

            Хохирогч нь нэхэмжилсэн зүйлгүй болно.

  

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан мөн хэрэгт ял хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

 

         Шүүхээс шүүгдэгч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б  овогт Б  М ыг гэм бүлийн хамаарал бүхий хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

        3. Б.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлдээ засах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

        4. Б.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,

хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шүүгдэгч Б.М  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М  урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

         9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                       Э.ЧИНГИС