Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/31

 

К.Е-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч К.Е-д холбогдох эрүүгийн 2513000000134 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд прокурор Я.Дина, шүүгдэгч К.Е-, түүний өмгөөлөгч Я.Сьезд, орчуулагч, хэлмэрч М.Нурасыл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ********** төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **хүнтэй, ***************багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт К.Е-, РД:**************/.

 

2. Холбогдсон хэргийн талаар:

2.1. Шүүгдэгч К.Е- нь 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар **** БӨҮ улсын дугаартай “Тоуоtа согollа” загварын тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2024 оны  4 дүгээр сарын 23-ны  өдрийн 94 дүгээр яллах дүгнэлтээр К.Е-ы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.    

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн  2025/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолоор:         

4.1. Шүүгдэгч Ж овогт К.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Е-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К.Е-д оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Е-д урьд тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сар, 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.0000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,

4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Е-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 /арав/ сар хорих ялыг эдэлж дууссаны дараа түүнд урьд тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 3 /гурав/ сар, 22 /хорин хоёр/ хоног тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эдлүүлж, үргэлжпүүлэн энэ шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг эдлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгч К.Е-ы давж заалдах гомдолд:

5.1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч К.Е- намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа боловч 10 \арав\ сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн явдалд гомдолтой байна. Учир нь шүүгдэгч К.Е- би үйлдсэн гэмт хэргээ чин санаасаа гэмшин ухамсарласан, бусдад төлөх төлбөргүй, ар гэрийн гачигдалтай байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан 10 \арав\ сарын хорих ялыг хүчингүй болгон торгуулийн ял оногдуулж өгөхийг хүсье.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

6.1. Шүүгдэгч К.Е-ы хувьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шүүхээс торгох ялыг оногдуулж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гараад, 2 сар ч хүрэхгүй хугацаанд дахин энэ төрлийн гэмт  хэрэгт холбогдсон.  Шүүгдэгчийн хувийн байдал, дахин гэмт хэрэгт холбогдсон байдал зэрэг нөхцөл байдлуудыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дүгнээд, мөн түүний настай ээжийгээ асардаг гэдэг байдлыг шүүхийн шийтгэх тогтоолд иш татаж, 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд  ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн мэдүүлж байгаад шүүхийн хэлэлцүүлэг дээр настай ээжийгээ асардаг гэдэг тайлбарыг гаргаж байсан.

6.2. Өнөөдрийн нөхцөл байдлын хувьд ээж нь хэдэн настай, ямар өвчний асуудлаар тухайн хүнийг асарч байгаа зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс асаргааны мөнгө авдаг гэдэг баримтыг гаргаж өгсөн. Гэхдээ тухайн хүний биеийн байдал нь болон яаж асарч байгаа талаар үйл баримт харагдахгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд энэ нөхцөл байдлыг шүүхээс харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх санкцтай. Үүнийг харгалзаж шүүхээс 10 сарын хугацааны хорих ял оногдуулсан. Хэдийгээр улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд дээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргасан ч гэсэн хэн ч шүүхийн, шүүгчийн дотоод итгэлд халдах эрхгүй, шүүхээс шүүгдэгч К.Е-ы холбогдсон гэмт хэрэгт түүний хувийн байдалд тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн гэж дүгнэж байна.

6.3. Шүүгдэгчийн давж заалдах гомдлын хувьд хорих ялыг хүчингүй болгож, торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай хүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх, холбогдсон хэргийн хувьд эрүүгийн хариуцлагын төрлийг сонгон оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Мөн тухайн хүний хувийн байдалд тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл өмнө нь Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл хүлээж байсан. Энэ төрлийн үйлдэл буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан. Дараа нь тухайн үйлдэл нь давтагдаад гэмт хэргийн шинжтэй болж, ял шийтгүүлж байсан. Энэ үйлдэл  нь шүүхээр шийдвэрлэгдээд, 2 сар ч хүрэхгүй хугацаанд буюу 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдөр шүүхийн шийтгэх тогтоол гараад, энэ гэмт хэрэг нь 4 дүгээр сарын 01-ний өдөр үйлдэгдсэн. Шүүгдэгчийн хувийн байдал, удаа дараагийн гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдалд шүүхээс дүгнэлт хийгээд хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй.

6.4.Иймд прокурорын зүгээс Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг гаргаж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

7. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр К.Е-д  холбогдох эрүүгийн 2513000000134 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

 

8. Прокуророос шүүгдэгч К.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтайгаар хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

9. Шүүгдэгч К.Е- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар /Жана ауыл/ багийн нутаг дэвсгэрт **** БӨҮ улсын  дугаартай “Toyota corolla” загварын тээврийн хэрэгслийг 1,73 хувийн согтолттой буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан  нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

 10. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Эрүүгийн хуулийг тухайн үйл баримтад оновчтой тайлбарлан хэрэглэсэн байх ба хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч К.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

11. Шүүгдэгч К.Е- нь урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дуусгавар болоогүй байхад дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд сүүлийн шийтгэх тогтоол гарах үед 1 /нэг/ жил, 3 /гурав/ сар, 22 /хорин хоёр/ хоног тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын үлдэгдэлтэй, мөн өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй байсан нь тогтоогджээ.

 

12. Шүүхээс шүүгдэгч К.Е-ы эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд урьд тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сар, 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.0000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

13. Шүүгдэгч К.Е- нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “...шүүгдэгч К.Е- би үйлдсэн гэмт хэргээ чин санаасаа гэмшин ухамсарласан, бусдад төлөх төлбөргүй, ар гэрийн гачигдалтай байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан 10 /арав/ сарын хорих ялыг торгуулийн ял болгож өгөхийг хүсье.” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

13.1. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын төрлийг тодорхойлсон байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

13.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

13.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээг хэрхэн сонгож  хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх хэмжээнд хамаарах боловч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс чухам алийг нь сонгож хэрэглэсэн тухай үндэслэлийг шийтгэх тогтоолд тодорхой тайлбарлаж тусгасан байхыг шаардах нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцэх юм.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтад түшиглэсэн шүүгчийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм. Нөгөөтээгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх гэдэгт шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй; хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн; хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснийг ойлгох бөгөөд харин хэрэглэж болох хуулийн зүйл, заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглээгүй нь үүнд хамаарахгүй болно.

 13.4. Шүүгдэгч К.Е- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний эх Т.Харлыгаш /**************/ нь өвчний учир түүний асрамжид байдаг болох нь шүүхэд ирүүлсэн  баримтуудаар тогтоогдсон, мөн түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор түүнд 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр ногдуулсан 2,800,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг төлсөн байдал, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн  давж заалдах шатны шүүх хуралдаанд “зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэх тайлбар гаргасан зэрэг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг анхаарч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэсэн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хөнгөрүүлж, 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            13.5. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгч К.Е-ы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэхээр шийдвэрлэлээ.

 

            14. Шүүгдэгч К.Е- нь энэхүү магадлал гарах хүртэл 3 сар 6 хоног цагдан хоригдсоныг хуульд зааснаар дүйцүүлэн хасаж, түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах  ялын хугацааг 6 сар 24 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.Е-д оногдуулсан эрх хасах болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр нь үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/141 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:

 

“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Е-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтыг:  

 

“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч К.Е-ыг өөрийн оршин суугаа газар болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.” гэж,

 

Шийтгэх тогтоолд “31.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Е- нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн,

 

32. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Е-ы давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл хугацаанд цагдан хоригдсон 3 сар 6 хоногийн хугацааг түүнд оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас дүйцүүлэн хасаж, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын нийт хугацааг 6 /зургаа/ сар 24 /хорин дөрвөн/ хоногийн хугацаагаар тогтоосугай” гэсэн заалтыг нэмж оруулж,

 

Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 4 дэх заалтын 2 дахь өгүүлбэрийн “...10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “...10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.” гэж, 5 дахь заалтыг:  

 

“5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Е-д урьд тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил, 3 /гурав/ сар, 22 /хорин хоёр/ хоног тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч К.Е-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жил, 3 /гурав/ сар, 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчилж,

 

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч К.Е-ы давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

            2. Шүүгдэгч К.Е-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон тул түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ