Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/32

 

М.Б-ад холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Б-ад холбогдох эрүүгийн 2413003430001 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хохирогчийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс *****, **** оны **дүгээр сарын **-ны өдөр ******** төрсөн, ** настай, эрэгтэй, ***** боловсролтой, ******** ажилтай, ам бүл ** хүнтэй, ***********багт түр оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт М.Б-, /РД:***********/.

 

2. Холбогдсон хэргийн талаар:

2.1. Шүүгдэгч М.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар /Ах хус тау/ багийн нутаг дэвсгэрт байрлах “Наадмын талбай”-н хажууд “найз охин руу нь мэссэж бичсэн" гэх шалтгаанаар хохирогч А.Г-тай маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт нь цохиж биед нь хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх, зүүн доод зовхинд цус хуралттай, зүүн эугуйнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн -усгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Прокурорын 2025 оны  01 дүгээр сарын 27-ны  өдрийн 16 дугаар яллах дүгнэлтээр М.Б-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.    

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн  2025/ШЦТ/112 дугаар  шийтгэх тогтоолоор:         

4.1. Шүүгдэгч Н овогт М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,    

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Б-ад оногдуулсан 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

4.5. Шүүгдэгч М.Б- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж,

4.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, сэтгэцэд учирсан хохирол, хор уршигт 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч А.Г-т олгож,

4.7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжпүүлж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд:

5.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй; хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

5.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөгчийн эрхийг мөн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх чиг үүргийг уг хуулийн холбогдох бүлгүүдэд (6-8, 11-16, 21-32 г.м) тодорхойлон зохицуулсан.

Гэвч дээрх хуулиар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоох талаар хуульчлаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийнэ гэж хуульчилсан болно.

Тухайлбал, дээрхи хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ. Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч ... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана" гэж тус тус зааж тодорхойлсон байна.

Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч А.Г-ын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.

5.3. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтаас шүүгдэгч М.Б-аас гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршигт 3,300,000 төгрөг гаргуулж хохирогч А.Г-т олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

6.1. Сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоохдоо  хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтсон. Энэ хэргийн хувьд хүснэгтийг хэн алинд нь танилцуулсан. Хүснэгтийг танилцуулахад  дүгнэлт гаргах талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Шүүгдэгчийн хувьд гэм буруу дээр маргаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шинжээчийн дүгнэлт, хүснэгт болон Иргэний хуульд заасан холбогдох заалтуудыг үндэслэж сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг хамгийн доод хэмжээгээр шийдвэрлэсэн. Энэ бол хууль хэрэглээний хувьд болон хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлт гаргуулж, хэргийг шийдвэрлэх асуудлыг ярьж байна. Ингэсэн ч гэсэн энэ асуудал эцсийн дүгнэлт дээр өөрчлөгдөхгүй.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

7. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр М.Б-ад  холбогдох эрүүгийн 241300343001 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

 

8. Хуулиар тогтоосон албан тушаалтны эрх үүрэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус хуульчилжээ. 

 

9. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд эрүүгийн эрх зүйн нотлох ажиллагааны зарчим, нотолгооны стандартын дагуу тусгай мэдлэгийн хүрээнд шүүх өөрийн санаачилга, үзэмжээр бус харин шинжилгээний байгууллагын мэргэшсэн шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан шийдвэрээ гаргах учиртай.

 

10. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан. Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг) ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д заасны дагуу “... энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг үндэслэн шүүх шинжилгээний байгууллага гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ гэж тодотгон тусгасан. Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус заасан байна.

Гэтэл дээр дурдсан хууль болон журамд заасан зохицуулалтын дагуу бус хохирогч А.Г-ын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг, шүүгдэгч болон хохирогч энэ талаар саналын зөрүүтэй байгаа тохиолдолд хууль ёсны гэж үзэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

11. Түүнчлэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/153 дугаар шүүгчийн захирамжаар “М.Б-ад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, хэрэгт зарим ажиллагааг хийлгэх тухай” шүүгчийн захирамжийн 8 дахь хэсэгт “...хохирогч А.Г-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжээч томилж, дүгнэлт гаргуулах” тухай заасан боловч тухайн захирамжийн биелэлт хангагдаагүй байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчим хэрэгжсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

12. Иймд шүүгдэгчийн “..шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрх”, хохирогчийн “...иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт хянан шийдвэрлүүлэх” эрхийг тус тус хангах үүднээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь ... хүчингүй болгож” гэж заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүртэл хугацаанд шүүгдэгч М.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх аргах хэмжээг хэвээр нь үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ