Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00816

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00816

 

 

"К" - ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00287 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч "К" - ХХК, Л.А нарын хариуцагч Д.А т холбогдуулан гэрээнээс үүдэлтэй хохиролд 11 160 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Хишигбаяр, хариуцагч Д.А , хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.А нь "К" - ХХК-ийн барьсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 10/3 дугаар байрны зоорийн давхарт байршилтай, Л.А ийн өмчлөлд бүртгэлтэй 14 тоот автозогсоолыг 2004 оноос 2005 оны хооронд нэг сарын 90 000 төгрөгөөр түрээсэлж байгаад 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдөр түүнд худалдахаар тохиролцож, төлбөрт нь 2 700 ам.доллар төлсөн. 12 тоот авто зогсоолын өмчлөгч иргэн Н.Батбаярт хандан орж гарахад хүндрэлтэй байгаа учраас авто зогсоолуудаа харилцан солилцож эзэмшиж, ашиглаж байсан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3219 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 480 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 900 дугаар тогтоолоор ...нэхэмжлэгч Д.А ийн гараашийн төлбөрт шилжүүлсэн 2 700 ам доллар буюу 6 560 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225, 205 дугаар зүйлийг үндэслэн хангаж шийдвэрлэсэн... байдаг.

Д.А нь анхнаасаа 10/3 дугаар байрны 12 тоот гараашийг эзэмших эрхгүй байсан бөгөөд жинхэнэ өмчлөгч нь Н.Батбаяр гэж хүн байсан харин өөрийн худалдаж авсан 14 тоот авто зогсоолыг Н.Батбаяртай сольж ашигласан. Д.А нь 2004 оноос хойш түрээсэлж байгаад 2005 онд улмаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж 2018 онд Улсын Дээд шүүхийн тогтоолоор гэрээнээс татгалзсан болохыг баталгаажуулсан. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3219 дугаарт шийдвэрт авто зогсоолын өмчлөгч /"К" - ХХК/-ийн зүгээс авто зогсоолыг Д.А т эзэмшүүлж, ашиглуулсантай холбоотойгоор хохирол учирсан гэж үзвэл тухайн асуудлаар жич нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдсан байна.

Д.А нь 2017 оны 9 дүгээр сард Эм Эй Эф ББСБ ХХК-аас Н.Батбаярын нэр дээр байсан зогсоолыг 15 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс өмнөх хугацаанд Д.А нь ямар ч мөнгө төлөлгүй бусдын автозогсоолыг эзэмшсэн. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3219 дугаар шийдвэрт дурдсаны дагуу Д.А ээс 11 160 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.А аас гарааш худалдаж аваагүй, 14 тоотын автозогсоол гэж байхгүй. Зогсоолд 10 автомашин байрлуулдаг ба баруун талд нь 4 цүнхэл л байдаг. н.Чинбат түүний эхнэр нар хуйвалдан надаас 2 700 ам.доллар авсныг 2017 онд банк бус санхүүгийн байгууллагын гаргаж өгсөн бүдүүвч зургаас мэдээд нэхэмжлэл гаргасан. 14 тоот автозогсоол биш хоосон орон зай байдаг бөгөөд үүнийг ашигласан гэж худал тайлбар гаргаж, мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 14 тоот автозогсоол гэх хэсэг нь нарийн зам буюу дундын өмчлөлийн талбайд хамаарч оршин суугчид хамтран дулааны төлбөрийг нь төлдөг. Банк бус санхүүгийн байгууллагаас 12 тоот автозогсоолыг худалдан авсан. Хаалган талд байрлах автозогсоол нь 12,13 тоот юм. Энэ нь шүүхээр урьд шийдвэрлэгдсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.А ээс 11 160 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "К" - ХХК, Л.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193 510 төгрөгийг улсын төсвийн орлого болгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Хишигбаяр давж заалдах гомдолдоо: Д.А нь 2003 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний дагуу "К" - ХХК-ийн барьсан 155 м.кв талбай бүхий 5 өрөө 8 тоот орон сууцыг, 8 тоот автозогсоолын хамт худалдан авч, 2005 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөгч нь болсон. Үүний дараа дахин нэг автозогсоолыг түрээслэж байгаад худалдан авахаар аман хэлцэл хийсэн. Д.А 2 700 ам.долларыг "К" - ХХК-д шилжүүлсэн. Д.А нь 12 тоот авто зогсоолыг худалдан авсан гэдэг бол "К" - ХХК нь 14 тоот авто зогсоолыг худалдсан гэж маргадаг. Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас ирүүлсэн зургаар тус орон сууцны зоорийн давхар 15 автозогсоолтой болох нь тогтоогдсон. Уг зурагт тэмдэглэгдсэнээр 12 тоотыг иргэн Н.Батбаяр нь өмчилдөг байсан. Улмаар уг авто зогсоолын байрлал орж гарахад төвөгтэй нөхцөл байдалд байсан тул зэргэлдээ автозогсоолыг эзэмшигч Д.А тэй тохиролцож, 14 тоот автозогсоолд авто машинуудаа тавьсан. Н.Батбаяр 12 тоот авто зогоолоо Эм Эй Эф ББСБ ХХК-ийн өмчлөлд 2006 оны 5 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн үйл баримт нэгэнт тогтоогдсон тул хариуцагч Д.А ийн 12 тоотыг анхнаасаа худалдан авсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Мөн хэрэгт авагдсан Н.Батбаярын мэдүүлэг, 10/3 дугаар байрны зоорийн давхарын байгууламжийн зураг, 12, 14 тоот авто зогсоолууд зэргэлдээ байршилтай болохыг харуулсан зоорийн давхарын зохион байгуулалтын зураг, 3 шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтүүд, "К" - ХХК-ийн шүүхэд өгсөн нотлох баримт, тайлбарууд, гэрчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар нотлогдож байна. Нэгэнт 12 тоотыг Н.Батбаяр эзэмшиж, өмчилж байсан болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байхад анхан шатны шүүх үүнд дүгнэлт өгч, хэргийн бусад баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн нь шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан байх хуулийн шаардлагыг хангасангүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Хариуцагч Д.А нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 11 160 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "К" - ХХК, Л.А нарын нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлэгдсэн гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч 14 тоот автозогсоолыг иргэн Н.Батбаярын 12 тоот автозогсоолтой сольж ашиглаж байсан ..., шүүхийн шийдвэрт заасны дагуу автозогсоолыг худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотой зогсоолыг ашигласан хугацааны төлбөрийг учирсан хохиролд тооцон нэхэмжилсэн гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа нь талуудын маргааны зүйл болсон байна.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр "К" - ХХК нь Д.А тэй 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдөр аман хэлбэрээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ЭТӨЧ 10/3 дугаар байрны зоорийн давхарт байрлах автозогсоолоос худалдахаар тохиролцсон боловч автозогсоолууд бүгд худалдан борлогдсоны улмаас гэрээ хэрэгжих боломжгүй болсон, үүнтэй холбогдон Д.А гэрээнээс татгалзан гэрээгээр шилжүүлсэн 6 560 000 төгрөгийг "К" - ХХК-аас буцаан гаргуулж шийдвэрлэсэн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй. /хх-13-25/ Мөн шүүхийн шийдвэрт автозогсоолын өмчлөгчдийн зүгээс автозогсоолыг нэхэмжлэгчид эзэмшүүлж, ашиглуулж байсантай холбоотой хохирол учирсан гэж үзвэл тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсанаас бус хохирол учирсан үйл баримтыг тогтоогоогүй байна. /хх-15/

Нэхэмжлэгч нар хариуцагчийг 14 тоот автозогсоолыг түрээсэлж байсан гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүйн гадна нэхэмжлэгч Л.А нь уг зогсоолыг 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өмчлөлдөө бүртгүүлсэн баримт хэрэгт авагджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч нарыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрсдөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймээс нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00287 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ч.ЦЭНД