| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00914/И |
| Дугаар | 310/ШШ2026/00043 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 310/ШШ2026/00043
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын ******* -р баг, ******* гэх газар оршин суух, ******* овогт ******* ийн ******* /РД: ******* /-гийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, ******* индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Б*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У*******
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...*******ийн ******* миний бие 1971 онд төрсөн. 2026 оны 01 сарын 17-ны өдөр 55 нас хүрч байгаа. 1987 оны 09 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тушаалын бичилт болон тамга, тэмдгийн зөрчилтэй, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарахгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага бий болсон. Иймд Б.******* намайг хөдөлмөрийн дэвтэр, гэрч нарын мэдүүлэг, холбогдох бусад баримтуудыг үндэслэн 1987 оны 09 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
2.Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1971 онд төрсөн. 2026 оны 01 сарын 17-ны өдөр 55 нас хүрнэ. 1987 оны 09 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1989 оны 10 сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, 1991 оны 09 сарын 07-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн 1991 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тушаалын бичилт болон тамга, тэмдгийн зөрчилтэй, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарахгүй байгаа тул шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэв.
3. Нэхэмжлэгч нотлох баримтаар
Иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, Дундговь аймгийн Өлзийт сумын “Хоёрдугаар таван жил” нэгдлийн Буянт бригадад мал маллаж байсан М.*******ийн цалин хөлсний лавлагаа /хэргийн 4-р хуудас/, Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын 2025.10.14-ний өдрийн 02/252 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/, цалингийн тооцооны хүснэгт /хэргийн 6-84-р хуудас/, М.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 85-87-р хуудас/, Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдлийн даргын 1986.07.07-ны өдрийн 37 дугаартай “Илгээлтийн эздийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар /хэргийн 88-89-р хуудас/, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.09.24-ний өдрийн 227 дугаартай албан бичиг /хэргийн 90-р хуудас/, Дундговь аймгийн Татварын газрын 2025.10.20-ны өдрийн 08/514 дугаартай албан бичиг /хэргийн 91-р хуудас зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Б.Б******* нь 1986 оны 07 сарын 07-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын “Хоёрдугаар таван жил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг …миний бие тэтгэвэрт гарах зорилготой, хөдөлмөрийн дэвтэр тушаалын бичилт болон тамга, тэмдгийн зөрчилтэй, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн зарим тушаал архиваас гарахгүй байгаа тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолгоно гэж тайлбарлав.
2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдлээс 1988 оны 10 сарын 18-ны өдөр ******* ийн *******д нээн олгосон, хөдөлмөрийн дэвтэрт “1986 оны 6 сар Буянтад хоньчин” гэх бичилт тэмдэглэгдэж, тушаалын бичилттэй хэсэгт Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдлийн тамга дарагдсан, уг дэвтэрт ******* ийн 1986 оны 08 сараас 1990 оныг дуусталх хугацааны ажилласан хоног, авсан хөлс” тус тус бичигджээ.
Мөн Дундговь аймгийн Өлзийт сумын Хоёрдугаар таван жил нэгдлийн даргын 1986.07.07-ны өдрийн 37 дугаартай “Илгээлтийн эздийг ажилд томилох тухай” тушаалд “...Буянт бригадад...*******ийн Б*******...-ыг малчнаар” гэж тэмдэглэжээ.
Түүнчлэн Дундговь аймгийн Татварын газрын 2025.10.20-ны өдрийн 08/514 дугаартай “Өлзийт сумын “Хоёрдугаар таван жил” нэгдэл нь 1991 оны 04 сарын 24-ний өдөр байгуулагдаж, 1992 оны 02 сарын 17-ны өдөр Гэсрээ хоршоо болон өөрчлөгдсөн үйл ажиллагаа явуулж байсан болно” гэх албан бичиг /хэргийн 91-р хуудас/, Дундговь аймгийн Өлзийт сумын “Хоёрдугаар таван жил” нэгдлийн Буянт бригадад мал маллаж байсан Б.Б*******ийн ““Дундговь аймгийн Өлзийт сумын “Хоёрдугаар таван жил” нэгдлийн Буянт бригадад малчнаар ажиллаж 1986-1991 онд авсан цалин хөлсний лавлагаа, цалингийн тооцооны хүснэгт””, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар нэхэмжлэгч ******* нь 1986 оны 07 сарын 07-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын “Хоёрдугаар таван жил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтаас үзвэл, Б.Б******* тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний дээрх хугацаанд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр тушаалын бичилт болон тамга, тэмдгийн зөрчилтэй, ажилд орсон, ажлаас чөлөөлсөн зарим тушаал архиваас гарахгүй байгаа болох нь Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.09.24-ний өдрийн 227 дугаартай “Дундговь аймгийн Өлзийт сумын 1-р багийн иргэн *******ийн ******* /*******/-ийн хөдөлмөрийн дэвтэр нь тушаалын бичилт болон тамга, тэмдгийн зөрчилтэй байгаа тул 1986-1990 онуудад ажилласан хугацааг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэх албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.
Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
4. Нэхэмжлэгч Б.Б******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ийн ******* /РД: ******* /-ийг 1986 оны 07 сарын 07-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын “Хоёрдугаар таван жил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ