Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 310/ШШ2026/00044

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД: *******/-гийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, ******* индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У*******

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...*******гийн ******* миний бие 1966 онд төрсөн, эрэгтэй. Энэ жил 60 нас хүрч байгаа. Улсад 40 ажилласан. Үүнээс 1985 оны 06 сарын 08-ны өдрөөс 1988 оны 06 сарын 18-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 1988 оны 07 сарын 05-ны өдрөөс 1989 оны 05 сарын 23-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд туслах ажилтнаар, 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд тос цохигчоор, 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 03 сарын 01-ний өдрийг дуустал Хаан банкны Дундговь салбарын Гурвансайхан тооцооны төвд манаачаар тус тус ажиллаж байсан. Энэ хугацааны бичиг баримт архиваас олдохгүй байгаа тул тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн зарим тушаалыг үндэслэн дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1985 оны 06 сарын 08-ны өдрөөс 1988 оны 06 сарын 18-ны өдрийг хүртэл Дотоодын цэргийн 015 дугаар ангид цэргийн алба хаасан. Халагдаж ирээд 1988 оны 07 сарын 05-ны өдрөөс 1989 оны 05 сарын 23-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд туслах ажилтнаар, 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд тос цохигчоор, 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 03 сарын 01-ний өдрийг дуустал Хаан банкны Дундговь салбарын Гурвансайхан тооцооны төвд манаачаар тус тус ажиллаж байсан. Дээрх хугацаануудад ажиллаж байсан зарим бичиг баримтууд архиваас олдохгүй байгаа. Тухайн үед хөдөө аж ахуйн банканд ажиллаж байсныг гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр, зарим нэг ажилд орсон гарсан тушаалыг үндэслэж тогтоолгох талаар нэхэмжлэл гаргасан гэв.

3. Нэхэмжлэгч нотлох баримтаар 

Иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-4-р хуудас/, Дундговь аймгийн Татварын газрын 2025.12.15-ны өдрийн 08/609 дугаартай албан бичиг /хэргийн 5-р хуудас/, Дундговь аймгийн Татварын газрын 2025.12.15-ны өдрийн 08/610 дугаартай албан бичиг /хэргийн 6-р хуудас/, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.12.15-ны өдрийн 365 дугаартай албан бичиг /хэргийн 7-р хуудас/, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Суугаант багийн Засаг даргын 2025.12.10-ны өдрийн 035 дугаартай албан бичиг /хэргийн 8-р хуудас/, ХААН банкны Дундговь салбарын 2025.12.16-ны өдрийн 5450/249 дугаартай албан бичиг /хэргийн 9-р хуудас/, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн даргын 1989.06.05-ны өдрийн 24 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 10-11-р хуудас/, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн даргын 1989.07.03-ны өдрийн 32 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 12-р хуудас/, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн даргын 1989.11.11-ний өдрийн 44 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 13-р хуудас/, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн даргын 1989.07.05-ны өдрийн 3 дугаартай Цэргийн албанаас халагдаж ирэгсэдийг ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 14-15-р хуудас/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 16-19-р хуудас/, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа /хэргийн 20-р хуудас/, цалингийн хүснэгтийн хуулбар /хэргийн 31-34-р хуудас/ зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.

4. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Г.*******гээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Д.******* нь 1988 оны 07 сарын 05-ны өдрөөс 1989 оны 05 сарын 23-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд туслах ажилтнаар, 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд тос цохигчоор, 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 03 сарын 01-ний өдрийг дуустал Хаан банкны Дундговь салбарын Гурвансайхан тооцооны төвд манаачаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг миний бие тэтгэвэрт гарах зорилготой, хөдөлмөрийн дэвтэр тушаалын бичилт болон тамга, тэмдгийн зөрчилтэй, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн зарим тушаал архиваас гарахгүй байгаа тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолгоно гэж тайлбарлав.

  2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Дундговь аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулиас 1982 оны 09 сарын 01-ний өдөр *******гийн *******д нээн олгосон, хөдөлмөрийн дэвтэрт 1989 оны 05 сарын 23, Туслах үйлдвэр барилгын ажлаас чөлөөлж нэгдлийн сүү тосны газрын тос цохигчоор томилов, 1989 оны 07 сарын 01, Нэгдлийн сүүний газрын тос цохигчоос чөлөөлж нэгдлийн туслах үйлдвэрт ажиллуулав, 1989 оны 10 сарын 01, Нэгдлийн туслах үйлдвэрээс чөлөөлж нэгдэл дундын үйлдвэрийн мэдэлд шилжүүлэв гэх бичилт тэмдэглэгдсэн, мөн 1992 оны 01 сарын 10, Гурвансайхан сумандах ХААНБанкны тооны төвд манаачаар авч ажиллуулав, 1995 оны 03 сарын 01, Тооцооны төвийн манаачийн ажлаас орон тооны цомхотголоор чөлөөлөв гэх бичилт тэмдэглэгдэж, тушаалын бичилттэй хэсэгт Хаан банкны Дундговь салбарын Гурвансайхан тооцооны төвийн тамга дарагдсан байна.

Мөн Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн даргын 1989.06.05-ны өдрийн 24 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалд ...Нэгдлийн...тос цохигчоор Д.*******....нарыг 5-р сарын 23-наас тус тус ажиллуулсугай, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн даргын 1989.07.03-ны өдрийн 32 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалд ...нэгдлийн туслах үйлдвэрийн ажилчнаар Д.******* нарыг 7-р сарын 1-нээс тус тус томилсугай, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн даргын 1989.11.11-ний өдрийн 44 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалд ...туслах үйлдвэрийн ажилчин Д.*******г 10-р сарын 1-нээс эхлэн нэгдэл дундын үйлдвэрийн мэдэлд шилжүүлсүгэй, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн даргын 1989.07.05-ны өдрийн 3 дугаартай Цэргийн албанаас халагдаж ирэгсэдийг ажилд томилох тухай тушаалд ...Цэргийн албанаас халагдаж ирсэн...Д.******* нарыг Олон-Овоогийн хэсэгт...7 дугаар сарын 5-наас тус тус малчнаар томилсугай гэж тус тус тэмдэглэжээ.

Түүнчлэн Дундговь аймгийн Татварын газрын 2025.12.15-ны өдрийн 08/609 дугаартай Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн банк нь 1991 оны 12 сарын 20-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад ХААН банк нэртэй болж өөрчлөгдөн үйл ажиллагаагаа явуулж байгаа нь үнэн болно гэх албан бичиг, Дундговь аймгийн Татварын газрын 2025.12.15-ны өдрийн 08/610 дугаартай Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэл нь 1991 оны 04 сарын 28-ны өдөр шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд 1992 оны 03 сарын 23-ны өдөр Давших зам ХК, 1994 оны 05 сарын 28-ны өдөр Давших зам ББХК, 1996 оны 04 сарын 30-ны өдөр Давших зам хоршоо болж өөрчлөгдөн үйл ажиллагааг явуулж байгаа болно гэх албан бичиг, ХААН банкны Дундговь салбарын 2025.12.16-ны өдрийн 5450/249 дугаартай Д.******* нь ХААН Банкны Дундговь салбарын Гурвансайхан тооцооны төвд манаачаар ажиллаж байсан нь 1995 оны 01 сараас 04 саруудын цалингийн цэсэд бүртгэгдсэнээр нотлогдож байна. Д.*******г ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаал манай архивд байхгүй байна гэх албан бичиг, цалингийн хүснэгт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Д.******* нь 1988 оны 07 сарын 05-ны өдрөөс 1989 оны 05 сарын 23-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд туслах ажилтнаар, 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд тос цохигчоор, 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 03 сарын 01-ний өдрийг дуустал Хаан банкны Дундговь салбарын Гурвансайхан тооцооны төвд манаачаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтаас үзвэл, Д.*******гийн тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний дээрх хугацаанд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр тушаалын бичилт болон тамга, тэмдгийн зөрчилтэй, ажилд орсон, ажлаас чөлөөлсөн зарим тушаал архиваас гарахгүй байгаа болох нь Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.12.15-ны өдрийн 365 дугаартай Дундговь аймгийн Гурвансайхан сумын 5-р багийн иргэн *******гийн ******* /ЗГ66032219/-гийн хөдөлмөрийн дэвтэр нь тушаалын бичилт болон тамга, тэмдгийн зөрчилтэй байгаа тул 1988-1989, 1992-1994 онд ажилласан хугацааг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэх албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.

Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

4. Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Луу овогт *******гийн ******* /РД: *******/-г 1988 оны 07 сарын 05-ны өдрөөс 1989 оны 05 сарын 23-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд туслах ажилтнаар, 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд тос цохигчоор, 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 03 сарын 01-ний өдрийг дуустал Хаан банкны Дундговь салбарын Гурвансайхан тооцооны төвд манаачаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ