| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1053 |
| Огноо | 2018-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 1053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч П.Болормаа,
Шүүгдэгч И.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч И.Э т холбогдох эрүүгийн 1806033831181 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 5 сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б овгийн И Э .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч И.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокед хохирогч Д.Энхмааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Энхмаагийн мэдүүлэг /хх-7-8/, шүүх эмнэлгийн 5048 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-18/, шүүгдэгч И.Э яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-39-41/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-21/, шүүгдэгч И.Э ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-22/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч И.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокед хохирогч Д.Энхмааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Энхмаагийн өгсөн: “...2018 оны 04 сарын 10-ны өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн байранд гэртээ байж байтал танил Э , Хосбаяр нар нэг архи аваад өгчих гараад ир гэсэн. Тэгэхээр нь би үгүй хүүхэдтэйгээ байна гарахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Э нь залгаад гэрийн чинь гадна ирчихлээ гараад ир гэсэн. Тэгээд би гарч Хосбаяр, Э нартай уулзаад нэг шил архи авчих гэсэн. Тэгээд би үгүй мөнгө байхгүй гэж хэлсэн, тэгсэн чинь Хосбаяр нь тэгвэл би авчихъя гээд нэг шил Тайж нэртэй 0.75 литрийн архи аваад бид гурав манай гэрийн гадна Хосбаярын машин дотор архиа талд нь ортол уугаад үлдсэнийг нь караокед орж уухаар болсон. Тэгээд бид гурав ойролцоо Амазон паласын хажууд байдаг караокед орж суусан. Тухайн үед Э их согтуу байсан..., Тэгээд байж байтал Э гэнэт Хосбаяр руу агсраад дайрч байгаад ширээн дээрээс пивоны шил аваад чамайг алчихна шүү гээд байсан тэгэхээр нь би түүнийг салгах гээд тэр хоёрын дундуур орж байгаад Э т толгой руугаа пивоны шилээр цохиулсан. Намайг цохисон шил нь хагараагүй, харин миний толгой хагарч маш их цус гарсан. Тэгээд тухайн үед Хосбаяр намайг гэр рүү хүргэж өгсөн” /хх-7-8/ гэх мэдүүлэг,
Шүүх эмнэлгийн 5048 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Д.Энхмаагийн биед тархи доргилт, баруун чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-18/,
Шүүгдэгч И.Э яллагдагчаар өгсөн: "...Тухайн үед би их согтсон байсан. Ямар ч байсан Хосбаяртай маргалдаж байсан, түүнээс хойш юу ч санахгүй байна.., Энхмаагийн толгойноос цус гарчихсан байсан...." /хх-39-41/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-21/,
Шүүгдэгч И.Э ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-22/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч И.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.
Иймд шүүхээс шүүгдэгч И.Э нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч И.Э нь хохирогч Д.Энхмаад эмчилгээний зардал, хохирлын 128.000 төгрөгийг гаргуулахаар тогтов.
Шүүхээс шүүгдэгч И.Э ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч И.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн И Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар И.Э 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар И.Э нь шүүх оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар И.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, И.Э нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч И.Энхбаяраас 128.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Энхмаад олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол И.Э урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС